| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2310000000595 |
| Дугаар | 2024/ДШМ/86 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/86
2024 01 16 2024/ДШМ/86
Б.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/723 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, хохирогч Э.А-н өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ц-д холбогдох 2310 00000 0595 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б-н Ц, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ......../;
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим .......... тоотод хохирогч Э.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлийн тус газарт зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгааг минь харгалзан үзэж, цаашид эдлэх хорих ялын хугацааг уян хатан байдлаар шийдвэрлэж өгнө үү. Би хохирогчид хохирол төлбөргүйг болон миний хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тохирох хуулийн зүйл, заалтыг хэрэглэх хүсэлтэй байна. Миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, надад ганцхан удаа боломж олгож, ял шийтгэлийг хөнгөрүүлж, эдлэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Э.А-н өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-д 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч Э.А болон түүний ар гэрээс бүрдүүлж өгсөн хохирлын баримтууд нь нийтдээ 13.448.000 төгрөг байсан бөгөөд уг баримтуудыг тамга, тэмдэггүй мөн гэмтэлтэй холбоотой баримт бус гэж шүүх дүгнэж, хохирогчид гарсан зардлыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, хохирогч хүнд гэмтэж эмнэлэгт байх хугацаанд ар гэрийнхэн нь Хэнтий аймгийн Дадал сумаас автомашин хөлсөлж ирсэн, эмнэлгээс гарахад нь дахин автомашин хөлсөлж явсан баримтууд болон бусад холбогдох зардлын баримтууд байсан. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие “доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх миний хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу хохирогч Э.А-н сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс баримтаар нэхэмжилсэн хохирлоос зарим хэсгийг хассан бөгөөд шүүхээс тогтоосон хэмжээнд хохирол төлсөн. Бусад хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.
Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хохирлын хэмжээнд шүүгдэгч Б.Ц маргадаггүй. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Э.А-н өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгчийн тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2023 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим .................... тоотод хохирогч Э.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хэвлийн тус газарт зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “...цөсний хүүдий, элэгний 5, 6 дугаар сегмент, сэмж, өрцний зүсэгдэж тасарсан шарх, цээж, хэвлий хөндий дэх цусан хураа /хэвлийн хөндий болон цээжний хөндийг хамарсан нэвт хутгалагдсан шарх, цөсний хүүдий болон элэгний 5, 6 дугаар сегментийн хуваагдаж тасарсан шарх, өрцний урагдал, цээжний дотор ханын язарсан шарх, баруун плеврийн хөндийн хий болон цусан хураа, цочмог цус алдалтын дараах цус багадалт, цөсний хүүдий авах мэс засал/...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.А-н “... Цэндхүү, Эрдэнэтуяа нар гал тогооны өрөөнд унтъя гээд ор засаж хэвтээд, Мягмарбаатар хүнтэй уулзах гээд гарч явсан. Ц, Э бид гурав цэргийн он жав учраас үлдсэн архийг ууж том өрөөнд суусан. Ямар ч байсан Э-тэй нутгийн талаар маргалдаж байгаад больсон бөгөөд Ц нөгөө өрөө рүү явсан. Би ам цангасан учраас гал тогооны өрөө лүү орох үед миний хэвлий тус газарт шууд нэг удаа хутгалсан. ...” /1 хх 25-26/,
гэрч Б.М-н “... Би архи, пивоноос ууж байгаад 00 цаг 30 минутад гарсан. Гадаа хүнтэй уулзаж байгаад шөнө 02 цаг 40 минутын орчимд буцаад ороод иртэл А газар хэвтээд Э ах шархыг нь дараад зогсож байсан, ЦХ, Ц 2 яаралтай түргэн тусламж тосох гээд гараад явсан. Ингээд юу болсон талаар асуухад Ц нь А-г хутгалсан гэж хэлсэн. ...” /1 хх 30/,
гэрч Ц.Ц-н “...Намайг унтаж байхад гэнэт орилоод хэрэлдээд байсан. А уйлаад ёолоод хэвтэж байсан ба Ц гартаа нэг хар өнгийн бариултай хутга бариад зогсож байсан. ...” /1 хх 35/,
гэрч Б.Э-н “... Би маргааш ажилтай байсан учраас гал тогооны өрөөнд ор засаад Ц-н хамт хэвтсэн. Гэтэл А “Аллаа, ёо ёо” гээд орилоод эхлэхээр нь босоод харахад яг хажуу талд А гэдсээ дарчихсан цус гараад, түүний хажууд нь Ц зогсчихсон “Би хутгалчихлаа” гэж хэлсэн. ...” /1 хх 38-40/,
гэрч Г.О-н “... Манай үеийн үе тэнгийн хүүхдүүд дунд атаман байсан гэх зэрэг зүйл ярьж бага зэрэг маргаан гарах үед Ц цаад талд сууж байснаа А-т хандаж “чи архи уухаараа намайг дандаа зоддог биздээ” гэж хэлээд А, Ц хоёр хэрүүл хийж эхэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлс орж гараад А, Ц нарыг ямар учраас гал тогоо руу орсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан А орилохоор нь гал тогоо руу ороход А шал дээр гэдсээ дараад хэвтчихсэн унтаж байсан залуу А-г тэвэрчихсэн, Ц гартаа хутга барьчихсан байж байгаад хутгаа угаалтуур луу шидсэн. ...” /1 хх 47/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Э.А-н биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрч, цөсний хүүдий, элэгний 5, 6 дугаар сегмент, сэмж, өрцний зүсэгдэж тасарсан шарх, цээж, хэвлий хөндий дэх цусан хураа /хэвлийн хөндий болон цээжний хөндийг хамарсан нэвт хутгалагдсан шарх, цөсний хүүдий болон элэгний 5, 6 дугаар сегментийн хуваагдаж тасарсан шарх, өрцний урагдал, цээжний дотор ханын язарсан шарх, баруун плеврийн хөндийн хий болон цусан хураа, цочмог цус алдалтын дараах цус багадалт, цөсний хүүдий авах мэс засал/ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1 хх 72-75/ гэсэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8323 дугаар дүгнэлт,
хохирогч Э.А-н өвчний түүхийн хуулбар /1 хх 79-125/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-9/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Б.Ц-н үйлдсэн гэмт хэргийн “зэвсэг хэрэглэсэн” гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулсныг болон “...учруулсан...” гэснийг “...уяруулсан...” гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Дээрх байдлаар гэмт хэргийн шинжийг зөвтгөн өөрчилснөөр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, түүний эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ц-н “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон байна.
Хохирогч Э.А-н өмгөөлөгч Д.Амаржаргалаас “... хохирогч Э.А-н сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-н сэтгэцэд хор уршиг учирсан талаарх нотлох баримт авагдаагүйн зэрэгцээ анхан шатны шүүхээс хохирогчийг цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, хохирогч Э.А-н өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Ц нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/723 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...Б-н Ц-н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай уяруулсан гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг “...Б-н Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, хохирогч Э.А-н өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР