Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 305/ШШ2025/00214

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Л.Б-д холбогдох

үндсэн зээл 97,198 төгрөг, зээлийн хүү 180,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,481 төгрөг, нийт 325,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 сарын 15-ны өдрийн 211206-671 зээлийн дугаартай 120,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Л.Б нь манай “Тус” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 15-ны өдрийн 211206-671 дугаартай 120,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Л.Б нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1060 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 325,500 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Л.Б-аас мөнгөн хөрөнгө гаргуулж, “Т ББСБ” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 сарын 15-нд зээл авсан. Нийт 325,500 төгрөгийн зээлийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Л.Б-д холбогдуулан үндсэн зээл 97,198 төгрөг, зээлийн хүү 180,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,481 төгрөг, нийт 325,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Л.Б нь ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 сарын 15-нд зээл авсан. Нийт 325,500 төгрөгийн зээлийг төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 325,500 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,416 төгрөгийн 5,208 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 5,208 төгрөгийг, хариуцагч Л.Б-с 5,208 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох үндсэн зээл 97,198 төгрөг, зээлийн хүү 180,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,481 төгрөг, нийт 325,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,416 төгрөгийн 5,208 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 5,208 төгрөгийг, хариуцагч Л.Б-с 5,208 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА