Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/100

 

 

 

 

 

      2024             01            17                                        2024/ДШМ/100

 

Д.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

яллагдагч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/3249 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Чанцалдуламын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2306000002729 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б , ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

 

Яллагдагч Д.Б нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч .... хориглосон газар тамхи татсан, гар утсаараа бичлэг хийсэн гэсэн шалтгааны улмаас маргалдаж толгойн тус газарт гараараа цохиж тархи доргилт, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, баруун чих, 2 хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Гэрчээс авсан мэдүүлэг монгол хэл бичиг мэдэхгүй хүнд хөндлөнгийн гэрч оролцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Мөн тухайн үйлдлийн талаар харсан гэх гэрч нарыг асуух зэрэг ажиллагаа хийлгэхээр Д.Б холбогдох 2306000002729 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Чанцалдулам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэж, хуульд заасан текстийг бичсэн учраас чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд, мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болно. Гэрчээс авсан мэдүүлэг Монгол хэл бичиг мэдэхгүй хүнд хөндлөнгийн гэрч оролцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна гэх асуудлын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулахаар тусгайлан хуульчилсан харин гэрч монгол хэл, бичиг мэдэхгүй байдлыг хуулийн дээрх заалтад хамруулан үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх, үүргийг эдлүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй буюу мөрдөн шалгах ажиллагааны үед хөндлөнгийн хүнийг мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулан мэдүүлэг авч, уг мэдүүлэгт мэдүүлэг өгөгч гэрч болон мэдүүлэгт байлцсан хөндлөнгийн хүн тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд шүүгчийн 2023/ШЗ/3249 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

 

Яллагдагч Д.Б өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэмт хэрэг гарснаас хойш буюу 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д.Б-ийг асууж шинжээчийн дүгнэлт гаргасан. Гэтэл шинжээч хохирогчийг харж үзээд шууд толгой доргилттой гэж тогтоосон. Гэмт хэрэг гарснаас хойш буюу 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр анх удаа Д.Б-ийг дуудаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилж, мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлт нь ямар эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн харьцуулан гаргасан нь тодорхойгүй. Мөн энэ гэмт хэргийг хэн, яаж, хэзээ, хэрхэн үйлдсэн талаар нотолсон баримт хэрэгт байхгүй. Миний үйлчлүүлэгч Д.Б маргаан болсон асуудалд маргадаггүй. Гэхдээ миний үйлчлүүлэгч Д.Б нь “би гомдол гаргасан Б.С гэх хүнд огт гар хүрээгүй” гэж мэдүүлсэн. Прокурор “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч байгаа гэж хэлдэг боловч ямар нэртэй хүнээс юу асуулгах гэж байгаа эсэх нь тодорхойгүй” гэдэг. Гэтэл хохирогч 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, мөрдөгч маргааш нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газар очиж камерын бичлэг үзэх боломжтой байсан. Хэрэг Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн авто зогсоолын хашааны гадаа гарсан. Тухайн газрын камер ажилладаг. Гэвч камерын бичлэгийг хэрэгт огт хавсаргаагүй атлаа хэрэг гарснаас нэлээн хугацаа өнгөрсний дараа Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн харуул хамгаалалтаар ажилладаг манаачаас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Мөн хохирогчийн эх болох Тунгалагаас гэрчийн мэдүүлэг авахдаа Г гэх хүнийг хамт байлцуулсан нь ойлгомжгүй. Хохирогчийн эх Т “Би Монгол хэл, бичиг мэдэхгүй учраас Гандавааг хамт байлцуулж мэдүүлэг өгнө” гэсэн зүйл огт мэдүүлээгүй. Иймд анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх би мөрдөгчид “гэрч дуудаж, гэрчээс мэдүүлэг авч өгнө үү” гэхэд мөрдөгч “за за дуудна” гэж хэлчихээд алга болсон. Дараа нь прокурор дээр очоод би “гэрч дуудахгүй яасан юм бэ“ гэхэд прокурор “та өөрөө өөрийнхөө төлөө явахгүй юм бол өөр хэн таны төлөө явах юм бэ” гэж хэлсэн. Би тухайн үед мөрдөгчид “2 гэрч байгаа шүү” гэж хэлсэн...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Д.Б-ийг “2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-тай хориглосон газар тамхи татсан, гар утсаараа бичлэг хийсэн гэсэн шалтгааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь цохиж тархи доргилт, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, баруун чих, 2 хацар орчмын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Тухайн үйлдлийн талаар харсан гэх гэрч нарыг асуух зэрэг ажиллагаа хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

 

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, тухайн өдөр болсон үйл явдлын талаар шүүх хуралдаанд яллагдагч Д.Б эс “...Тухайн үед бид хоёрын маргалдаж байх хугацаанд тэнд хүмүүс байсан гэж хэлсэн. Би цагдаа нарыг өөрсдөө шалгаад гэрчээр мэдүүлэг авах байх гэж бодсон...” гэж мэдүүлдэг бөгөөд дээрх мэдүүлэгт дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.

 

Харин гэрч Ё.Т-аас мэдүүлэг авахдаа тэрээр монгол хэл бичиг мэдэхгүй байхад дээрх гэрчид хөндлөнгийн гэрч оролцуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид уг зүйлийн 1.1-1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй байхаар зохицуулснаас үзэхэд энэхүү заалт зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамааралтай гэж ойлгоно.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэх боловч дээрх хуулийн заалтад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "түүний" гэснийг "хохирогч, тэдгээрийн" гэж өөрчлөлт орсон байхад өөрчлөлтөөс өмнөх хуулийн заалтыг хэрэглэсэн байгааг буруутгаж байна.

 

            Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.6 дахь заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/3249 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Чанцалдуламын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН