| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2020/01554/и |
| Дугаар | 61 |
| Огноо | 2021-06-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 61
“АЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч “М” ХХК-нд
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/00359 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “АЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-нд холбогдох,
“Гэм хорын хохирол 14.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Буяндаваа /Улаанбаатар хотоос онлайнаар/ нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч “АЭ’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани 2015 оны 06 дугаар сард “М” ХХК-тай тос тосолгооны материал, аккумлятор, сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 14.000.000 төгрөгийн үнэ бүхий 401-00023А 1 травел мотор маркийн экскаваторын сэлбэгийг худалдан хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч тал төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул манай компани шүүхийн журмаар гэрээний төлбөр гаргуулахаар тус шүүхэд хандсан хэдий ч хариуцагч тал гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 142/ШШ2016/01371 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.10-ний өдрийн 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.03.21-ний өдрийн 00315 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1-д “М” ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг нэхэмжлэгч ‘ АЭ” ХХК-д буцаан олгохоор заасан. “АЭ” ХХК нь Улсын дээд шүүхийн 2017.03.21-ний өдрийн 315 тоот тогтоолын дагуу “М” ХХК-ийн захирал М.Лханаад холбогдуулан 401-00023а травел мотор маркийн экскаваторын сэлбэгийг гаргуулахаар тус шүүхийн 548 тоот шийдвэр гүйцэтгэлийн хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2017 оны 11 дүгээр сард тус шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Магвансүрэнгийн хамт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар “М” ХХК-ийн захирал М.Лханаагийн эзэмшилд байгаа 401-00023а травел мотор маркийн экскаваторын сэлбэгийг очиж үзэхэд сэлбэгийн ихэнх хэсэг нь дутуу, бүрэн хэмжээгээр ашиглах ямар ч боломжгүй байсан тул бид тухайн сэлбэгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авах боломжгүй хэмээн үзэж шийдвэр гүйцэтгэлийн хуудсаа буцаан авсан. Нэгэнт “М” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу манай компанид худалдан авсан тоног төхөөрөмжөө биет байдлын доголдолгүй эргүүлэн өгөөгүй, түүний эзэмшилд байгаа тоног төхөөрөмж нь ашиглагдах боломжгүй болтлоо тоногдсон байх тул Иргэний хуулийн 9.4.4-д заасныг удирдлага болгон тоног төхөөрөмжийн хохиролд 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М" ХХК-ийн захирал М.Лханаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч "АЭ" ХХК 2016 онд манай ХХК-аас моторын үнэ гэж 14.0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасанчлан "нэхэмжлэлд дурдсан үйл баримт,зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн...шийдвэр....байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай. 3. 401-00023А мотор нь шингэнээр ажилладаг бөгөөд ийм мотор буюу хөдөлгүүрт алдагдах сэлбэг гэж байдаггүй бөгөөд том цул төмөр бөгөөд шингэн 2 нүхтэй.дээрээ хэдэн боолтын нүхнүүдтэй байдаг.тоногдох 14.0 сая төгрөгийн өртөг бүхий эд анги байхгүй юм. 4.Өмнөх нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад маргаан бүхий моторт үзлэг хийлгэхийг хүсэж хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй юм гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/00359 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-аас 2.117.330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЭ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11.882.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 48.827 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЭ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-04-08-ны өдрийн 142/ШШ2021/00359 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх 2021-04-08-ны өдрийн хурлаараа "АЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д хариуцагдах Гэм хорын хохиролд 14.0 сая төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд хариуцагч “М”ХХК-аас 2.117.330 төгрөгийг гаруулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн хотлох баримтуудад ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасан үндэслэл журмын дагуу бодит дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч "АЭ” ХХК-ийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоод байгаа “Тос,тосолгооны материал,аккумлятор,сэлбэг нийлүүлэх" гэрээнээс харахад гэрээний гол нөхцөл болох худалдаж байгаа барааны нэр,төрөл,тоо ширхэг,чанар,үнэ,төлөх хугацаа" зэргийг харилцан тохиролцоогүй гэрээг гол нотлох баримтаа болгож байгаа дээр "бараа материалын борлуулалтын падаан”-аар хариуцагч ХХК-ийн захирал М.Лханаад ямар бараа материал хүлээлгэн өгсөн нь тодорхой бусын зэрэгцээ хариуцагч талын бараа хүлээж авсан хүний гарын үсэг байхгүй байгаа зэргүүдээс харахад маргааны гол зүйл болох мотор чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхой бус байгаа юм. Энэ маргааны зүйлийг өмнө нь шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэр хэрэг дотор байхад моторын үнийг хохирол гээд ороод ирэхээр хохирол учруулсан юм байна гээд шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Энэ хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрээр маргааны гол зүйл болох моторыг хариуцагч хэд хэдэн удаа моторыг нь ачаад нэхэмжлэгч ХХК дээр очиход хүлээж авалгүй буцааж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. “М”ХХК-ийн захирал М.Лханаа анхнаасаа мотороо буцааж ав гэж байсан болохоос моторыг нь экскаватортоо тавьсан мөнгийг нь төлөх талаар огт ярьж байгаагүй бөгөөд /тухайн үед/нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Пүрэвдоржид 2 удаа Орхон аймагт ирэхэд нь сэлбэгийг түүнд хүлээлгээд өгөх гээд ч хүлээж авалгүй явсан болох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нотлогдох юм. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд шийдвэрээ гаргачихсан байхад дахин нотлох баримтуудыг үнэлэх хууль зүйн үндэслэл байхгүй шүү дээ. Иймд:Дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж нэхэмжлэгчийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч “АЭ” ХХК нь МХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-аас 2.117.330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЭ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11.882.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “М” ХХК-ийн захирал М.Лханаа нь “АЭ” ХХК-иас 401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийг худалдан авчээ.
“АЭ” ХХК нь хариуцагч “М” ХХК-иас төлбөрийн үүрэг болох 16.600.200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1371 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 00315 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 00315 дугаартай тогтоолоор ...хариуцагч “М” ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн моторыг нэхэмжлэгч “АЭ” ХХК-д буцаан олгохоор заажээ.
“АЭ” ХХК нь моторыг буцааж авахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэсэн боловч тухайн моторыг дахин ашиглах боломжгүй гэж үзэн гүйцэтгэх баримт бичгийг буцаан авчээ
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ. Дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн Dooson Travel 401-00023А маркийн хөдөлгүүр нь гадна харагдах байдлын иж бүрдлийг өөрчилсөн байна, Хөдөлгүүрийн бэхэлгээний боолтны нүхнүүд сунасан, боолт уг хэсгээрээ хугарсан, хажуу хацар хэсэг дотогш хонхойж зурагдсан, хөдөлгүүрийн дунд хэсэгт гол холбож ширээлт хийсэн /гагнасан/ зэрэг гэмтлүүдтэй байна, Хөдөлгүүрийн дунд хэсэгт гол холбож гагнасан, бэхэлгээний боолтны нүх сунасан, ирмэг сэтэрсэн, нэмэлт өөрчлөлт хийсэн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...401-00023А travel motor маркийн эксковаторын сэлбэгийн үнэ 3 320 ам.долларыг тухайн үеийн ханш болох 1 877.91 төгрөгөөр тооцож, 6.234.661.төгрөг болсоноос хариуцагчийн урьд нь төлсөн 2.000.000 төгрөгийг хасч, хариуцагч эвдрэлтэй боловч моторыг буцааж хүлээлгэн өгсөн байх тул 4.234.661 төгрөгийн 50 хувь болох нийт 2.117.330 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.882.670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ...” гэж хэргийг хянан шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь “...нэхэмжлэгчийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48.827 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2021/00359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48.827 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР