| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/02320/И |
| Дугаар | 192/ШШ2025/03215 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/03215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.О /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35 926 734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н******* нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И******* ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 926 734 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Т.******* нь И******* ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-2/03/180531/218 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-4/02/180709/274 дугаартай цалингийн шугамын зээлийн гэрээг тус тус байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг тус бүрээр нь тодорхойлбол зээлдэгч Т.*******гийн И******* ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-2/03/180531/218 дугаартай зээлийн гэрээний үүргийн тухайд Т.******* нь тус зээлийн гэрээгээр И******* ХХК-иас 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч Т.******* нь Зээлийн гэрээний 2.1.10 дахь заалтад заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт 2018 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаанд зээл
болон хүүгийн төлбөрт нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байсан. Зээлдэгч Т.******* нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фидуцийн зүйлийг манай байгууллагад хүлээлгэн өгч акт үйлдсэн. Тухайн үед хүлээж авахад үрүүлийн аппарат дуу орсон, баруун талын урд хаалга хонхойж, зурагдсан, зүүн талын арын хаалга цөмөрч, зурагдсан, урд гупер баруун зүүн хэсгээрээ халцарсан, хойд гупер сэв зураастай, зүүн талын толины суурь хагарсан, баруун талын толь хагарсан, хаалгануудын резин суларч муудсан байдалтай байсан. Иймээс тус автомашиныг хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-иар үнэлүүлэхэд 24 733 200 төгрөгөөр үнэлсэн. Манай байгууллага нь тус тээврийн хэрэгслийн үрүүлийн аппаратыг гадаадаас захиулж авчран сольж, худалдан борлуулах зар тавьсны дараа 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бусдад 25 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, зээл болон хүүгээс хассан. Зээлдэгч Т.******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ЗГ-2/ОЗ/180531/218 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 19 087 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 072 067 төгрөг буюу нийт 27 159 067 төгрөгийг И******* ХХК-д төлөх тооцоо байна.
Зээлдэгч Т.*******гийн И******* ХХК-тай байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-4/02/180709/274 дугаартай цалингийн шугамын зээлийн гэрээний үүргийн тухайд Т.******* нь тус цалингийн шугамын зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлсэн. Тус гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуусахад зээлдэгч нэг ч удаа төлбөр төлөөгүй. Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа нь манай байгууллагыг хохироож байна. Зээлдэгч Т.******* нь ЗГ-4/02/180709/274 дугаартай цалингийн шугамын зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 5 000 000 төгрөг, хүүний төлбөр 8 092 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1 278 667 төгрөг буюу нийт 14 370 667 төгрөгийг И******* ХХК-д төлөхөөр тооцоо байна. И******* ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-2/ОЗ/180531/218 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-4/02/180709/274 дугаартай цалингийн шугамын зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм.
Бидний зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.*******д холбогдуулан хоёр удаа нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч Т.*******г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00992 дугаартай шийдвэрээр Т.*******г эрэн сурвалжлахаар шийдвэрлэсний дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 27Л1-4/5097 тоот албан бичгээр Т.*******гийн хаягийг тогтоож бидэнд мэдэгдсэний дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 00250 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай байгууллага нь Т.*******гийн хаягийг дахин тодруулж нэхэмжлэл гаргасан. Мөн манай байгууллага нь Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар буюу зээлийн гэрээний 6.4-д зааснаар зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох зээлдэгчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг зээлдүүлэгчээс шаардах эрхтэй юм. Иймд зээлдэгч Т.*******гоос зээлийн гэрээний үүрэгт нийт 41 599 934 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н******* нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулахдаа: Тус компани нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Зээлдэгч Т.*******гийн И******* ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 17 565 867 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Өөрөөр хэлбэл манай компани нь фидуцийн зүйл болох автомашиныг 2022.05.03-ны өдөр бусдад худалдан борлуулсан хэдий ч автомашиныг хураан авсан өдөр болох 2021.05.25-ны өдрөөр тасалбар болгон зээлийн үндсэн төлбөр, хүүгээс дээрх үнийн дүнг хасч тооцсон. Иймд зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу хүүгийн төлбөр 16 092 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 473 200 төгрөг буюу нийт 17 565 867 төгрөгийг И******* ХХК-нд төлөх тооцоо байна. Харин зээлдэгч Т.*******гоос цалингийн зээлийн гэрээний дагуу 14 370 667 төгрөгийг гаргуулах болон учирсан хохиролд 70 200 төгрөгийг гаргуулахыг дэмжиж байгаа. Ингээд нийт 32 006 734 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Зээлдэгч Т.*******гийн И******* ХХК-тай байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн шугамын зээлийн гэрээний үүрэгт 14 370 667 төгрөг гаргуулах анхны шаардлагаа 3 920 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 18 290 667 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч хүүгийн тооцооллыг 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нийт 14 370 667 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч зээл хүүгийн тооцоололд 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 3 920 000 төгрөг тооцогдсон тул энэхүү дүнгээр цалингийн зээлийн гэрээний үүрэгт 18 290 667 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн үнийн дүн 32 006 734 төгрөгийг 3 920 000 төгрөгөөр ихэсгэж нийт 35 926 734 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 926 734 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн, уг зээлийн гэрээний үүрэгт нийт 17 565 867 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Үндсэн төлбөр байхгүй, хасалт хийсэн байгаа. Хүүнд 16 092 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 473 200 төгрөг, нийт 17 565 867 төгрөгийг төлөөгүй байгааг гаргуулна. Учир нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр машин хураасан, 25 000 000 төгрөгөөр тооцсон, үндсэн зээл 20 000 000 төгрөг хассан, хүү 5 000 000 төгрөг хассан. Тухайн үед нийт зээлийн үүрэг 42 565 867 төгрөг байснаас 25 000 000 төгрөгийг нь хассан гэсэн үг. Иймд үлдэх төлбөрийг гаргуулахаар шаардаж байна. Бид фидуцийн зүйлийн хураан авснаас хойш буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй. Цалингийн зээлийн хувьд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр цалингийн шугамын зээлийн гэрээ байгуулж, энэ өдөр 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн, төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй, үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 11 358 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 932 000 төгрөг, нийт 18 290 667 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн учирсан хохиролд 70 200 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
1.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг 235.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглээд байдаг учраас тайлбар хэлье. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 бол фидуцийн гэрээ дуусгавар болсон гэдэг ойлголт юм. Түүнээс гэрээний үүрэг бүхэлдээ дуусгавар болсон гэж ойлгохгүй. Өөрөөр хэлбэл дагалдах үүрэг дуусгавар болно. Нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг харин ч хариуцагчид ашигтайгаар зарсан байгаа. Энэ дүнгээр зээлнээс хассан байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллаар хассан. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нь өөрөө гэрээ байгуулсан, гэрээний үүргээ өөрөө хариуцах ёстой байтал хэн нэгэн хувьцаа эзэмшигч буюу н.П үүрэг дуусгавар болсон гэж хэлээд үүрэг дуусгавар болгоно гэж байхгүй. Энэ хүнтэйгээ удахгүй уулзаад тодруулчихна гэсээр байгаад 1 жил гаран боллоо, гэтэл өнөөдөр ч бас маргааш уулзана гэсэн гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Цалингийн зээлийн гэрээний үүргийг байнга шаардаж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулна гэв.
2.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. 1.Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгөн хөрөнгийг авсан талаар маргахгүй. Гагцхүү энэ нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдан борлуулаад үүрэг дуусгавар болгоно гэж авсан. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фидуцийн гэрээний зүйлийг хүлээн авсан, энэ талаар маргахгүй. Үүнээс хойш нэхэмжлэгчид нэг ч мэдэгдэл ирээгүй. Машин тэргийг чинь борлууллаа, ийм төгрөг боллоо гэж нэг ч мэдэгдэл ирээгүй. 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр автомашиныг худалдаад байгаа юм, бид нар болохоор автомашиныг өгөөд үүрэг дуусгавар болсон гэж үзсэн. Энэ талаар гэрч н.П машин аваад үүрэг дуусгавар болсон гэж хэлсэн байдаг, гэтэл энэ хүн өөрөө ирэхгүй байна. Бид нар үүнийг нь нотлуулахаар гэрчээр дуудсан. Хэрэв үүрэг дуусгавар болоогүй байсан юм бол Т.*******г бүтэн жил төлбөр төл гэж дуудах байсан. Тиймээс үүрэг дуусгавар болсон байсан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна.
2.Мөн цалингийн зээлийн гэрээ дуусгавар болсон гэдэг нь бүхэл бүтэн 4 жилийн дараа хүү ярьж гарч ирж байгаагаар тогтоогдож байна. Хариуцагчийн машиныг зарж борлуулаад хоёр зээлийг хоёуланг нь хааж байгаа гэж тохирсон байдаг. н.П болон Т.******* нар олон зүйл дээр хамт ажиллаж байсан, найзууд бөгөөд н.П нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч байсан. Тиймээс хувьцаа эзэмшигч нь өөрөө Т.*******д хоёр зээлийг хаалаа гэдэг ойлголтыг өгсний дагуу зээл дуусгавар болсон гэж бодоод явж байсан. Түүнээс гадна 2019 оны 7 сард хугацаа нь дуусаж байсан цалингийн зээлийн гэрээний хувьд 2023 онд хариуцагчаас шаардсан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод байгаа нь үндэслэлгүй. Цалингийн зээлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь машиныг хүлээлцээд үүрэг дууслаа гэж хариуцагч ойлгосон, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр машин хүлээлгэн өгсөн. Тиймээс хариуцагчаас нэхэмжлэгч нь зээлийг шаардаж байсан талаар баримтгүй, 20 000 000 төгрөгний хувьд зээл төлөгдөхгүй байсан учраас 5 000 000 төгрөгний зээлийн гэрээний үүрэгтэй хамт дуусгавар болгохоор хувьцаа эзэмшигч н.Пгаас хариуцагч Т.*******д зөвшөөрөл өгсөн учраас машиныг хүнээр хүргүүлсэн. н.Гаар машиныг унаж явуулаад зээлийн гэрээнүүдий бүгдийг дуусгавар болгоно гэж тохирсон. Тиймээс итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрөө хүлээн авсан. Хураан авснаас жилийн дараа худалдан борлуулаад байна гэдэг нь талууд бүх үүргийг дуусгавар болгоно тохиролцсон гэж үзэхээр байна. Үүнийг л хариуцагч гэрчээр нотлуулах байсан боловч шүүх гэрч нарыг оролцуулсангүй. Зээлийн тооцоололтой холбоотой хэлэхэд 20 000 000 төгрөгий хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь эргэлзээтэй харагдаад байна, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 1/276 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-2/03/180531/218 тоот Зээлийн гэрээ, зарлагын баримт, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрээний хавсралт, шилжүүлгийн баримт, тооцооллын баримт, Авто машин хүлээлцсэн акт, Авто машин тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00992 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020.10.09-ний өдрийн 27МЛ-4/5097 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/Ш32021/00250 дугаар шүүгчийн захирамж, Цалингийн шугамын зээлийн гэрээ, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, зээлийн тооцоолол, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, зээлийн тооцоолол, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэсэн баримтуудыг,
Хариуцагчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч И******* ХХК-ийн нэхэмжлэлээс 32 451 334 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 3 475 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т.*******той зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 20 000 000 төгрөг, цалингийн шугам зээлд 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа эргүүлэн төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 17 565 867 төгрөг, цалингийн шугамын зээлийн гэрээний үүрэгт 18 290 667 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 70 200 төгрөг, нийт 35 926 734 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч И******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг тус тус гардаж боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй боловч түүний өмгөөлөгч нь хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч И******* ХХК нь хариуцагч Т.*******той 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ-2/03/180531/218 тоот Зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг, автомашин худалдан авах зориулалтаар сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.2.Мөн зохигч талууд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр №ФГ-2/03/180531/218 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, хариуцагч Т.*******гийн өмчлөлийн УНӨ улсын дугаартай 1FM5K812, №016 техникийн пасспорт, арлын дугаартай, Ford explorer суудлын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болох нь зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарь, барьцаалбар, тээврийн хэрэгслийн №01976571 дугаартай гэрчилгээ, зээлийн шугамын хугацаа, шилжүүлгийн баримт, автомашин хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.3.Нэхэмжлэгч И******* ХХК, хариуцагч Т.******* нар нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ-4/02/180709/274 дугаартай Цалингийн шугамын зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг зээлж, 12 сарын хугацаатай, 30 хоногт 2,8 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талууд зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаар маргаагүй, үүрэг дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргасан.
6.Зохигч талууд гэрээ байгуулагдсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
6.1.Мөн талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.5-д хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байна.
6.2.Иймд нэхэмжлэгч И******* ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ-2/03/180531/218 тоот зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ-4/02/180709/274 тоот Цалингийн шугамын зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Т.*******д шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нь хүлээн авсан талаараа маргаагүй тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг шаардах эрхтэй.
7.Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-2/03/180531/218 тоот зээлийн гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ-4/02/180709/274 тоот Цалингийн шугамын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр УНӨ улсын дугаартай Ford explorer суудлын авто машинаа хүлээлгэн өгсөн, автомашиныг хүлээлгэн өгснөөр дээрх зээлийн болон цалингийн шугамын зээлийн гэрээнүүдийн үүргийг дуусгавар болгосон, үүрэг дуусгавар болсон талаар компанийн хувьцаа эзэмшигч Б.П мэдэгдсэн, түүнтэй харилцан тохиролцсон, автомашиныг хүлээлгэн өгснөөр зээлийн үүрэг дуусгавар болсон гэдгийг А.Г нотлох байсан гэж мэтгэлцсэн.
7.1.Хэрэгт авагдсан И******* автомашин хүлээлцсэн актаар УНӨ улсын дугаартай №01976571 гэрчилгээний дугаартай цагаан өнгөтэй Ford explorer суудлын авто машиныг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээлцсэн байх бөгөөд актад харилцагч Төртогтох овогтой ******* нь өөрийн хүсэлтээр зээлийн барьцаанд тавьсан автомашинаа хүлээлгэн өгөв. Автомашиныг Амарсайхан овогтой Г авч ирэн хүлээлцэв гэжээ.
7.2.Мөн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн автомашин тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээний тайланд Ford explorer 2012 онд үйлдвэрлэсэн УНӨ улсын дугаартай суудлын цагаан өнгийн автомашины зах зээлийн үнэ 24 733 200 төгрөг гэж үнэлэгдсэн болох нь тогтоогдож байна.
7.3.Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул нэхэмжлэгч И******* ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг худалдан борлуулахаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-иар автомашин зах зээлийн үнийг тогтоолгохоор үнэлгээ хийлгэж, автомашины зах зээлийн үнэ 24 733 200 төгрөгөөр үнэлэгдсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 25 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
7.4.Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээний 3.1.2-д үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс энэ гэрээний 2.4 дэх заалтад заасан нөхцөл бий болсон бол Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авч гэрээнд тохиролцсон үнэлгээнд үндэслэн бие даан өөрийн сонгосон хэлбэрээр захиран зарцуулах, 3.1.5-д өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийн борлуулсан орлого нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, фидуцийн зүйлийг шилжүүлэн авах, хадгалах, хамгаалах, захиран зарцуулахтай холбогдон гарах зардал болон гэрээ, зээлийн гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс шаардах бусад төлбөрт хүрэхгүй бол үлдэгдэл төлбөрийг үүрэг гүйцэтгэгчийн бусад эд хөрөнгөнөөс гаргуулах гэж харилцан тохиролцож, хэн аль нь гарын үсгээ зурсан байна.
7.5.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.
7.6.Талуудын байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээний 3.1.5-д зааснаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нь автомашиныг буюу фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авахад 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-2/03/180531/218 тоот зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 21 092 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 473 200 төгрөг, нийт 41 565 867 төгрөг байсан бөгөөд автомашиныг худалдан борлуулсан 25 000 000 төгрөгийг үндсэн зээлнээс 20 000 000 төгрөгийг, хүү 21 092 667 төгрөгнөөс 5 0000 000 төгрөгийг тус тус хасч, хүү 16 092 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 473 200 төгрөг төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн тооцооллоор тогтоогдож байна гэж үзэв.
7.7.Хариуцагчийн өмгөөлөгч нь фидуцийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгч нь өмчлөлдөө шилжүүлснээр буюу автомашиныг хураан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болсон тул зээлийн гэрээнүүдийн үүрэг аль аль нь дуусгавар болсон гэж мэтгэлцсэн боловч 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-2/03/180531/218 тоот зээлийн гэрээний үүрэгт хүү 16 092 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 473 200 төгрөг төлөгдөөгүй, мөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсноор талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн шугамын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүй байна.
7.8.Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Б.Птай зээлийн гэрээнүүдийн үүргийг фидуцийн зүйлийг шилжүүлэн өгснөөр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэж тайлбарлаад түүнийг энэ талаар нотлуулахаар гэрчээр дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч компанийн хувьцаа эзэмшигч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дуусгавар болгох эрхгүй бөгөөд автомашиныг А.Гаар хүлээлгэн өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болгосон гэдгийг нотлохгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
8.Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, автомашиныг хураан авсан буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш шаардлага гаргаагүй, зээлийн гэрээнүүдийн үүргийг аль алиныг огт шаардаж байгаагүй, цалингийн шугамын зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод байгаа нь үндэслэлгүй гэсэн.
8.1.Талууд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-2/03/180531/218 тоот зээлийн гэрээг 24 сарын буюу 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн шугамын зээлийн гэрээг 12 сарын буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаатай тус тус байгуулсан, нэхэмжлэгч нь фидиуцийн зүйлийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хураан авснаас хойш хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тул 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
8.2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заажээ.
8.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчид үүргээ гүйцэтгэх талаар байнга мэдэгдэж байсан, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр машиныг хүлээлгэн өгөхөд эвдрэл гэмтэлтэй байсан тул засвар хийж, сэлбэг авч худалдан борлуулсан, мөн үүргийн гүйцэтгэлийг шаардаж холбогдох байгууллагад хандахад хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй байсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоно гэж тайлбарласан.
8.4.Хэрэгт авагдсан И******* автомашин хүлээлцсэн актын тайлбарт ...УНӨ улсын дугаартай №01976571 гэрчилгээний дугаартай цагаан өнгөтэй Ford explorer баруун талын урд хаалга хонхойж зурагдсан, зүүн талын арын хаалга цөмөрч зурагдсан, урд гупер нь баруун болон зүүн дээрээ халцарсан, баруун карлан хонхойсон, хойд гупер сэв зураастай, зүүн талын толины суурь хагарсан, баруун гар талын толь хагарсан, рулийн аппарат дуу орсон, хаалганы резин суларч муудсан гэжээ.
8.5.Мөн хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/00992 дугаартай нэхэмжлэгч И******* ХХК-ийн хүсэлттэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******г эрэн сурвалжлуулах тухай шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5097 дугаартай Т.*******гийн оршин суугаа хаягийг олж тогтоосон албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2021/00250 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний болон цалингийн шугамын гэрээний үүргийг тус тус шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
8.6.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна гэж үзэв.
9.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-2/03/180531/218 тоот зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй хүү 16 092 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 473 200 төгрөг, нийт 17 565 867 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн шугамын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, ашигласан хугацааны хүү 11 358 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 932 000 төгрөг, нийт 18 290 667 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоод байгаа нь ойлгомжгүй тул үндэслэлгүй гэсэн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцооллоор хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон болох нь тогтоогдож байна.
9.1.Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн боловч нэхэмжлэгч фидуцийн зүйлийг хураан авснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй гэж тайлбарласан, цалингийн шугамын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар уг зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
9.2.Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нь хугацаандаа гүйцэтгээгүй, гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчиж байсан байхад фидуцийн зүйлийг хураан авах, цалингийн шугамын зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд тооцож нэхэмжилсэн нийт 3 405 200 /1 473 200 + 1 932 000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
9.3.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгээгүйгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар шаардсан, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул хохиролд шаардсан 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
9.4.Иймд хариуцагч Т.*******гоос 2018 оны 5 дугаар сарын 31-ний ЗГ-2/03/180531/218 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 16 092 667 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-4/02/180709/274 дугаартай цалингийн шугамын зээлийн гэрээний үүрэгт 16 358 667 төгрөг, нийт 32 451 334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 475 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******ад 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээж ирцийг шалгахад хүсэлт санал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 620 /365 950 +77 670/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 320 207 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т.*******гоос зээлийн гэрээний үүрэгт нийт 32 451 334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 3 475 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 620 /365 950 +77 670/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гоос 320 207 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН