Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/79

 

 

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гд холбогдох 2205 03578 0217 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-ны Г, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1333 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 1.500.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.500.000 төгрөгийн торгуулийн ялаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Чийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “МВG” эмнэлгийн байранд байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.772.000 төгрөг,

2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Х.Дг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “МВG” эмнэлгийн байранд байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.584.000 төгрөг,

2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Огоос Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 47 тоотод байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.592.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овгийн Б-ны Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ггийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн хариуцлагагүй тэнэг үйлдлээсээ болж хохироосон хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж, гэм буруугаа маш их ойлгож байна. Би анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Ийм байдалд орсноороо өсвөр насны охин, хоёр хөгшин аав, ээж хоёроо маш их зовоож байгаадаа үнэхээр зовж, шаналж байна. Охиндоо маш их санаа зовж, сэрүүн байвал уйлаад унтхаараа хар дараад хэцүү байгааг минь ойлгоорой. Одоогийн жирэмслэлт минь хүртэл хүнд байна. Одоогоор 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хэргийн тухайд гэвэл би энэ хэргийг яг энэ яллах тогтоолд бичсэнээр анхнаасаа залилах, хууран мэхлэх зорилгоор гэсэн энэ бол худлаа. Мөн Э.Огийн мэдүүлэгт байгаа шиг зар тавьж болон Ононгийн ахын найзаар дамжуулан Ононтой танилцаагүй. Би ч анх энэ хэргийн яриаг гаргаагүй. Э.О гэх эмэгтэйн ах Э.Бадрал миний танил байсан. Ононтой холбогдох өдрийн өмнөх өдөр надтай холбогдоод “уулзах хэрэг байна” гээд уулзсан чинь “төрсөн дүү болох Э.О шалгалтанд унасан, найз чи л бүтээж өг эмч хүн байна. Найз нөхөд, таньдаг багш нар байгаа биздээ” гээд энэ яриа гарсан. Тэр Э.Огоор бүх зүйл нь дамжсан. Э.О өөрөө анхнаасаа 500.000 төгрөг нэмж авсан байсан хоёр хүнийг би болно хүн олоод өг гэж нэг ч үг, яриа Ононтой яриагүй. Тэр хоёр хүнтэй ч холбогдоогүй.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт дараах шалтгааны улмаас гомдолтой байна. Энэ хэрэгт бичигдсэнээр намайг үргэлжилсэн үйлдлээр хийсэн гэж үзсэн байгаа. Үүнд үнэхээр их гомдолтой байна. Хамаг гол холбосон мөнгө дамжуулсан, өөрөө нэмж мөнгө авсан байсныг хүртэл ерөөсөө авч үзээгүй. Бүх зүйлийг надад тохсон байна. Мөн намайг маш их дарамталж фэйсбүүкэд хүртэл зурагтай мэдээлэл оруулж нэр төрд халдаж байсан. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүүгээ алдаад эх нялхасд хэвтэн эмчлүүлж байхад ирээд эргэлтийн хаалган дээр доромжилж, орилж бүр миний өмнөх шүүхээр орж байсан хэргүүдийг дуудаж орилж байсан. Хүний мэдээллийг олж өгсөн тэр хамаатан, танил гэж орилж байсан Э.Од миний мэдээллийг гаргаж өгсөн хүмүүсийг шалгуулмаар байна.

Э.О л Чинзориг, Долгорсүрэн хоёрыг олж, мөнгө төгрөгийг нь аваагүй бол би энэ үргэлжилсэн үйлдэл гэдэг ялыг авахгүй, хэрэг хүнд байдалд орохгүй байх байсан. Э.О анхнаасаа л мэдүүлгээ худлаа өгсөн байсан. Тэр тухай байцаагч Дэлгэрмаад хүртэл би хэлж байсан. “Би анагаахын группэд зар оруулаагүй, нотлох баримт аваад нотлоорой худлаа байна” гэж хүртэл гуйсан. Тэгэхэд сүүлийн шүүх хурал дээр Э.Огийн тэр худлаа анхны мэдүүлгээр явсан.

Мөн энэ хэрэг нэг ч удаа надаас шалтгаалахгүйгээр бүтэн нэг жил хойшлоод, буцаж явсаар миний хувийн байдлыг ийм хүнд байдалд оруулсан. Ингээд жирэмсэн болсон ийм газарт сууж байна. Би анхнаасаа Чинзориг, Долгорсүрэн хоёрыг танихгүй. Анх би өөрөө ч холбогдоогүй. Эхний ээлжинд 1.000.000 төгрөг авсан ч гэж мэдээгүй. Сүүлд ганцхан анагаахын сургуулийн гадаа машинд Чинзориг, Долгорсүрэн хоёртой уулзаж, Долгорсүрэн рүү анх авсан 500.000 төгрөгийг Э.Огийн данс руу шилжүүлэхэд чимээгүй өөрөө авсан 500.000 төгрөгөө нэмээд хийсэн байсан ч сүүлд Долгорсүрэнгээс мэдсэн. Ийм байхад гол энэ хүнийг нь ямар ч холбогдолгүй гэж үзэхээс гадна намайг хамгийн хүнд байдалтайгаар бичиж ялласанд гомдолтой байна.

Миний бие өрх толгойлсон ээж, өсвөр насны охинтой, одоо жирэмсэн 461 дүгээр ангид хоригдох үедээ биеийн байдлаас болж эмнэлэгт хэвтэж байна. Би сүүлд 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6 сартай зулбаж байсан. 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 3 сартай зулбаж байсан учраас маш их айж байна. Мөн охиндоо маш их санаа зовж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшин харамсаж байгаа. Би 12 настай охинтой, өрх толгойлсон ээж, одоогоор 4 сартай жирэмсэн. Иймд надад энэрэнгүй зөөлөн хандаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд нийт 5 хуудас баримтыг шинээр гарган өгч байна. Уг баримтад цагдан хорих 461 дүгээр хорих ангиас авсан шүүгдэгч Б.Гг жирэмсэн болохыг нотлох эрүүл мэндийн тодорхойлолт, Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн Б.Г нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үр зулбасан талаар өвчний түүх, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Г, Даваадорж нарыг эвлэрэх боломжгүй талаар нотлох эвлэрлийн зуучлалын тэмдэглэл, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын Б.Гг эмчээр ажилд томилсон тухай ажлын тодорхойлолт, түүний эцэг, эхийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг баримтууд авагдсан. Шүүгдэгч Б.Г нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын санкцтай. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна хохирол төлүүлэх зорилгыг агуулдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч Б.Ггийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмшиж буйгаа илэрхийлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд хүний их эмч мэргэжилтэй, өсвөр насны буюу 14 настай охинтой, одоо жирэмсэн, оршин суух тодорхой хаягтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Мөн шүүгдэгч Б.Г нь жирэмсэн учраас хүүхдээ эрүүл орчинд өсгөж, мэргэжлийн эмчийн хяналт үзлэгт хамрагдах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар цагдан хорих 461 дүгээр хорих анги болон 407 дугаар хорих ангид нийт хоригдож байгаа хүмүүсийн ихэнхи нь ханиадтайн улмаас эмнэлгүүд нь дүүрсэн. Цаашлаад ураг эндэх аюултай нөхцөл байдалд байгаа. Иймд шүүгдэгч Б.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг зорчих эрхийг хязгаарлах ял болгон сольж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь анагаахын шинжлэх ухааны ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эрх олгосон сургалтад хамрагдсан эрх бүхий албан тушаалтан биш болох нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас авсан тодорхойлолтоор тодорхойлогдсон. Шүүгдэгч Б.Г нь хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдсээр байж түүнийг хүсэж санаатай гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Чийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “МВG” эмнэлгийн байранд байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.772.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Х.Дг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “МВG” эмнэлгийн байранд байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.584.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Огоос Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 47 тоотод байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.592.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлджээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Үүнд:

хохирогч Э.Чийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр эхнэр Номингийн хамт Анагаахын шинжлэх ухааны их сургууль дээр резидент эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтын шалгалтад ороод бид хоёр тэнцээгүй. Тэгээд ирэх жил өгнө дөө гээд байж байтал 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр их сургуульд хамт сурч байсан Э.О манай эхнэр лүү залгаад “резидентэд найдвартай оруулаад өгөх хүн байна. Манай ахын найз гэнэ 1.000.000 төгрөг өгчихвөл найдвартай оруулаад өгий гэж байна, та хоёр орох уу” гэж асуухаар нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад би орохоор болоод Э.Од хэлээд мөнгөө Хаан банкны 5220016242 дугаартай дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.О над руу залгаад “үнэмлэхийн мөнгө болон гэрчилгээний мөнгө гэж 48.000 төгрөг болж байна, тэр мөнгийг над руу шилжүүлээрэй” гэхээр нь би өмнө данс руу 48.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөр 824.000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр үзлэгийн мөнгө 100.000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй бүх бичиг баримтыг чинь гаргуулаад болчихно 3 дахь өдрөөс хичээлдээ сууж болно гэхээр нь хүлээж байтал дараагийн 7 хоногийн хичээлдээ суу гэж байна гэж хэлсэн бөгөөд резидент эмчийн сурталтандаа орж чадаагүй. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э.О над руу залгаад “нөгөө оруулж өгөх хүн маань худлаа болчихлоо, би өөрөө ч холбогдож чадахгүй байна” гэж хэлээд надад 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Э.О ахынхаа найзаар дамжуулан Г гэх эмэгтэйтээ уулзаж байсан. ...” /1хх 8-9/,

хохирогч Х.Дгийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр АШУИС-аас авсан мэргэжил дээшлүүлэх шалгалтад хамрагдсан бөгөөд тэнцээгүй. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байхад хамт ажилдаг Э.Чт шалгалтандаа унасан талаар хэлэхэд Чинзориг “манай нэг танил найз хүнээрээ дамжуулаад сургалтад шууд оруулж өгөх боломжтой гэсэн чи тэрэнд орох юм уу” гэхээр нь “тэгье” гэсэн. Чинзориг тухайн үед найз Э.О руу залгаад “дахиад нэг хүн байна оруулаад өгөх боломжтой юу” гэж асуухад боломжтой гэсэн. Тэгээд би Э.Отой холбогдоход эхний ээлжинд 1.000.000 төгрөг бэлдэж бай намайг залгахаар миний данс руу мөнгөө шилжүүл гэсэн. 2022 оны 10 дугаар сарын 07-ны орой Ононгийн дансыг аваад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө 21 цагийн үед сургалтын төлбөр гэх 736.000 төгрөгийг мөн Ононгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. 10 дугаар сарын 09-ний өдөр үнэмлэх гэрчилгээний мөнгө 48.000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд Ононтой холбогдож байгаад цаашаа дамжуулж өгч байгаа хүнтэй нь уулзахаар болоод АШУИС-ийн гадна Чинзориг бид хоёр Г гэх эмэгтэй хүнтэй танилцсан. Би сургалтанд хамрагдахаа болилоо гэдгээ хэлсэн. Тэр өдрөө Онон миний дансанд 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд үлдэгдлийг нь өгөөгүй. ...” /1хх 13-14/,

хохирогч Э.Огийн “...2022 оны 9 дүгээр сарын сүүлээр Б.Г над руу залгаад “оруулж өгч болох юм байна, эхний ээлжинд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 320.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би тэр өдрөө шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үнэмлэхийн мөнгө 48.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургалтын төлбөр 824.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинжилгээний төлбөр 100.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр багш нарын цайллагын мөнгө 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд уг сургалт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхэлсэн бөгөөд АШУИС-аас над руу ярихгүй байхаар нь гайхаад асуухад одоо удахгүй бүтээнэ гээд байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яриад “та оруулж өгч чадахгүй бол миний мөнгийг өгчих” гэхэд “удахгүй уулзъя” гээд утсаа салгасан. ...” /1хх 134/ гэсэн мэдүүлгүүд,

Хаан банкны 5220016242 дугаартай дансны хуулга /1хх 38-41/, Хас банкны 5004558410 дугаартай дансны хуулга /1хх 50-56/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 164-165/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүх хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Гг “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Ггийн “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр бүхий 3 хохирогчоос нийт 4.948.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч нарт мөнгийг нь буцааж өгөөгүй байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байна.

Шүүгдэгч Б.Ггийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын “...хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял болгон сольж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Г нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлж, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжил олоогүй хувийн байдлыг илтгэж байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний энэ өдрийг хүртэл 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ