2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/02360

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *** дүгээр хороо, **** гудамж, *** байр, *** тоотод оршин суух Э.О /рд:****************/,

Хариуцагч: *** дүүрэг, *** дүгээр хороо, **** гудамж, *** байр, *** тоот оршин суух Б.У /рд:***********/

Нэхэмжлэлийн шаардлага: 24,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч Э.О,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

гэрч Х.А, Ч.Х,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.О- нь хариуцагч Б.У-д холбогдуулан 24,060,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2024 оны 6 дугаар сард Forester сонирхогчдын групп фэйсбүүк зарын дагуу иргэн Б.Э.ОУ-гийн нөхөр гэх Ч.Х-тай уулзаж ярилцаж, 2008 оны Subaru Forester маркийн мөнгөлөг өнгөтэй 3109 УНД дугаартай автомашиныг 18,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Анх автомашиныг худалдан авахад худалдагч тал бүх үйлчилгээ засвар хийсэн ямар ч асуудалгүй гэж байсан боловч худалдан авснаас хойш 7 хоногийн дараа машин хааз авахгүй болсон. Ингээд машины тос маслогийн нь засварын газраар солиулсан боловч ямар ч дүн гараагүй учир худалдагч талд энэ тухай мэссэж бичихэд шулуун замд гишгээд үз тос масло ус халсан үед араа шилжилт зүгээр дээ гэсэн хариу бичсэн байсан. Гэтэл шулаан замаар унаж үзэхэд 80 км-ээс дээш гарахгүй байсан. Засварын газарт очиж үзүүлсэн чинь турбо нь шатсан гэж хэлсэн. Турбо солиулахад 1,600,000 төгрөгийн зардал гарсан. Турбо солиулснаас хойш 10 хоногийн дараа унаад явж байтал моторын chek engine гэрэл нь ассан учир машиныг хот руу ачуулаад засварчнаар оношлуулахад моторын духны ремен тасарснаас клапан, поршин цохиж моторын доод эд анги гэмтсэн гэж оношилсон. Духны сэт, араануудыг солиход 1,900,000 төгрөг, моторын поршин солиулахад 1,300,000 төгрөг, ачилтын зардалд 120,000 төгрөг, нийт 3,320,000 төгрөг болсон. Худалдагч тал анх худалдахдаа духны сэт үйлчилгээ бүрэн хийгдсэн гэж байсан боловч духны ремен тасарснаас дээрх хохирол учирсан. Э.ОУ-гийн нөхөр гэх Ч.Х-тай машины дээрх доголдлын талаар мэдэгдэж утсаар холбогдох гэсэн боловч бидний утсыг блок хийсэн байсан. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 18,300,000 төгрөг, мөн учирсан хохиролд засвар үйлчилгээний зардал 5,040,000 төгрөг, машин ачилтын зардалд 720,000 төгрөг, нийт 24,060,000 төгрөг гаргуулна гэжээ.          

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчэээс худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгө болон хохиролд тооцож нийт 24,060,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие анх 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлд дурдсан Субару Форестер /SH5/ маркийн тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр импортоор орж ирсэн, улсын дугаар аваагүй байхад худалдан авч, гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд ашиглаж байгаад мөнгөний хэрэг гарсан тул зарахаар шийдэж энэ оны 6 дугаар сард зар оруулсаны дагуу иргэн Э.О- холбогдож, худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг тээврийн хэрэгслийн тухайд урьд өмнө ямарваа нэг аваар осолд орж байгаагүй, эвдрэл гэмтэлгүй, жил бүр тогтмол урсгал засвар үйлчилгээг хийж ирсэн бөгөөд Монгол улсын хилээр нэвтэрснээс хойш зургаа гаруй жил унаж техникийн тодорхойлолтын дагуу замын хөдөлгөөнд зориулалтаар оролцож, жил бүрийн техникийн хяналтын үзлэгт оруулж, татвар болон бусад төлбөрийн үлдэгдэл, эрхийн доголдолгүй байсан үйл баримтыг нэхэмжлэгч мэдэж байсан. 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Э.О- болон түүний нөхөр зарын дагуу ирж уулзахад уг машины анх хэзээ орж ирсэн, ямар эвдрэл гэмтэл гарч байсан зэргийг манай нөхөр Ч.Х- нэхэмжлэгчид тодорхой хэлж танилцуулсан. Үүнд: Тухайлбал тухайн тээврийн хэрэгслийн явах эд анги солиулсан хугацаа цаашид солиулахад анхаарах зүйлс, Субару форестер SH5 маркийн автомашины EJ20 загварын турбо хөдөлгүүрийн онцлог, тос тосолгоо, арчилгааны талаар нэхэмжлэгч түүний нөхөрт зөвлөсөн. Зар тавих үеийн мэдээлэлд дурдснаар моторын духны ременийг 2022 оны 8 дугаар сард солиулсан, цаашид духны ременийг моторын духны тагийг тайлж элэгдэл хорогдолд орсон эсэхийг шалгаж байхыг зөвлөөд хөдөлгүүрийн турбо нь 2023 оны 7 дугаар сард эвдэрсний улмаас TD04 гэх загварын хуучин орж ирсэн задаргааны сэлбэгийг солиулж тавьж байсан мэдээллийг үнэн зөвөөр хэлж өгсөн бөгөөд тухайн машины сервисийг Х.Амгаланбаатар гэх 89191819 дугаартай Сүхбаатар дүүргийн 6 буудал орчим байх Субару автомашины дагнасан засварчин хүнээр хийлгэж байсан зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой боломжит бүхий л тодорхойлолт, техникийн нөхцөлийг тайлбарлаж өгсөн байдаг. Хэрэв уг эвдрэл байсан бол нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслийг шалгаж хүлээж авах үедээ мэдэх боломжтой байсан тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан засвар хийлгэсэн, тээврийн хэрэгслээ ачуулсан гэх нь түүний эзэмшилд аль хэдийн шилжсэнээс хойш хугацаанд үүссэн асуудал байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

  

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх 6-9/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10-13/, мэссэж зураг /хх 14-15/, зураг /хх 16/, Төлбөрийн баримт гэх гараар бичсэн баримт /хх 41, 49/, Автомашины үйлчилгээний дэвтэр /хх 42/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 43-44/, зураг /хх 45-46/, Хүлэг засвар үйлчилгээний төвийн нэрийн хуудас /хх 47/, Зарлагын баримт /хх 48/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх 58/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хх /98-102/, мэссэж зураг /хх 123-124/, зураг /хх 125/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх 126-129/.    

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 23-24/, итгэмжлэл /хх 25/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 26/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх 27/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх 28/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 32/, итгэмжлэл /хх 39/, 

 

5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх 78-94/, Б.П /хх 113-114/, Б.А /хх 115-118/, Ж.Б /хх 119-122/ нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвийн 286 тоот албан бичиг, хавсралт /хх 68-76/, гэрч Х.А, Ч.Х- нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч Э.О- нь хариуцагч Б.Э.ОУ-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 18,300,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 5,760,000 төгрөг, нийт 24,060,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйгэсэн. Үүнд: Эрхийн болон биет байдлын доголдолгүй автомашин шилжүүлсэн, уг эвдрэл байсан бол нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслийг хүлээж авах үедээ мэдэх боломжтой байсан, мөн засвар хийлгэсэн, тээврийн хэрэгслээ ачуулсан зардал нь түүний эзэмшилд автомашин шилжсэнээс хойш хугацаанд үүссэн асуудал гэж үгүйсгэж байна.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

4.1. Хариуцагч нь *** УНД улсын дугаартай, Subaru Forester /Субару Форестер/ маркийн автомашиныг 18,300,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь уг автомашиныг хүлээн авч, төлбөрт 18,300,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр талууд 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Талуудын дээрх тохиролцооноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлцлийн нэг төрлийн хэлбэр болох амаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нь *** УНД улсын дугаартай, Subaru Forester /Субару Форестер/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 18,300,000 төгрөгийг хариуцагчид тус тус шилжүүлж, гэрээний зүйл болох автомашиныг хүлээн авах үүрэгтэй.

 

Гэрээний зүйл болох *** УНД улсын дугаартай, Subaru Forester /Субару Форестер/ маркийн автомашины эзэмшигч нэхэмжлэгч Э.О- болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна.

 

4.2. Хариуцагч нь гэрээний зүйл болох дээрх автомашиныг шилжүүлсэн, нэхэмжлэгч  автомашиныг хүлээн авч, 18,300,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй. Харин худалдах-худалдан авах гэрээний зүйл болох автомашины доголдлын талаар маргаж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Худалдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгсөнөөс хойш доголдол илэрсэн бөгөөд худалдан авагч уг доголдол нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед үүссэн байсан гэдгийг нотолж чадсан тохиолдолд Иргэний хуулийн 254, 256 дугаар зүйлд заасан шаардах эрхийг хэрэгжүүлж болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд заасан байна.

 

4.3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл буюу *** УНД улсын дугаартай, Subaru Forester /Субару Форестер/ маркийн автомашин биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, хэрэгт авагдсан гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Наадамын өмнө хамт явахаар тохиролцож, 5 цагийн үед Архангай аймаг руу ороход 4-5 км дутуу байхад Оюун-Эрдэнэ над руу залгаж, манай машин Хотонт ойролцоо явж байгаад гэнэт зогсчихлоо” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ын “...Турбог солиулчихсан болохоор хэсэгтээ гайгүй, асуудалгүй байх гээд Наадамын баяраар Архангай аймаг руу явсан. 400 км яваад машин унтарсан” гэх мэдүүлгээр хариуцагч Б.Э.ОУ-г Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасны дагуу ердийн зориулалт, ашиглалтад нийцэх дундаас доошгүй эд зүйлийг нийлүүлсэн гэж үзэхээр байна. Мөн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл гэрээний зүйл болох автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн нөхцөл байдал тогтоогдож байхаас гадна автомашиныг доголдолтой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

4.4. Нэхэмжлэгч Э.О- нь эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй боловч гэрээнд заасан автомашиныг хүлээн авч, өөрийн эзэмшилд шилжүүлэх үед Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар доголдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байхаас гадна хариуцагч нь доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан гэж үзнэ. 

 

4.5. Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 18,300,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 5,760,000 төгрөг, нийт 24,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Э.ОУ-д холбогдох, 24,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРСҮРЭН