2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/02693

 

 

 

 

 

 

 

    2025             04                  07                                                 192/ШШ2025/02693

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С

Хариуцагч: 

Гэрээний үүрэгт 231 568 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Б.*********,

хариуцагчийн төлөөлөгч А.Д

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б.********* хариуцагч Т.*********д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135 000 000 төгрөг, алданги 67 500 000 төгрөг, торгууль 29 068 000 төгрөг, нийт 231 568 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.********* би Т.*********тай 2023.01.31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээгээр Ү-********, гэрчилгээний ******** дугаартай, Төв аймгийн 3-р баг, ********* өвөр гудамж, 600 мкв фермер 6 га газар, 26 га тариалангийн зориулалттай газрын хамт 260 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон юм. Худалдан авагч Т.********* нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрээний 3.3-т заасны дагуу авсан бөгөөд гэрээний 3.2-т зааснаар 125 000 000 төгрөгийг төлсөн. Харин 2023.02.28-ны дотор төлөх байсан 135 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр заасан ба 1 хоногийн 405 000 төгрөг бөгөөд төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцон 67 500 000 төгрөгийн алдангийг гэрээний 3.6-д заасан 29 068 000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөр 135 000 000 төгрөгийн хамт нийт 231 568 000 төгрөгийг Т.*********ас нэхэмжилж байна. Т.*********ас гэрээний үүрэгт нийт 231 568 000 төгрөгийг гаргуулж Б.*********д олгож өгнө үү гэв.  

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг ********* өвөр гудамж хаягт байрлалтай Y-*********** улсын бүртгэлийн дугаартай, *********** гэрчилгээний дугаартай фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.*********, *********** ХХК-ийг төлөөлж Т.********* нар нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 100.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж Борнуур сум дахь нотариатын үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлэн Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн тус үл хөдлөх эд хөрөнгө нь "***********" ХХК-ийн өмчлөлд шилжсэн байдаг. Нэхэмжлэгч Б.********* нь нэхэмжлэлдээ 2023.01.31-ний өдөр "худалдах, худалдан авах гэрээ" байгуулан Ү-*********** Төв аймгийн Борнуур сумын 3-р баг ********* өвөр гудамж хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг 260 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба Т.********* нь тус гэрээний 3.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан гэжээ, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж, 112.1. Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ заасан байх ба 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 3 болон 5 дугаар зүйлүүдэд заасны дагуу тооцоо бүрэн дууссан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Б.*********ы өмчлөх эрх дуусгавар болж, *********** ХХК-д дугаар ******** гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байдаг. Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан 2023 оны 1 дүгээр сарын 31- ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэсэн, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцэл байгаа юм. Гэвч тус гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагч Б.*********ы өмчлөлд биш өөр этгээдийн өмчлөлд шилжсэн байсан нь уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна гэв.  

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, У.*********ын депозит дансны хуулга, 2023.01.31-ний өдрийн 0086 дугаар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024.05.20-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2024.05.27-ны өдрийн 0** дугаар иргэн Б.*********аас иргэн Н*****ид олгосон итгэмжлэлийн хуулбар, **********тай харилцсан зурвасуудыг хавсаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас Т.**********ы иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, 2024.07.23-ны өдрийн **** дугаар иргэн Т.*********ас иргэн А.********ид олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараа тодруулсан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, 2022.03.23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар, 2023.01.31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн байна.

5. Шүүхээс Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Ү-******** дугаарт бүртгэгдсэн худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Б.********* би Т.*********тай 2023.01.31-ний өдөр "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулан гэрээгээр "Ү-********, гэрчилгээний ******** дугаартай. Төв аймгийн 3-р баг, ********* өвөр гудамж, 600 мкв фермер 6 га газар, 26 га тариалангийн зориулалттай газрын хамт 260 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон юм. Т.********* нь өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрээний 3.3-т заасны дагуу авсан бөгөөд 125 000 000 төгрөгийг төлсөн. Харин 2023.02.28-ны дотор төлөх байсан 135 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр заасан ба 1 хоногийн 405 000 төгрөг бөгөөд төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцон 67 500 000 төгрөгийн алдангийг гэрээний 3.6-д заасан 29 068 000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөр 135 000 000 төгрөгийн хамт нийт 231 568 000 төгрөгийг Т.*********ас нэхэмжилж байна…” гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “2023.01.31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 2022 оны 03 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.********* нь *********** ХХК-ийн захирал Т.********* нарын хооронд Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг, ********* өвөр гудамж хаягт байрлалтай, 660 м.кв фермер зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр газрыг худалдагч Б.********* худалдан авагч Т.*********д 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2022 оны 03 сарын 23-ны өдөр төлбөрийг бэлэн мөнгөөр хийж, гэрээнд  худалдагч Б.********* худалдан авагч Т.********* нар гарын үсэг зурсан байна./хх-ийн 86/

4.2 Дээрх гэрээний дагуу 2022 оны 03 сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг, ********* өвөр гудамж хаягт байрлалтай, 660 м.кв фермер зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *********** ХХК бүртгэгдсэн байна.

4.3 Үүний дараа нэхэмжлэгч Б.********* хариуцагч Т.********* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн Ү-********, ******** дугаартай, Төв аймгийн 3 дугаар баг, ********* өвөр гудамж, 600 м.кв талбайтай, фермер, 6 га газар, 26 га тариалангийн зориулалттай газрын хамт худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан ба гэрээний нийт үнэ 260 000 000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа 125 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 135 000 000 төгрөгийг 2023.02.28-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулагдсан байна.

4.4 Гэрээний 3.3-т “…төлбөрийг төлж дуусахаас өмнө бүртгүүлнэ. Урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаар өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн.”, 3.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийг 2022.03.24-нд хүлээлгэн өгсөн.”, 3.5-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө.”, 3,6-д “худалдан авагч талаас хугацаа хэтрүүлснийг хохиролд 29 068 000 төгрөгийг худалдагч талд нэмж төлөхөөр тохиролцов.” гэж тус тус тохиролцсон байна. /хх-ийн 9/  

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

5.1 Хариуцагч Т.********* нь худалдан авсан хөрөнгийнхөө үнийг бүрэн төлөөгүйгээс маргаан үүссэн байх ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй байна.

6. Хариуцагч Т.**********ын төлөөлөгч талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гээд, үндэслэлээ “…гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Төв аймагт байхад өөр тойргийн нотариатч гэрээг гэрчилсэн нь, мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагч Б.*********ы өмчлөлд биш байхад уг гэрээг байгуулсан нь уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.” гэж маргасан, хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

6.1 Тодруулбал, талууд дээрх фермерийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамт худалдаж, худалдан авсан асуудлаар маргаагүй хэдий ч үнийг төлөөгүйгээс маргасан байх ба энэ асуудлаар хоорондоо харилцаж байсан нь талуудын хооронд бичсэн чатаар тогтоогдож байна.

6.2 Нэхэмжлэгч нь анх гэрээ байгуулахдаа татварыг багасгах зорилгоор 100 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан гэж тайлбарласныг, хариуцагч маргаагүй ба талууд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээгээр өмнөх 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж, улмаар талууд гэрээнээс үүссэн үр дагаврыг тооцохоор тохиролцсон нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

7. Иймд хариуцагч **********аас гэрээний үндсэн үүрэгт 135 000 000 төгрөг, алданги 67 500 000 төгрөг, торгууль 29 068 000 төгрөг нийт 231 568 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*********д олгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.*********ас гэрээний үүрэгт 231 568 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*********д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 315 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*********ас улсын тэмдэгтийн хураамжид 1 315 790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.МӨНХЖАРГАЛ