Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч М.Энхжаргал,

иргэний хариуцагч Д.Баасан,

шүүгдэгч Я.Цэен-Ойдов, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөтөл нуур овогт Ядамсүрэнгийн Цэен-Ойдовт холбогдох эрүүгийн 1803 0000 10052 дугаар хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хөтөл нуур овогт Ядамсүрэнгийн Цэен-Ойдов, 1965 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-159 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байрны 22 тоотод оршин суудаг гэх, регистрийн ЧД65122971 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Цэен-Ойдов нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн буудлын замд “Тоyota Fun Cargo” маркийн 31-56 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Энхжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Я.Цэен-Ойдовын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цаг 30 минутын үед хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд хэрэг болсон замаар зам хөндлөн гарах гээд явж байсан. Зам хөндлөн гарахдаа машин харахад нэг машин нэгдүгээр эгнээнээр явж байсан. Би тэр машиныг өнгөрөөгөөд араас нь гарсан. Тухайн үед тэр машинаас өөр хөдөлгөөн хийж байгаа машин ойр хавьд нь харагдаагүй. Зам хөндлөн гарцаар бараг гарч дуусах гэж байсан чинь хойноос гэнэт машин ирээд мөргөсөн. Би таамаглахдаа гэрлээ унтраасан машин байсан эсвэл дөнгөж замын хажуу талаас хөдөлсөн машин байсан байхаа гэж таамаглаж байгаа. Осол болсоны дараа машин дотроос 2 хүн бууж ирсэн. Хажуугаар хүмүүс яваад л байсан. Тэр хүмүүс эмнэлэг дууд гэж хэлж байсан. Жолоотой цуг явж байсан хүн нь эмнэлэг дуудсан. Түргэн тусламжийн машин 2-3 минутын дараа маш хурдан ирсэн. Түргэний эмч ирж үзээд “гадуур хүнд гэмтэл харагдахгүй байна. Чи эмнэлэг гэхээсээ илүү цагдаа дуудаад хэмжилтээ өгсөн нь дээрээ” гэж надад хэлсэн. Энэ хүмүүс цагдаа дуудаагүй. Би түргэний машинд сууж байхдаа цагдаа дуудсан. Тэгээд түргэн өөр дуудлагатай байна гээд явсан. Цагдаагийн албан хаагч удаж байж ирсэн. Энэ хооронд энэ хүмүүс надтай зүй бусаар харьцсан. Гадаа хүйтэн байхад машиндаа оруулаад суулгачихгүй, гадаа нилээн удаан байлгаж байгаад машиндаа оруулж суулгасан. Машинд нь суухад согтуу хүмүүс, машинаас нь архины үнэр аймаар үнэртэж байсан.  Машин дотор нь тээврийн хэрэгсэлд хэрэггүй тоноглолууд маш их байсан. Урд талын талын толь нь харагдахааргүй, урд замаа байтугай, толио ч харж чадахааргүй тоноглолтой байсан. Машинд ороод суухад нэг согтуу хүн байсан. Тэгтэл намайг “чи одоо буу, наад хүнийг чинь одоо гаргана” гээд надтай зүй бусаар харьцсан. Тэрний дараагаар манай ар гэрийн хүмүүс ирээд цагдаа нар ирээд хэмжилт хийж Гэмтэл рүү явж зураг авахуулсан. Маргаашнаас нь 14 хоног эмнэлэгт хэвтээд, эмнэлгээс гарч ирээд гэртээ 7 хоног хэвтсэн. Нийт 21-28 хоногийг эмчилгээнд зарцуулсан. Тэрний дараагаар хичээл сургуульдаа автобусаар явахад хэцүү байсан. Тэгээд хичээл сургуульдаа явахдаа байнга хүргүүлж байсан. Миний нурууны сүүлийн үе буюу ахар сүүл хугараад дотогшоогоо хуниралдаад орсон байгаа. Энэ гэмтлээс болоод эмч “цаашид өөрөө төрөхөд хүндрэлтэй, төрвөл хийсвэрээр төрсөн нь дээр” гэж хэлсэн. Би одоо 18 настай, хүүхэд гаргаад гэр бүл зохиогоод явахад 5 жилийн хугацаа байгаа. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлээд явахад надад маш хүнд санагдаж байна. Надад цаг хугацаа маш их хайран байгаа. Энэ цаг хугацаанаас минь хомсолсонд маш их гомдолтой байна. Би 18 насанд хүрч хуулиараа насанд хүрсэн хүн. Гэтэл надтай ярихгүй, намайг үл ойшоосон байдалтай аав, ээжтэй маань яриад байгаад гомдолтой байна. Бодит хохирлын хэмжээг 2.000.000 төгрөг болгосон гэх зүйл ярьж байна. Би энэ талаар мэдэхгүй. Энэ хүн надад маш их хохирол учруулсан байхад би юу гэж хохирлоосоо хасах юм бэ, энэ хүнээс нийт 2.827.774 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Я.Цэен-Ойдовын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу осол гардаг өдөр 15 цагийн үед найз Баасанжав над руу залгаад “би жаахан юм уучихлаа, ирээд машин бариад өгөөч” гэж гуйсан. Гуйлтын дагуу би Улиастайн шар дэлгүүрийн хажууд байдаг гэр хороололд нэг айлд очсон. Баасанжав тэр айлын жорлон барьж өгөөд шагналд нь архи уучихсан байсан. Ингээд би 18 цаг 40 минутын орчим Баасанжавын “Т.Пан карго” маркийн 31-56 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд Баасанжав сууж явсан. Ингээд 19 цагийн орчим Ботаникийн троллейбусны буудал руу дөхөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байгаад явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй гарч явсан нэг охиныг машины зүүн урд гуперээр биеийх нь баруун ташаа хэсэг рүү нь мөргөөд унагачихсан. Тэгээд би нэг хүний утас гуйгаад эмнэлэг, цагдаа дуудаж хэмжилт хийлгэсэн. Би эрүүл байсан. Би ойролцоогоор 20 орчим км цагийн хурдтай явж байсан. Харагдах орчин чөлөөтэй, зам хуурай, хальтиргаа гулгаагүй, цас, бороогүй байсан. Би ойролцоогоор 12-15 метр зайнаас явган зорчигчийг харсан. Би харангуутаа тормос гишгэтэл нөгөө охин гүйгээд мөргүүлж таарсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-37 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Баасангийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Улиастайд айлд 00-ын байшин барьж өгөөд айлын эзэнтэй жаахан архи уучихсан. Тэгээд өөрийн машинаа бариулахаар найз Цэен-Ойдовыг дуудсан. Ингээд машинаа Цэен-Ойдовоор жолоодуулаад би жолоочийн хажуугийн урд сандал дээр сууж явсан. Тэгээд Ботаникийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад троллейбусны зогсдог хэсэг рүү орж яваад явган хүний гарцаар хойноос урагш гарч явсан охиныг машины урд гуперын жолооч талын хэсгээр мөргөж унагасан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 566 дугаар:

1. М.Энхжаргалд тархины доргилт, ахар сүүлны 1 дүгээр нугалмын далд хугарал, баруун шилбэний цус хуралт, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан “Хүндэвтэр” зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр тал/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч,

/хх-ийн 11-13 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 14-15 дугаар тал/

 

Хохирлын баримтууд,

/хх-ийн 50-63 дугаар тал/

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

/хх-ийн 46 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Я.Цэен-Ойдов нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн буудлын замд “Тоyota Fun Cargo” маркийн 31-56 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Энхжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Энхжаргалын өгсөн “2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цаг 30 минутын үед хичээлээ тараад гэр рүүгээ харих гээд хэрэг болсон замаар зам хөндлөн гарах гээд явж байсан. Зам хөндлөн гарахдаа машин харахад нэг машин нэгдүгээр эгнээнээр явж байсан. Би тэр машиныг өнгөрөөгөөд араас нь гарсан. Тухайн үед тэр машинаас өөр хөдөлгөөн хийж байгаа машин ойр хавьд нь харагдаагүй. Зам хөндлөн гарцаар бараг гарч дуусах гэж байсан чинь хойноос гэнэт машин ирээд мөргөсөн. Би таамаглахдаа гэрлээ унтраасан машин байсан эсвэл дөнгөж замын хажуу талаас хөдөлсөн машин байсан байхаа гэж таамаглаж байгаа. …Машин дотор нь тээврийн хэрэгсэлд хэрэггүй тоноглолууд маш их байсан. Урд талын талын толь нь харагдахааргүй, урд замаа байтугай, толио ч харж чадахааргүй тоноглолтой байсан. …цагдаа нар ирээд хэмжилт хийж Гэмтэл рүү явж зураг авахуулсан. Маргаашнаас нь 14 хоног эмнэлэгт хэвтээд, эмнэлгээс гарч ирээд гэртээ 7 хоног хэвтсэн. Нийт 21-28 хоногийг эмчилгээнд зарцуулсан. Тэрний дараагаар хичээл сургуульдаа автобусаар явахад хэцүү байсан. Тэгээд хичээл сургуульдаа явахдаа байнга хүргүүлж байсан. Миний нурууны сүүлийн үе буюу ахар сүүл хугараад дотогшоогоо хуниралдаад орсон байгаа. Энэ гэмтлээс болоод эмч “цаашид өөрөө төрөхөд хүндрэлтэй, төрвөл хийсвэрээр төрсөн нь дээр” гэж хэлсэн. Би одоо 18 настай, хүүхэд гаргаад гэр бүл зохиогоод явахад 5 жилийн хугацаа байгаа. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлээд явахад надад маш хүнд санагдаж байна. Надад цаг хугацаа маш их хайран байгаа. Энэ цаг хугацаанаас минь хомсолсонд маш их гомдолтой байна. Би 18 насанд хүрч хуулиараа насанд хүрсэн хүн. Гэтэл надтай ярихгүй, намайг үл ойшоосон байдалтай аав, ээжтэй маань яриад байгаад гомдолтой байна. Бодит хохирлын хэмжээг 2.000.000 төгрөг болгосон гэх зүйл ярьж байна. Би энэ талаар мэдэхгүй. Энэ хүн надад маш их хохирол учруулсан байхад би юу гэж хохирлоосоо хасах юм бэ, энэ хүнээс нийт 2.827.774 төгрөг нэхэмжилж байна.” гэх,

мөрдөн байцаалтад шүүгдэгч Я.Цэен-Ойдовын өгсөн “2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу осол гардаг өдөр 15 цагийн үед найз Баасанжав над руу залгаад “би жаахан юм уучихлаа, ирээд машин бариад өгөөч” гэж гуйсан. Гуйлтын дагуу би Улиастайн шар дэлгүүрийн хажууд байдаг гэр хороололд нэг айлд очсон. Баасанжав тэр айлын жорлон барьж өгөөд шагналд нь архи уучихсан байсан. Ингээд би 18 цаг 40 минутын орчим Баасанжавын “Т.Пан карго” маркийн 31-56 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд Баасанжав сууж явсан. Ингээд 19 цагийн орчим Ботаникийн троллейбусны буудал руу дөхөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байгаад явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй гарч явсан нэг охиныг машины зүүн урд гуперээр биеийх нь баруун ташаа хэсэг рүү нь мөргөөд унагачихсан. Тэгээд би нэг хүний утас гуйгаад эмнэлэг, цагдаа дуудаж хэмжилт хийлгэсэн. Би эрүүл байсан. Би ойролцоогоор 20 орчим км цагийн хурдтай явж байсан. Харагдах орчин чөлөөтэй, зам хуурай, хальтиргаа гулгаагүй, цас, бороогүй байсан.” гэх /хх36-37/,

мөн гэрч Д.Баасангийн өгсөн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Улиастайд айлд 00-ын байшин барьж өгөөд айлын эзэнтэй жаахан архи уучихсан. Тэгээд өөрийн машинаа бариулахаар найз Цэен-Ойдовыг дуудсан. Ингээд машинаа Цэен-Ойдовоор жолоодуулаад би жолоочийн хажуугийн урд сандал дээр сууж явсан. Тэгээд Ботаникийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад троллейбусны зогсдог хэсэг рүү орж яваад явган хүний гарцаар хойноос урагш гарч явсан охиныг машины урд гуперын жолооч талын хэсгээр мөргөж унагасан.” гэх /хх26/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 566 дугаар дүгнэлт /хх29/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч /хх11-13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Я.Цэен-Ойдовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Я.Цэен-Ойдовыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Я.Цэен-Ойдов нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа /хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах/ зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Я.Цэен-Ойдов нь хохирогч М.Энхжаргалын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан бөгөөд иргэний хариуцагч Д.Баасан нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ шүүгдэгч Я.Цэен-Ойдовт шилжүүлэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Я.Цэен-Ойдов, иргэний хариуцагч Д.Баасан нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тэрээр хохирогч М.Энхжаргалын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. 

 

Хохирогч М.Энхжаргал мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 2.827.774 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар /хх50-63/ хохирогчид учирсан гэм хорын хохиролд 1.828.506 төгрөгийн бодит зардал гарсан болох нь тотоогдож байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Я.Цэен-Ойдовт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Я.Цэен-Ойдовт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Я.Цэен-Ойдов, иргэний хариуцагч Д.Баасан нараас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд тус бүр 914.253 төгрөг, нийт 1.828.506 төгрөгийг гаргуулан хохирогч М.Энхжаргалд олгох үндэслэлтэй байна.

Хохирогч М.Энхжаргал нь 21 хоногийн сургалтын төлбөр, орон сууцны хэрэглээний зардал, СӨХ-ны төлбөр, түрээсийн төлбөр зэргийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтуудаа шүүхэд гарган өгөөгүй тул шүүх энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал, хохирогчийн 21 хоног хичээлд нөхөн суух төлбөр буюу ирээдүйд гарах зардлыг урьдчилан төлүүлэх боломжгүй, мөн “Намуун” салонд ширээ түрээслэн ажиллаж байсан талаарх санхүүгийн баримт байхгүй, хэний өмчлөлийн хаана байрлалтай ямар орон сууцны төлбөр төлсөн нь тодорхойгүй байна.

 

Иймд хохирогч М.Энхжаргал нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанаас үүссэн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Цэен-Ойдов цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөтөл нуур овогт Ядамсүрэнгийн Цэен-Ойдовыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Цэен-Ойдовт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Цэен-Ойдов нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Цэен-Ойдов, иргэний хариуцагч Д.Баасан нараас гэм хорын хохиролд тус бүр 914.253 төгрөг, нийт 1.828.506 төгрөгийг  гаргуулан хохирогч М.Энхжаргалд олгосугай.

 

5. Хохирогч М.Энхжаргал нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Цэен-Ойдов нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Я.Цэен-Ойдовт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.              

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ