Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 127/ШШ/2025/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2023/0030/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал, шүүгч В.Давааням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга Ө.Д, иргэдийн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.    Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдуулан “Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд нөхөж үйлдсэн нь Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжийн хавсралтаас хууль бусаар хасагдсан С.Л-гийн нэрийг тус захирамжид оруулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх, С.Л-гийн эзэмшиж байсан газрыг хууль бусаар захирамж гаргуулж авсан Норовлин сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай захирамжаас Д.О-ийн газар өмчлөлийн эрхийг цуцлуулах, Төрийн албан хаагчдын шууд буруутай үйлдлээс болж нураагдсан 4*5 харьцаатай дүнзэн байшингийн бодит хохирол 4323208 төгрөгийг төрөөс нэхэмжилсэн” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх тус шүүхэд гаргасан[1].

 1.2. Мөн нэхэмжлэгч Л.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа[2] “...Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С.Л-гийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжид байсан болохыг тогтоолгох” гэсэн байна.

1.3. Улмаар нэхэмжлэгч Л.Б нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа[3] “...Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж шүүхэд гаргасан.

 2.    Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаас 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамж гаргаж[4], нэр бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн байна.

2.2 Дээрх захирамжийг үндэслэн С.Л-д 0.07 га газрыг 15 жилийн хугацаатайгаар гэр хашааны зориулалтаар эзэмшүүлсэн гэрчилгээг 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр олгосон байна.

2.3 С.Л нь 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барж[5], түүний охин Л.Б нь уг 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг өвлөхөөр 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” авчээ[6].

2.4 Нэхэмжлэгч Л.Б нь дээрх захирамжтай холбоотой асуудлаар Хэнтий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4/1627 тоот албан бичгээр ... уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг[7] өгчээ.

2.3 Нэхэмжлэгчээс, Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж, шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байна.

 3. Нэхэмжлэгч Л.Б 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ[8]: “...Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг хууль бусаар үйлдэхдээ, 2003 оны захирамжийг 2007 онд буюу 4 жилийн дараа хууль бусаар үйлдсэн нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон прокурорын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.

Хууль бус үйлдэл нь Захиргааны акт үйлдэх хууль журмыг зөрчиж буюу иргэн хүний газар эмших болон өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх 2003 оны 12 сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд хууль бусаар үйлдэхдээ Газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийгээгүй.

Хууль бус үйлдэл нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх 2003 оны 12 сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг 2007 онд хууль бусаар үйлдэхдээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулаагүй.

Хууль бус үйлдэл нь Аливаа Хот аймаг сумын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх захирамжийг нөхөж үйлдэж болохгүй гэх архив албан хэрэг хөтлөлтийн журмыг ноцтой зөрчиж үйлдсэн.

Хууль бус үйлдэл нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг 2007 онд хууль бусаар нөхөж үйлдэхдээ хэзээ хэн ямар шалтгаанаар нөхөж үйлдсэнээ тэмдэглэл хөтлөлгүй архивласан.

Энэ хууль бус үйлдлүүд нь Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.6, 47.3 буюу 2007 онд үйлдсэн захиргааны хууль бус актын он сарыг 2003 оны 12 сарын 31-ны 67 тоот шийдвэр мэтээр харагдуулж илт хууль бус үйлдлээ нуун далдалж нотлох баримтыг хуурамчаар үйлдэх буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.1 дэх заалтыг зохион байгуулалттай зөрчсөн” гэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний өвөө Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. Өвөө маань 1982 онд тэтгэвэртээ гараад 1998 онд Хэнтий аймгийн Норовлин сум буюу төрсөн нутагтаа очиж амьдарсан.  Өвөө маань нутагтаа очоод 1999 онд газрын даамал болон сумын Засаг даргатайгаа ярьж байгаад газрын гэрээ байгуулаад, тухайн сумынхаа А зэрэглэлийн газар буюу маргаан бүхий газар дээр тухайн үед ахмад дайчдад олгогддог байсан 200,000 төгрөгөөрөө 4х5 хэмжээтэй байшинг бариулсан байдаг.

Тухайн  байшингаа эзэмшиж ашиглаж байх үед 2002 онд Газрын тухай хууль шинэчлэгдээд 2003 оны 12 дугаар сарын 31-ний 60 тоот шийдвэрээр 2004 оны 04 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан. Өвөө маань 2004 оны намар нас барсан. Хойтон жил нь эмээ маань ч нас барсан. Үүнээс хойш 2007 оноос авхуулаад сумын Засаг даргын тамгын газраас “биднийг байшингаа ав” гэсэн шаардлага тавьсан ч бид тухайн газрыг хууль ёсны дагуу өмчилж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй тул  байшингаа авах боломжгүй цаашдаа эзэмшээд өмчлөөд явна гэдгээ илэрхийлсэн.

Гэтэл манай газрыг 2008 онд О гэдэг хүний нэр дээр хууль бусаар шилжүүлж байгаад байшинг маань нураасан. Бид 2013 онд энэ асуудлаар Ж гэдэг хүнийг өмгөөлөгчөөр аваад аймгийн Засаг дарга болон Норовлин сумын албаны бүх хүмүүстэй очиж уулзахад Норовлин сумын Засаг дарга Б.Г нь тухайн үед Норовлин сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа архивчийнхаа төрсөн дүү болох Ю.Н гэдэг хүнд маргаан бүхий газрын, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь шилжүүлчихсэн байдаг.

Энэ асуудлыг би  2018 оноос хардаж эхэлсэн юм. Яагаад тэр архивчийн төрсөн дүү өвөөгийн маань газрыг авчихсан байдаг юм бэ гээд өргөдөл гомдол өгөөд, цагдаагийн байгууллагаар шалгуулахад тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан хүн нь байшинг маань нураалгасан байсан. Учир нь би Хэнтий аймгийн Норовлин сумын иргэдэд газар өмчлүүлэхээр гарсан 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай захирамж нь яг ямар учиртай захирамж байдаг юм гээд хүсэлт өгөөд шүүх шинжилгээний хүрээлэнгээр шалгуулахад тухайн 2003 оны  захирамжийн  он нь 2003 гэж байгаа боловч захирамжийг баталгаажуулсан тамга нь одоо ашиглаж байгаа буюу 4 жилийн дараа үйлдсэн тамгаар баталгаажуулсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас уг захирамж нь тухайн үед үйлдэгдсэн захирамж биш байна. Яг хэзээ үйлдэгдсэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн шүүхийн шинжилгээний хариу гарсан байдаг.  Хамгийн сүүлд прокурорын байгууллага хянаад  “2003 оны захирамжийг 2007 онд нөхөж үйлдсэн гэх гэм буруутай үйлдэл тогтоогдлоо” гэдгийг тогтоосон. Тухайн тогтоолд энэ асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээх зүйл заалтууд ч байсан. Ингээд 2003 оны 67 дугаартай маргаан бүхий захирамжийг үйлдэхдээ дараах 6 зүйлийг үндэслэсэн байсан.

- Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан А, архивч Б гэдэг хүмүүс тайлбар хэлэхдээ “шүүхийн шинжилгээгээр тамга нь таарахгүй болоод ирэнгүүт бид 2023, 2024 оноос  уг захирамжийг нөхөж үйлдсэн юм” гэдэг асуудал ярьж эхэлсэн. Хэрэв захирамжийг нөхөж үйлдсэн бол хэзээ яаж нөхөж үйлдсэн талаараа заавал тэмдэглэл хөтлөх ёстой юм байна лээ. Гэхдээ нөхөж үйлдэх гэдэг асуудал Монгол улсын хуульд байхгүй. Мөн 2003 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гэж хэргийн материалд авагдсан байгаа. Үүн дээр  манай 2000 онд барьсан байшин байсан учраас 2003 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тэр эгнээ бүхэлдээ эзэмшилтэй айлууд гээд тэмдэглэгээнд нь орчихсон байгаа. Мөн Улсын бүртгэлийн дэвтэр дээр нэр нь байх байсан чинь байхгүй болсон байна лээ. Миний харж байгаагаар архивч байшинг нь худалдаад авсан гэж бодоход дүүдээ тэр газрыг эрх мэдэл албан тушаалаа ашиглан эзэмшүүлж байгаа нь  ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм уу гэж харагдахаар байна. Мөн нотлох баримтуудыг нь байж болох хэмжээнд нь устгаад, ганц захирамжийг нь устгаж болохгүй учраас засварлаад явчихсан юм байх гэдэг дээр иргэн  хүний хувьд хардлага төрөөд байгаа юм. Монгол улсын хууль дүрэмд иргэдэд газар эзэмшиж, өмчлүүлэхэд заавал иргэдийн хурлаар оруулна гэж заасан байдаг. Гэтэл иргэдийн хурлаар оруулаагүй нь мөн хардлага төрүүлж байна. Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дахиж иргэдийн хурлаар нөхөж оруулах боломжтой эсэх талаар асуухад тийм боломж байхгүй гэж хэлсэн.

2007 оны бичиг баримт байна гээд байдаг болохоос яг хэдэн сарын хэдний өдөр, хэн, хэзээ яаж нөхөж үйлдсэн нь байдаггүй. Монгол Улсын хууль дүрэмд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг хориглодог болохоор ч тэр үү эдгээр хүмүүс хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаад явж байх явцад өөрсдөө ингэж хийсэн гэдэг талаараа мэдүүлэг өгөөгүй, нөхөж үлдсэн гэдэг л асуудлыг яриад байдаг.

2003 оны иргэдэд газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх тухай захирамжийг үйлдэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй.

Газар эзэмших, өмчүүлэх эрх авахад тухайн газар нь эзэмшилтэй байна уу үгүй юу гэдэг талаар газрын даамлын судалгаа хийгддэг. Гэтэл манай байшинд судалгаа хийгдээгүй. Тухайн үеийн дарга нар энд ямар хүмүүс амьдарч байсан талаар маш сайн мэдэх хүмүүс байдаг. Иймэрхүү асуудлуудаас болж уг байшингийн хууль ёсны эзэмшигч нь нас барсан ч түүний  өв залгамжлагч хүүхдүүд цаашид өмчлөөд эзэмшээд явах боломжийг өөрчилсөн. 2003 оны захирамжид өөрчлөлт оруулсан нь 2023 онд тогтоогдсон.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.3, 47.1.7 заалтад хамаарах хууль бус зөрчил байна гэж үзэж байна.

Дээрх эрх бүхий албан тушаалтнуудын гаргаад байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэсэн гэмт хэрэгт орж байгаа юм. Мөн намайг давж заалдах шатны шүүхийн хуралд орох гээд бэлдэж байхад 2003 оны захирамж дээр байгаа 10 хүний нэр 2003 онд бүртгэгдсэн улсын бүртгэлийн дэвтэр байгаа хүний нэрс 10 нэрээр зөрдөг. Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хүмүүсийн нэрс 2003 оны захирамж дээр байхгүй байгаа. 2007 оны захирамж дээр байгаа нэр улсын бүртгэл дээр байхгүй. Энэ бүгдээс үзэхэд газрын даамал архивчтайгаа нийлж байгаад захирамжийг дураараа өөрчилж, устгасан. Би энэ хэргийн араас 4 жил хөөцөлдөж байна. Иймд энэ захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгөөч“ гэв.

 5. Хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга Ө.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа[9]: “...Иргэн Л.Б , Б.Э   нар нь С.Л-гийн газартай холбоотой асуудлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа өргөдөл гаргасныг тухай бүр хариуг хүргүүлж байсан.

Сумын Газрын даамлын бүх баримт материал, хөтлөх нэгж талбарын хувийн хэргийн жагсаалт, газар эзэмшиж ашиглах эрх олгосон шийдвэр зэргийг нэг бүрчлэн шүүж нягталж үзэхэд С.Л нь 2003 онд олгосон цаасан хэлбэрийн газрын гэрчилгээтэй боловч газар эзэмших хүсэлт гаргасан тухай баримт байхгүй, газар эзэмших гэрээ байхгүй, иргэн С.Л-гийн газрыг мөн эсэхийг баталгаажуулах тухайн үед гараар зурж баримтад хавсаргаж байсан газрын байршил харуулсан тойм болон бүдүүвч зураг байхгүй.

Мөн сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар захирамжийн хавсралтад С.Л-д газар эзэмшүүлэх тухай заагдаагүй.

Иргэн С.Л-гийн эзэмшлийн гэх газар нь хашаагүй, байшин байсны хажууд Ш.Д гэдэг хүн 4x5 хэмжээтэй дүнзэн байшин бариад сууж байгаад иргэн Д.О-т зарсан байдаг.

Д.О- нь тус газрыг 2008 онд өмчилж авахад өмнө нь иргэнд өмчлүүлээгүй шинээр өмчлүүлсэн тухай 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/15 тоот шийдвэр гарсан.

Иргэн Д.О-т 2008 оны А/15 шийдвэрээр шинээр өмчлүүлсэн газрыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамжаар Ю.Нт эрх шилжүүлэн өмчлүүлсэн ээрэг нотлох баримтуудыг дээрх газруудад удаа дараа хүргүүлж байсан болно.

Мөн Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 319 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар 15 жилийн хугацаа өнгөрсөн тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 127/ШШ2024/0014 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрүүд гарсан.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 27-ний өдөр Л.Б-ын гаргасан нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга Ө.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжид Норовлин сумын 98 айлын гэрчилгээний захирамж, төрийн 4 байгууллага, хувийн 8 аж ахуй нэгж төрийн байгууллагын захирамж гарсан. Энэ захирамжийг хүчингүй болговол эдгээр 98 иргэн, 8 аж ахуй нэгж байгууллага бүгд над руу асуудал ярина. Тийм учраас миний хувьд хуулийн үндэслэл болон холбогдох хуулийн хүмүүсээс зөвлөгөө авсан учраас миний хувьд энэ захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна“ гэв.

 

7. Иргэдийн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ[10]: “Нэхэмжлэгч талын гомдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Л.Б аас Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгчээс, “...2003 оны 67 тоот захирамжийн он нь 2003 гэж байгаа боловч захирамжийг баталгаажуулсан тамга нь одоо ашиглаж байгаа буюу 4 жилийн дараа үйлдсэн тамгаар баталгаажуулсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас уг захирамж нь тухайн үед үйлдэгдсэн захирамж биш, 2007 онд нөхөж үйлдэгдсэн захирамж болох нь 2023 онд гарсан шинжээчийн дүгнэлт болон прокурорын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан А, архивч Б гэдэг хүмүүс хэлэхдээ шүүхийн шинжилгээгээр тамга нь таарахгүй болоод ирэнгүүт бид уг захирамжийг нөхөж үйлдсэн гэдэг асуудал ярьж эхэлсэн. 2003 оны иргэдэд газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх тухай захирамжийг үйлдэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй, мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулаагүй, архив албан хэрэг хөтлөлтийн журмыг ноцтой зөрчиж үйлдсэн. 2003 оны 67 тоот шийдвэрийг 2007 онд хууль бусаар нөхөж үйлдэхдээ хэзээ хэн ямар шалтгаанаар нөхөж үйлдсэнээ тэмдэглэл хөтлөлгүй архивласан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.7 дахь заалтад хамаарах хууль бус зөрчил байна гэж үзэж байна...” гэж,

3. Хариуцагч нь, “...С.Л нь 2003 онд олгосон цаасан хэлбэрийн газрын гэрчилгээтэй боловч газар эзэмших хүсэлт гаргасан тухай баримт байхгүй, газар эзэмших гэрээ байхгүй, иргэн С.Л-гийн газрыг мөн эсэхийг баталгаажуулсан тухайн үед гараар зурж баримтад хавсарсан газрын байршил харуулсан тойм болон бүдүүвч зураг байхгүй. Мөн сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар захирамжийн хавсралтад С.Л-д газар эзэмшүүлэх тухай заагдаагүй. Иргэн С.Л-гийн эзэмшлийн гэх газар нь хашаагүй, байшин байсны хажууд Ш.Д гэдэг хүн 4x5 хэмжээтэй дүнзэн байшин бариад сууж байгаад иргэн Д.О-т зарсан байдаг.

Д.О- нь тус газрыг 2008 онд өмчилж авахад өмнө нь иргэнд өмчлүүлээгүй байсан тул шинээр өмчлүүлсэн шийдвэр гарсан. Иргэн Д.О-т 2008 оны А/15 шийдвэрээр шинээр өмчлүүлсэн газрыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамжаар Ю.Н-т эрх шилжүүлэн өмчлүүлсэн. Сумын Засаг даргын 2003 оны 67 тоот захирамжид Норовлин сумын 98 айлын гэрчилгээний захирамж, төрийн 4 байгууллага, хувийн 8 аж ахуй нэгж төрийн байгууллагын захирамж гарсан. Энэ захирамжийг хүчингүй болговол эдгээр 98 иргэн, 8 аж ахуй нэгж байгууллага бүгд над руу асуудал ярина. Иймд Л.Б-ын гаргасан нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

4. Хэнтий аймгийн Норовлин сумын Газрын асуудал хариуцсан албан тушаалтан Л.Д, С.Л- нар нь 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэр байшингийн зориулалтаар 700м2 газрыг Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт эзэмшүүлэх “Иргэний газар эзэмших гэрээ”-г байгуулжээ.[11] Мөн Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг үндэслэн 0,07 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгожээ.[12]

С.Л- нь 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барж[13], түүний охин Л.Б нь уг 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг өвлөхөөр 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” авчээ[14].

5. Нэхэмжлэгч Л.Б  нь, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/525 дугаартай албан бичгээр Норовлин сумын Засаг даргын 2003 оны 67 тоот захирамжид С.Лгийн нэр байхгүй гэдгийг мэдсэнээс хойш 11 жилийн дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан ч нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, өвлөх эрхийн гэрчилгээтэй Л.Б  нь Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй гэж үзлээ.

6. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Субьектив эрхийн маргааны хувьд маргаж буй захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болзошгүй шалтгаант холбоотой байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх буюу тухайн этгээдийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх хангалттай үндэслэл болно гэж тайлбарласан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан байна.

7. Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2007 онд буюу 4 жилийн дараа нөхөж үйлдсэн, хууль журам зөрчиж иргэн хүний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн, 2007 онд хууль бусаар нөхөж үйлдэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулаагүй, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, архив бичиг хэргийн журам ноцтой зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.3 дахь заалтыг үндэслэж илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцохоор зохицуулсан.

Нэхэмжлэгч нь, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 67 дугаартай захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа тул Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг шалгахаас өмнө эхлээд тус маргаан бүхий захиргааны актыг засварлаж, хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон эсэх талаар дүгнэх шаардлагатай.

9. Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/540 дугаартай Хариу мэдэгдэх хуудаст[15] “... Эрүүгийн .... дугаартай хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Г.Х-гийн 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлт, гэрч Ю.Б-гийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд нөхөж бичсэн нь тогтоогдсон”,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Н-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоолд[16] “... Эдгээрийг дүгнэж үзвэл гэрч болох П.А, Л.Д нар нь 2003 онд гаргасан байх ёстой байсан захирамж нь байгаагүйн улмаас 2007 онд нөхөж үйлдсэн үйл баримт нь хавтаст хэрэг авагдсан П.А-ийн өгсөн Засаг дарга тухайн гэрээгээр нь хөөгөөд тухайн 67 дугаартай захирамжийг 2007 онд нөхөж үйлдээд 2007 онд архивч Бд өгч байсан гэх мэдүүлэг, Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн ... 2007 оны 4 дүгээр сард гарсан захирамж байх магадлалтай гэсэн албан бичиг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч Г.Х-гийн 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна” гэсэн байна.

10. Иймээс маргаан бүхий акт болох Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд нөхөж бичсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Прокурорын байгууллага шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

11. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т  “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна”, 23.4.1-т “сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах”, 23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж тус тус заасан байна.

12. Хэнтий аймгийн Норовлин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2003 оны 04 дүгээр сарын 18 өдрийн 09 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2003 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол гарсан[17] байна. Уг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралт болох схем зургийн 11 кодтой, дизель цахилгаан станцын зүүн талын арын эгнээ гэж С.Л-гийн эзэмшлийн газар тэмдэглэгдсэн[18] байна.

13. Мөн гэрч Л.Д 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирж гэрчээр мэдүүлэхдээ “Норовлин сумын газар эзэмшиж байгаа иргэн болон аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх болон өмчлүүлэхээр 2003 оны 12 сарын 31-ний 67 тоот захирамж гарсан, уг захирамжийг үндэслэж С.Л агсанд гэрчилгээг би олгосон ... олон дахин дуудагдаж байснаас гээд тэр 2 хүний хэлсэн үгээр хэлсэн зүйл байгаа” гэж мэдүүлсэн[19].

14. Дээрхээс дүгнэхэд Норовлин сумын Засаг дарга нь Норовлин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 04 дүгээр сарын 18 өдрийн 09 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын 2003 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг бүрэн зохион байгуулаагүй орхигдуулсан, өөрт олгогдсон бүрэн эрхийг тухайн ондоо гүйцэт хэрэгжүүлээгүй, 2003 оны захирамжийг 2007 онд нөхөж үйлдэхдээ С.Л-гийн нэрийг хасаж, газар эзэмших эрхийг нь зөрчсөн захирамжийг гаргасан байна.

15. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус заасан.

16. Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг 2007 онд нөхөн үйлдсэн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна гэж үзлээ.

Учир нь маргаан бүхий захиргааны актыг 2007 онд нөхөж үйлдэхдээ, ямар шалтгааны улмаас яагаад нөхөж үйлдэх болсон талаарх үндэслэлээ тодорхойлж, хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй, тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн мэтээр иргэн , аж ахуй нэгжийг төөрөгдөлд оруулсан байна. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч Г.Х-гийн 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2 дугаарт “шинжилгээнд ирүүлсэн 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай ... захирамжийн ... хэвлэмэл бичгүүдийг хар өнгийн нунтаг хортой, лазер хэвлэмэл төхөөрөмжөөр хэвлэсэн байна. Харин 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаартай ... захирамжийн ... хэвлэмэл бичгүүдийг бичгийн машинаар шивсэн байна...” гэж, мөн 4 дүгээрт “шинжилгээнд ирүүлсэн 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай ... захирамжийн ... зүүн доод хэсэгт байх тамганы дардас нь 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаартай ... захирамжийн ... зүүн доод хэсэгт байх тамганы дардастай тохирохгүй байна” гэж тус тус дүгнэсэн[20] байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарч байх тул Норовлин сумын засаг даргын 2003 оны 67 дугаартай маргаан бүхий захирамж гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдохоор байна.

17. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэрийг сумын Засаг дарга гаргах, түүний дараа иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоос гадна хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглож байна.

Газар эзэмшигч болох С.Л-д анх Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот шийдвэрийг үндэслэн 0,07 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0022618 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон.[21]

Иймээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох Норовлин сумын Засаг дарга 2003 оны 12 дугаар сарын 31-нд газар эзэмшүүлэх 67 дугаар захирамжийг нөхөн гаргахдаа С.Л-гийн нэрийг нь орхигдуулсан нь төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой болохыг мөн дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамж нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Л.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн гэж шүүхээс үзсэн тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулж Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                          П.АМАРЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                          В.ДАВААНЯМ

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас,

[3] 2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас,

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас,

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас,

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудас,

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас,

[8] 2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас,

[9] 2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас,

[10] 2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас,

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас,

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас,

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас,

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудас,

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас,

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 134-137 дугаар хуудас,

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас,

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 197-200 дугаар хуудас,

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас,

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 138-141 дүгээр хуудас,

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас,