2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03728

 

 

 

 

2025 05 05

192/ШШ2025/03728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э

хариуцагчийн төлөөлөгч Х.Э

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.***** хариуцагч Улаанбаатар төмөр зам М************т холбогдох Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгахаар шаарджээ.

1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.***** УБТЗ-ын Вагон ашиглалтын депод Багануур техник үйлчилгээний газарт 2015 оноос хойш сахиулаар ажиллаж байна. Надтай ажил олгогч хөлсөөр ажиллах гэрээг байгуулан 3 сар тутамд сунгаж ажиллуулсаар 9 жил тасралтгүй энэхүү ажил үүргийг хийж гүйцэтгэж ирлээ. Би сахиулын ажил үүргийг хийж гүйцэтгэдэг, бүхэлдээ хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй харилцаа үүсэн ажиллаж байгаа юм. Одоо би 56 настай, эхнэр, 2 хүүхэдтэй. Эхнэр маань тэтгэвэрт гарсан. Надад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатайгаар биелүүлж, хөдөлмөрийн харилцааны гологдол дутагдалгүй ажилласаар ирсэн. Жил бүр хамтын гэрээ хэлэлцээр, орон тоог батлахдаа хөлсөөр ажиллаж байгаа ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээнд шилжүүлэх талаар ярьдаг боловч хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөлмөрийн хуулиар тогтоосон нөхцөлөөр хангахгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нөхцөл маань хуулиар тогтоосон нөхцөлөөс дордсон байдалтайгаар өнөөдрийг хүрлээ. Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний 3.1-д УБТЗ-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэсэн заалт тусгасан боловч хэрэгжсэнгүй. Энэ талаар гомдлоо Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргаж, талуудыг эвлэрүүлэн хэлэлцүүлэх бүх арга хэмжээг авах зорилгоор 2025 оны манай байгууллагын орон тоог батлахад анхаарч үзэхийг хүссэн зөвлөмж хүргүүлсэн. Гэвч орон тоо батлахдаа шийдвэрлээгүй орхисон тул УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 12 сарын 18-ны өдөр хуралдаж, **** дугаар тэмдэглэл гаргасныг 2025 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байна. Би өөрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг; заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тодорхойлуулах, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцуулах эрхтэй бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийн зөрчил өнөөдрийг хүртэл арилаагүй үргэлжилсээр би хөлсөөр ажиллах гэрээтэйгээр ажил үүргээ хийж гүйцэтгэсээр байна. Надтай ажил олгогч 9 жилийн хугацаанд хугацаатай гэрээ байгуулж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д Энэ хуулийн 50.1.3,139.1 -д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно. гэж зааснаар надтай хуульд зааснаар гэрээг хугацаатай байгуулж байгаа нь хууль бус юм. Би УБТЗ-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй эрх зүйн харилцаанд оролцож байгаа боловч надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хөдөлмөрийн хууль, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоосон нөхцөлөөр хангагдахгүи хохирсоор байна. Үүнээс үүдэлтэй алдагдаж буй эрх, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлүүд болох Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ажилтны амрах эрх бүхэлдээ, 9 жил ээлжийн амралт хуульд зааснаар авч үзээгүй, нийтээр амрах болон илүү цагийг нөхөн амрах амралтыг эдэлж байсангүй, мөн 7 хоног бямба, ням гарагуудад ч амрах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах эрх, тэтгэмж, хөнгөлөлт авах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогчдын хангагддаг эрхээрээ хангагдаж чадахгүй байсаар байна. Энэ талаар гомдлоо 2025 оны 01 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 01 сарын 22-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/Ш32025/***** дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас шаардлага тодорхойгүй болон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр татгалзсаныг 2025 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд шаардлагын хүрээнд надтай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн атал хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулж байгаагаас хөдөлмөрийн хууль хамтын гэрээнд заагдсан эрх хөнгөлөлтийг эдэлж чадахгүйд хүрч, хөдөлмөрлөх эрхээрээ хохирч байгаа бөгөөд ээлжийн амралт авах, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заагдсан олговортойгоор чөлөө авах зэрэг эрхээ эдэлж чадахгүй зэргээр хохирч байгаа тул хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж, хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангуулж өгөхийг хүсэж байна гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.***** нь нэхэмжлэлдээ УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газарт сахиулаар 2015 оноос хойш хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна гэжээ. Аливаа иргэнийг ажилд авахад түүний мэргэжил, мэргэшил чадварын дагуу хөдөлмөрийн тодорхой үүрэг гүйцэтгэхийн тулд ажил олгогчтой хөдөлмөрийн харилцан тохиролцоо хийснээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж улмаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хууль ёсны ажиллагааны дагуу үүсдэг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нэг талаас иргэн тодорхой үүрэг гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч иргэнийг хөдөлмөрлүүлэхийг зөвшөөрсөн зэрэг хоёр талын зүй ёсны хүсэл зоригийг илэрхийлсэн үйл ажиллагааны дагуу үүсдэг ба хөдөлмөрийн гэрээнээс ангид байдлаар хөдөлмөрийн эрхзүйн харилцаа үүсэх боломжгүй, нэхэмжлэгчийг ажилд авах тухай ажил олгогчийн тушаал, шийдвэр огт байхгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажилд авсан тушаал, шийдвэр нь гэрээний нөгөө тал болох ажилтанд ажил үүрэг гүйцэтгэх, албан тушаалын болон цалин, хөлс авах, ажил олгогчоос ажилтанд хууль зүйн хариуцлага тооцох зэрэг харилцаанууд үүсэх боломжтой болно. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажилтан, ажил олголч хоёр үүрэг, эдлэх эрх, гэрээний хугацаа, цалин, хөлс, ажиллах хөнгөлөлт, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл зэргийг урьдчилан харилцан тохиролцож, эрх зүйн хувьд тэгш байдлын үндсэн дээр гэрээг байгуулснаар хедөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэхээр хуульчилсан. Иргэнтэй ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулахад тухайн ажил, албан тушаалын орон тоо нь эрх бүхий этгээдээр батлагдсан байх шаардлагатай ба түүнийг үндэслэн иргэнтэй хөдөлмөрийн харилцаа үүсэх естой. Шүүхээс тухайн байгууллагад батлагдаагүй, байхгүй орон тоон дээр нэхэмжлэгчийг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах ажил олгогчийн хэнтэй, ямар төрлийн харилцаа, ямар хугацаагаар үүсгэх шийдвэрт нь шууд халдсан үйлдэл болох бөгөөд шүүхийн байгууллага аливаа хуулийн этгээдэд ажилтан томилох эрх зүйн субьект биш юм. Иргэний гэрээ, хэлцлийн дагуу ажил гүйцэтгэж байгаа иргэн нь иргэний эрх зүйн гэрээгээр тусгайлан тохиролцоогүй бол эрх, үүрэг, хариуцлагын хэлбэрийг өөрсдөө сонгож тохиролцох ба нэхэмжлэгчтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд эрх, үүрэг, хариуцлагын арга хэмжээг хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүрэг, сахилгын хэлбэрүүдээс өөрөөр заасан байгааг шүүхээс анхаарахыг хүсье. Иргэний эрх зүйн харилцааны журмаар ажил гүйцэтгэх үед хөлсийг гэрээний талууд хэн алиныхаа эрх ашигт нийцүүлэх замаар хэлэлцэн тогтоодог. Тэгвэл хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрлөгсдийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журам, үндэслэлийн дагуу тогтоодог. Иргэний эрх зүйд хөдөлмөрийн хөлсийг гэрээнд заасан ажил үүргийн гүйцэтгэлийг харгалзан олгодог байхад хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтын үед ажилтнуудад ажилласан сар, хоног, гүйцэтгэсэн ажлын хэмжээг харгалзан олгодог. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг талууд харилцан тохиролцож тогтоосон ба ажил үүрэг гүйцэтгэхдээ зөрчил гаргавал гэрээг цуцлахаар тохирсон. Иргэн хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, тогтоосон хугацаанд багтаан хандахыг хуулиар зохицуулсан. Энэ нь өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг анхааруулсан хэм хэмжээ бөгөөд Иргэний хуулиар хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий ба тусгай хугацааг ялгаж өгсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүр төрөлд хамаарахаар байна. Нэхэмжлэгчтэй Хөлсөөр ажиллах гэрээг 2015 онд байгуулсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхлэн тоолох ба нэхэмжлэгч өөртэй нь байгуулсан гэрээний төрөл буруу гэж үзсэн бол Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар 2018 онд багтаан шаардлага гаргах байсан. Дээрх хөлсөөр ажиллах гэрээг хугацаа дуусах бүрт 1 жилээр сунгаж ирсэн. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэрээ болно. Хэрэв нэхэмжлэгч нь түүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол 2015 онд байгуулсан тэрхүү хөлсөөр ажиллах -эоээний асуудлаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***********Улаанбаатар төмөр замын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2024.12.18-ны өдрийн **** дугаар тэмдэглэл, 2024.06.03-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ, 2024.10.01-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээ, цалингийн карт, ажилчин алба хаагчдын өдөр тутмын ирцийн бүртгэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 7-26/

4. Хариуцагчаар хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар зэргийг ирүүлсэн.

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилчин албан хаагчдын өдөр тутмын ирцийн бүртгэл, хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ***********Улаанбаатар төмөр замын даргын 2024.12.26-ны өдрийн ***** дугаар тушаал, орон тооны жагсаалт зэргийг хэрэгт хавсаргасан /хх-ийн 42-74/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.***** нь Улаанбаатар төмөр замын Вагоны ашиглалтын депод Багануур техникийн үйлчилгээний газарт 2015 оноос хойш 9 жилийн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 3 сар тутамд сунгаж ажиллаж ирсэн бөгөөд ажил олгогч нь жил бүл хамтын гэрээ хэлэлцээр, оро тоог батлахдаа хөлсөөр ажиллаж байгаа ажилтнуудыг хөдөлмөрийн гэрээнд шилжүүлэх талаарх ярьдаг боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг асуудлыг шийдвэрлээгүй тул миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нөхцөл хуулиар тогтоосон нөхцөлөөс дордсон байдалтай байна .гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзалын үндэслэлээ Б.*****ыг 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус байгууллагад хөлсөөр ажиллах гэрээний дагуу Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депод Багануур техник үйлчилгээний газарт ажиллаж байгаа асуудлаар маргаагүй боловч уг харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Хэрэгт нэхэмжлэгч Б.*****, хариуцагч М***** нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ авагдсан байх ба нэхэмжлэгч Б.***** нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу тус нийгэмлэгийн Вагон ашиглалтын депогийн Багануур ТҮГазарт 2015 оноос одоог хүртэл сахиулын ажил үүргийг гүйцэтгэж, гэрээгээр тохирсон ажлын хөлсийг авч байгаа болох нь тогтоогдож байна. /хх-ийн 12, 13/

4.2 Түүнчлэн нэхэмжлэгч Б.***** нь ажлын байранд заасан чиг үүргийн дагуу Вагон ашиглалтын депогийн Багануур ТҮГ-ын гадна хашааны хаалга, машины граж, гадаа агуулах, гадаа ажлын талбай дээрх сэлбэг материал, гаднах тоног төхөөрөмж, түүний орчны эд аж ахуйг харж, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг биечлэн хариуцах хашааг цэвэрлэх, мод зүлгийг усалж, ургуулах зэрэг ажил үүргийг одоог хүртэл гүйцэтгэж байгаа болох нь талуудын тайлбар хэргийн баримт зэргээр тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаагүй./хх-ийн 68-71/

5. Нэхэмжлэгч Б.***** нь би 2015 оноос хойш М*****т өнөөдрийг хүртэлх хугацаанд 9 гаруй жил хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан бөгөөд бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлгүй байна.

 

6. М************ Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ***** тоот тушаалаар орон тооны жагсаалтыг шинэчлэн баталсан ба уг тушаалын 30 дугаар хавсралтаар Вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын албан тушаалын нэрсийг баталсан үүнд ...техник үйлчилгээний газрын дарга 1, вагоны үзэгч-засварчин VI зэрэг-4, вагоны үзэгч-засварчин V зэрэг 8, вагоны үзэгч-засварчин V зэрэг 1, вагоны үзэгч-засварчин V зэрэг-кранчин 1, вагоны үзэгч-засварчин V зэрэг-гагнуурчин, вагоны үзэгч-засварчин IV зэрэг 5, үйлчлэгч 1... гэжээ.

 

6.1 Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

 

6.2 Хэдий талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх боловч тухайн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-т заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу үүссэн харилцаа гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, ажил олгогч байгууллага нь өөрийн батлагдсан орон тоо бүхий ажлын байранд, тухайн орон тоонд ажиллах шаардлага хангасан ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулан авч ажиллуулснаар дээрх хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэх учиртай.

 

6.3 Харин нэхэмжлэгч Б.*****ын ажиллаж байгаа сахиулын ажлын байр нь М************ Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын орон тооны жагсаалтад ороогүй, байнгын ажлын байр биш байх тул шүүхээс талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. Нөгөөтэйгүүр, ажил олгогч М************ Улаанбаатар төмөр зам нь сахиулын ажлын байрны орон тоог нэмэлтээр баталж, жагсаалтад оруулах эсэх асуудал нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал тул шүүхээс энэ хүрээнд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

7.1 Иймд нэхэмжлэгч Б.*****ын Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М*****т холбогдох нэхэмжлэгч Б.*****ын Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн Багануур техник үйлчилгээний газрын сахиулаар хийж гүйцэтгэж буй ажил үүргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ