Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2025/0042

 

 

 

 

                                                                                               

 

 

 

     2025      05        12                                      123/ШШ2025/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: З.Ч*************г,

Хариуцагч: Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч нарын хоорондын зөрчлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч Ц.Ц*************н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Гомдлын шаардлага: Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Төв аймгийн Прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 582 дугаар тогтоолоор “Сүмбэр суманд байрлах******* групп ХХК-ийн эзэмшлийн талбайд нэр бүхий хүмүүс рапс, овьёос, төмс, улаан буудай, ногоон тэжээл зэргийг зөвшөөрөлгүй тариалж, компанид хохирол учруулсан” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, тухайн гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн[1].

2.2. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч Ц.Ц*************н 2434001502 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

2.3. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар З.Ч*************гт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаартай шийтгэлийн хуудсаар 500,000  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрт 16,969,700 төгрөгийг гаргуулан байгаль хамгаалах санд төлүүлэхээр шийдвэрлэжээ[2].

2.4. Гомдол гаргагч нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаар шийтгэлийн хуудастай холбогдуулан Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад гомдол гарган 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07/255 дугаар албан бичгээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шийдвэрлүүл “...гэсэн хариуг авч, тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гомдлын шаардлага гаргажээ.

            Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Гомдол гаргагч З.Ч*************гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүхэд гаргасан гомдлын шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №0103987 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн З.Ч*************гийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар 16969700 төгрөгийн хохирол төлүүлж, 500 нэгжээр торгож шийдвэрлэжээ. Эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрийг 3.Чулуунцэцэг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуульд зааснаар тариалангийн газрыг атаршуулахгүй байх, зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй. Газрыг зориулалтын дагуу ашигласнаар яаж хохирол учруулсан болох, тариалангийн газрыг ашигласнаар байгаль орчинд, тухайн газарт ямар хэмжээний элэгдэл, доройтлыг бий болгож, хохирол учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчил үйлдэж хохирол учруулсан гэж үзэхгүй байгаа учраас 3.Чулуунцэцэгийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар учруулсан хохирлыг төлүүлж, 500 нэгжээр торгож шийдвэрлэснээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Тухайн газар нь тариалангийн зориулалттай бөгөөд газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Тариалангийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан үндэслэлээр буюу тариалангийн газрыг атаршуулсан, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэснээр хүчингүй болгуулсан байсан. Хуульд зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх боловч тухайн газрыг атаршуулахгүй байх, эдийн засгийн эргэлтэд оруулж, тариалалт хийснээр ямар хор хохирлыг, хэрхэн учруулсан нь ойлгомжгүй, хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №0103987 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд зааснаар гомдлоо Төв аймгийн Прокурорын газарт, мөн Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/05 дугаартай албан бичгээр гаргасан ба 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдийн 07/255 дугаартай албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн.

... Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа үндэслэл гэдэг зохицуулалт байгаа. Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. 1.4 дэх хэсэгт байгууллага албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаар холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн бол хоёрдугаарт эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн эсхүл гомдол мэдээлэл хүлээн авснаас 5 өдрийн дотор шалгаж дараах шийдвэрийн аль нэгийг явуулна гэсэн. Өөрөөр хэлэхийн бол гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх, гомдлыг хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар шийдэх, зөрчлийн хэрэг нээх гэсэн дээрх 4 шийдвэрийн аль нэгийг гаргана. 5 өдрийг прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/2107 дугаартай албан бичиг түүний улсын байцаагч нар хянан шийдвэрлэ гэсэн цохолттой 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тоолох юм 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн нээх ёстой. Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийг хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтан 2024 оны 12 дугар сарын 02-ны өдөр нээгээд прокурорт танилцуулж 2434001502 дугаарыг авсан. Энэ агуулгаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэргийн хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байна. Үүнээс өмнө 2023, 2024 онд тариалалт хийсэн гэдэг гомдлыг******* групп ХХК-иас Төв аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасан байдаг. Зөрчил үйлдэгдсэн цаг хугацаа хэзээ вэ. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй. Үүний 1.1 дэх хэсэгт энэ хуульд хүнд 10-500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн. 2023 оны дөрөв, тавдугаар сараас хойш энэ хугацааг тоолох юм бол 2024 оны 11 дүгээр сараас 12 дугаар сард энэ хугацаа дууссан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийж чадаагүй. Хэдэн төгрөгийн хохирол учруулсан байна гэдэг дээр эрх бүхий албан тушаалтан шинжээч томилсон. Мидиатор шиф ХХК-ийн эрх бүхий шинжээч Батзаяа шинжээчийн дүгнэлтээр учруулсан хохирол эсхүл нөхөн төлбөр нь 16.969.700 төгрөг гэсэн. Монгол улсын ерөнхий прокурорын журам шинэчлэн батлах тухай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр тушаалд зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмыг хавсралтаар шинжлэн баталсан. Энэ тушаалын хавсралтын 2-т нэр томьёоны тодорхойлолт. Хохирол гэж юу вэ, нөхөн төлбөр гэж юу вэ, гэдгийг заасан...Зөрчил шалган шийдвэрлэх хуульд шинжээч томилсон бол оролцогч нарт тухайн шинжээч томилсон тогтоолыг, дүгнэлтийг оролцогч нарт танилцуулах  зэрэг хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тариалангийн зориулалттай талбайд тариалан тариалсан нь ямар ч хохирол учруулаагүй. Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж байгаа шийдвэр үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, оролцоог нь хангах, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх эдгээр хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч Ц.Ц*************н шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ц.Ц*************н би Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/2107 тоот бүртгэлийн 3268 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг прокуророос хянаад хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр хүргүүлэв гэх албан бичгээр шилжүүлж ирүүлсэн Төв аймгийн Сүмбэр суманд байрлах******* групп ХХК-ийн эзэмшлийн талбайд нэр бүхий хүмүүс рапс, овьёос, төмс, улаан буудай, ногоон тэжээл зэргийг зөвшөөрөлгүй тариалж, компанид хохирол учруулсан гэх бүртгэлийн Г-3268 дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг шалгаад иргэн Зоригтын Чулуунцэцэгт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн 2434001502 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан...Г-3268 дугаартай зөрчлийн гомдол мэдээллийг шалгаад Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04, Б/05 дугаар захирамжаар тус сумын Загдал гол, Угалзын хоолой гэх газарт үр тарианы усалгаагүй тариалан зориулалтаар 4119020861 нэгж талбарын дугаартай 101.1 га, 4119020535 нэгж талбарын дугаартай 212.2га, 4119020864 нэгж талбарын дугаартай 320.2 га, 4119020536 нэгж талбарын дугаартай 202.3 га, 4119020862 нэгж талбарын дугаартай 93.2 га, 4119020534 нэгж талбарын дугаартай 262.3 га, 4119020863 нэгж талбарын дугаартай 8.4 га, 4119020865 нэгж талбарын дугаартай 118.5 га газар эзэмшигч "Таван эрдэнэ групп" ХХК-ийн газар эзмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/84 дүгээр захирамжаар хүчингүй болгосон боловч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 123/Ш32023/0100 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжаар Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/84 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн, Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/84 дүгээр захирамжийг хүчингүй болгож******* групп ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээгээгүй байхад Загдлын гол гэх газарт иргэн 3.Чулуунцэцэг нь иргэн Ч.Отгонбаатар, Н.Ганболд, Г.Отгондаваа, Ц.Нэргүй, Х.Энхтайван, Ч.Бөхбат нарыг хөлсөлж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 2024 онд тариалалт хийж газар ашигласан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2434001502 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн 3. Чулуунцэцэг нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан болох нь иргэн 3. Чулуунцэцэгээс 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан гэрчийн мэдүүлэг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан холбогдогчийн мэдүүлэг, аймгийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" 582 дугаартай тогтоол, Сүмбэр сумын Газрын даамал Ц.Даваасүрэнгээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 (эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно) дэх хэсэгт заасны дагуу иргэн 3.Чулуунцэцэгийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №0103987 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 (таван зуун мянган) төгрөгийн торгууль, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай" эрх бүхий албан тушаалтны тогтоол аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07/1158 тоот албан бичгийн дагуу Медиатор шип ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн "Байгаль орчны хохирол үнэлгээний тайлан хүргүүлэх тухай” А/14 тоот албан бичгээр ирүүлсэн мэргэшсэн үнэлгээчин Б.Батзаяагийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хохирол үнэлгээний тайлангийн дүгнэлтээр тогтоогдсон учруулсан хохирол, нөхөн төлбөрийн 16,969,700 төгрөгийг төрийн сангийн хяналт шалгалтын орлогын 100900000602, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд тус тус тушааж биелүүлэхийг, Сүмбэр сумын нутагт байрлах Загдал гол гэх газарт нэгж талбарын 411900535, 4119020865 дугаартай газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж тариалалт хийсэн нөхцөл байдал тогтоогдсон газрыг чөлөөлөх, ногдуулсан торгуулийг 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор Төрийн сангийн Хяналт шалгалтын орлогын 100900000602 тоот дансанд, Байгаль орчны хохирол үнэлгээний тайлангийн дагуу газарт учруулсан 16,969,700  төгрөгийн хохирлыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд Сүмбэр сумын нутагт байрлах газарт Байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн нэхэмжлэлийн дагуу 4,145,000 төгрөгийг Медиатор шип ХХК-ийн Хаан банк 5629044631 тоот дансанд тус тус төвлөрүүлэх арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг иргэн Зоригтын Чулуунцэцэгт эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар 01-ний өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавраар даалган гардуулан өгч хэргийн материалыг аймгийн Прокурорын хяналтад шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Газарт хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна”, Мөн Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Тариалангийн талбай” гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулна” гэж заасан байна. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ц.Ц*************н миний бие нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, олгосон эрхийн хүрээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан иргэн 3.Чулуунцэцэгийн зөрчилд №0103987 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан ба иргэн 3.Чулуунцэцэг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна.

...З.Ч*************гийн тариалалт хийсэн 2 нэгж талбар бүхий газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, шүүхээс тухайн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн байсан учраас З.Ч*************гийг төрийн өмчийн газар дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй тариалалт хийж, газарт хохирол учруулсан гэж үзсэн. ...Байгалийн баялгийн нөөцийн үнэлгээг экологи эдийн засгийн ач холбогдлыг харгалзан төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно. Нөөцийн үнэлгээг тухайн баялгийн нөөц ашигласны төлбөр хураамж, байгальд учруулсан хохирол хортой нөлөөлөл, шууд хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэслэл болгоно гэсэн байдаг...Хохирлын үнэлгээг З.Ч*************гийн утасны дугаараар хүргүүлж, хэрэгт хавсаргасан. Эрх бүхий албан тушаалтан албан даалгаврыг танилцуулж гарын үсэг зураалахдаа өөрт нь мэдэгдсэн. Иймд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ц.Ц*************н миний гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн болон бусад бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр гомдол гаргагчийн “Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэг. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн нотлох баримтуудаас үзвэл,

1.1. “Таван эрдэнэ групп” ХХК-иас Төв аймгийн Цагдаагийн газарт “Сүмбэр суманд байрлах эзэмшлийн талбайд нэр бүхий хүмүүс рапс, овьёос, төмс, улаан буудай, ногоон тэжээл зэргийг зөвшөөрөлгүй тариалж, компанид хохирол учруулсан” гэх гомдол гаргахад Төв аймгийн Прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 582 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, тухайн гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн[3].

1.2. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч Ц.Ц*************н тухайн гомдолд 2434001502 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

1.3. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар З.Ч*************гт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаар шийтгэлийн хуудсаар 500,000  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрт 16,969,700 төгрөг гаргуулан байгаль хамгаалах санд төлүүлэхээр шийдвэрлэжээ[4].

1.4. Хариуцагч нь,2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч оролцуулах тухай тогтоолоор “Медиатор шиф” ХХК-ийг шинжээчээр оролцуулахаар шийдвэрлэж, “нэгж талбарын 4119020535, 4119020865 дугаартай талбайд иргэн З.Ч*************гийн  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглан ногоон тэжээл, будаа, төмс, эрдэнэ шишийн тариалалт хийсэн газарт хохирол, нөхөн төлбөр тооцох боломжтой эсэх, газарт учруулсан хохирол нөхөн төлбөрийг тогтоохыг шинжээчид даалгасан бөгөөд тус компанийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/14 дугаартай “Байгаль орчны хохирол үнэлгээний тайлангаар, зөвшөөрөлгүй бусдын эзэмшилд ногоо тарьсан газарт байгаль орчны хохирлын үнэлгээгээр нийт 16,969,700 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

Хоёр. Хариуцагчийн 0103987 дугаар шийтгэлийн хуудсаар “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх З.Ч*************гийн зөрчилд торгуулийн шийтгэл оногдуулсан тухайд авч үзвэл,

2.1. Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар, тус сумын 1 дүгээр багийн нутаг, Загдал гол нэртэй газарт байршилтай нийт 445 га газрыг “төмс, хүнсний ногоо” тариалах зориулалтаар “Таван эрдэнэ групп” ХХК-д эзэмшүүлсэн[5].

2.2. Гомдол гаргагч З.Ч*************гийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй тариалалт хийсэн гэх,

-нэгж талбарын 4119020535 дугаартай 212,26 га газрыг 2015 онд Газрын кадастрын мэдээллийн санд “Таван-Эрдэнэ групп” ХХК-ийн нэр дээр “Загдал гол” гэх газарт байршилтайгаар нэгж талбарын 18564402074225 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 000309516 дугаартай гэрчилгээ олгосон[6],

- нэгж талбарын 4119020865 дугаартай 118,5 га газрыг 2015 онд Газрын кадастрын мэдээллийн санд “Таван-Эрдэнэ групп” ХХК-ийн нэр дээр “Загдал гол” гэх  газарт байршилтайгаар нэгж талбарын 18564404853334 дугаарт бүртгэжээ[7].

2.3. Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/84 дүгээр захирамжаар “Таван эрдэнэ групп” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн захирамжтай холбогдуулан тус компаниас шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний хүсэлтээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 123/ШЗ2023/0100 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” захирамжаар Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/84 дүгээр захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн[8].

2.4. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2024/0033 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заажээ.

2.6. Дээр дурдсанаар, нэгж талбарын 4119020535, 4119020865 дугаар бүхий газруудыг эзэмшиж байсан “Таван-эрдэнэ групп” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хүчингүй болгож, улмаар уг шийдвэртэй холбогдох маргааныг шүүхээр шийдвэрлэх явцад, мөн шүүхээс тухайн газар дээр ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон хугацаанд уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй З.Ч*************г нь эдгээр талбайд 2023, 2024 онуудад тариалалт хийсэн бөгөөд түүний 2024 оны 04 дүгээр сараас эхлэн тариалалт хийсэн үйлдэлд хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан, зөрчлийн хэрэгт өгсөн гэрч нарын мэдүүлгүүд болон гомдол гаргагчийн “2024 онд тариалалт хийсэн Загдлын гол гэх газарт газар эзэмших эрх надад байхгүй,******* групп ХХК-ийн эзэмшиж байсан газар гэдгийг мэднэ, сумын Засаг даргын захирамжаар цуцлагдсан гэж  ойлгосон, тариалж байхад Таван-Эрдэнэ групп ХХК-иас ч сумаас ч хүн ирж уулзаагүй...газар зөвшөөрөлгүй хэрэглэсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч байна”гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

2.7. Иймд, З.Ч*************гийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хуульд заасныг зөрчиж: 10.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан… бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...торгоно” гэж заасанд нийцсэн байна.

Гурав. Хариуцагчийн 0103987 дугаар шийтгэлийн хуудсаар “байгаль орчинд учруулсан 16,969,700 төгрөгийн хохирлыг З.Ч*************гээр нөхөн төлүүлэх” -ээр шийдвэрлэсэн тухайд авч үзвэл,

3.1. Хариуцагчаас “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” хэмээн З.Ч*************гийг буруутгаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжээч оролцуулан газарт учруулсан хохирлыг тогтоолгосон.

3.2. Шинжээч, Медиатор шип ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн "Байгаль орчны хохирол үнэлгээний тайлан хүргүүлэх тухай” А/14 тоот албан бичгээр ирүүлсэн мэргэшсэн үнэлгээчин Б.Батзаяагийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хохирол үнэлгээний тайланд З.Ч*************г нь Сүмбэр сумын Загдалын гол гэх газарт байршилтай нэгж талбарын 4119020535, 4119020865 дугаартай газруудад нийт 16,969,700 төгрөгний хохирол учруулсан болохыг тогтоожээ.

3.3. Шинжээчийн Хохирол үнэлгээний тайланд “...үнэлгээнд хамрагдсан талбай-87 га, газар олголтод хамрагдсан талбай 330 га, ажигласан 1 жил...” гэж, тухайн тайлангийн “Хэмжилтээр” гэсэн гарчигтай зураглалаар гаргасан тооцоололд:

    “Талбай” /1 дэх зураглал буюу нэгж талбарын 4119020865 дугаартай талбай/-д:

         -эрдэнэ шиш-69,4 га, сонгино-29,2 га, ногоо-10,45 га тарьсан.

         -“хохирол тооцсон талбай: эрдэнэ шиш-69,4 га” гэж,

 “Талбай” /2 дах зураглал буюу нэгж талбарын 4119020535 дугаартай талбай/-д:

        - бусад ногоо-71,9 га, лууван-17 га, төмс-30,9 га тарьсан, тариагүй талбай-83,3 га,

        -“хохирол тооцсон талбай: лууван-17 га” гэж тус тус тэмдэглэсэн[9] бөгөөд  тайлангийн “Үнэлгээний нийт дүн”, “дүгнэлт” хэсэгт “эдэлбэр газар-87 га, зөвшөөрөлгүй бусдын эзэмшилд ногоо тарьж ашигласан газарт байгаль орчны хохирлын үнэлгээ хийгээд дүгнэхэд хохирлын дүн 16,969,700 төгрөг гарч байна” гэжээ.

3.4. Хавтас хэрэгт болон зөрчлийн хэрэгт авагдсан 2024 оны 12 сарын 13-ны өдрийн “Шинжээч оролцуулах“ тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол”-д “...нэгж талбарын  4119020865, 4119020535 дугаартай талбайд иргэн З.Ч*************г нь ногоон тэжээл, будаа, төмс, эрдэнэ шишийн тариалалт хийж газарт хохирол учруулсан...” гэснээс үзвэл “Хохирол үнэлгээний тайланд бичсэн “ногоо”, бусад ногоо” тариалсан гэсэн талбай нь “ногоон тэжээл” тариалсан талбай гэж үзэхээр байна.

3.5. Дээрх үнэлгээний тайлангаас үзвэл, З.Ч*************г нь нэгж талбарын  4119020865 дугаартай төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай 118,5 га талбайн 109,05 га /69,4 га+29,2 га,10,45 га/ талбайд нь эрдэнэ шиш, сонгино, ногоон тэжээл тариалсан байхад шинжээчээс зөвхөн “эрдэнэ шиш тариалсан 69,4 га талбай”-д хохирол тооцсон,

-мөн, нэгж талбарын 4119020535 дугаартай, төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай 212,2 га талбайн 119,8 га /71,9 га+17 га+30,9 га/ талбайд нь бусад ногоо, лууван, төмс тариалсан байхад шинжээчээс зөвхөн “лууван тариалсан 17 га талбай”-д хохирол тооцжээ.

3.6. Газарт учруулсан хохирлыг хэрхэн тооцсон талаар, өөрөөр хэлбэл, сонгино, ногоон тэжээл, төмс тариалснаар газарт хохирол тооцоогүй талаар болон, эрдэнэ шиш, лууван тариалснаар газарт хэрхэн хохирол учирсан талаар шинжээч дүгнэлтдээ тодорхой бичээгүй байна.

3.7. Хариуцагч нь З.Ч*************гийг нэгж талбарын 4119020535, 4119020865 дугаартай газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй ашигласан гэж буруутгасан атлаа,түүнийг  эдгээр нэгж талбар бүхий 2 талбайд буюу нийт 228,85 га талбайд тариалалт хийсэн байхад зөвшөөрөлгүй тариалалт хийсэн бүх талбайд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлээгүй, зөвхөн 87 га талбайд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хуульд заасныг зөрчиж: 10.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан…бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж…” гэж заасанд нийцээгүй байна.

            3.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж, 3.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно” гэж, 3-т “шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ: 3.1.эрх бүхий албан тушаалтны тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах, 3.2.гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх” гэж, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, ...шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна”, 17.3-т “Шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр гаргана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ”,  28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.” гэж заажээ.

3.9. Дээр дурдсан хуулийн  зохицуулалтуудын дагуу, хариуцагч нь З.Ч*************гийн нэгж талбарын 4119020535, 4119020865 дугаартай газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчлийг шалгаж, шинжээч томилон тухайн газарт учруулсан хохирлыг тогтоолгох, мөн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал дахин шинжээч томилох зэргээр зөрчлийн улмаас учруулсан хохирлыг эргэлзээгүй, үндэслэлтэй тогтоолгох эрхтэй байна.

3.10. Шинжээч нь  87 га газарт шинжилгээ хийж, хохирлын үнэлгээ дүгнэлт гаргасан байхад хариуцагч нь шинжээчээр нэмэлт шинжилгээ, мөн дахин шинжилгээ хийлгээгүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

3.11. Үүнээс үзвэл, хариуцагч нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 141,5 га /228,85 га-877 га/ газарт тариалалт хийсэн З.Ч*************гийн үйлдлийг буруутгаагүй бөгөөд үүний улмаас түүнийг тухайн газарт хохирол учруулаагүй гэж үзэж, хохирол нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргаагүй байна гэж дүгнэхээр байна.

3.12. Хариуцагч нь ямар үндэслэлээр төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай талбайд сонгино, ногоон тэжээл, төмс тариалсан нь тухайн газарт хохирол учруулаагүй, харин эрдэнэ шиш, лууван тариалсан нь газарт хохирол учруулсан гэж дүгнэж, шийдвэр гаргасан талаар шүүхэд тайлбарлаагүй, харин зөрчилд холбогдогч шинжээчид нөлөөлөх гэсэн” гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй болно.

3.13. Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хохирол үнэлгээний тайлангийн “Үнэлгээний аргачлал” хэсгийн “1.Эдэлбэр газрын экологийн үнэлгээ”-нд ”Газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах болон хөрсийг бусад төрлөөр ашиглаж хордуулсны улмаас үүсэх хохирлын хэмжээг...тодорхойлов...Эдэлбэр газрын хомсдол=87*/71,4+642,0/=6.206,580 төгрөг” гэсэн байх боловч, дүгнэлтдээ нийт тариалалт хийсэн 228.85 га газраас ямар үндэслэлээр 87 га газарт хохирол тооцсон, өөрөөр хэлбэл тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласнаас ямар хохирол үүссэн, мөн хөрсийг ямар байдлаар ашиглаж хэрхэн хордуулсан талаар тодорхой дүгнэлт гаргаагүй байна.

3.14. Мөн, хохирол үнэлгээний тайлангийн “Үнэлгээний аргачлал” хэсгийн дүгнэлтийн “2. Газрын хэвлий экологи-эдийн засгийн үнэлгээ” хэсэгт “...Газрын хэвлийд учрах хохирлын үнэлгээг тооцохдоо 1,0 тонн тэжээлийн ургамал болон байгалийн нөөцийг ашиглахад  хэдий хэмжээний ажил хийгдэхийг тооцож дүгнэнэ...” гэсэн бөгөөд тухайн үнэлгээг хэрхэн тооцсон талаар тодорхой бичээгүй атлаа “Үнэлгээний нийт дүн” хэсэгт “...2.газрын хэвлий-65,2, нэгж талбайн хохирлын үнэлгээ-69,1, нийт үнэлгээ 4,502,7 мянган төгрөг” гэсэн бөгөөд дүгнэлтдээ нийт тариалалт хийсэн 228.85 га газраас ямар үндэслэлээр 65,2 га газарт хохирол тооцсон талаар тодорхой бичээгүй. Үүнээс гадна, З.Ч*************г 228,85 га талбайд сонгино, ногоон тэжээл, төмс болон эрдэнэ шиш, лууван зэрэг өөр өөр төрлийн төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал буюу ногоон тэжээл тариалсан байхад шинжээч “1,0 тонн тэжээлийн ургамал болон байгалийн нөөцийг ашиглахад  хэдий хэмжээний ажил хийгдэхийг тооцож дүгнэнэ” гэсэн атлаа “эрдэнэ шиш, лууван” тариалсан 87 га газарт хохирол тооцсон, харин тэжээлийн ургамал буюу ногоон тэжээл, сонгино, төмс, бусад ногоо тариалсан талбайд хохирол тооцоогүй болох нь хэрэгт авагдсан “Хохирол үнэлгээний тайлан”-гаар нотлогдож байна.

3.15. Дээр дурдсан, хохирол үнэлгээний тайлан болон бусад бичгийн нотлох баримтуудаар З.Ч*************г нь нийт 228,85 га талбайд сонгино, ногоон тэжээл, төмс, эрдэнэ шиш, лууван зэргийг тариалсан нь нотлогдож байхад хариуцагч нь түүний 87 га талбайд “эрдэнэ шиш, лууван” тариалсан үйлдлийг нь буруутайд тооцон уг газарт учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин, З.Ч*************гийн 141,5 талбайд сонгино, ногоон тэжээл, төмс тариалсан үйлдлийг нь буруугүй мэт үзэж, хохирол тооцоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд,  Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, тодруулбал, З.Ч*************г нь тухайн газруудад хохирол учруулсан эсэхийг тогтоогоогүй байна.

Мөн, хариуцагч нь З.Ч*************гийн байгаль орчинд учруулсан хохирлыг баримтаар нотлоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн, тодруулбал хохирлын үнэлгээг эргэлзээгүй, үндэслэлтэй тогтоогоогүй байх тул шийтгэлийн хуудасны “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 16,969,700 төгрөгийг З.Ч*************гээр төлүүлэх” хэсэг хууль бус байна.

3.16. Иймд, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаар шийтгэлийн хуудасны “хохирлын нөхөн төлбөрийн 16,969,700 төгрөг”-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0103987 дугаар шийтгэлийн хуудсаар З.Ч*************гт оногдуулсан 500,000 төгрөгийн торгуульд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлбөрийн 16,969,700 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг-51-52 дахь талд,

[2] Хавтаст хэрэг-148 дахь талд,

[3] Хавтаст хэрэг-51-52 дахь талд,

[4] Хавтаст хэрэг-148 дахь тал,

[5] Хавтаст хэрэг-176 дахь талд,

[6] Хавтаст хэрэг-177-181 дэх талд,

[7] Хавтаст хэрэг-179-181 дэх талд,

[8] Хавтаст хэрэг- 157-158 дахь талд,

[9] Хавтаст хэрэг-123 дахь талд,