| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04044/И |
| Дугаар | 192/ШШ2025/02974 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/02974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** дүүрэг, *** дугаар хороо, ***** тоотод оршин суух Б овогт А.Б /рд:*********/
Хариуцагч: **** дүүрэг, *** дугаар хороо, **** дүгээр хороолол, **** байр, **** тоотод оршин суух Д.У /рд:************/
Хариуцагч: **** дүүрэг, **** дугаар хороо, *** дугаар хороолол, *** байр, **** тоотод оршин суух Б.Н /рд:*************/
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Б,
Хариуцагч Д.У, Б.Н,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Д.У-, Б.Н- нарт холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2023 оны 1 дүгээр сараас эхлэн ******** дүүргийн нутаг дэвсгэрт орших **** төвийн *** давхарт 5-14, 5-15, 5-16, 5-17 тоот нийт 212 м.кв талбайтай павильонуудыг түрээслэн Korea outlet /Кориа аутлет/ Солонгос бэлэн хувцасны дэлгүүрийг ажиллуулдаг байсан. 2023 оны 4 дүгээр сард иргэн Б.Н-, Д.У- нар дэлгүүрийн дотоод тохижилт буюу лангуу, тавиур, өлгүүр, сандал ширээ, кассын болон посын машин, бусад эд зүйлс, дээр нь БНСУ-аас орж ирсэн 7000 ширхэг барааны хамт 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Төлбөрийн 86,000,000 төгрөгөөс 56,000,000 төгрөгийг 2 ширхэг автомашинаар дүйцүүлэн, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохирч худалдан авсан. Уг хоёр автомашин нь Nissan x-trail /Ниссан икс трайл/ маркийн, улаан өнгөтэй дунд оврын жийп, гаалийн бичигтэй 30,000,000 төгрөг, Toyota camry /Тоёота камри/ маркийн ***** УАА улсын дугаартай саарал өнгийн суудлын тэрэг болно. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх хэлцлийг хийж худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан авагч талд 2024.04.27-ны өдөр хүлээлгэн өгч худалдан авагч нар дэлгүүрийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулж эхэлсэн. Худалдан авагч нар төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг тодорхойгүй шалтгаанаар өдийг хүртэл өгөхөөс цааргалсаар байна. Иймд хариуцагчдаас төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сард А.Б-тэй холбогдож ************ дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ********* давхарт 5-14, 5-15, 5-16, 5-17 тоот нийт 212 м.кв талбайн тохижилтыг /50,992,400 төгрөг/-ийг бүхэлдээд 51,000,000 төгрөгөөр тооцож, 7000 ширхэг бэлэн хувцасыг нэг бүрийн үнэ 5,000 төгрөгөөр тооцож 35,000,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 86,000,000 төгрөг тооцож, талбайн тохижилт болон бэлэн хувцасыг худалдаж авахаар тохирсон. Ингээд 56,000,000 төгрөгт 2 ширхэг автомашиныг үнэлж, нэхэмжлэгч А.Б-ийн өмчлөлд шилжүүлж, үлдсэн 30,000,000 төгрөгийг 2024.01.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон. 2023 оны 11 дүгээр сард талбайг өөр хүнд түрээслэхээр болж, тохижилтыг зарах гээд Тохижилтын үнэлгээ гэх хуудсыг нягтлан үзэхэд жагсаалтын 26-д байгаа “Гадна хаяг гэрэл” /3,200,000 төгрөг/, 27-д “Тохижилт хана хэвлэл” /2,500,000 төгрөг/, Ажлын хөлс гагнуур /3,500,000 төгрөг/ зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй зардал болон өөрийн өмчлөлийн бус эд хөрөнгө шилэн хаалгыг зарсан тухайг мэдсэн. Энэ тухай асуудлаар 2023 оны 12 дугаар сард А.Б-тэй уулзсан. Тус уулзалтад А.Б-, Д.У-, Б.Н- би, миний нөхөр Э.М нар уулзаж, дээр дурдсан үнийн дүн бүхий зүйлсийн үнийг төлөхгүй тухай мөн хүлээлгэж өгөөгүй 2 ширхэг пос машины үнэ болох 600,000 төгрөгийг төлөхгүй гэж тохиролцож, нийт А.Б-т өгөх ёстой 30,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Бид 2023 оны 12 дугаар сард уулзахдаа гэрээнээс татгалзаж, талбайн тохижилтыг буцаан өгөх тухай мэдэгдсэн. Гэтэл үндэслэлгүйгээр 30,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Хариуцагч Б.Н-ээс нэхэмжлэгчид холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн 21,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Б.Н-, Д.У- бид 2023 оны 4 дүгээр сард А.Б-тэй холбогдож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Их тойруу худалдааны төвийн 5 давхарт байрлах 5-14, 5-15, 5-16, 5-17 тоот, нийт 212 м.кв талбайн тохижилтыг /50,992,400 төгрөг/-ийг бүхэлдээд 51,000,000 төгрөгөөр тооцож, 7000 ширхэг бэлэн хувцасыг нэг бүрийн үнэ 5,000 төгрөгөөр тооцож 35,000,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 86,000,000 төгрөг тооцож, талбайн тохижилт болон бэлэн хувцасыг худалдаж авахаар тохирсон. Ингээд хувцасны үнэ болох 35,000,000 төгрөг, лангууны тохижилтын 21,000,000 нийт 56,000,000 төгрөгийг төлж, лангууны тохижилтын үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2024.01.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон. 2023 оны сүүлээр эдийн засгийн байдал хүндэрч, А.Б- нь өөрийн өмчлөлийн биш эд хөрөнгийг бидэнд худалдсан, түүнчлэн тохижилтын үнэд хамаарахгүй зардлуудыг нэмсэн байсан. Ингээд А.Б-тэй уулзаж, гэрээнээс татгалзаж буйг илэрхийлсэн. Түүнчлэн энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. 2024 оны 12 дугаар сараас хойш бид лангууг ажиллаагүй бөгөөд бидэнд хүлээлгэн өгсөн тохижилт тэр хэвээрээ байгаа. Бид тохижилтын үнийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул лангууны тохижилт болох /лангуу, тавиур, өлгүүр, сандал ширээ, кассын болон посын машин гэх мэт/ худалдсан эд хөдлөх хөрөнгүүдийг буцааж, лангууны тохижилтод төлсөн 21,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарт өгөх бэлэн мөнгө байхгүй, машинаар наймаа хийе, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгье гээд амаар тохиролцож 2 машин өгсөн. 2 машиныг тухайн үед зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулан мөнгөө гаргаж авсан. Анх Б.Н-, Д.У- нар надтай гэрээ байгуулсан. Надад тайлбар бичиж өгч, тохижилтын гэрээнд гарын үсэг зурсан, тохижилт, хувцас бараануудыг надаас хүлээж авсан. Наймаа хийхдээ тухайн гэрээ Алтайхүүгийн нэр дээр гэдгийг хэлж байсан. Байгууллагатайгаа гэрээ хийгээд цааш нь түрээслэх боломжтой байсан. Б.Н- Их тойруу худалдааны төвтэй гэрээ байгуулж жил гаруй үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед өгсөн 2 машин одоо надад байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, 2023.09.14 гэх бичгийн баримт /хх 5/, Тохижилтын үнэлгээ хүснэгт /хх 6/,
6. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 16/, сөрөг нэхэмжлэл гаргах нь /хх 28-29/, Фото зураг /хх 31-33/,
7. Хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын №Ц-1/5883 тоот албан бичиг, хавсралт /хх 50-59/ баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийг хангах, хариуцагч Б.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Н-, Д.У- нар дэлгүүрийн дотоод тохижилтыг, мөн 7000 ширхэг барааны хамт 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Төлбөрийн 56,000,000 төгрөгт тооцон 2 ширхэг автомашин өгсөн. Үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: А.Б- нь өөрийн өмчлөлийн биш эд хөрөнгө шилэн хаалгыг бидэнд худалдсан байсан. Шилэн хаалганы үнэ болон хүлээлгэж өгөөгүй 2 ширхэг пос машины үнэ 600,000 төгрөгийг хасч 30,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөг өгөхөөр А.Б-тэй тохиролцсон гэж үгүйсгэсэн.
4. Хариуцагч Б.Н- сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2024 оны 12 дугаар сараас хойш бид лангууг ажиллаагүй, бидэнд хүлээлгэн өгсөн тохижилт хэвээрээ байгаа. Бид тохижилтын үнийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул лангууны тохижилт болох /лангуу, тавиур, өлгүүр, сандал ширээ, кассын болон посын машин гэх мэт/ худалдсан хөрөнгүүдийг буцааж, лангууны тохижилтод төлсөн 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг Б.Н-, Д.У- нар надтай гэрээ байгуулсан. Надад тайлбар бичиж өгч, тохижилтын гэрээнд гарын үсэг зурсан, тохижилт, хувцас бараануудыг надаас хүлээж авсан. Б.Н- Их тойруу худалдааны төвтэй гэрээ байгуулж жил гаруй үйл ажиллагаа явуулсан гэж үгүйсгэсэн.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч нь ***** дүүргийн ** дүгээр хороо, ************** давхарт байрлах 5-14, 5-15, 5-16, 5-17 тоот, нийт 212 м.кв талбайн тохижилтыг, мөн бэлэн хувцсыг нийт 86,000,000 төгрөгөөр хариуцагч нарт худалдах, хариуцагч нар нь уг талбайн тохижилт болон бэлэн хувцасны төлбөрийн 56,000,000 төгрөгт 2 ширхэг автомашиныг тооцон шилжүүлсэн, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
6.2. Хавтаст хэргийн 5 дугаар талд “2023.09.14” гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, Их тойруу худалдааны төвийн 5 давхарын 5-14-16 тоот лангууг хоорондоо тохиролцож 86 сая төгрөгөөр худалдан худалдаж авсан. Үүнээс 56 сая төгрөгийн 2 машин өгч төлсөн. Үлдэгдэл 30 сая төгрөгийг 3 хувааж төлөхөөр тохиролцлоо. 10 сарын 1-нд 10 сая, 11 сарын 1-нд 10 сая, 12 сарын 1-нд 10 сая төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцлоо. Хугацааг 2024.01.30 дотор ********************* А.Б-ийн дансанд 30 сая төгрөгийг шилжүүлэхээр тохиролцов гэж Б.Н-, Д.У- нар гарын үсэг зурсан байна.
6.3. Зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч А.Б-ээс худалдах худалдан авах гэрээний зүйл болох дэлгүүрийн дотоод тохижилт, бэлэн хувцсыг шилжүүлэн өгсөн, хариуцагч нараас хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Харин нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн биш зүйлийг худалдсан, мөн цаашид тохижилт бүхий талбайг түрээслэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, дэлгүүрийн дотоод тохижилтыг буцаан өгч гэрээний дагуу төлсөн 21,000,000 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.
6.4. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
6.5. Дээрх тохиолдолд хэлцлийн гол тохиролцооны нэг нь худалдаж буй эд хөрөнгө байдаг. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан “2023.09.14” гэх бичгийн нотлох баримт болон хариуцагч нарын “...Бид 2023 оны 12 дугаар сард уулзахдаа гэрээнээс татгалзаж, талбайн тохижилтыг буцаан өгөх тухай мэдэгдсэн” гэх тайлбараас үзвэл хариуцагч нарыг гэрээний зүйл болох дэлгүүрийн дотоод тохижилт, бэлэн хувцсыг хүлээн авсан буюу нэхэмжлэгчийг тухайн эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
6.6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн гол шинж нь хөрөнгийн үнэ байдаг бөгөөд худалдан авагч хөрөнгийг хүлээн авсан тохиолдолд худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нарын “...нийт 86,000,000 төгрөг тооцож, талбайн тохижилт болон бэлэн хувцасыг худалдаж авахаар тохирсон. Ингээд 56,000,000 төгрөгт 2 ширхэг автомашиныг үнэлж, нэхэмжлэгч А.Б-ийн өмчлөлд шилжүүлж, үлдсэн 30,000,000 төгрөгийг 2024.01.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон” гэх тайлбараас үзвэл тухайн дэлгүүрийн дотоод тохижилтыг, бэлэн хувцасны үнийг талууд 86,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон гэж үзнэ.
6.7. Түүнчлэн, Гэрээний үнээс 56,000,000 төгрөгийг хариуцагч нар нэхэмжлэгчид төлсөн нь нэхэмжлэгчийн болон хариуцагч нарын тайлбараар, хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан “2023.09.14” гэх бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Тодруулбал, хариуцагч нараас 2 ширхэг автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь гэрээний үнийн 56,000,000 төгрөгт тооцон хүлээн авсан байна. Нэхэмжлэгч нь уг 2 ширхэг автомашиныг гэрээний үнэд тооцон хүлээн авч, үлдэх үүргийг хариуцагч нараас шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай харшлаагүй байна.
7. Хариуцагч Б.Н- нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдсан хөрөнгүүдийг буцааж, гэрээний дагуу төлсөн 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-д “эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Худалдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгсөнөөс хойш доголдол илэрсэн бөгөөд худалдан авагч уг доголдол нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед үүссэн байсан гэдгийг нотолж чадсан тохиолдолд Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасан шаардах эрхийг хэрэгжүүлж болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу дэлгүүрийн дотоод тохижилт, бэлэн хувцас нь биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “...Б.Н- Их тойруу худалдааны төвтэй гэрээ байгуулж жил гаруй үйл ажиллагаа явуулсан” гэх тайлбарыг хариуцагч нар үгүйсгэж чадаагүй. Иймд нэхэмжлэгчид холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 21,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах ...эрхтэй” гэж заасантай нийцэж байхаас гадна уг татгалзал нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол” гэж заасантай харшлаагүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүрэгт үлдэгдэл 24,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Д.У-, Б.Н- нараас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У-, Б.Н- нараас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б- нь нэхэмжлэлийн 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-, Б.Н- нараас улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.