2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/01882

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, **** гудамж, *** байр, *** тоотод оршин суух, М.Э /рд:*******/,

Хариуцагч: **** дүүрэг, **** дүгээр хороо, **** хороолол, **** гудамж, **** байр, **** тоотод оршин суух, Я.Э /рд:*****/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч Я.Э-т холбогдуулан 24,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Я.Э-тай 2012 оноос өнөөдрийг хүртэл нэг байрны нэг орцонд амьдарч байгаа учир байнга таарсаар танил болж гэмгүй сайхан нөхөрлөж ирсэн. Улмаар 2022 оны 9 дүгээр сард танил болох Я.Э- “Чи найздаа авто чиргүүлээ зарчих, надад нэг чирэгч толгой байна. Тэрэнд чирээд нүүрс тээвэрт яваад мөнгийг нь удахгүй өгнө” гэсэн. Урьдын сайхан харилцаагаа бодож өөрийн өмчлөлийн Хар алт дриллинг ХХК-ийн бүртгэлтэй тээвэрт явж байсан 2409ГЧ улсын дугаартай, LA93ZNS8820ZMC209 арлын дугаартай, 9403 ХХҮ загварын, 2002 онд үйлдвэрлэсэн, нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай, 100 тонны даацтай, шар өнгийн чиргүүлээ 33,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Я.Э-тай Худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд “Удахгүй өгнө, санаа зоволтгүй” гэсэн тэгээд нэг дор амьдардаг учир итгэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа таарч “Мөнгөө авъя” нэхэхэд урьдчилгаа гэж 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 18,000,000 төгрөгөө авч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тэрээр утсаар холбогдож “Мөнгөө авъя” гэхээр “Долоо хоногийн дараа, сарын дараа яг өгнө” гээд сүүлдээ миний утасны дугаар болон Facebook хаягийг блок хийгээд илт зугтааж эхэлсэн. Гэрт нь очихоор хүүхдүүд нь “Аав байхгүй” гээд хаалгаа нээж өгөхгүй. Ингээд сураг тасраад 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд нүүрс тээвэрт явж байгаа мэдээллийг авч очоод нүүр тулж уулзтал “Яг одоо 9 сард үлдэгдэл мөнгийг өгнө, 9 сард өгч чадахгүй бол сар бүр түрээсийн 500,000 төгрөг өгнө. Найдвартай” гэсэн ба “Би чамд итгэхгүй байна” гэхэд надад бичиг хийж өгсөн. Удалгүй Я.Э- надтай таарч “Миний нэр дээр өмчлөлийг шилжүүлчих тэгвэл арай өндөр үнийн дүнтэй тээвэрт явах гэсэн юм. Мөнгө найдвартай өгнө” гэсэн тул чиргүүлийн өмчлөх эрхийг түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Одоо гар утас руу нь залгахаар гаднаас залгаж буй бүх дугаарыг блок хийсэн байдалтай, залгасан дуудлагуудаа харж байгаад өөрөө эргүүлж залгадаг бололтой. Иймд итгэл алдаж одоог хүртэл өгөөгүй байгаа чиргүүлээ худалдан борлуулсан үнийн үлдэгдэл төлбөр болох 18,000,000 төгрөг, үүн дээр өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтэд дурдагдсан 1 сарын 500,000 төгрөг буюу 12 сарын 6,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хариуцагч Я.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.    

2. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн М.Э-тэй нүүрсний чиргүүл худалдан авахаар 30 сая төгрөгөөр амаар тохиролцож, барьцаа болгож North benz маркийн 0340 ДГС улсын бүртгэлийн дугаар бүхий машиныг өөрийнх нь хэлснээр Даншиг транс ХХК-ийн нэр дээр 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлж өгсөн. 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг эхнэр Г.Н-гийн Хаан банкны *************дугаартай данснаас М.Э-ийн өөрийнх нь хэлснээр буюу *************дугаартай Хаан банкны МТС финанс ББСБ нэр дээрх данс руу утга дээр нь М.Э- *********** /М.Э-ийн төрсөн дүү/ гэж шилжүүлсэн болно. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр М.Э-ийн өөрийнх нь хэлснээр тухайн үед миний бичиж өгсөн 2409 улсын дугаартай чиргүүлийн үнэ болох 18,000,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 18-нд бэлэн өгнө гэдгээ энэ бичвэрээр гэрчилж байна. Энэ хугацаанаас хэтэрвэл сар бүр 500,000 төгрөг алдангид төлнө гэж бичиж өгч байсан ба М.Э-т би үлдэгдэл мөнгөө өгч амжихгүй явсаар М.Э-тэй дараах байдлаар тохирч тооцоо бүрмөсөн дууссан. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өмнө нь барьцаанд нэрийг нь шилжүүлэн өгсөн North benz маркийн 0340 ДГС улсын бүртгэлийн дугаар бүхий машинаа өөрт байсан хуучин чиргүүлийн хамтаар үлдэгдэл мөнгө болох 15,000,000 төгрөг тооцон, мөн үлдэгдэл мөнгөө өгөхгүй удаасан болохоор 3,000,000 төгрөг нэмж өгөхөөр М.Э-тэй тохиролцоод 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр түр хугацаанд төлбөртэй зогсоолд тавьсан байсан дээрх машинаа, чиргүүлийн хамтаар Хаан банкны дугаартай Б.Н-ын нэр дээрх данс руу 0340 ДГС хашааны төлбөр гэж 852,000 төгрөгийг тушаан тооцоог хийж машинаа чиргүүлийн хамт авч М.Э-т хүлээлгэн өгсөн. М.Э- нь надаас авсан машиныг чиргүүлийн хамтаар хүн дуудаж жолоодуулан гэж нэг иргэнийг дуудсан ба тэр иргэн дараа авч явья гэж ярьж байсан. Өнөөдрийн байдлаар уг машин болон надад байсан хуучин чиргүүл М.Э-т байгаа. Иймд бид хоёр уг чиргүүлийн талаар тооцоогоо дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/, Я.Э- гэх бичгийн баримт /хх 4/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх 5/, итгэмжлэл /хх 19/.   

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 12-13/,  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Э-ийн нэхэмжлэлээс 18,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М.Э- нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, алданги /түрээсийн/ төлбөрт 6,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг гаргуулна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөг, мөн үлдэгдэл мөнгөө удаасан гэж 3,000,000 төгрөг нэмж, нийт 18,000,000 төгрөгөндөө тооцож өмнө нь барьцаанд нэрийг нь шилжүүлэн өгсөн North benz маркийн 0340 ДГС улсын бүртгэлийн дугаартай машиныг өөрийн чиргүүлийн хамт М.Э-т хүлээлгэн өгсөн.

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан Я.Э- гэх бичгийн баримтаас үзвэл, Э-т 24-09 гч улсын дугаартай чиргүүлийн үнэ болох 18 сая төгрөгийг 2023 оны 9 сарын 18 нд бэлнээр өгнө гэдгээ энэ бичвэрээр гэрчилж байна. Энэ хугацаанаас хэтэрвэл сар бүр 500,000 төгрөг алдангид төлнө бичсэн Я.Э-. 2023.07.07 нд гэжээ.

 

Нэхэмжлэгчийн “...өөрийн өмчлөлийн Хар алт дриллинг ХХК-ийн бүртгэлтэй тээвэрт явж байсан 2409ГЧ улсын дугаартай, LA93ZNS8820ZMC209 арлын дугаартай, 9403 ХХҮ загварын, 2002 онд үйлдвэрлэсэн, нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай, 100 тонны даацтай, шар өнгийн чиргүүлээ 33,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон” гэх тайлбар болон хариуцагчийн “...М.Э-тэй нүүрсний чиргүүл худалдан авахаар 30 сая төгрөгөөр амаар тохиролцож” гэх тайлбарыг, хэргийн 4 дүгээр талд авагдсан Я.Э- гэх бичгийн баримтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.  

 

4.2. Нэхэмжлэгч М.Э-ээс худалдах худалдан авах гэрээний зүйл болох чиргүүлийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Я.Э-аас тухайн чиргүүлийг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь уг чиргүүлийн төлбөрт 15,000,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан талаар маргаангүй.

 

4.3. Хариуцагч Я.Э-аас “...Иргэн М.Э-тэй нүүрсний чиргүүл худалдан авахаар 30 сая төгрөгөөр амаар тохиролцож” гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн хэргийн 4 дүгээр талд авагдсан Я.Э- гэх бичгийн баримтыг үгүйсгээгүй.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг 18,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрт 18,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ алданги төлбөр, мөн түрээсийн төлбөр гэж тодорхойлсон.

 

5.1. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заасан.

 

Хуулийн энэ зохицуулалтаар анзын гэрээг бичгээр байгуулах, мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу гэрээг байгуулагч талууд гарын үсэг зурахыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг зөрчсөн буюу гэрээг бичгээр байгуулаагүй бол анз авах эрхээ алдана. Иймд нэхэмжлэгч нь үндсэн үүргийг биелүүлээгүйтэй холбоотой алданги шаардах боломжгүй.

 

5.2. Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байхаас гадна түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээний хэлбэрийг заахдаа бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байгаа бол бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатайг хуульчилсан. Иймд нэхэмжлэгч нь 6,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөр шаардах эрхгүй. 

 

6. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Э-аас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгож, үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Э-аас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Э-аас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.БАЯРСҮРЭН