| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0037/З |
| Дугаар | 109/ШШ2025/0022 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 109/ШШ2025/0022
109/ШШ2025/0022
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ш.Т-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэргийн оролцогч нараас гаргасан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: “ ... нэхэмжлэгч Ш.Т, хариуцагч . хэлтэст холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг үндэслэн дараах нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулж байна. Ш.Т-н одоо өмчилж байгаа . орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэгт . нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, улсын бүртгэлд Ш.Та-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч байна. 2. Хариуцагч нь Ш.Т-н нэр дээр нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шүүхийн шийдвэр гарснаар Ш.Т-т өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үүрэг хүлээж байна. 3. Нэхэмжлэгч хариуцагч нар нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байгаа гуравдагч этгээдийн хүсэлтийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
2. Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Ж.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Т-н нэхэмжлэлтэй . хэлтэст холбогдох . тоот хаягт байрлах 204 тоотын өмчлөх эрхийн бичиг өгөхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээд . нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх асуудал байхгүй тул хариуцагч нэхэмжлэгч нар эвлэрэн хэлэлцэхэд татгалзахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Шүүгчийн захирамж гарснаар 7 хоногийн дотор Ш.Т-тай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэжээ.
3. Гуравдагч этгээд “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа “ ... “С” ХХК нь 7 хоногийн дотор Ш.Т-тай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгнө ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Иргэн Ш.Т нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК-ийн захирал Н.Б, төслийн менежер Ц.Э нартай . орон сууцыг захиалж “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 9-11 дэх тал)
2. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 31% болох 50.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 64% болох 103.076.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, үлдэгдэл 5% болох 7.532.000 төгрөг, нийт 160.608.000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)
3. Иргэн Ш.Т нь гэрээний төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 50.000.000 (тавин сая) төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 103.076.000 (нэг зуун гурван сая, далан зургаан мянга) төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 (таван сая) төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
4. Иргэн Ш.Т нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр . хэлтэст өргөдөл гаргаж, тус хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 11/914 дүгээр албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ.
5. Ийнхүү иргэн Ш.Т нь . хэлтэст холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.Т-г . тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
6. Уг хэрэгт хариуцагч . хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... .айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн . нар нь . шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд иргэн Ш.Т-н захиалсан . хаягт байршилтай орон сууц орсон ... тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт зааснаар иргэний маргаан шийдвэрлэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно гэж тайлбарлажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал)
7. Хариуцагч . хэлтсийн дарга 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 11/360 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. (2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал)
8. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШЗ2025/0051 дүгээр шүүгчийн захирамжаар иргэн . нарыг гуравдагч этгээдээр, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 109/ШЗ2025/0078 дугаар шүүгчийн захирамжаар “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 158-159, 208-209 дэх тал)
9. Шүүх хуралдааны өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:
1. Нэхэмжлэгч Ш.Т, хариуцагч . хэлтэст холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг үндэслэн дараах нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулж байна. Ш.Т-н одоо өмчилж байгаа . хаягт байрлах . талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэгт . нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, улсын бүртгэлд Ш.Т-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч байна.
2. Хариуцагч нь Ш.Т-н нэр дээр нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шүүхийн шийдвэр гарснаар Ш.Т-т өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үүрэг хүлээж байна.
3. Нэхэмжлэгч хариуцагч нар нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, гуравдагч этгээдийн хүсэлтийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ...” гэж дурдаад нэхэмжлэгч Ш.Т, гуравдагч этгээд . нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Н.Б нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
10. Мөн дээрх асуудлаар гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Ж.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Т-н нэхэмжлэлтэй . хэлтэст холбогдох Архангай аймгийн . тоотын өмчлөх эрхийн бичиг өгөхийг даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээд . нарын эрх ашиг хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх асуудал байхгүй тул нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэхэд татгалзахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Шүүгчийн захирамж гарснаар 7 хоногийн дотор Ш.Та-тай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж, гуравдагч этгээд “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа “ ... “С” ХХК нь 7 хоногийн дотор Ш.Т-тай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгнө ...” гэж тус тус тайлбар гаргасан байна.
11. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
12. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар эвлэрсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх боломжтой.
13. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
14. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд “С” ХХК нар нь “нэхэмжлэгч Ш.Т-н одоо өмчилж /амьдарч/ байгаа . 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэгт . нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, улсын бүртгэлд Ш.Т-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч, хариуцагч нь Ш.Т-н нэр дээр нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шүүхийн шийдвэр гарснаар Ш.Т-т өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үүрэг хүлээж, гуравдагч этгээд Ц.О, Ц.М, “С” ХХК нар нь уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор Ш.Т-тай холбоотой /шаардлагатай/ бичиг баримтыг бүрдүүлж өгөх”-өөр хоорондоо харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА