Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00321

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байр “Хас банк” ХК-ийн РД:******,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С /*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, аймаг ********** тоотод оршин суух, ******* овогт Б.М /РД:*****/ Утас:*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 24,033,707.12 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээл олгох боломжит дунгийн тооцооллыг хийж, харилцагч зээлийн нөхцөл, зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн херенгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан гүйлгээний нууц үгээр баталгаажуулан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн менген хөрөнгийг дараах байдлаар олгосон. Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2010117622 дугаартай онлайн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар харилцагчийн ****** харилцах дансанд цахимаар олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 2,499,999.99 төгрөг, зээлийн хүүнд 1,161,589.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 670,97 төгрөгийг төлсөн. Уг харилцагч нь зээл авсан өдрөөс эхлэн зээлийн графикт хугацааг зөрчиж, ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдсэн. Мөн зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хяналт хийх байдлаар авахад бусад 2 банк санхүүгийн байгууллагаас зэрэг зээлүүд авсан нь тогтоогдсон. Зээл авах үедээ ******-д ажилладаг байсан. Зээл авах үеийн байдлаарх харилцагчийн цалингийн орлогоор одоо байгаа зээлүүдийг төлөх боломжгүй, цаашид гэрээний үүрэг зөрчигдөх нөхцөл үүссэн нь тогтоогдсон, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 89 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нь 2010117622 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 2,499,999.99 төгрөг, хүүгийн төлбөр 1,148,063.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт төлбөр 3,648,063.27 төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд 2010117622 дугаартай Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй. Иймд 2010117622 дугаартай онлайн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2010117622 дугаартай онлайн зээлийн гэрээ болон зээлийн хуулга, харилцах дансанд цахимаар олгосон зээлийн хуулгыг үндэслэн Нийт 24,033,707.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү...”  гэжээ.

          Хариуцагч Б.М нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хас банкнаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагтаай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. цаашид эхний төлөлтөө 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг төлөөд, 2025 оны 06 дугаар сараас эхлэн сар бүрийн 28-ны өдөр 3,220,000 төгрөгийг төлж, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэхэд бүх төлбрийг барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагавар улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг нэмж төлөх талаар тайлбарласныг ойлголоо...” гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

         “Хас банк”-ны нэхэмжлэлтэй Б.М-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 24,033,707.12 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,118 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 139,059.27 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 139,059.27 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хас банк”-ны нэхэмжлэлтэй Б.М-т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 24,033,707.12 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,118 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 139,059.27 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 139,059.27 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Р.БАЯРХҮҮ