Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Н.Мөнгөнсүх,

Иргэдийн төлөөлөгч: Б.Нарангарав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Номин,

Хохирогч: Б, түүний өмгөөлөгч А.Б, 

Шүүгдэгч: Г.А, түүний өмгөөлөгч Г.Б, О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 1709000000031 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, регистрийн дугаар ..., .... овогт Г.А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдын гүүрэн дээр иргэн Ц.Н-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг багалзуур орчим нь цохиж гүүрэн дээрээс унагааж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: Би энэ гэмт хэргийг үйлдээд ахынхаа амь насыг хохироосонд маш их харамсаж байна. Өмнө нь бид 2 хуурай ах дүү байсан. Би тухайн үед группын мөнгөө авах гээд явж байгаад талийгаач руу утсаар яриад явж байтал Ө ахтай тааралдсан. Тэгээд тэндээ нэг шил архи уусан. Архиа ууж дуусаад дэлгүүр ороод 7 буудлын очдог газраа очтол нөгөө 2 маань байхгүй байсан. Тэнд 2 танихгүй хүн байхаар нь авсан архинаасаа нөгөө хоёрт талыг нь өгөөд Даваа руу залгатал “очиж байна” гэсэн. Тэгэхээр нь шил архиа нөгөө хоёртойгоо хувааж уучихаад явж байтал миний араас Даваа ирсэн. Тэгээд дэлгүүрээс дахиад архи аваад уусан. Би тухайн үед их согтолттой байсан. Миний буруутай үйлдлээс болоод Нямаа ах маань нас барсан. Би хэргээ хүлээж байна. Ар гэрээс нь санаа зовж байна. Би их харамсаж байна. Бид нар гудамжаар тэнээд байдаг байсан хүмүүс бишээ. Манай ахын охиных нь ганц зээ байдаг юм. Тэрэндээ “хадгаламж нээгээд өгье” гээд манай ах маань их ярьж байсан болохоор хүслийг нь гүйцээгээд би 100.000 төгрөгөөр Хас банкинд хадгаламж нээлгэж өгөх гэсэн юм. Хорих 461-р ангид хоригдож байхад надад харвалт явагдсан. Тэгээд үр хүүхдүүддээ хандаж хэлэхэд хань ижлийнхээ үгэнд сайн орж байгаарай гэж хэлмээр байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ө мэдүүлэхдээ: Би А-с 9.394.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс нийтдээ 4.500.000 төгрөгийг авсан. Манай 2 хүүхэд оюутан. Манай нөхөр группийн зээл аваад оюутандаа өгсөн байсан. Манай гэр эдийн засгийн хувьд маш их хэцүү байна. Миний үлдэгдэл төлбөрийг өгчихвөл зүгээр байна. Манай нөхрийн 1 нүд нь харахгүй, 1 нүд нь 50 хувийн хараатай байсан. Тухайн үед энэ хэргийн тухай сонсоод хүнд цохилтонд орсон. Одоо нөхрийгөө өнгөрсөн гэдгийг цаг хугацаа өнгөрсөн болохоор хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд үлдэгдэл мөнгөө өгчихөөрэй гэж хэлмээр байна. Одоо нэгэнт ийм зүйл болсон учраас хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ө /1-р хх-ийн 26-29/, гэрч Н. /1-р хх-ийн 31-35/, насанд хүрээгүй гэрч Г. /1-р хх-ийн 39-40/, гэрч П /1-р хх-ийн 36-38/, гэрч Т. /хх-ийн 43/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8769 тоот дүгнэлт /1-р хх-ийн 80/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-9/, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 896 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 100-101/, шүүгдэгч Г.А-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 142/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдын гүүрэн дээр иргэн Ц-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг багалзуур орчим нь цохиж гүүрэн дээрээс унагааж алсан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хоёр 16 цагийн орчимд долоон буудал дээр буугаад доош Сувдын гүүр лүү явж байгаад гүүрнээс хойш Сэлбэ гол руу харахад Алтансүх шонгийн модны хажууд 3 хүнтэй сууж байсан. Нямаа ах блокон балгасны орчимд суугаад намайг “А-ийг очоод аваад ир” гэхээр нь А дээр очоод “Н ах дуудаж байна явья” гэтэл “та хоёр явж бай” гэсэн. Буцаж Нямаа ах дээр очоод “бид хоёрыг явж бай гэнээ” гэсэн чинь Нямаа ах “очоод А-ийг аваад ирээ” гэхээр нь буцаад А дээр очоод “Нямаа ах явья гээд байна” гэтэл “та хоёр явж бай” гээд байсан. Нямаа ах бид 2 гүүрэн дээгүүр явж байтал араас А ирээд надад уурлаад үгийн зөрүүгүй миний багалзуур луу түлхээд гүүрний хаалтан дээгүүр давуулж унагангаа алдсан. Нямаа ах миний хөлнөөс татаж буулгасан. Тэгээд Нямаа ах “Чи явж бай, явж бай бид 2 учираа олчихно” гээд байсан. Би гүүрэн дээгүүр явж байгаад эргээд хартал А ах Нямаа ахын багалзуурыг гараараа шахаад гүүрний хаалтан дээр нуруугаар нь дарж байгаад гүүрнээс унагаасан. Би гүүрнээс бууж 15 дугаар хороо талын далан дээрээс Нямаа ахыг харахад хөдлөхгүй хэвтээд байсан. Би А-ийг “чи хүн гүүрнээс түлхчихлээ ш дээ” гэтэл А долоон буудал тал руу гүйж гүүрнээс буугаад ус туулж Нямаа ах дээр очоод цээжийг нь өндийлгөөд толгойг нь сэгсрээд байсан. Би 103 руу залгаж түргэн дуудсан. Түргэн их хурдан ирсэн. Би түргэнтэй цуг Нямаа ах дээр очиход эмч “наад хүн чинь өнгөрчихсөн байна цагдаа дууд гэсэн” ...Алтансүх өөдөөс нь хараад 2 гараараа багалзуурдаад түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-35/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэр лүүгээ харихаар долоон буудлын эцэс дээр буугаад Сувдын гүүр гараад цаашаа буух санаатай алхаж байтал гүүрэн дээр намхан хэрнээ махлаг 50 орчим насны нэг ах гүүрний хойд талын хашлаганы хажууд зогсож байсан. Би урьд нь ерөөсөө харж байгаагүй ах байсан. Тэгээд би хажуугаар нь зөрөөд явах гэтэл над руу хараад “түргэн дуудаад өгөөч ээ” гээд орилсон. Тэгээд тэр ахын хажууд очоод доошоо тонгойгоод харсан чинь гүүрний доор доошоо хараад нэг эрэгтэй хүн уначихсан байсан. Тэгэхээр нь би өөрийн 88811232 дугаарын утаснаас 103 руу залгаж “гүүрэн дээрээс хүн уначихсан байна” гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/,

Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэрээсээ гараад дэлгүүр явж байхад улаан цамцтай хүүхнийг нэг эрэгтэй толгойг нь унжуулаад дарчихсан юм шиг харагдсан. Цэнхэр өмдтэй эрэгтэй хүн хөлнөөс нь татаж зуурчихсан юм шиг харагдсан. Тэр хүүхэн “би уналаа ш дээ” гээд орилж байсан. ...Тэгээд би гэртээ байж байгаад гараад ирсэн чинь нөгөө цэнхэр өмдтэй залуу унаад нас барсан бололтой түргэн ирээд үзэж байсан. ...Цагдаа ирсэн байхад улаан хувцастай хүүхэн нь “чи тэгээ биз дээ” гээд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-38/,

Гэрч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  ...дуудлага дээр 16 цаг 16 минутанд очиход гүүрний хойд хэсэгт толгой нь хойшоо хараад дээшээ харсан 50 орчим насны эрэгтэй нас барсан байсан. Тэгээд анхны үзлэг хийхэд нас барчихсан байхаар нь өөрийн 97030039 дугаарын утаснаас 102 дугаарын цагдаагийн бүрэлдэхүүн дуудаад иртэл нь хүлээж байгаад цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгөөд явсан. Уг дуудлагын дагуу очиход талийгаачийн хажуугаас 50 орчим насны эрэгтэй хүн босож байсан. Цамцных нь урд хормой цус болчихсон байхыг хараад би талийгаачид ойртож очсон байна гэж бодсон. ...Тэр үед улаан куртиктай эмэгтэй нь нөгөө залуу руугаа хандаж “чи түлхээ биз дээ” гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43/,

Хохирогч Б.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд намайг 15 цаг 30 минутанд гэртээ ирэхэд О надад “Хүүе Нямаа ах гэртээ утсаа үлдээгээд явчихаж, олон удаа дуугарсан ш дээ. Би нэгжийг нь унагаад яахав гээд аваагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд намайг байж байхад 16 цаг 02 минутанд 89555350 дугаарын утаснаас манай нөхөр Н-ийн гар утсанд дуудлага ирсэн. Тэгэхээр нь утсыг аваад ярьтал “пизда минь чи яагаад Нямаа ахын утсыг авчихсан юм” гэхээр нь би урдаас нь “чи юу яриад байгаа юм бэ, утсаа гэртээ орхичихсон байна аа, би авгай нь байна ш дээ, чи хаана яваа юм бэ, Чи яахаараа Нямааг дандаа уруу татаж байдаг юм бэ” гэсэн чинь “өө та авгай нь юм уу” гэж хэлээд чимээгүй утсаа тасалчихсан. Тэр хүн бол А гэдэг хүн байсан. А тухайн үед архи уучихсан л байсан байх гэж би бодож байгаа. Архи уучихсан учраас над руу тийм авир гаргаж ярьж байна гэж бодсон. ...Тэгж байтал 18 цаг 10 минутын үед байх манайд 2 цагдаагийн албан хаагч орж ирээд “та яаралтай хэлтэс орноо” гэхээр нь яасан юм бол гээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд А 3 давхарын өрөөнд байсан. ...Талийгаачийн оршуулгын зардалд ...нийтдээ 9.394.070 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1799 дугаар дүгнэлт: “...Талийгаачийн биед дагзны яснаас дээш суман заадас хүрч суман заадасны арын хэсэг салсан 11.5 см урт шугаман хугаралтай, дагзнаас доош суурийн түвшинд 2 салаалж нугасны том нүх хүрч 2.5x1.7 см, 2x1.2 см сэлтэрхий үүсгэсэн хугарал, нугасны том нүхнээс урагш нугасны том нүхнээс баруун чулуулаг яс хүрсэн, мөн суурь ясны голоор үргэлжилж турк эмээл хүрсэн хугарал, баруун, зүүн тал бөмбөлөгийн чамархай, хажуугийн ховдлын дээд хэсэг, дагз, чамархайн суурийн хэсэгт тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалттай, баруун зүүн чамархайн суурийн хэсэгт тархины эдийн няцрал, хүзүүний 6 дугаар нугалам, сээрийн 4 дүгээр нугаламын бяцарсан хугарал, өвчүү ясны хөндлөн шууд хугарал, баруун 4-5 дугаар хавирганы шууд бус хугарал, орчны зөөлөн эдийн цус хуралт, нүүр хүзүү, бүсэлхий, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн дээрх гавал тархи, хүзүү, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна. Талийгаач нь 172 см урттай байна. Цээжний тойрог 95 см. Жин нь олон улсын биеийн жинг олох томъёогоор ойролцоогоор 68 кг байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8769 дугаар дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Хэргийн газраас хураан авсан гэх марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь №8669 дугаартай Ц.Н гэж хаяглагдсан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газраас хураан авсан гэх марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь №8717 дугаартай Г.А гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 80/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-11/,  цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-16/, хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20/ зэрэг нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал маргаан үүсгэх, улмаар хүний амь нас эрсдэх хүртэл нөхцөл байдлыг бий болгосон байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон гэм буруугийн хэлбэрийн хувьд эргэлзээтэй байгаа, мөн хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг тогтоох, 10.000 төгрөгөөс үүсэлтэй асуудлыг шалгах, гэрч Н.Д согтуу байсаныг тогтоох, түүнийг талийгаачийн амь насыг аврах үйлдэл хийгээгүй...” зэрэг асуудлыг шалгах шаардлагатай байсан...” гэсэн  хоёрдмол агуулга санал гаргасан байна. Дээрх саналууд нь нэг талаар шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай боловч нөгөө талаар агуулын хувьд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал гаргасан гэж үзэхээр байх бөгөөд энэхүү саналуудыг дараах байдлаар хүлээн авах боломжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно...” гэж заасны дагуу  урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй бөгөөд шүүх нэгэнт гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулсан тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдын гүүрэн дээрээс шүүгдэгч Г.А-ийн талийгаач Ц.Н-ийг түлхэж унагаасан үйлдлийн улмаас талийгаачийн биед гавал тархи, хүзүү, цээжний хавсарсан гэмтэл учирч хүний амь нас хохирсон үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Н.Д-ийн “...би гүүрэн дээр явж байгаад эргээд хартал А ах Н ахын багалзуурыг гараараа шахаад гүүрний хаалтан дээр нуруугаар нь дарж байгаад гүүрнээс унагаасан...”, насанд хүрээгүй гэрч Г.Х-ын “...тэр ахын хажууд очоод доошоо тонгойгоод харсан чинь гүүрний доор доошоо хараад нэг эрэгтэй хүн уначихсан байсан...”, гэрч П.Б-ийн “......Тэгээд би гэртээ байж байгаад гараад ирсэн чинь нөгөө цэнхэр өмдтэй залуу унаад нас барсан бололтой түргэн ирээд үзэж байсан...” гэрч Т.М-ын “...тэр үед улаан куртиктай эмэгтэй нь нөгөө залуу руугаа хандаж “чи түлхүү биз дээ” гээд дайраад байсан...” зэрэг бичгийн нотлох баримтуудаар ийнхүү талийгаачийг түлхэж унагах үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас хүн гэмтэж амь нас эрсдэж болзошгүйг мэдсээр байж зориуд хүргэсэн байдлаараа өмгөөлөгч нарын дурьдсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагдах бөгөөд шүүгдэгч Г.А нь “хүнийг санаатай алсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болсоныг дурьдах нь зүйтэй.

Яллах талын нотлох баримт болох хэрэг учрал болсон үеийн камерын бичлэг болон дээрх гэрчүүдийн мэдүүлэгээс үзэхэд хүсэлтэд дурьдагдсан бусад асуудлуудыг шалгах шаардлагагүй бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлын зохих хэсгийг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.А нь хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогч Б.Ө нь талийгаач Ц.Н-ийн оршуулгын болон бусад зардалтай холбогдох нийт 9.394.070 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шатанд  шүүгдэгч талаас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно...” гэсэн заалтын дагуу гаргасан хүсэлтийг үндэслэн 5 хоногийн завсарлага өгсөний үндсэнд хохирогчид үлдэх 4.894.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Хохирогч Б.Ө нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хэдийгээр шүүгдэгч талаас хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж шүүгдэгч Г.А оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх дээрх журмыг баримтлах шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журам нь шүүхэд үүрэг болгосон заалт бус харин уг журмыг хэрэглэх эсэх нь шүүхэд эрх олгосон эрх хэмжээ байхаар хуульчилсаныг тэмдэглэвэл зохино.

            Харин шүүхээс хохирогчийн санал хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар тогтсон болно.

 

Шүүгдэгч Г.А-ийн урьд цагдан хоригдсон 127 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж, Г.А-ийн өмсөж явсан гэх срочкин цамц 1 ширхэг, саарал өнгийн пиджак 1 ширхэг, 2 симтэй Нокиа 33-30 маркийн гар утас зэргийг түүнд буцаан олгож, талийгаачийн өмсөж байсан фудболка 1 ширхэг, хар ноосон цамц 1 ширхэг, 1 ширхэг дотоож, цагаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй пүүз 1 хос, хар өнгийн оймс 1 хос, малгай 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, эрээн өнгийн алчуур 1 ширхэг, хэргийн газарт урссан улаан хүрэн өнгийн зүйлээс дээж болгон авсан маарлинд шингээсэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар  шийдвэрлэв.

     

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэг учрал болсон үеийн бэхжүүлэн үлдээсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.А-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Г.А-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийн урьд цагдан хоригдсон 127 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, Г.А-ийн өмсөж явсан гэх срочкин цамц 1 ширхэг, саарал өнгийн пиджак 1 ширхэг, 2 симтэй Нокиа 33-30 маркийн гар утас зэргийг хууль ёсны эзэмшигч Г.А-д олгож,  500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж, талийгаачийн өмсөж байсан фудболка 1 ширхэг, хар ноосон цамц 1 ширхэг, 1 ширхэг дотоож, цагаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн үдээстэй пүүз 1 хос, хар өнгийн оймс 1 хос, малгай 1 ширхэг, цагаан өнгийн алчуур 1 ширхэг, эрээн өнгийн алчуур 1 ширхэг, хэргийн газарт урссан улаан хүрэн өнгийн зүйлээс дээж болгон авсан маарлинд шингээсэн цус мэт хүрэн улаан өнгийн зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.АЛДАР

 

                          ШҮҮГЧИД                                       С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ