2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/03018

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***** дүүрэг, **** дүгээр хороо, **** гудамж, *** байр *** тоотод оршин суух, Ц.Б /рд: *****/,

 

Хариуцагч: **** дүүрэг, **** дүгээр хороо, **** дүгээр хороолол, *** байр, ** тоотод оршин суух, Т.М /рд: *****/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөрт 12,608,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

хариуцагч Т.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.т оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Т.М-т холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрийн 50% болох 12,608,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т.М- бид хоёр гэр бүл болон амьдарч байхдаа 2011 онд хүү С-ийг төрүүлсэн ба бид гэрлэлтээ 2015 онд цуцлуулсан. Бидний дундаас төрсөн хүү С- нь Шинэ зуун билэг сургуульд 2020-2022 онд 4, 5 дугаар ангид суралцсан. 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 6,3 сая төгрөг, хоолны төлбөрт 247,500 төгрөг, 2021-2022 оны сургалтын төлбөрт 4,5 сая төгрөг, хоолны төлбөрт 689,500 төгрөг, С сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг, хоолны төлбөрт 1,567,500 төгрөг, 2023-2024 оны сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг, хоолны төлбөрт 1,650,000 төгрөг, сургуулийн автобусанд 2,000,000 төгрөг төлсөн. Бүгд 25,217,500 төгрөгийг нэхэмжлэгч Баасанноров төлсөн. Нийт төлбөрийн 50 хувийг нь хүү С-ийн эцэг болох Т.М-аас гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Хариуцагч миний хувьд одоо эхнэр болон 11-22 насны 4 хүүхдийн хамт ам бүл зургаалаа амьдардаг. Хоёр том хүүхэд маань оюутан. Манай том охин ажил хийж өөрөө сургалтын төлбөрөө олох гээд сургуулиасаа чөлөө авчихсан байгаа. Би Ц.Б-т хүүхдийн тэтгэврийг заасан хугацаанд нь тогтмол төлдөг ба хүүхдийнхээ сургалтанд анхаарч 1 удаа 5,600,000 төгрөгийг төлж байсан. Иймд надад үүнийг төлөх үнэхээр боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 4/, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 5/,  Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн А/29 тоот С-ийн тодорхойлолт, 54 тоот албан бичиг /хх 6, 7/, Шинэ зуун билэг сургуулийн 90 тоот тодорхойлолт /хх 8/, Шинэ зуун билэг сургуулийн суралцагч С-ийн тодорхойлолт /хх 9/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг баримт /хх 10-13/, Хаан банк дахь Ц.Б-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 14-15/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримт /хх 16-45/, Ерөнхий боловсролын Шинэ зуун билэг сургууль, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, багштай байгуулах гурвалсан гэрээ /хх 46-49/, Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалах/-тэй байгуулах 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ /хх 50-51/, Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалах/-тэй байгуулах 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ /хх 52-57/, 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 68/, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай гэр бүл байх хугацаанд хүү Б.С-ийг төрүүлсэн, бид гэрлэлтээ 2015 онд цуцлуулсан. Иймд хүү Б.С-ийн Шинэ зуун билэг сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 6,300,000 төгрөг, хоолны төлбөрт 247,500 төгрөг, 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4,500,000 төгрөг, хоолны төлбөрт 689,500 төгрөг, С сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг, хоолны төлбөрт 1,567,500 төгрөг, 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг, хоолны төлбөрт 1,650,000 төгрөг, сургуулийн автобусны төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 25,217,500 төгрөг төлсний 50 хувь болох 12,608,750 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд: Хүүхдийн тэтгэлэг төлдөг, мөн сургалтын төлбөрт 5,600,000 төгрөг төлсөн. Иймд хүүхдийн сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлөхөөс татгалзсан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ц.Б-, Т.М- нар нь гэр бүл байх хугацаандаа хүү Б.С-ийг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Энэ асуудлаар талууд маргаагүй.

4.2. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан боловч Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх хэсэгт зааснаар ялгаатай хэрэгцээнээс үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдах эрхтэй.

Хавтаст хэргийн 46-47, 48-49 дугаар талд авагдсан Ерөнхий боловсролын Шинэ зуун билэг сургууль, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, багштай байгуулах гурвалсан гэрээ тус бүрээр 2020-2021 оны хичээлийн жилд Шинэ зуун билэг сургуулийн 4а ангид, 2021-2022 оны хичээлийн жилд 5а ангид Б.С-ийг суралцуулах, суралцсан хугацааны төлбөрийг эх Ц.Б төлөх үүрэг хүлээсэн байна. Тухайн сургууль нь ерөнхий боловсролын дунд сургууль байх бөгөөд уг сургалтаа Б.С-т 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл үзүүлж байсан болох нь дээрх гэрээнүүд, Шинэ зуун билэг ерөнхий боловсролын дунд сургуулийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 90 тоот албан бичиг, Шинэ зуун билэг сургуулийн суралцагч С-ийн тодорхойлолт бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий боловсролын Шинэ зуун билэг сургууль, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, багштай байгуулах гурвалсан гэрээнд 2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрийг 4,500,000 төгрөг байхаар тохирсон байхаас гадна Шинэ зуун билэг сургуулийн суралцагч С-ийн тодорхойлолт бичгийн баримтаас үзвэл Баасанноров овогтой С- нь 2020-2021 оны хичээлийн жилд 6,300,000 төгрөгийг сургалтын төлбөрт, хоолны төлбөрт 247,500 төгрөг төлсөн. 2021-2022 оны хичээлийн жилд 4,500,000 төгрөгийг сургалтын төлбөрт, хоолны төлбөрт 689,500 төгрөг төлсөн нь үнэн болно гэжээ.

Мөн хавтаст хэргийн 50-51 дугаар талд авагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалах/-тэй байгуулах 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын гэрээгээр 2022-2023 оны хичээлийн жилд С сургуулийн 6а ангид Б.С-ийг суралцуулах, суралцсан хугацааны төлбөрийг эх Ц.Б төлөх үүрэг хүлээж, нэг жилийн төлбөрийг 5,225,000 төгрөг байхаар, хавтаст хэргийн 52-57 дугаар талд авагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалах/-тэй байгуулах 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын гэрээгээр 2023-2024 оны хичээлийн жилд С сургуулийн 7-1 ангид Б.С-ийг суралцуулах, суралцсан хугацааны төлбөрийг эх Ц.Б төлөх үүрэг хүлээж, нэг жилийн төлбөрийг 6,500,000 төгрөг байхаар тус тус тохирсон байна. Тухайн сургууль нь ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль байх бөгөөд уг сургалтаа Б.С-т 2022 оны 9 дүгээр сараас 2024 оны 6 дугаар сар хүртэл үзүүлж байсан болох нь дээрх гэрээнүүд, Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн 54 тоот албан бичиг, А/29 тоот С-ийн тодорхойлолт бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалах/-тэй байгуулах 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын гэрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн төлбөрийг 5,225,000 төгрөг, Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн суралцагчийн эцэг, эх /асран хамгаалах/-тэй байгуулах 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын гэрээнд 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөрийг 6,500,000 төгрөгөөр тохирсон боловч Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн А/29 тоот С-ийн тодорхойлолт бичгийн баримтаас үзвэл Баасанноров овогтой С- нь 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг, хоолны төлбөрт 1,567,500 төгрөг /нэгж хоолны үнэ 9500 төгрөг/ төлсөн. 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг, хоолны төлбөрт 1,650,000 төгрөг /нэгж хоолны үнэ 10000 төгрөг/, сургуулийн автобусанд 2,000,000 төгрөг төлсөн нь үнэн болно гэжээ.

Хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэн нэгэнд хариуцуулж буй нь тухайн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг хангах, өдөр тутам нийгмийн амьдралд оролцоход нь туслах, өдөр тутмын аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг хариуцуулж буй явдал бөгөөд хуульд заасан бүхий л үүргийг дангаараа хэрэгжүүлнэ гэж ойлгохгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан үүргийг эцэг, эх, асран хамгаалагч адил тэнцүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхдээсээ тусдаа амьдарч буй нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хүүхдийн сургалттай холбоотой гарсан зардлуудыг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хавтаст хэрэгт авагдсан Шинэ зуун билэг сургуулийн суралцагч С-ийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын С сургуулийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/29 тоот С-ийн тодорхойлолт баримтаар, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, мөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар нэхэмжлэгчээс Шинэ зуун билэг сургуульд сургалтын төлбөрт 9,000,000 төгрөг, С сургуульд сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 19-22, 24-26, 28-30, 32-43 талуудад авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтуудыг үзвэл, нэхэмжлэгчээс нэр бүхий 14 иргэдэд нийт 1,741,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч хүү Б.С-ийн сургалтын төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс С С ХХК-д шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг С сургуулийн сургалтын төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, С С ХХК-д 2,500,000 төгрөг төлсөн нь С сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.3. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс хүү Б.С-т нийт 14,500,000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэж, үүний тал хувийг хариуцагч буюу хүүхдийн эцэг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Т.М-аас 7,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М-аас 130,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

   

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М-аас 7,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,358,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,680 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 130,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН