Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2025/0043

 

                                                                                    

 

 

 

      2025       05        13          123/ШШ2025/0043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х.Б,

Хариуцагч: *** аймгийн Засаг дарга,

            Гуравдагч этгээд: *** ХХК нарын хоорондын, *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжийн *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Э, гэрч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

            Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар *** сумын нутаг, “Салтгарын урт” нэртэй газарт 25.04 гектар талбайг *** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгожээ.

2.2 Иргэн Х.Б -ээс *** аймгийн Засаг даргад хандан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гомдол гаргасан.

2.3 нэхэмжлэгч нь *** аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/1963 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай”...түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн өргөдлийн бүрдэл хуулийн дагуу хангагдсан тул...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 17 дугаар хуралдаанд асуудлыг хэлэлцүүлж тус хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 74.2 хувийн саналаар дэмжигдэн,…А/112 дугаар захирамжаар *** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгосон...” гэсэн албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариу тайлбар түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Х.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б миний бие *** аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг Хайлааст бугант, Салтгар нэртэй газарт гэр бүлийн хамт мал аж ахуй эрхлэн амьдран суудаг... Гэвч миний өвөлжөө байрладаг газрын хажууханд *** гэх компани 2022 оны 09 дүгээр сараас эхлэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байна гэх нэрийн доор алт ухаж, олборлож эхэлсэн. Ашигт малтмалын нөөц ихтэй, алт олборлох боломжтой газарт элс, хайрга, дайрга, барилгын шавар буюу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох боломж байхгүй. *** гэх компанийн байгаль орчин сүйтгэж байгаа хууль бус үйлдэлтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллагууд болон Монгол Улсын Засгийн газрын 1111 утсаар гомдол мэдээллээ удаа дараа гаргасны дагуу *** аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07/1597 тоот албан бичгээр *** ХХК-д олгосон гэх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын шийдвэрээр шийдвэрлэдэг" гэх хариуг шуудангаар хүргүүлсэн. ... аймгийн Засаг даргад хандаж *** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулах, хэрэв олгосон тохиолдолд тухайн шийдвэрээ хүчингүй болгох талаарх гомдлыг дахин гаргасан. Улмаар *** аймгийн Засаг дарга нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/1963 дугаар албан бичгээр "...аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжаар *** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгосон талаарх мэдэгдлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн надад гардуулан өгсөн тул ийнхүү хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. ... *** аймгийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хууль зөрчиж *** ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноор мал аж ахуй эрхлэн амьдрах аргагүйд хүрсэн, мөн нутгийн иргэдтэй хамтран нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж, бичил уурхай эрхлэх боломжгүйд хүрсэн зэргээр иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

...түгээмэл тархацтай ашигт малтмалаар олгосон газар Улаанбаатар хотоос 260 километр, тэнд очиход 300 километр, тэнд хайрга, дайрга, шавар, шохойны зах зээл байх уу. Уулын орой хэц ганга дээр байдаг газар. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, шийдвэр гаргасан хүмүүс өөрсдөө газар дээр очиж шалгалт хийгээгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийг хараад аймагтаа баталсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд ногоон бүсээс километр гэж заасан. Намайг нэхэмжлэл гаргах эрхгүй гээд байна. Хуулийн 38 дугаар зүйлд сонирхсон этгээд тусгай зөвшөөрөл болон зураг зүйн бүртгэлтэй танилцах эрхтэй, 43 дугаар зүйлд шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Би ажил хөөцөлдөөд боломжгүй байсан болохоор нэг газрыг эхнэрийнхээ нэр дээр нэгийг нь хадам дүүгийнхээ нэр дээр авсныг устгаад хаясан. *** сумын газрын албанд очиж ярихаар даамал нь Жамбал ах аа гялс ирээд өргөдлөө бичээд өгчих гэж ярьсан. Ийм хуйвалдаанууд байна. *** дээр 100 гаруй мал маллана гэж байхгүй. Манай баг төвлөрсөн баг. Хайлааст баг руугаа яв гэдэг. Төмстэй багаас хүртэл хөөгдсөн. Бид нар малаа хаяж явах уу бидний эрх үнэхээр зөрчигдөж байна. Хоёр өвөлжөөнөөс километр зайтай бол би юу ч ярихгүй шүү дээ. Дээд талд нь хоёр ногоон бүс байгаа газар дээр очиж үзвэл Монгол хүн бол хайрламаар газар байгаа. 2022 оны Товч.мн сайтын бичлэг дээр байгаа шүү дээ намайг нинжа, өөрөө ухдаг, цагдаад баригдсан гэдэг. Хэрэв цагдаад ухаж байгаад баригдсан шийдвэр тогтоол байдаг бол надад аваад ир би гэм буруутай үйлдэл хийсэн бол тэрийгээ хүлээнэ. Би эрхээ хамгаалуулахаар явахаар ямар ч хамааралгүй хүн нэхэмжлэл гаргалаа гээд байна. Үүнийг л зөвөөр шийдүүлж эрхээ хамгаалуулах гэж явж байгаа хүн. Би өөрөө хууль сайн мэдэхгүй...гэв.

3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *** сумын 3 дугаар багийн нутагт, Хайлааст 3 салтгар гэх газар гэр бүлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. *** аймгийн *** сум нь байгалийн тогтцын хувьд ой, мод, амьтан, усны ундарга сайтай, мал аж ахуй эрхлэхэд, амьдрал ахуйгаа үргэлжлүүлэхэд туулийн тохиромжтой бүс гэж үзэж байна. Тухайн газарт Х.Б-ийн өвөлжөө байдаг. Өвөлжөө байдаг газрын хажууханд ***ХХК-д 2022 оны 09 дүгээр сард түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байна гэх нэрийн дор алт ухаж эхэлсэн. Ашигт малтмалын нөөц ихтэй алт олборлох боломжтой газарт элс, хайрга, дайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зохимжгүй юм. *** ХХК байгаль орчин сүйтгэж байна. Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 тоот дугаар захирамжийн *** ХХК-д холбогдох хэсэг дараах үндэслэлээр хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан…Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоод байгаа байдал нь алтны хуримтлал ихтэй, маш олон алтны уурхайнууд үйл ажиллагаа явуулдаг. Маргаж байгаа талбай дээр алт байдаг. Алтны эрдэс цэг нөөц орд цаашлуул уурхай болох бололцоотой эсэхийг урьдчилсан байдлаар тойм судалгаа, хайгуул зэрэг ажил хийх шаардлагатай бүс нутаг мөн. Хэрвээ нөөц байх бололцоотой гэж үзвэл магадгүй ирээдүйд судалгаа хийж үзээд байх юм бол түгээмэл тархацтай ашигт малтмалын нэрийн дор самарч болохгүй. Түгээмэл тархацтай буюу барилгын материал гэдэг зүйлийн үнэ цэнэ, алтны үнэ цэнэ хоёр зүйл нь өнөөдөр тэнгэр газар шиг ялгаатай. Алтны хайгуулыг хийгээгүй байж эрдэс цэг байгаа байхгүйг мэдэхгүй. Судалгаа хийгээгүй байж эрдэс цэг байхгүй гэж болж байгаа юм уу. Тойм зураг хийгдсэн үү. Нарийвчилсан хайгуул хийгдсэн газар мөн үү зэрэг нөхцөл байдлыг тогтоосны дараагаар энэ газрыг барилгын материал олборлох зориулалтаар ашиглаж болно гэсэн байдлаар шийдвэрлэвэл Монгол улсад өөрт хэрэгтэй зүйл. Тэрийг мэдэхгүйгээр газрыг экскаватороор самраад хаядаг. Барилгын материал хайрга дайргатай цуг зуураад бутлаад барилгын материал болговол аймар юмаар буюу алтаар барилга барьсан болох гээд байна. Ийм байж болохгүй… Бичил уурхай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талбайн төвд байрлалтай бичил уурхайн 5 га жижиг газар байгаа. Бичил уурхай бол талбай жижиг, байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай. Өөрөөр хэлэх юм бол малын бэлчээрт нөлөө үзүүлээд байх талбай байхгүй. Бичил уурхайн дээр бас нэг шүүх дээр маргаан шийдвэрлүүлээд явж байгаа. Сүмбэр авдар баян нөхөрлөлийн дарга нь Х.Б, Дэвжих *** нөхөрлөлийн дарга нь гуравдагч этгээд болох Б.Наранхүү, өөр хэд хэдэн нөхөрлөл, нэлээн өргөн хүрээтэй маргаан явж байгаа. Үүнтэй холбоотой нэг зүйлийг ойлгох болж байна. Тухайн талбай бол алтгүй биш алттай талбай. Үндэсний геологийн албанаас эрдэсэжсэн цэг байхгүй гэдэг хариу өгөөд байгааг ойлгохгүй байна. Түгээмэл тархацтай болгож авсан газар нь цаагуураа алттай болохоор авч байгаа болов уу гэсэн байдлаар нэхэмжлэгч хардаж байгаа. Түрүүний хэлсэнчлэн уулын орой дээр, төв суурин газраас хол зайтай, уулын хайргыг зах дээр аваачиж зарахад эдийн засгийн ашигтай байж чадах уу. Хоёр талдаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, тэр нь яаж холбогдож байгаа юм. Тийм газар дээр барилгын материал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авна гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна...Гэрч нэхэмжлэгч сүүлийн хоёр, гурван жил тэнд малаа маллаж, малаа тоолуулсан гэдгийг хэллээ. Өмнө хэлсэнчлэн адуу бол урт хөлийн мал, хотоо тойроод бэлчинэ гэж байхгүй. Адуу 400-500 метр газар явах нь энүүхэнд шүү дээ. Хэдэн километр яваад өгдөг. Иймд Х.Б-ийн газар биш гэж бас маргах боломжгүй. Мөн зүүн болон баруун талд өвөлжөө байна. Хавтаст хэрэг шинжлэн судлах үед гурван айлын өвөлжөө харагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагч *** аймгийн Засаг дарга Л.Т шүүхэд ирүүлсэн тайлбарт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр *** сумын нутагт М-48-138 планшетэд талбайд 25.29 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасны дагуу бүртгэлийг хийж өргөдлийг хүлээн авсан бөгөөд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийлэхэд, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 07/264 дугаар албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай гэсэн хариуг ирүүлсэн. Үүний дагуу тус аж ахуйн нэгжид өргөдлийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн боловч *** ХХК нь аймгийн Засаг даргын орлогчид 2022 оны 08/01 дүгээр албан бичгээр *** сумын нутагт байрших салтгарын урт гэх нэртэй газарт 25.04 га-д хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг дахин ирүүлсэн. Тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ойн сан бүхий 0.91 га газрыг хасаж нийт 25.04 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлүүлсэн тогтоолуудыг холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс өргөдлийг цахим хэлбэрээр хүргүүлсний дагуу тус газрын 2022 оны 10/4637 дугаар албан бичгээр *** ХХК-ийн салтгарын урт 2 нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. Үүний дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу өргөдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, 2023 оны 17 дугаар хуралдааны 13-р тогтоолоор нийт төлөөлөгчдийн 74.2 хувийн саналаар *** ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэний дагуу аймгийн Засаг даргын 2024 оны “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/112 захирамжаар 3 жилийн хугацаатай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон.Иймд иргэн Х.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

...Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуульд заасан процессын дагуу тусгай зөвшөөрлийг олгосон. Тус хуульд зааснаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт авсан, сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэж түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрлийг олгосны хүрээнд тусгай зөвшөөрлийг эзэмшигч тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үүргээ явуулж байгаа болов уу гэж ойлгож байна. Одоогийн байдлаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчхаад өөр ашигт малтмал олборлосон эсэх мэдээлэл байхгүй байна. Хяналт байцаагч нарт тийм мэдээлэл ирээгүй байна...Барилгын материал олборлох хайгуулын тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгосон. Одоогийн байдлаар алт олборлосон зөрчил илрээгүй. Хэрвээ илрэх юм бол хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн заалттай, манайд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх мэдэл байгаа. Аж, ахуйн нэгж тухайн оны хийгдсэн ажлын төлөвлөгөө ирүүлдэг. Тэндээс нь хянадаг, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт очдог. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас гарсан хяналт шалгалтын хуваарь батлагдсан түүний дагуу салбарын хяналтынхан очно. Иймд Аймгийн Засаг дарга бол хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг шаардлагыг эсэргүүцэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан өргөдөл гаргах журам, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шийдвэрлэх журмын үндсэн дээр хийж гүйцэтгэсэн гэжээ.

3.4. Гуравдагч этгээд *** ХХК-ийн захирал Б.Н шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу *** аймгийн Засаг даргад 2022 оны 01 дүгээр сард хандан *** аймгийн *** сумын нутаг, Салтгарын урт-2 нэртэй газарт байрлах 25 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хүсэлт гаргасан. Манай компанийг хүсэлт гаргах үед тухайн талбай нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байсан бөгөөд одоог хүртэл хэн нэгний эзэмшил, өмчлөлийн газартай давхцалгүй талаар шүүхэд ирүүлсэн *** аймгийн *** сумын газрын даамлын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот албан бичгээр нотлогдож байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хүсэлт гаргасныг хуулийн дагуу *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09 тоот тогтоолуудыг гаргасан. Тодруулбал *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манай компанийн түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хүсэлт гаргасан *** сумын Хайлааст багийн Салтгарын урт гэх газарт байрлах 25 га талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар олгохыг дэмжиж сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн. Мөн Ашигт малтмалын газраас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4637 тоот албан бичгээр манай *** ХХК-ийн хүсэлт гаргасан 25 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар дүгнэлтийг гаргасан. Дээрх шийдвэр, дүгнэлтүүдийг үндэслэн *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 онд хуралдаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийн бүрдэл хангагдсан гэж үзэж манай компанид түгээмэл давхацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн шийдвэр гарсан. Түүнчлэн хуульд заасан үндэслэл, шаардлагыг бүрэн хангаж, холбогдох эрх бүхий байгууллагууд нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрүүдээ гаргасан тул *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/112 дугаар захирамжаар манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон гэж гуравдагч этгээдийн хувьд үзэж байна. Манай компанийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа огт явуулаагүй. Өөрөөр хэлбэл зөвхөн *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжаар манай компанид олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Х.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулгаас үзвэл *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжаар манай компанид олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тэрээр ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгч нь маргаан бүхий талбайтай хамаарах хэсэгт өвөлжөөтэй гэж тайлбарлаад байна. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч *** аймгийн нутаг дэвсгэрт байтугай *** сумын нутаг дэвсгэрт газар өмчлөх, ашиглах эрхийн ямар нэгэн зөвшөөрөлгүй буюу ямар нэгэн газар эзэмшиж ашиглах эрхийг төрийн захиргааны байгууллагаас аваагүй. Мөн гуравдагч этгээд тухайн талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зүйл байхгүй. Зөвхөн хайгуулын ажил нь хийгдэж, өвлийн улирал эхэлж ажил зогсоод байж байгаа. Тусгай зөвшөөрөл нь хайгуулын тусгай зөвшөөрөл болохоос ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй учраас түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглож байгаа учраас гуравдагч этгээд ямар нэгэн байдлаар ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Тэгэхээр энэ нь үнэн бодит зүйлд нийцэхгүй зөвшөөрлөөс хальсан зүйл яриад байна. Зэргэлдээ газруудад алтны А лиценз байдаг гэж байна, энэ нь нэхэмжлэгчийн буруутгах болон зөвтгөх үндэслэл болохгүй. *** аймгийн Засаг даргын А/112 тоот захирамжид хамааралгүй, энэ газарт бусад компаниуд ямар төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа болон гуравдагч этгээдийг буруутгах үндэслэл болохгүй. Нэг километр радиус дотор тусгай зөвшөөрөл олгох хуулийг зөрчсөн буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 17.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэдэг зүйлийг тайлбарлаж байна. Гэтэл суурьшлын болон ногоон бүсээс нэг километрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон хэм хэмжээг аймгийн Засаг дарга буюу хариуцагчаас зөрчөөд олгосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ дээр бол тойм зураг ирсэн. Ямар нэгэн байдлаар ногоон байгууламж болон бусдын эзэмшил ашиглалтын газартай талбайн хэмжээгээр давхацсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Аймгийн Засаг даргын захирамж гарахдаа ямар нэгэн байдлаар аймгийн Засаг даргад хуулиар олгоогүй эрхийг эдэлсэн үйл баримт харагдахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Энэ тогтоолуудаар ямар нэгэн байдлаар олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй байгаа учраас түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд гарч байсан байна. Нэхэмжлэгч гурван үндэслэлээр маргаад байгаа. Миний өвөлжөөний газартай давхцалтай гэж тайлбарлаад байгаа боловч нэхэмжлэгчээс өмнөх шүүх хуралдаанд асуусан. Өөрийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаж байна уу. Бусдын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаад байна уу, эсхүл нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаад байна уу гэдэг асуултад өөрийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаж байна гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, гаргаж өгсөн баримтууд болон сумын Засаг даргын албан бичиг, бусад зүйлүүдээр нэхэмжлэгч *** сумын нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхгүй болох нь тогтоогдож байгаа. Манай эхнэр газрыг худалдаж авсан гэж тайлбарлаад байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн тайлбар татгалзлыг нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийн буруутгах үндэслэл болохгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн газартай давхцалтай гэдэг үндэслэл тодорхой баримтаар тогтоогдохгүй байна. Алт олборлоод байна гэдэг зүйлийг тайлбарлаад байдаг. Гэвч одоогийн байдлаар гуравдагч этгээд болох *** ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж биш. Хайгуулаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна. Магадгүй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байх үед бусад төрлийн ашигт малтмал илэрсэн тохиолдолд хэрхэх вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд тусгайлан зохицуулж өгсөн. Энэ тохиолдолд одоогоор хамаарахгүй байгаа учир нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа энэ үндэслэл бол үндэслэлгүй байна. Би бичил уурхайгаар олборлох боломжгүй байна гэж тайлбарлаад байдаг. Энэ талбай дээр ямар нэгэн байдлаар бусдын эзэмшил, өмчлөл болоод бичил уурхайгаар эрхлэхтэй холбоотой талбай давхцалгүй талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа гурван төрлийн үндэслэл болгож буй зүйл нь  баримтаар болоод үйл баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Засаг дарга *** ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчсөн. Өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дөрөв. Гэрч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Х.Б Хөвсгөл аймгийн гаралтай хүн. Би Засаг даргаар 4 жил ажиллаж байна. Урьд багийн нийгмийн ажилтнаар 12 жил ажилласан. Х.Б-ийн гэр нь Хайлааст 3-р багийн төвийн Бугант хорооллын 2-6 тоотод амьдарч байсан. Салтгарын ам, Шар гозгор гэх газруудад Х.Б өвөлжиж хаваржиж байсныг мэдэхгүй. Салтгарын аманд нэг өвөлжөө байдаг. Тэр нь Х.Б-ийн өвөлжөө гэдгийг мэдэхгүй...Жилийн 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд малын тооллого явагддаг. 2023 онд эднийх 108 адуу тоолуулсан. 2024 онд 136 тооны адуу тоолуулсан. Жилийн дөрвөн улирал малаа малладаг учир малчин өрх гэж үзэж байгаа. Гэр нь Алтан Дорнодын хороолол гэсэн шинэ хороололд байдаг. Хайлааст багийн төв хэсэг, шинээр үүссэн хороолол. Хашаанд дотроо зүчээ байдаг, адуу нь тэндээ байдаг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б-н *** аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “*** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжийн *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай”захирамжаар, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10, 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн,  ... *** сумын  нутагт “Салтгарын урт” нэртэй газарт 25.04 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг *** ХХК-д 3 жилийн хугацаагаар олгожээ.

Хоёр. Нэхэмжлэгч Х.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х.Б би *** сумын Хайлааст 3 дугаар баг, Хайлааст бугант, Салтгар нэртэй газарт гэр бүлийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг,...миний өвөлжөө байрладаг газрын хажууханд *** гэх компани 2022 оны 09 дүгээр сараас эхлэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байна гэх нэрийн доор алт ухаж, олборлож эхэлсэн, байгаль орчин сүйтгэж байна,... *** ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон  талбайн хажууханд нутгийн иргэд болон миний эзэмшдэг өвөлжөө, хаваржааны газрууд байдаг, иргэдийн суурьшлын бүс болон ой мод амьтан ихтэй ногоон бүсээс 1 км хүрэхгүй зайд тусгай зөвшөөрөл олгосон,...ашигт малтмалын  17100, 4910 тоот тусгай зөвшөөрлийн дагуу алт олборлодог 2 тусгай зөвшөөрөлтэй талбайн голд хтүгээмэл тархацтай шигт малтмалын тусгай зөвшөөрөл гаргуулж элс  хайрга олборлох нэрийн дор алт, өөр бусад ашигт малтмал олборлож байгаль сүйтгэж байна...  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг баталсан Засгийн газрын тогтоолд дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн нь мал аж ахуй эрхлэн амьдрах аргагүйд хүрсэн, мөн нутгийн иргэдтэй хамтран нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж, бичил уурхай эрхлэх боломжгүйд хүрсэн зэргээр иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна” гэж тайлбарлан маргаж байна.

Гурав. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйл баримтын тухайд,

3.1. *** ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 01/01 дугаар албан бичгээр *** аймгийн Засаг даргын төсөв санхүү дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан орлогч дарга Г.Сурмаа-д “*** аймгийн *** сумын Салтгарын урт-2 нэртэй 25,13 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгуулах” хүсэлт гаргасан,

3.2. *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3-р сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал уламжлах тухай” тогтоолоор, “Зучир номуй” ХХК-ийн “Салтгарын ам гэх газарт 25.13 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалын эд зүйлийг хамгаалах зориулалтаар сумын тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж байгааг тэмдэглээд, тусгай зөвшөөрөл хүссэн саналыг хуралдаанд оролцсон 20 төлөөлөгчдийн 80 хувийн саналаар дэмжсэн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор батлагдсан сумын тусгай хэрэгцээний газраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар  талбайг хэсэгчлэн чөлөөлсөн. 

3.3. *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад, *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 07/264 дугаар албан бичгээр, танай 2022 оны 07/69 тоот албан бичгийн дагуу *** ХХК-ний хүсэлт ирүүлсэн 25 га талбайд шүүлт хийхэд *** сумын нутаг дэвсгэрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ давхцаж байна гэсэн хариу хүргүүлсэн.

3.4. *** ХХК-иас *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Самбууд 06/08 дугаартай албан бичгээр “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хүссэн 25,13 га талбай нь сумын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд буй талбайгаас чөлөөлөгдсөн. Уг талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газартай 0,91 га талбайгаар хэсэгчилсэн давхцалтай байна гэсэн ашигт малтмалын газрын тодруулга ирсэн. Мөн, *** аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 4-р сарын 27-ны өдрийн 01/733 тоот албан бичгээр 2013 онд *** аймгийн хэмжээнд хийгдсэн ойн сангийн тооллогын талбайтай давхцалгүй байна гэсэн хариу ирсэн.Тухайн хэсэгчилсэн давхцалтай гэх газар нь бодит байдал дээр ой байхгүй, тухайн газрын цэг солбицлыг хавсралтад дурдсанаар өөрчилж тусална уу гэх хүсэлт хүргүүлсэн,

3.5. *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор сумын тусгай хэрэгцээний газраас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зориулалтаар чөлөөлсөн талбайгаас 0,91 га ойн сан бүхий газрыг хассан.  

3.6. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10/4637 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг *** аймгийн Засаг даргад хүргүүлж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн  *** ХХК-ийн Салтгарын урт-2 нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-41000343 бүртгэлийн дугаартай 25,04 гектар талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна...тухайн аж ахуй нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал эрэх, хайх, ашиглаж буйд хяналт тавьж өөр төрлийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд мөн хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах арга хэмжээ авч ажиллана уу гэжээ.

3.7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 10.1.3.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн  талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй байна.

3.8. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн *** ХХК-ний хүсэлтийг дэмжсэн санал өгснийг баталсан.

3.9. *** аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10/4637 дугаартай “Дүгнэлт”-ийг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжаар... *** сумын  нутагт “Салтгарын урт” нэртэй газарт 25.04 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг *** ХХК-д 3 жилийн хугацаагаар олгожээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар,

4.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *** аймгийн Засаг даргад хандан, *** ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй холбогдуулан гомдол гаргахад, Засаг даргын Тамгын газраас 224 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07/1597 тоот албан бичгээр ... Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрөл олгох боломжтой дүгнэлтийг ирүүлсэн, ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн...тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын шийдвэрээр цуцалдаг тул тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

4.2. Нэхэмжлэгч Х.Б нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан, *** ХХК-нд  түгээмэл тархацтай ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад, тухайн газраас 2025 оны 03-р сарын 06-ний өдрийн 10/1066 дугаар албан бичгээр “...дүгнэлт нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр биш,...хуульд зааснаар аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл , цуцлахаар хуульчилсан. Таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг Х.Б-т хүргүүлсэн байна.

4.3. Хавтаст хэрэгт авагдсан,

-*** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/240 тоот албан бичигт “1. Газрын кадастрын мэдээллийн санд *** суманд Х.Б-ийн нэр дээр эзэмшил өмчлөлийн газар бүртгэлгүй байна. 2. *** ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 25.04 га талбай нь иргэн хуулийн этгээдийн эзэмшил болон өмчийн газар, мөн тусгай хэрэгцээ, тусгай зөвшөөрөлтэй бүхий талбай давхцалгүй байна 3. *** ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 25.04 га талбайтай иргэн Н.Жамбал-Очир өвөлжөө 398 метр, иргэн М.Сийлэгдулам өвөлжөө 627 метр зайд, “Мондулаан” трейд ХХК-ийн МУ-004910 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай залгаа, “Мондулаан” трейд ХХК-ийн MV-17100 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай 87 метр зайд, Бичил уурхайн зориулалтаар Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гарсан 1.5 га талбай залгаа байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан иргэд нөхөрлөлийн мэдээлэл манай газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд ордгүй бөгөөд манай байгууллагын чиг үүрэгт хамааралгүй...” гэсэн,

-*** сумын Засаг даргын 2025 оны 01-р сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар, Н.Жамбалдоржийн тус сумын 3-р багийн  Бурхант хошуу гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтай эзэмшиж буй 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

-*** аймгийн Улсын бүртгэлийн газрын 2025 оны 03 –р сарын 24-ний өдрийн 27/388 тоот албан бичигт “Х.Б-т  бичил уурхайгаар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл бүртгэлгүй” гэх бичгийн нотлох баримтууд,

-Гэрч Ж.Хандмаагийн “Х.Б Хайлааст багийн төвд амьдардаг” гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Х.Б нь *** сумын Хайлааст 3 дугаар багийн төвд амьдардаг, харин Салтгар нэртэй газарт амьдардаггүй, тухайн газарт газар эзэмшдэггүй бөгөөд уг газарт нутгийн иргэдтэй хамтран нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулдаггүй, бичил уурхай эрхэлдэггүй болох нь тогтоогдлоо.

4.4. Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10/4637 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн  *** ХХК-ийн Салтгарын урт-2 нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-41000343 бүртгэлийн дугаартай 25,04 гектар талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг *** аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

4.5. *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/240 тоот албан бичгээр *** ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 25.04 га ...талбайд суурьшлын болон ногоон бүс, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тогтоосон Усан сан бүхий газрын хамгаалалтын бүс талбай давхцалгүй байна...” гэсэн лавлагаа зураглалыг ирүүлсэн зэргээс үзэхэд, хариуцагчийг “иргэдийн суурьшлын бүс болон ой мод амьтан ихтэй ногоон бүсээс 1 км хүрэхгүй зайд тусгай зөвшөөрөл олгосон” гэж буруутгах үндэслэлгүй байна.

4.6. Иймд, *** аймгийн Засаг даргаас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаар захирамжаар *** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.5.харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасныг зөрчөөгүй байна.

4.7. Нэхэмжлэгч нь *** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох явцад,

-*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 3-р сарын 03-ны өдрийн сумын тусгай хэрэгцээний газраас  25,13 га газрыг чөлөөлж, түгээмэл тархацтай ашигтмалтмалын тусгай зөвшөөрөлд санал уламжилсан 17 дугаар тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай 09 дугаар тогтоол,

- *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12-р сарын 04-ний өдрийн 13 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн *** ХХК-ний хүсэлтийг дэмжсэн тогтоол,

- Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10/4637 дугаартай албан бичгээр гаргасан “Дүгнэлт” зэрэгтэй маргаагүй, тодруулбал эдгээр тогтоол, дүгнэлтүүдтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд эдгээр тогтоол, дүгнэлт хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

4.8. *** ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд “алт” буюу ашигт малтмал олборлож байгааг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж ирүүлээгүй,

-Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10/4637 дугаартай албан бичгээр *** ХХК-ийн Салтгарын урт-2 нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-41000343 бүртгэлийн дугаартай 25,04 гектар талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна...” гэсэн дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн “иргэдийн суурьшлын бүс болон ой мод амьтан ихтэй ногоон бүсээс 1 км хүрэхгүй зайд тусгай зөвшөөрөл олгосон,...ашигт малтмалын  17100, 4910 тоот тусгай зөвшөөрлийн дагуу алт олборлодог 2 тусгай зөвшөөрөлтэй талбайн голд хтүгээмэл тархацтай шигт малтмалын тусгай зөвшөөрөл гаргуулж элс  хайрга олборлох нэрийн дор алт, өөр бусад ашигт малтмал олборлож байгаль сүйтгэж байна... Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг баталсан Засгийн газрын тогтоолд дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

4.9. Дээр тогтоогдсон үйл баримтуудаар, нэхэмжлэгч нь *** сумын Хайлааст 3 дугаар баг, Хайлааст бугант, Салтгар нэртэй газар буюу *** ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон талбайн ойролцоо мал аж ахуй эрхлэн амьдардаггүй, тодруулбал түүнд эрх бүхий этгээдээс 3 дугаар багийн Салтгар нэртэй газарт газар эзэмших эрхийг олгоогүй, мөн бичил уурхай эрхэлдэггүй болох нь тогтоогдож байх тул *** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *** ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай олгосон А/112 дугаар захирамж нэхэмжлэгчийн мал аж ахуй эрхлэн амьдрах, нутгийн иргэдтэй хамтран нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж, бичил уурхай эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

            4.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-гийн “*** аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/112 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжийн *** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ч.ОДСҮРЭН