| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05401/И |
| Дугаар | 192/ШШ2025/02170 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** дүүрэг, **** дугаар хороо, **** дүгээр байр, **** тоотод байрлах, Б СӨХ ,
Хариуцагч: ******* дүүрэг, **** дугаар хороо, **** байр, **** тоотод оршин суух хаягтай, Х.Д /рд:*********/,
Нэхэмжлэлийн шаардлага: ********** дүүрэг, **** дугаар хороо, ******* байр ***** тоот хаягт байрлах конторын байранд дураар орж байрласан үйлдлээ зогсоож конторын байрыг Б СӨХ нд хүлээлгэж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,
Хариуцагч Х.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б СӨХ нь хариуцагч Ж.Д-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б СӨХ-ны Удирдах зөвлөл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлаас Б.Б-г чөлөөлж, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Д.Т-ыг томилсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгнө гэж заасан. СӨХ-ны гэрчилгээ болон тамга тэмдэгийг хүлээлгэж өгсөн боловч тухайн үед СӨХ-д ажиллаж байсан гэх Ж.Д- нь өмнөх СӨХ-ны гүйцэтгэх захирлын өвчтэйг далимдуулан СӨХ-ны конторт дураар орж байрлан хэл амаар доромжлох, биед халдах зэргээр эсэргүүцэн СӨХ-ны конторын байрыг хүлээлгэж өгөхгүй өдийг хүрсэн. Ж.Д- нь СӨХ-ны конторт дураар орж байрласны улмаас манай СӨХ нь конторын байрыг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна. Иймд хариуцагч Ж.Д-т Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын-7, 1 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах конторын байранд дураар орж байрласан үйлдлээ зогсоож, конторын байрыг Б СӨХ нд хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Би Б СӨХ-д 2004 оны 12 дугаар сард ажилд орсон. Тухайн үед СӨХ-ны дарга н.Б- гэж байсан. Тэр хүнтэй гэрээ хийгээд уг байранд би орсон. 2004 оноос хойш би энэ байранд амьдарсан. Би ямар ч зөвшөөрөлгүй, бусдын өмчлөлийн газар дур мэдэн суугаагүй. Хулгай хийж, худлаа яриагүй. Би ажил хийсэн, ажил хийснийхээ үндсэн дээр тэнд байсан. Тэгээд ч улсын бүртгэл дээр бүртгүүлсэн байгаа. Би өдийг хүртэл наслахдаа хүний өмнөөс нэг ч хараалын үг хэлж байгаагүй байхад намайг зодсон, хэл амаар доромжилсон гэж бичсэн байсан. Өөрийнхөө хийсэн зүйлийг намайг болгож бичсэнд би гомдолтой байна. Нөхөр н.Ганболд, хүүхэд Г.Энхболдыг нь аваад ир, нүүр нүүрээ харж байгаад надад ч хэлэх зүйл байна. Гэрч асуух гэж байгаа бол би энд авч ирээд нүүр нүүрээ харж байгаад асуумаар байна. Ярилцаж байгаад үүнийг барьсан болохоос биш хүний өмчөөр бариагүй. Би одоо амьдарч байгаа нь үнэн, нураагаад авч яваагүй. Би худлаа хэлээгүй, яагаад намайг ингэж байгаад үнэхээр гомдолтой байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ /хх 3, 26/, Д.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4, 27/, Баянгол дүүргийн 2 дугаар хороо Барилгачдын 7-1, 7-2, 7-3 18а 49 байруудын оршин суугчдын хурлын протокол /хх 6-7/, Баянгол дүүргийн 2-р хороо Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоол №1 /хх 8/, Баянгол дүүргийн 2-р хороо Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоол №2 /хх 9/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх 10-12/, Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 13/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төв 14-ийн тодорхойлолт /хх 14/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх 28/, Г.Энхболдын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх 38, 50/, Зураг /хх 40-43, 51-59/, Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай /хх 49/,
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Шүүхийн санаачилгаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/16631 тоот албан бичиг /35/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-д заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагчаас Б СӨХ-ны өмнөх гүйцэтгэх захирлын зөвшөөрөлтэйгээр эзэмшиж байгаа талаарх тайлбарыг гаргасан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Б СӨХ г Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 18А, 49 дүгээр байрны сууц өмчлөгчдийн хурлын шийдвэрээр байгуулж, Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн болох нь Б СӨХ нд олгогдсон 163 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Тус гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр Б СӨХ ны удирдах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор Д.Т-ыг гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Маргааны зүйл болж буй Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгачин 7, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд өмчлөх эрхийн бүртгэлгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/16631 тоот албан бичгээр тогтоогдож байна.
4.2. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно. Мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасны дагуу дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасан.
Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгачин 7, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт заасны дагуу дангаар өмчлөөгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 5/16631 тоот албан бичгээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт нийтийн орон сууцны байшингийн дангаар өмчлөх хэсэгт үл хамаарах хэсгийг сууц өмчлөгчдийн дундаа өмчлөх өмч байхаар зохицуулсан байна. Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т орон сууцны байшингийн бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардлагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж нь зайлшгүй дундын өмч байна гэж заажээ. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т орон сууцны байшингийн чухам аль хэсэг нь дундын өмчлөлд тооцогдохыг зохицуулаагүй боловч байшингийн хэсгүүд дундын өмчлөлийн зүйл болох талаар зохицуулсан байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байншингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарах байшингийн хэсгүүдийг тоочсон байна. Үүнд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг хэсгүүд хамаарна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байншингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгачин 7, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөөнд хамаарч байх тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т заасанаар орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгачин 7, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь Б СӨХ ны орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болно.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байншингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно гэж заасан.
Хэдийгээр хариуцагчаас “...Тухайн үед СӨХ-ны дарга н.Б- гэж байсан. Тэр хүнтэй гэрээ хийгээд уг байранд би орсон” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Хавтаст хэрэгт хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа талаарх баримт авагдаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгачин 7, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагч Ж.Д-т даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгачин 7, 1 байр, 00 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б СӨХ нд хүлээлгэж өгөхийг хариуцагч Ж.Д-т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 71,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б СӨХ нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН