| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03477/И |
| Дугаар | 192/ШШ2025/03223 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/03223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Д*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Д*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Н.Д******* нь Т******* ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 5 сарын 11-ны өдөр 1111329 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-18796 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5 000 000 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч Н.Д******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2025 оны 04 сарын 04-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 586 859.16 төгрөгийг, хүүний төлбөрт 715 688.65 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21 748.16 төгрөгийг, нийт 1 324 295.97 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй бөгөөд 642 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, үндсэн зээлийн үлдэгдэл 4,413,140.81 төгрөг, зээлийн хүү 1,829,242 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 73,150 төгрөг, нийт 6,315,533.32 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Хариуцагч Н.Д******* нь оршин байх хаягтаа "Бүртгэлтэй боловч оршин суудаггүй" болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 102/Ш32024/18666 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шилжүүлгийн баримт, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, шилжүүлгийн баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/18666 дугаар шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Т******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Д*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Н.Д******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ, шилжүүлгийн баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/18666 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.
Н.Д******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан *** тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
4.Н.Д*******ын бүртгэлтэй, оршин суудаг хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал:
- ................. болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н.Д-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Д*******ыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН