2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03730

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: 

Хариуцагч:

Хариуцагч:

Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний үлдэгдэл 79 734 200 төгрөг, алданги 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Ч

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

хариуцагч ********** ХХК-ийн төлөөлөгч Н.Э

хариуцагч Б.**********гийн төлөөлөгч Г.Г

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч**********ХХК хариуцагч ********** ХХК-д холбогдуулан 8 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.**********д холбогдуулан 79 734 200 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.1 Нэхэмжлэгч******************** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** ХХК 2020.1.24-ны өдөр Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээг нэхэмжлэгч талтай бичгээр байгуулсан бөгөөд гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээний 1.1, 1.2-т тодорхойлсон ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний 3.3-т зааснаар 80,000,000 төгрөгийг үе шаттайгаар төлөхөөр харилцан тохирсон. Ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт ажлыг хийхээр амаар тохиролцож, ажил дууссаны дараа гүйцэтгэлээр нийт 94 734 200 төгрөгийн ажлыг хийж, хүлээлгэж өгсөн. Гэрээний 6 дугаар зүйлд талуудын хариуцлагыг тусгасан байх бөгөөд 6.1.2-т Төлбөр тооцоо хийх үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч талаас хоног тутамд 0.05 хувийн алданги төлнө. гэж заасан ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлох боломжгүй бол гэрээний нийт үнийн 10 хувиар тооцож шаардахаар талууд тохиролцсон. Иргэний хуулийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн бөгөөд гүйцэтгэгч талын өмнө хүлээсэн үүргээ захиалагч биелүүлээгүй тул гэрээнд заасан төсөвт өртгийн 10 хувиар хязгаарлан 8,000,000 төгрөгийн алдангийг хариуцагч ********** ХХК-иас нэхэмжилсэн болно. Бид хэрэгт тус компаниас шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ямар нэг баримт гаргаж өгөөгүй болно. ********** ХХК-иас 2024.10.08-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ********** ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хүлээж аваагүй, ажил хүлээлцсэн гэх актад гарын үсэг, тамгаа дараагүй тул ... төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж хариу тайлбар гаргасан байдаг. Иргэний хуулийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно" гэж, гэрээний 2.5-д гэрээт ажлын гүйцэтгэл 2 үе шаттай байх бөгөөд 1-р үе шатны гүйцэтгэл нь 2020.2.10-нд дуусах бол 2-р үе шатны ажил нь барилгын инженерийн зураг болон гүйцэтгэл дууссаны дараа түүн дээр үндэслэж хуанлын 30 хоногт багтаан гүйцэтгэнэ гэж тус тус заасан байна. ********** ХХК нь зураг дуусахад ажлын гүйцэтгэлийг шаардаагүй болно. Мөн түүнчлэн гэрээний 5.4.3-т заасан ...хяналт тавих, санал оруулах, засвар оруулах талаар мэдэгдэх... үүргээ гэрээт ажлын хугацаанд биелүүлж байгаагүй бөгөөд өнөөдрииг хүртэл ********** ХХК ажлын гүйцэтгэлийн талаар шаардаж байгаагүй. Гомдол гаргаж байгаагүйгээс харахад ажлын гүйцэтгэлийг ********** хүлээж авсан талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй маргахгүй, хүлээн зөвшөөрсөн болох нь тодорхой нотлогдож байна гэж бид үзнэ. Иргэний хуулийн 241.6-д Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасны дагуу**********ХХК-ийн хувьд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь Б.**********д хүлээлгэн өгсөн гэж үзэж байгаа болно. Хуульд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй бөгөөд Б.********** нь анхнаасаа захиалагчийн эрхийг эдлэж үүргийг хүлээж явсан. Иргэний хуулийн 43.2.2-т зааснаар Б.********************ХХК нар чатаар харилцаж, явсан байдаг ба үүнийг Иргэний хуулийн 43.4-т зааснаар хэлцэл хийгдээгүй гэж үгүйсгэх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл байхгүй юм. Б.**********гийн хэлснээр түүний заасан ********** ХХК-тай бичгээр гэрээ байгуулж, анз тохирсон нь Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээний талуудын чөлөөт байдал тул хуульд нийцнэ гэж үзэж байна. ********** ХХК болон Б.********** нар нь манай талын хувьд аль аль нь захиалагч бөгөөд хууль зүйн агуулгаараа хамтран үүрэг гүйцэтгэгчид юм. Тодруулбал Иргэний хуулийн 242.1, 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ гэж заасан. Хуульд заасан үндэслэлээр үүсэж буй үүрэг нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх, арга, журам хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж, 351.1.2-т Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах зэргийг дурьдаж болно. мгийн анх Б.********** нь**********ХХК-д оффисын төлөвлөлт, рендер хийлгүүлэх саналыг тавьсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг**********ХХК-тай амаар байгуулж, ажлын даалгаваруудаа өгсөн. Улмаар гэрээг иргэн Б.********** дүгнэж, үлдэх төлбөрийн талаар тооцоо нийлсэн байдаг. Ажил эхлэхээс аваад үргэлжлэх бүх хугацаанд Б.********** өөрөө захиалагчийн хувиар эрх үүргийг хзрэгжүүлж явсан ба ажлын явцад ажлын даалгаварыг Б.********** өөрчилж, анх тохирсон ажил нэмэгдэж, улмаар төлөх төлбөр ч өөрчлөгдсөн. Эцэст нь 2021.1.23-ны өдөр нийт ажпын төлбөрийг 94,734,200 төгрөг болсныг баталж, 15,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн талаар дурьдаж, 79,734,200 төгрөгийн төлбөр үлдсэн талаар тус тус тооцоо нийлж Б.********** иргэнийхээ хувиар гарын үсэг зурсан. Үлдэгдэл 79,734,200 төгрөгт ХУД, 18-р хороонд байрлах,*** оффисын барилгад талбай авах бартерт суутгахаар хариуцагч Б.**********тэй тохирсон. Бид бартерт оффисын барилга авах бус 79,734,200 төгрөгийг Б.**********гээс гаргуулах хүсэлтэй байна. Учир нь тооцоо нийлсэн акт үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд бартерын хөрөнгөө бидэнд санал болгож байгаагүй, 4 жилийн дараа, одоо бартераар оффис авах нь манай компанийн хувьд нэгэнт ач холбогдлоо алдсан байна. Тиймээс Б.**********гээс 79,734,200 төгрөгийг гаргуулж**********ХХК-д олгож өгнө үү. Нэхэмжлэгч тал 2020 оны 1 сарын 24-ний өдөр Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээг хариуцагч ********** ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээний 6.1.12-т "Төлбөр тооцоог хийх үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч гүйцэтгэгчил төлбөр хийгээгүй хоног тутамд 0.05 хувийн алданги төлөх ба энэ нь төлбөр хийгээгүй ажлын 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.**********ХХК ажлыг бүрэн гүйцэтгэсэн боловч ********** ХХК одоог хүртэл гэрээний 3.1 -т заасан төлбөрийг бүрэн төлөөгүй. Иймд гэрээгээр тохирсон алданги 8.000.000 төгрөгийг ********** ХХК-иас гаргуулахаар шаардаж байна. Иймд**********ХХК-ийн зүгээс 79,734,200 төгрөгийг иргэн Б.**********гээс, 8,000.000 төгрөгийг ********** ХХК-иас гаргуулахаар шаардаж байна. нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч ********** ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Гэрээнд ажлыг 2 үе шаттайгаар гүйцэтгэж, хүлээлгэж өгөх ёстой байсан боловч өгөөгүй. Мөн гэрээнд 11 давхар гэж байхгүй, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй хэрнээ, алданги шаардаад байгаа нь үндэслэлгүй. Мөн Б.********** нь ********** ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах хүртлээ нэг ч удаа төлбөр шаардаж манай компанид хандаагүй ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Б.**********гийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.********** нь интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний үлдэгдэл төлбөр болох 79,734,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авч танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.**********ХХК нь ********** ХХК-тай 2020 оны 01 сарын 24-ны өдөр №****** дугаар бүхий Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээг байгуулсан байна. Тухайн ажлын 1-р үе шатыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ноос эхлэн хуанлийн 19 хоногт буюу 2020 оны 02 дугаар сарын 10-нд гүйцэтгэж ажлын 2-р үе шатыг барилгын инженерийн зураг болон гүйцэтгэл дууссаны дараа түүн дээр үндэслэж хуанлийн 30 хоногт гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. Тус гэрээгээр ********** ХХК-ийн Хан-Уул дүүргийн 18-р хороонд байрлах, ***оффиссын барилгын 1-р давхрын лобби буюу үүд, хүлээлгийн хэсэг, ресепшин, ажилчид хэсэг, эр эм ариун цэврийн өрөө, уулзалтын 2 өрөө нийт 309 м/кв, стандарт засалтай нэг давхрын 634.2 м/кв талбай, 11-р давхрын ***** байгууллагын 634.2 м/кв талбайн зураг төсөл боловсруулах ажлыг хийхээр харилцан тохиролцсон байна. Талууд уг зургийн ажлын нийт төсөвт өртгийг 80,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, Захиалагч буюу ********** ХХК нь зураг төслийн ажлын явцад 2 удаагийн санхүүжилтийг хийхээр тухайн гэрээгээр харилцан тохиролцсон байна. Дээрх үйл баримтаас харвал**********ХХК болон ********** ХХК нарын хооронд Монгол Улсын иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Б.********** нь гэрээний оролцогч биш юм.**********ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 79,734,200 төгрөгийг 2020 оны 01 сарын 24-ны өдөр №****** дугаар бүхий Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн гэрээтэй холбоотой ажил хүлээж авах эрх надад олгогдоогүй бөгөөд дээрх гэрээний дагуу надад биетээр хүлээн авсан ажлын үр дүн байхгүй болно. Мөн тухайн онд Б.********** нь төрийн албанд ажилладаг байсан бөгөөд тус компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Иймд**********ХХК-ийн Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээний үлдэгдэл төлбөр болох 79,734,200 төгрөгийг Б.**********гээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.01.08-ны өдрийн итгэмжлэл, 2020.01.24-ний өдрийн Интерьер зураг гүйцэтгэх ажлын №****** гэрээ, ажил хүлээлцэх акт №****, Тооцооны үлдэгдлийн баталгаа №****, тооцооны баримтын жагсаалт, 2025.03.17-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, компанийн дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагч ********** ХХК-ийн 2024.03.18-ны өдрийн итгэмжлэл, 2024.09.10-ны өдрийн итгэмжлэл, ********** ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Голомт банк ХК-ийн 2025.03.31-ний өдрийн Тодорхойлолт, цахим гүйлгээний баримт, 2023.08.30-ны өдрийн БА-****** дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэргийг ирүүлсэн.

6. Хариуцагч Б.**********гээс 2024.05.06-ны өдрийн төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр *********** хариуцагч Б.********** нарын хооронд бичсэн мессэнжер чатад үзлэг хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр ********** ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм, гэрчилгээ зэрэг баримтуудыг бүрдүүлж, үзлэгийн тэмдэглэлийг, баримтын хамт хавсаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.**********д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Манай компани ********** ХХК-тай 2020.1.24-ны өдөр Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээг бичгээр, хариуцагч Б.**********тэй амаар байгуулсан. ...Ажил эхлэхээс аваад үргэлжлэх бүх хугацаанд Б.********** өөрөө захиалагчийн хувиар эрх үүргийг хэрэгжүүлж явсан ба ажлын явцад ажлын даалгаварыг Б.********** өөрчилж, анх тохирсон ажил нэмэгдэж, улмаар төлөх төлбөр ч өөрчлөгдсөн. Талууд 2021.1.23-ны өдөр нийт ажпын төлбөрийг 94,734,200 төгрөг болсныг баталж, 15,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн талаар дурьдаж, 79,734,200 төгрөгийн төлбөр үлдсэн талаар тус тус тооцоо нийлж Б.********** иргэнийхээ хувиар гарын үсэг зурсан. гэж тайлбарласан.

3. Хариуцагч Б.********** татгалзлын үндэслэлээ талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагч биш гэж, хариуцагч ********** ХХК ...нэхэмжлэгч тал ажлыг хүлээлгэж өгөөгүй хэрнээ мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ********** ХХК нарын хооронд 2020 оны 01 сарын 24-ний өдөр №****** тоот Интерьер зураг гүйцэтгэх ажлын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ХУД-ын 18-р хороонд байрлах, ***оффиссын барилгын 1-р давхарын лобби буюу үүд, хүлээлгийн хэсэг, ресепшин, ажилчид хэсэг, эр эм ариун цэврийн өрөө, уулзалтын 2 өрөө нийт 309 м/кв, стандарт засалтай нэг давхарын 634.2 м/кв талбай, 11-р давхрын ***** байгууллагын 634.2 м.кв талбайн зураг төсөл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар, 2020.01.22-ны өдрөөс 2020.02.10-нд 1-р үе шатыг, 2-р үе шатыг барилгын инженерийн зураг болон гүйцэтгэл дууссаны дараа түүн дээр үндэслэж хуанлийн 30 хоногт гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

4.2 Гэрээний нийт төсөвт өртгийг 80 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, Захиалагч буюу ********** ХХК нь зураг төслийн ажлын явцад 2 удаагийн санхүүжилтийг хийхээр тухайн гэрээгээр харилцан тохиролцсон байх ба гэрээний төлбөрт 15 000 000 төгрөгийг 2020.02.11-ний өдөр хариуцагч ********** ХХК төлсөн байна.

5. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 10-р талд Ажил хүлээлцсэн акт №**** баримтыг ирүүлж, гэрээгээр тохирсон ажлыг 2021.01.23-ны өдөр хариуцагч Б.**********д хүлээлгэж өгсөн, түүнчлэн ажлыг гүйцэтгэх явцад нэмэлт ажлыг хийлгүүлэхээр тохиролцож, улмаар уг нэмэлт ажлын гүйцэтгэлийн хамт хүлээлгэн өгч, гэрээний үлдэгдэл төлбөрийг 79 734 200 төгрөг болохыг баталгаажуулж акт үйлдсэн гэж тайлбарласныг, хариуцагч ********** ХХК ажлыг хүлээлгэж өгөөгүй гэж маргажээ.

5.1 Хариуцагч нар татгалзахдаа ...Б.********** нь тухайн ажлыг хүлээн авах эрх бүхий этгээд биш бөгөөд дээрх баримтыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, хуурамч он, сар, өдөр тавьсан баримтад гарын үсэг зуруулсан. гэж маргасан.

6. Хэрэгт ********** ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа авагдсан байх ба тус компанийн эцсийн өмчлөгчөөр Б.********** 2020.10.22-ны өдөр бүртгэгдсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

6.1 Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Чтайлбарлахдаа Б.**********тэй 10-н жилийн нэг ангид хамт сурч байсан найзууд, олон ч ажил дээр хамтарсан. Тухайн офиссын барилга нь түүний бариулсан барилга бөгөөд Тайм констракшн ХХК-тай байнга гэрээ байгуулдаг бөгөөд энэ нь Б.**********гийн компани. Харин тухайн үед бид гэрээ байгуулахаас өмнө ажлыг эхэлсэн бөгөөд гэрээг байгуулах үед ийм танихгүй ********** ХХК-ийг оруулж ирсэн. гэж тайлбар гаргасныг, хариуцагч ********** ХХК-ийн төлөөлөгч барилга барьсан газар нь ********** ХХК-ийн газар бөгөөд Б.********** нь Тайм констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн гэж тайлбарласан.

6.2 Мөн хариуцагч ********** ХХК-ийн төлөөлөгч хэрэгт ач холбогдолтой, татгалзалын үндэслэлд хамааралтай гээд, 2023.08.30-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хэрэгт гаргаж ирүүлсэн байх ба уг барилгын захиалгач********ХХК гэж бүртгэгдсэн байна.

6.3 Талуудын байгуулсан гэрээний 9.1-т талууд хоорондоо харилцахдаа 9.1.2-т захиалагчийг төлөөлж ... цахим шуудан:*******гэсэн байна.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

8. Хариуцагч ********** ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг гэрээнд заасан ажлыг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр маргаж байх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

8.1 Нөгөөтэйгүүр, хариуцагч Б.********** нь дээрх гэрээний даасан оролцогч биш хэдий ч тухайн гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан этгээд гэж үзэх үндэслэлтэй, энэ нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

8.2 Өөрөөр хэлбэл Б.********** нь тухайн гэрээний ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нэхэмжлэгч компанийн ажилтантай энэ талаар харилцан санал солилцож, улмаар ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан эрх бүхий этгээд болох нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн ерөнхий менежер ************ хаягнаас хариуцагч Б.********** нарын хооронд бичсэн мессэнжер чатаар болон хэргийн дээрх баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. гэсэнтэй нийцсэн байна.

9. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 79 734 200 төгрөгийг хариуцагч ********** ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

10. Харин нэхэмжлэгч нь хариуцагч Б.**********тэй дээрх гэрээг амаар байгуулсан гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагч Б.**********тэй гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр төлбөр гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүйн дээр, талууд гэрээний хугацаа хэтрүүлсэн үндэслэлийн тухайд маргаагүй тул гэрээнд заасан алдангид 8 000 000 төгрөгийг хариуцагч ********** ХХК-аас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

11. Түүнчлэн хариуцагч ********** ХХК гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбар гаргасныг, шүүх хөөн хэлэлцэх хугацаандаа гэж үзсэн ба гэрээгээр тохирсон ажлыг 2021.01.23-ны өдөр Б.**********д Ажил хүлээлцсэн акт №****-ээр хүлээлгэн өгснөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.01.08-ны өдрийг хүртэл хугацааг тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********** ХХК-аас 79 734 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 8 000 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Б.**********д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 556 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. . 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ