Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 122/ШШ2025/0011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би “Хүрэл соёмбо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох “Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн ******* ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, тус тендерт манай компанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хүрэл соёмбо” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бат-Ууган шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: Манай ХХК нь Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох тендерийн маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Тус шүүх нь нэхэмжлэгч “Хүрэл соёмбо” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн ******* ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, тус тендерт манай компанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч компани нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч “Хүрэл соёмбо” ХХК нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “Хүрэл соёмбо” ХХК нь “Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн ******* ХХК-д хүргүүлсэн тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгосон тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, тус тендерт манай компанид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

 

 

                                                           ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭТУЯА