| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00105/И |
| Дугаар | 305/ШШ2025/00207 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 305/ШШ2025/00207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух Х.Ц-н нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ******* сумын ***** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1974 оны 05 сарын 08-нд ******* сумд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч ээж, ах дүү нарын хамт мал маллаж байсан. Аав маань 1979 онд нас барсан. 2001 онд гэр бүлтэй болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992-2000 оны малын А данс өрхийн тэргүүн дээр, ах З, Т, дүү Х-н нэрээр бүртгэгдэж байсан учраас малчнаар ажилласан гэж тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ******* сумын ******* багт ээж, ах, дүү нарын хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 239, 240 дугаар лавлагаанууд,
-Х.Т-н 1992-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Х.Х-н 1999-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/3389, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03-08/1279 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн CVL******* дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******** дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ****** дугаар төрөл садангийн лавлагаа,
4. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
-******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15/231 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Х.Т-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа.
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15/252 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Х.Ц, Х.Т нарын ИУБ-31, ИУБ-21, ХААТР-1, ХААТР-21 маягт болон хаягийн хуудас №7.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Х.Ц нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******* сумын ***** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. Х.Ц нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******** багт мал маллаж байсан болох нь:
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн CVL********* дугаар “эцгийн овог нэр Д.Х, эхийн овог нэр Б.Х, хүүхдийн овог нэр Х.Ц, 1974 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрснийг ****** аймгийн ******* сумын ***-рт 1974 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн” төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаар “Д.Х 1979 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барсныг ***** аймгийн ******* сумын ***-рт 1979 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн” нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******** дугаар “Х.Т нь Х.Ц-н ах” гэх төрөл садангийн лавлагаа,
-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1976 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар зарлигаар ******* сумын харьяат Б.Х-г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. Б.Х нөхөр Х хүүхдүүдэд: 1. Л 17 настай, 2. О 11 настай, 3. З 7 настай, 4. Т 5 настай, 5. Ц 2 настай гэж бүртгэгджээ” гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 239 дугаар “Тус аймгийн ******* сумын ******* багийн малчин, өрхийн тэргүүлэгч Х.Х-н мал маллаж байсан хугацаа /1999-2000 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-мөн архивын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 240 дугаар “Тус аймгийн ******* сумын ******* багийн малчин, өрхийн тэргүүлэгч Х.Т-н мал маллаж байсан хугацаа /1992-1998 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Х.Т-н 1992-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ****** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Х.Х-н 1999-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03-08/1279 дугаар “1989 оны хүн амын тооллогод ***** аймгийн ******* сум, Б.Х тэргүүлэгч өөрөө, 50 настай, эмэгтэй, Х.Ц охин, 15 настай, эмэгтэй, Х.Х хүү, 13 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,
-Мөн архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/3389 дугаар “2000 оны хүн амын тооллогод ***** аймгийн ******* сумын ******* баг, Б.Х тэргүүлэгч өөрөө, 1936 оны 08 сард төрсөн, 63 настай, эмэгтэй, Х.Х хүү, 1976 оны 11 сард төрсөн, 23 настай, эрэгтэй, Ц.Ш зээ, 1995 оны 02 сард төрсөн, 4 настай, эмэгтэй, Х.Ц охин, 1974 оны 03 сард төрсөн, 25 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар Д.М, Х.Ц нарын 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн CVL******* дугаар “Х.Т, Ч.Д нарын 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4.2. 1992-1998 онуудын жилийн эцсийн малын тооллогонд Х.Т-н ам бүл 1992-1993 онд 4, 1994-1995 онд 3, 1996 онд 5, 1997 онд 3, 1998 онд 5 гэж,
1999-2000 онуудын жилийн эцсийн малын тооллогонд Х.Х-н ам бүл 1999-2000 онд 4 гэж бүртгэгдсэн нь Үндэсний архивын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03-08/1279, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/3389 дугаар лавлагаанд бичигдсэн өрхийн гишүүдийн насны мэдээлэлтэй тохирч байгаа болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
5. Иймд Х.Ц-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х.Ц-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ