| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00076/И |
| Дугаар | 305/ШШ2025/00227 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 305/ШШ2025/00227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******** аймгийн ***** сумд оршин суух Д.Р, Ц.Д нарын нэхэмжлэлтэй
хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.Р, Ц.Д нар нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.Р, Ц.Д бид хоёр 2012 онд танилцаж улмаар 2014 оны 07 сарын 12-ны өдөр хурим найраа хийж хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй юм. 2015 онд охин М-г төрүүлсэн. Бид тус аймгийн ***** сумд 2014 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд Ц.Д малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малчны А данс өрхийн тэргүүн Д.Р-ын нэр дээр гардаг, мөн гэрлэлтийн баталгаа байхгүй учраас малчнаар ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд биднийг 2014 оны 07 сарын 12-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нараас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Р.М-н төрсний бүртгэлийн лавлагаа,
-******* аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 256 дугаар лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн Д.Р-н 2014-2015 оны малын А данс,
-Д.Р-н 2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримт,
-Хаан банкны зээлийн гэрээний хуулбарууд,
-******* аймгийн ***** сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5 дугаар тодорхойлолт,
-гэр бүлийн гэрэл зураг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.Р, Ц.Д нар нь 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Д.Р, Ц.Д нар нь 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болох нь:
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаартай Ц.Д-н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “эцгийн овог нэр Д.Р, эхийн овог нэр Ц.Д, хүүхдийн овог нэр Р.М эмэгтэй, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрснийг ****** аймгийн ***** сумын ***** дугаарт 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Д.Р-н 2014-2015 оны малын А данс,
-Д.Р-н 2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогод өрхийн тэргүүн Д.Р, ам бүл 3, малчдын мэдээлэл Д.Р, Ц.Д гэж бүртгэгдсэн,
-Хаан банкны зээлийн гэрээний хуулбаруудад зээлдэгч Р, хамтран үүрэг гүйцэтгэгч Д гэж гарын үсэг зурсан,
-****** аймгийн ***** сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5 дугаар “Д.Р нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тус сумын ****** багт Ц.Д-тэй 2014 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,
-гэр бүлийн гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
4. Иймд Д.Р, Ц.Д нарыг 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Р, Ц.Д нарыг 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА