| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0082/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.2.3.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Сд холбогдох 1706 03293 0443 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д С.
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.С нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сумалсан "ZКМ-452" маркийн Чех улсад үйлдвэрлэсэн спорт ангийн зориулалттай калибр маркийн буу сум алдаж хохирогч Д.Нямдоржийн цээжин тус газар нь тусаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хохирогч Д.Нямдоржийн өвчний түүх /хх-12-17/, хохирогч Д.Нямдоржийн өгсөн мэдүүлэг /хх-117-119/, гэрч Ё.Энхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-127-129/, гэрч Б.Амартүвшиний өгсөн мэдүүлэг /хх-137/, шинжээчийн дүгнэлт /хх-145-149/, шинжээчийн дүгнэлт /хх-152-157/, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-158/, шинжээчийн дүгнэлт /хх-166-168/, шүүгдэгч Д.Сгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-130-131/, шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-194/, хохирол төлбөр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-68/, эд зүйл, бичиг баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-70/, хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-71-106/, гэрч Л.Зоригтбаатарын өгсөн мэдүүлэг /хх-141/, гэрч Ц.Рэнцэнхандын өгсөн мэдүүлэг /хх-143/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-186/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сумалсан "ZКМ-452" маркийн Чех улсад үйлдвэрлэсэн спорт ангийн зориулалттай калибр маркийн буу сум алдаж хохирогч Д.Нямдоржийн цээжин тус газар нь тусаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Нямдоржийн өгсөн “...Тэр өдөр Энхтөр ах болон найзуудынх нь хамт оройн хэдэн цагийг нь мэдэхгүй байна. Сүрэнхорлоо гэх Энхтөр ахын найзын машинтай зүүн тийшээ туулайн анд явсан. Тэгээд орой явж байгаад туулай харагдсан чинь жолооч ах Сүрэнхорлоо буугаа цэнэглэсэн. Тэгсэн чинь нөгөө туулай нь алга болчихсон. Дараа нь машин тэрэг болохгүй байна гээд буцаад явж байсан. Би тухайн үед жолооч ахыг буугаа хаана тавьсан юм бол гэж бодож байсан. Би машины хойд талын суудал дээр голд нь сууж байсан. Налайх өнгөрөөд Хонхор дөхөж байхад гэнэт тас хийгээд явсан. Би юу болсныг нь мэдээгүй, донсолгоонд буу дуугарч миний цээжний дээд хэсэгт оносон. Тэгээд шууд цэргийн төв эмнэлэгт ирсэн. Намайг хэн нэгэн буудаагүй, жолоочийн хажууд байсан сумтай буу донсолгоонд тэсэрч намайг оносон. Тухайн үед С ах машин барьж явсан. ”. / 1хх-116-119/ гэх мэдүүлэг,
Мөн Д.Нямдоржийн хохирогчийн өгсөн: Д.Сгоос гэм хорын хохиролд гэм хорын хохирол төлбөрийг хүлээн авлаа. Эмнэлгийн зардалд 4.700.000 төгрөгийг хүлээн авсан. Д.Сгийн зүгээс мөн шаардлагатай эм тариаг авч өгч эмчилгээнд анхаарал хандуулж байгаа болно. Миний хохирол төлбөр барагдсан тул өөр санал гомдол байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”. /хх-68-69/ гэх тайлбар,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хэргийн материалтай танилцсан. Надад гомдол санал байхгүй, хохирол эмчилгээний зардал барагдуулж байгаа үнэхээр их тусч болж байна. Нааш цаагаа тус болон байх гэж итгэж байна.”/хх-202/,
Мөрдөн байцаалтад гэрч Ё.Энхтөрийн өгсөн: "...2017 оны 11 сарын 11-ний өдөр үүрээр 00 цаг өнгөрсөн байсан. Төв аймгийн Баяндэлгэрээс наана байх шөнө байсан болохоор бас газраа сайн санахгүй байна. Нэг туулай хараад Сүрэнхорлоо калибр маркийн буу сумалсан. Тэгээд буудаагүй. Сүрэнхорлоо машин барьж явсан. Хоёр сандлынхаа голд хийсэн байсан. Тэгээд Сгийн машин эвдрээд янз бүр болоод байхаар нь бид нар буцаад Улаанбаатар хот руу явсан. Налайхаас наана Хонхорын цаахан хар зам дээр би унтаж явахад пис гэсэн дуу гараад явчихсан чинь хажууд сууж байсан Нямаа гээд залуу ёолоод байсан. Тэгээд наашаа яваад эмнэлэг дээр ирсэн. С буугаа сумлаад голын хайрцаг өөрийнхөө сандал хоёрын завсар бууны хошууг ард тал руу харуулаад бөгсийг нь шал руу харуулаад тийм байрлалтай тавьсан байсан”. /хх-127-128/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Амараагийн өгсөн: “…2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 11-12 цагийн хооронд Гачууртын зам “Улаанбаатар Буян” цогцолбор газар орчихоод буцаад зүүнээс баруун тийш явж байтал урд талд явж байсан ланд 200 маркийн машины урд явган хүний гарцан дээр хоёр хүүхэд зам гарах гээд зогсож байсан....Тэгтэл эсрэг талын замд явж байсан том оврын шаврын машин явган хүний зам дээр хашлага даваад автобусны буудал өнгөрөөд зогссон. Тэгээд би машинаасаа буутал замын голд хүүхэд хэвтэж байсан.” /1хх-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганбаатарын өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт байж байхад гаднаас төрсөн дүү Д.С гэрт хүрч ирсэн. Тэгээд дүүгийн хамт салхинд гарч чоно туулай агная гэж ярьсан. Тэгсэн Ё.Энхтөр, шархадсан залуу /Д.Нямдорж/-ийн хамт хүрч ирсэн. Тэгээд Ё.Энхтөр бид нартай хамт явъя гээд басан шархадсан залуу хамт явахаар болж Д.Сгийн ангийн нэг хүүхдийг нь замаараа аваад Улаанхуаранд шархадсан залуугийн машиныг үлдээгээд Төв аймгийн Баяндэлгэр сум руу явсан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад Баяндэлгэр сум дээр очоод туулай хайж явж байгаад нэг туулай харагдахаар нь тэрийг буудах гээд дүү Д.С буугаа цэнэглэсэн. Тэгээд буудаж чадалгүй туулай жалга руу ороод алга болсон. Тэгээд Д.С буугаа надад өгөөд би бууг нь барьж байгаад голд тавьсан. Тухайн үед би Д.С машин барьсан би жолоочийн хажуугийн суудалд суусан нөгөө 3 хойд талын суудал дээр суусан байсан. Машины түлш тасалдаад байхаар нь буцаад явъя гээд буцаж байгаад Налайхын пост өнгөрөөгөөд Хонхор дөхөж яваад шаар хагарах шиг чимээ гарсан. Тэгээд эргээд хартал шархадсан залуугийн нүүр нь цайчихсан цээж хэсэгтээ гараараа бариад энд буудагдах шиг болчихлоо.” /хх-135/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Амартүвшингийн өгсөн: “Миний тэр дээр тийм буу байдаг уг бууг 2015 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шархадны амны өвөлжөөнөөсөө малчин Баатархүүгийн гэрээс хулгайд алдагдаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа. Гэрчилгээг нь тухайн байцаагчид нь өгсөн.” /хх-137/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч С.Лхамаагийн өгсөн: “Д.С бид хоёр багаасаа нохой тэжээдэг байхдаа танилцсан. 1995 оноос хойш л найзалж байгаа. Миний Д.Сд өгсөн бууг одоогоос 3 жилийн өмнө “Нарантуул” дээр сум зардаг эмэгтэй нь Дарь эх хавьцаа байдаг гэсэн бүдүүн хар авгайгаас 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед тэр буу бичиг баримтгүй байсан гэж байсан удахгүй бичиг баримтыг гаргаад өгнө гэж байсан. Тэрнээс хойш тэр эмэгтэй сураггүй алга болсон.” /хх-138/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Буяндэлгэрийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өглөөний 08 цаг өнгөрч байхад төрсөн дүү Д.Нямдоржийн найз Болороо над руу 88297374 дугаарын утаснаас залгаад дүү чинь буу алдчихлаа гээд эмнэлэг дээр байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь эмнэлэг дээр ирсэн чинь дүү Д.Нямдоржийг сэхээнд байгаа гээд хамт явсан гэх 4 хүн зогсож байсан.” /хх-125-126* гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Д.Сгийн гэрчээр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө би өөрийн эзэмшлийн саарал өнгийн 84-80 УНО улсын дугаартай пажеро маркийн машинтай Төв аймгийн Баяндэлгэр сум руу анд явсан. Миний машинд төрсөн ах Д.Ганбаатар, авга ах Ё.Энхтөр, найз Ч.Амараа таньдаг хуурай дүү Д.Нямдорж нар хамт явсан. Бид нар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны оройн 23 цаг өнгөрч байх үед Улаанбаатарт хотоос гарсан. Тэгээд Төв аймгийн Баяндэлгэр сумаас урд талд газрын нэрийг нь мэдэхгүй нэг газар очоод ан хийх гэсэн боловч ан олдохгүй байсан. Тэгээд явж байтал замд нэг туулай таарахаар нь би нэг сум хийгээд буудах гэсэн чинь туулай алга болсон. Тэгээд ан олдохгүй болохоор нь буцаад Улаанбаатар хот руу явж байтал Налайхаас Хонхор орохоор замд явж байтал машины голд байсан буу гэнэт буудлага үйлдсэн. Тэгсэн Д.Нямдорж ёоё гээд доошоо тонгойхоор нь би машинаа зогсоогоод дээгүүр өмсөж явсан хувцасыг нь дарж үзтэл цээжний дээд хэсэгт сум орсон мэт нүх байсан. Тэгээд шууд Цэргийн госпиталын нэгдсэн эмнэлэг дээр ирсэн.” /хх-130-131/ гэх мэдүүлэг,
Би явган хүний гарц руу ойртон ирэхдээ хүүхдийг гүйнэ гэж санаагүй болохоор хурдаа хасаагүй шууд чигээрээ явж байтал гарцан дээр байсан хоёр хүүхдийн нэг нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаараа зам руу гүйсэн. Би хүүхдийг хараад шууд тормосоо гишгээд автомашиныхаа жолооны хүрдээ баруун гар тийш дараад замын боржур даваад зогсох үедээ толиндоо хартал хүүхэд автомашины зүүн гар талд байрладаг түлшний савны ойролцоо цохигдоод эргээд газар зам дээр унаж байгаа харагдсан.” /2хх-13-14/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн №536 дугаартай дүгнэлтэд:
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №5957 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн буу Чех улсад үйлдвэрлэсэн спорт-ангийн зориулалттай, 5.6 мм калибр "ZКМ-452" маркийн буу байна.
2. Шинжлэгдэж байгаа буугаар буудлага үйлдэх боломжтой.
3. Шинжилгээнд ирүүлсэн буу цэнэглэгдсэн үедээ гох дараагүй үед гадны доргилтоос буудлага үйлдэх боломжтой.
4. Шинжилгээнд ирүүлсэн хонгио шинжилгээнд ирүүлсэн замгандаа 930 дугаартай буугаар буудагдсан.
5. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь 5.6 ммХ15R загварын спорт-ангийн зориулалтай сум байна.
6. Шинжилгээнд ирүүлсэн буугаар үйлдэгдсэн хэрэг манай эзэнгүй хэргийн санд бүртгэгдээгүй.
7. Шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсгийн санд 2014 оны 11 сарын 4-нд СБД-13 хороо, Рашааны 10-589 тоотод оршин суух ИИ73031316 регистрийн дугаартай Баатар овогтой Амартүвшин /утас 99284302/ нэр дээр бүртгэгдсэн байна. /хх-156-157/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-158/,
-Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн №10542 дугаартай дүгнэлтэд:
1. Саарал өнгийн футболкны энгэр зах, хөх өнгийн цамцны энгэр зах хэсэг дахь улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй.
2. Саарал өнгийн футболкны энгэр зах, хөх өнгийн цамцны энгэр зах хэсэгт илэрсэн цус нь ДНК-ийн тогтоцоор нэг эрэгтэй хүний цус байна. /хх-163-165/,
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №5962 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд 5х4 мм, цамцанд 5х4 мм, 5х5мм, 15х9 мм футболканд 4х4 мм хэмжээтэй хатуу мохоо үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан цооролтууд байна гэх дүгнэлт өгөх боломжтой.” /хх-166/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-167-168/,
-Эрүүгийн 170603293 дугаартай хэрэгт “Чех улсад үйлдвэрлэсэн 5.6 мм калибрын гол төмрийн ¹513930 дугаартай, замгандаа 930 дугаартай ZKМ-452 буу, 13 ширхэг сум, 1 ширхэг хонгиог” эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хх-107/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6, 7-9/,
-Цэргийн төв эмнэлгээс хуулбарласан Д.Нямдоржийн өвчний түүх /хх-12-66/,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-71-106/,
-Хохирол төлбөр хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-70/,
-Хэв загвар, дээж авсан тухай тэмдэглэл /хх-110-115/,
-Зөрчилд шийтгэл оногдуулсан тасалбар /хх-140/,
-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-197-200/,
-Шүүгдэгч Д.Сгийн ял шалгах хуудас /хх-174/ тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Сг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сумалсан "ZКМ-452" маркийн Чех улсад үйлдвэрлэсэн спорт ангийн зориулалттай калибр маркийн буу сум алдаж хохирогч Д.Нямдоржийн цээжин тус газар нь тусаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Сд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Д.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхсөн байх тул гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүргийг хүлээлгэж, эрх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Чех улсад үйлдвэрлэсэн 5.6 мм калибрын гол төмрийн ¹513930 дугаартай, замгандаа 930 дугаартай, ZKМ-452 бууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэх, мөн 13 ширхэг сум, 1 ширхэг хонгиог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Мөн хохирогч Д.Нямдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дын Сг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүй 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан галт зэвсэг өмчлөх хязгаарлалтыг тогтоосугай.
4. Д.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Чех улсад үйлдвэрлэсэн 5.6 мм калибрын гол төмрийн ¹513930 дугаартай, замгандаа 930 дугаартай, ZKМ-452 бууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэх, мөн 13 ширхэг сум, 1 ширхэг хонгиог Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хохирогч Д.Нямдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ