Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Э.Солонго,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Т холбогдох эрүүгийн 1806 0089 00365 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 08-ны өдөр аймгийн сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Т.Т, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.Т нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр гурван сааралын 2-8 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эхнэр Э.С зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр хоорондоо маргалдсан асуудал байгаа. Одоо эвлэрсэн, ажил төрлөө хийгээд явж байгаа. Хорих ял аваад явчихвал харамсалтай байна. Охиныхоо төрсөн өдрөөр эвлэрээд түүнээс хойш хамтдаа амьдарч байна. Манай ээж бид нартай хамт амьдардаг, тэгээд ээжтэй маань хамт байдаг болохоор нөхөр хааяа архи уучихаад ирчихээр хэцүү байдаг гэв.

Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд би ажил дээрээ тарах гээд байж байхад манай нөхөр Төрхүү нь согтуу над руу залгаад ирж байна уу. Хаана байна гээд дахин дахин залгаад байсан. Би одоо тарж байна, ажлаасаа гарч байна гэж хэлээд охин Амингоог цэцэрлэгээс нь аваад гэр рүүгээ харьж байтал урдаас Төрхүү нь согтуу гарч ирээд, чи хаагуур явж байгаад ирэв, хаана байсан юм гээд уурлаад чанга хашгичаад байхаар нь би айгаад охиноо аваад зугтаачихсан юм. Төрхүү над руу чи хаана байна, хэнтэй байна, наадахтайгаа хоноорой гээд хий хардаад мэссэж бичээд байсан. Би айгаад гэрийнхээ ойролцоо дэлгүүрт орчихоод охинтойгоо нуугдаж байтал хэсэг хугацааны дараа Төрхүү нь хүүхэд даарлаа, орж ирж унтаа гээд намайг аргадаад байхаар нь би уур нь гарчихсан юм болов уу гээд дотогшоо гэр рүүгээ ортол намайг нааш ир, байцаалтаа өг, ийшээ зогсож бай. Хаана байсан үнэнээ хэл гээд намайг дарамтлаад байтал охин маань ааваа битгий гээд очтол охиныг хойш нь түлхчихээр нь би айгаад дахиад зугтаачихсан юм. Ер нь хамтран амьдарч байх хугацаанд нэг биш удаа намайг цохиж зодож байсан. Би өөрөө нуугаад өнгөрөөдөг байсан. Бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн ба энэ хугацаанд намайг харддагүй байсан бөгөөд архи уухаараа л их догшин ширүүн ааш авиртай болж надад агсам тавьж гар хүрдэг байсан. Харин өнгөрсөн оны 12 сараас хойш намайг хий хоосон харддаг болсон. Өөрөө зохиож ярьдаг, түүндээ уурлаж бугсдаг болсон. 2017 онд Т нь намайг хоёр удаа зодож хоёр ч удаа захирганааны арга хэмжээ авч баривчлагдаж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 19 дүгээр хуудас/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1482, 1802 дугаар шийтгэврүүд /хэргийн 23-26 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 17 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Т нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр гурван сааралын тоотод 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эхнэр Э.С зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1482 дугаартай шийтгэвэрээр хохирогч Э.С зодсон зөрчилд зан үйлд нөлөөлөх 16 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийг хугацаагаар баривчлах, мөн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1802 дугаартай шийтгэвэрээр мөн хохирогч Э.С зодсон зөрчилд 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоногийн баривчлах шийтгэл шүүгдэгч Т.Т оногдуулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж дүгнэх үндэслэл болж байна.   

Шүүх шүүгдэгч Т.Т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Э.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Т бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.