Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/122

 

 

 

 

 

                                          

   2024            01            23                                        2024/ДШМ/122

                                                       

Э.Т, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Багшбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/691 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Тын гаргасан давж заалдах гомдлоор Э.Т, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2211012921034 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Цорос овгийн Э.Т, 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх газрын Баруун түгээх газрын цахилгааны монетор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 23-1 дүгээр байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УП98040912/,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Боржигон овгийн Б.Г, 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Марч” ХХК-д вакум цонхны үйлдвэрт ахлах ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 3 дугаар гудамжны 274 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ГР90042031/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 589 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 2 cap 9 хоногийн өмнө тэнсэн сулласан.

            Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7-н буудлын автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.М нартай харилцан зодолдож, улмаар Э.Мөнх-Эрдэнийг газар унаган чирч, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Г нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7-н буудлын автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч Э.Т нартай харилцан зодолдож, улмаар Э.Тын эрүү хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Гн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цорос овогтой Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Боржигон овогтой Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Б.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Б.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Э.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Ггөөс 3.061.150 төгрөгийг, шүүгдэгч Э.Таас 209.000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч Э.Т, Б.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие дээрх хэрэгт өөрийн үйлдсэн хэрэг болон хохирсон талаар гэм буруу болон зүйлчлэл дээр маргахгүй болно. Харин миний хохирсон гэх үйлдэлд миний хохирлыг анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолд “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогч Э.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэжээ. Миний бие өөрийн эмчилгээний зардал зайлшгүй хийлгэхгүй бол болохгүй. Хэрэв хийлгэхгүй бол миний нүүр, ам хэвээ алдаж, шүднүүд унах эрсдэлтэй тул “40.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх баримтыг хангалттай гаргаж өгсөн. Миний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг дээрх иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг уг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хэдийгээр эмчилгээгээ хийлгээгүй ч эмчилгээний зайлшгүй зардлыг нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх асуудалд дүгнэлт хийлгүйгээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисонд гомдолтой байна. Миний бие өөрөө дээрх 40.000.000 төгрөгийг урьдчилан төлж эмчилгээ хийлгэх ямар ч боломжгүй бөгөөд эрүүл мэндийн асуудал хугацаа алдаж, нүүрний маань хэв улам алдагдсаар байна. Миний бие одоогоор байгаа мөнгөө цуглуулж, ах дүү хамаатан саднаасаа зээлж, 8.000.000 төгрөгийн эмчилгээг өөрөө хийлгээд байна. Иймээс дээрх нэхэмжилж байгаа 40.000.000 төгрөгийг надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...40.000.000 төгрөгийн мэс засалд орох боломжтой гэсэн эмнэлгийн тодорхойлолтод үндэслэн баримтаар нэхэмжлээгүй, ирээдүйд гарах эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7-н буудлын автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.М нартай харилцан зодолдож, улмаар Э.Мөнх-Эрдэнийг газар унаган чирч, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Г нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7-н буудлын автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч Э.Т нартай харилцан зодолдож, улмаар Э.Тын эрүү хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Мөнх-Эрдэнийн “...2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг өнгөрч байхад гар хугархай найз Ган-Өлзийн хамт ... ТҮЦ-ээс тамхи авчхаад, тамхиа асаах гээд ... саарал өнгийн “Приус 20” маркийн машины хойд талын суудал дээр сууж байсан хүнээс цонхоор нь гал асуухад, “гал нэхдэг хэн бэ чи” гэж хэлсэн. ...Намайг нэг барилддаг бололтой том биетэй залуу нь ... хавсарч унагаасан. Тэгээд намайг асфальтан зам дээр чирсэн. Тэгээд нэг нь хацар руу өшиглөсөн. ...Гэмтэл учруулсан хүнийг би хараагүй, би нүүрээ дараад газар хэвтчихсэн байсан. ...” /хх 36/,

Э.Тын хохирогчоор өгсөн “...машин руугаа орох гэхэд нэг халимаг үстэй, цээжин дээрээ шивээстэй залуу миний зүүн талын эрүү хэсэг рүү нэг хатуу, хүйтэн зүйлээр цохисон ба тухайн үед миний нүд харанхуйлаад доошоо суусан. Тэгэхэд хэн нь мэдэгдэхгүй хүмүүс ирээд миний толгойн орой хэсэг рүү цохисон. Тэгэхлээр бид дөрөв зугтах гэхэд тухайн хүмүүс нь машины урд хашиж зогсоод явуулахгүй байсан. Тэгсэн цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...Одоо миний бие тухайн цээжиндээ шивээстэй залууд цохиулснаас болоод зүүн талын эрүү маань хугарч, зүүн талын мөр мөн нэг сонин болчхоод байгаа. ...Миний эрүү тухайн үед цээжиндээ шивээтэй, гараа хадуулсан гээд байсан залууд цохиулснаас болоод хугарчихсан юм. ...” /хх 40-41/,

гэрч Д.Буянхишигийн “...2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 7 буудлын эцэс дээр миний бие өөрийн найзууд болох Төгсбаяр, Ууганбаяр, Нямбаяр нар миний машинтай явж байгаад би ТҮЦ орох гээд машинаасаа буусан. Тэгсэн ТҮЦ-ний урд миний өмнө зогсож байсан залуу ТҮЦ-ээс худалдан авалт хийчхээд гараад явахдаа миний машин дээр очоод цонхоор юм яриад байх шиг харагдсан. Тэгээд би ТҮЦ-ээс тамхи, ундаа авчаад гараад иртэл зодоон болж байсан. Төгсбаяр, Ууганбаяр, Нямбаяр нар баахан хүмүүстэй зодолдож байхаар нь би гарч ирээд тухайн зодооныг салгасан. ...Төгсбаяр намайг цохичихлоо гээд амнаас нь цус гарсан байдалтай сууж байсан. ...” /хх 45/,

гэрч Б.Ууганбаярын “...2022 оны 7 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед би найзууд болох Буянхишиг, Төгсбаяр, Нямбаяр нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт байх ТҮЦ-ний урд зогсоод Буянхишиг нь ТҮЦ-рүү “тамхи авна” гэж хэлээд машинаас буугаад явахаар нь би Буянхишигийн араас нь бохь захих гээд машиных нь цонхыг доошлуулаад түүнийг дуудсан. Тэгтэл машины хажууд зогсож байсан цагаан өнгийн футболктой залуу “яасан гэнээ” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохиод авахаар нь би машинаас буусан бөгөөд тухайн залуутай барьцалдаад автал Төгсбаяр тухайн залуугийн араас тэвэрч газар унагаагаад дээр нь дараад суусан. Тэгсэн цаанаас хоёр гурван залуу гарч ирээд зодоон эхэлсэн. Тэгтэл нэг залуу намайг хөөгөөд байхаар нь би зугтаагаад гудамж руу ороод тойроод гараад иртэл Төгсбаярын амнаас нь цус гарчихсан сууж байхаар нь “яасан зүгээ рүү” гэхэд “намайг цохичихлоо” гээд сууж байсан. ...Тэгээд Төгсбаярыг аваад гэмтэл ортол түүний эрүү нь хугарчихсан, шүд нь уначихсан байсан. ...” /хх 47/,

гэрч Н.Анударийн “...ТҮЦ-ний урд манай нөхөр Ган-Өлзий нь газар уначихсан бөгсөөрөө газар суучихсан, харин Мөнх- Эрдэнэ нь харагдахгүй байхаар нь гүйгээд очтол манай нөхрийг 2-3 үл таних залуучууд дайраад цохиод байсан. Тэгээд би тэд нарыг “боль” гэж хэлж салгаад, “цагдаа дуудна” гээд байж байтал цаанаас Мөнх-Эрдэнийн нүүрнээс нь цус гоожсон байдалтай гараад ирсэн. Тэгсэн удалгүй цагдаагийн алба хаагч нар хүрээд ирсэн. Тухайн зодооны дараа Мөнх-Эрдэнийг аваад гэмтлийн эмнэлэг ортол нэг залуу нь “манай найзын эрүү нь хугарчихсан байна” гэх зүйл яриад явж байсан. ...Манай нөхөр Ган-Өлзий нь 2022 оны 6 дугаар сард баруун гараа гэмтээгээд хадуулж байсан. Намайг очсоны дараа Ган-Өлзий нь бол хүн цохиж зодсон зүйл гаргаагүй. ...Миний биед болон манай нөхөр Ган-Өлзийн биед нээх гэмтэл шарх гэх зүйл учраагүй. Мөнх-Эрдэнийн биед учирсан гэмтлийг тухайн залуучууд учруулсан, учир нь тэр зодоон болохоос өмнө түүний биед ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл учраагүй, зүгээр байсан. ...” /хх 50/,

Шинжээч П.Ханхүүгийн “...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Э.Тын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Тухайн өдрийн Гэмтлийн эмчийн үзлэгт эрүү ясны далд хугарал, тархи доргилт оношлогдсон эмнэлгийн бичиг баримттай байсан. Тухайн оношийг тодруулж, нягталж үзэхэд эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдсон ба үзлэгээр тархи доргилтын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул дүгнэлтэд тусгаагүй. ...Төгсбаярын биед учирсан эрүү, ясны зүүн булангийн зөрүүтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин хүзүү, цээжний цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Э.Мөнх-Эрдэнийн биед учирсан баруун хацарт шарх, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн /хх 65, 67-68/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Мөнх-Эрдэнийн биед баруун хацарт шарх, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимад цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 10760 дугаартай /хх 54-55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Тын биед эрүү ясны зүүн булангийн зөрүүтэй далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завжны цус хуралт, хүзүү цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн 10186 дугаартай /хх 57-58/ шинжээчийн дүгнэлтүүд,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 83-85/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Э.Т нь хохирогч Э.М нартай үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдсоны улмаас хохирогч Э.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Г нь хохирогч Э.Т нартай үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдсоны улмаас хохирогч Э.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Гн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хэдийгээр хохирогчоос шүүхэд нэхэмжлэх, тодорхойлолт, хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой бөгөөд гагцхүү уг баримтыг бодитоор үнэлэх үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх учиртай.

Шүүгдэгч Э.Т нь “хохирол төлбөрт 40.000.000 төгрөгийг гаргуулах” талаар давж заалдах гомдол гаргаж, “Багануур дент” ХХК-ийн нэхэмжлэл хавсарган хэдий ч “Багануур дент” ХХК-д эрүү, нүүрний гажиг заслын эмчилгээ хийх эрх олгосон эсэх, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг талаарх баримтгүйгээс гадна шүүхээс уг баримтыг бодит үнийн дүн мөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Тт эмчилгээ хийгдэж эхлээгүй атлаа “48 сарын чангалгааны төлбөр 4.800.000” гэсэн нь ойлгомжгүй, бодитой бус байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж, шүүх хохирогч Э.Тын нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг анхан шатны шүүх тогтоолдоо заасан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Тын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд шүүгдэгч Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/691 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ