| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2308 00683 1387 |
| Дугаар | 2024/ДШМ/78 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/78
Ж.О, Г.Ш нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Ж.О, Г.Ш нарын өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.О, Г.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.О, Г.Ш нарт холбогдох 2308 00683 1387 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Г-ийн Ш, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт ... аймгийн .... сум, ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
2. Х овгийн Ж-ийн О, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... нарын хамт ... аймгийн .... сум, ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
Ж.О нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан Г.Штэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 8 дугаар орцонд байрлах “Д” нэртэй ломбардаас 170.000 төгрөгийн барьцаанд байсан “Самсунг А-32” загварын гар утсыг “гар утсандаа сим картаа хийж байгаад тооцоогоо мобайл банкаар шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, “Самсунг А-32” загварын гар утсыг авч явж залилсан,
Г.Ш нь Ж.Отой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 8 дугаар орцонд байрлах “Д” нэртэй ломбардаас 170.000 төгрөгийн барьцаанд байсан “Самсунг А-32” загварын гар утсыг “гар утсандаа сим картаа хийж байгаад тооцоогоо мобайл банкаар шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, “Самсунг А-32” загварын гар утсыг авч явж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Х овгийн Ж-ийн О, Б овгийн Г-ийн Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд энэ тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож 31 хоног буюу нэг сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.О гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял авч, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр болсон. Миний авсан 2 жил 1 сар хорих ялыг өөр хорих ялаар солих юм уу, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Г.Ш гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээж, учирсан хохирлоо нөхөн барагдуулж, гэм буруугаа ойлгон ухаарч, үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа. Тиймээс надад оногдуулсан хорих ялыг багасгаж, аль эсвэл хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.
Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг хоёр дахин багасгалгүйгээр нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэж өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаагүй. Энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлд оруулах үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч Ж.О, Г.Ш нарын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасан заалтыг хэрэглээгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан Г.Штэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 8 дугаар орцонд байрлах “Д” нэртэй ломбардаас 170.000 төгрөгийн барьцаанд байсан “Самсунг А-32” загварын гар утсыг “гар утсандаа сим картаа хийж байгаад тооцоогоо мобайл банкаар шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, “Самсунг А-32” загварын гар утсыг авч явж залилсан гэмт хэрэг үйлджээ.
Тухайн хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч Б.Н-ийн мэдүүлэг /хх 16/, гэрч Ж.Н-ын мэдүүлэг /хх 17/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34-35/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 61, 69/ зэрэг нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ж.О, Г.Ш нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд энэ тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож 31 хоног буюу нэг сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.
Шүүгдэгч Ж.О, Г.Ш нар өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.
Гэтэл өсвөр насны шүүгдэгч нар нь дахин санаатай гэмт хэрэг үйлдэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгах нь хуульд нийцнэ.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.О, Г.Ш нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний энэ өдрийг хүртэл тус бүр 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/1324 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Ж.О, Г.Ш нарт тус бүр 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Г.Ш тус бүрд энэ тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож 31 хоног буюу нэг сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ж.О, Г.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Г.Ш нарын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ