Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

 

 

 

    2024           01            09                                       2024/ДШМ/56

 

Г.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ж.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1445 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306021711840 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Г.Ц, 1992 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ............ тоотод оршин суух,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД: ................./;  

Шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 41 дүгээр байрны 22 тоот орон сууцанд иргэн Э.Хтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч Э.Х нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эмэгтэй хүнд гap хүрээгүй гэж маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос маш их уучлалт гуйсан, бас гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр харамсаж байна. Тухайн асуудал болсон 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч эмэгтэй болох Э.Хтай маргалдах болсон шалтгаан бол гэр бүлийн минь хүн, хүүхдүүдийн маань ээжийг эрэгтэй хүнээс ч гарамгүй, элдэв муухайгаар хэлсний улмаас түүнд гар хүрсэн нь үнэн. Гэхдээ эмэгтэй хүнд rap хүрсэн нь миний 100 хувь буруу. Би багын түргэн ууртай, уурлахаараа огцом түргэн ааш авир гаргачихдаг хүүхэд байсан. Нас нэмэх тусам гэр бүлтэй болж, үр хүүхдүүдээ өгсөж хүмүүжүүлэх явцад энэ ааш авир маань бага багаар өөрчлөгдөж, хүлээцтэй хандаж сурч байгаа боловч миний буруугаас болоогүй, эсвэл үнэхээр тэвчээр алдагдсан үед өөрийн мэдэлгүй уурлачихсан байх юм. Тэрнээс биш эмэгтэй хүнийг үл тоодог, байнга зодоон цохион үүсгэж байдаг танхай этгээд бишээ. Гэр бүлдээ хайртай, тэднийгээ хайрлаж, хамгаалахын төлөө юу ч хийхээс буцахгүй, тийм л нэг эр нөхөр, хүүхдүүдийн эцэг хүн. Харин хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ үгийн зөрүүгүй бусдыг цохиж зоддог, танхай этгээд шиг ойлгогдохоор мэдүүлсэн байдаг. Би эмэгтэй хүнд гар хүрсэн нь үнэн боловч гараа зангидаж байгаад, ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр нүүр лүү нь цохисон зүйл байхгүй. Би тэвчээд өнгөрч болох байсан боловч, нэг л мэдэхэд ийм асуудал үүсчихсэн байсан. Шүүх хуралд энэ бүхнийг тайлбарлах боломж надад олдсонгүй. Би буруугаа хүлээх л ёстой гэсэн бодол байснаас элдэв тайлбар хэлэх ухаан байсангүй. Ингээд шийтгэх тогтоолоо гардаж авахад тогтоох хэсгийн 3 дугаар заалтад өдөрт 4 цагаар ажил хийлгэх, биелүүлээгүй бол найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорино гэсэн байна. Хэрэв нэг өдөр л очихгүй бол хорих ял оногдуулахыг ойлгож мэдлээ. Шийтгэх тогтоолд дурдсанаар 350 цагийн өдөрт 4 цагаар тооцож ял шийтгэлээ эдэлбэл, 86 өдөр би ажлаасаа чөлөө  авах шаардлагатай болж байна. Миний хувьд гэр бүлээ тэжээн тэтгэж, заримдаа хөдөө орон нутагт байрлан ажиллах шаардлага гардаг. Эхнэр маань одоохондоо гэртээ хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг. Миний хийсэн алдааны улмаас гэр бүлээрээ ял шийтгэл эдэлж байгаад би үнэхээр өөртөө гутарч байна. Шүүхээс надад яагаад ийм ял шийтгэл оногдуулж байгаа юм. Шүүгч маань өөрөө эмэгтэй хүн болоод тэр үү, эсвэл өмнө нь би ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байсанд нь болов уу. Нэг боломжоо авсан одоо дахиж боломж олгохгүй гэж хатуу ширүүн хандсан юм уу. Эцэст нь та бүхнээс учирлаж гуйхад би өөрөө нурууны нугалмын суулттай болж эмчийн заалтаар удаан суух, босох, тогтоосон хязгаараас давсан зүйл өргөхгүй байхыг зөвлөсөн байдаг. Би ял шийтгэлээс зайлсхийж байгаа асуудал ерөөсөө байхгүй, гэхдээ гэр бүлтэй хүний хувьд харгалзаж үзэж болохгүй юу гэж л гомдол гаргаж байгаа билээ. Давж заалдах шатны шүүхээс дахин гуйхад миний өмнө холбогдсон хэрэг, одоо энэ хэргийн гарах болсон шалтаг, шалтгааныг нягтлан үзэж, надад хөнгөн ял шийтгэл болох торгох ялаар шийтгэж өгөхийг хичээнгүйлэн хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан Г.Цын хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт гаргаж өгсөн. Нэгдүгээрт, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эгц болон хажуу байдлаар харсан бүсэлхий, нурууны рентген зурагт “5 дугаар нугалам сакрализац болсон, бүсэлхий, нуруу хазайлтгүй, бүсэлхийн нугалам хоорондын жийргэвчний өндөр намссан, үе хооронд зузаарч, хатуурсан” гэсэн эмнэлгийн бичиг байна. Хоёрдугаарт, Г.Ц нь Коёо таун, 54-8 байр, 490 тоотод эхнэр, хүүхдийн хамт түр оршин суудаг гэх оршин суугаа газрын тодорхойлолт байна. Гуравдугаарт, Г.Ц нь 2019 оноос менежерээр ажиллаж байгаа, 1.800.000 төгрөгийн цалинтай гэсэн “Давсан ухаа” хоршооны захирлын тодорхойлолт байна. Шүүгдэгч Г.Цын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэн шүүгдэгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэм бурууг нотлох тал руу илүү чиглэсэн. Хохирогчийг зодсон уу гэх асуултыг прокурор, шүүгчээс асууж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд дүгнэхдээ шүүгдэгч Г.Цын хувийн байдал болон түүний дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан дүгнэлт хийж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдаагүй. Халзан толгойтой, танхай этгээд гэж гадна харагдах байдлаар дүгнэсэн байж болзошгүй. Гэтэл шүүгдэгч Г.Ц нь үс халцрах өвчтэй тул шивээс хийлгэсэн. Хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох нөхцөл байдал байдаг. Урьд ял шийтгэгдэж байсан хэргийн нөхцөл байдлыг харахад хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан байдаг. Иймд шүүгдэгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Д.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Цын хувийн байдал, гэмт хэргийн үйлдлийн шинж чанарыг харгалзан анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.Ц нь 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 41 дүгээр байрны 22 тоот орон сууцанд иргэн Э.Хтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас зүүн хацар шанаа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Хы: “...юм яриад сууж байхад Г.Ц надад хандан “чи яаж яриад байгаа юм, нохойн баас минь, гичий минь, янхан минь, лалар минь” гэж хараасан. Тэгэхээр нь би яагаад намайг ингэж байгаа юм, эхнэрийг чинь ингэж хэлбэл яах вэ гэхэд үгийн зөрүүгүй зүүн нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Толгой өвдөж байна. Нүд бага зэрэг хавдсан байна. ...Г.Ц намайг элдэв бусаар хэлж салаавч гаргаж, нүүр хэсэг рүү 2 удаа цохиж авахад Буян салгаж болиулсан ба Буянг 2 удаа газар унагаад чи энэ гичийгээ өмөөрч байгаа юм уу гэж хэлээд гарч явсан. Уг асуудал болсны дараа цагдаа дээр ирж мэдүүлэг өгчихөөд Буяны хамт шүүх эмнэлэг орж үзүүлсэн. ...” /хх 8-9/,

гэрч О.Г-ийн “...намайг уг эмэгтэй рүү харахад ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл ажиглагдаагүй ба ширүүн харцтай хүн байсан бөгөөд линз зүүсэн байсан. Тэгж харагдсан байж магадгүй." /хх 11-12/,

гэрч Г.Б-ийн “... Х цагдаагийн газарт мэдүүлэг өгчихөөд шүүх эмнэлэгт орж үзүүлнэ гэхэд нь хамт явж үзүүлсэн. Уг маргаан болсны дараа Хы биед ил харагдах гэмтэл шарх учирсан байсан эсэхийг анзаарч хараагүй.” /хх 14/,

гэрч Н.Д-ийн “...07 цагийн орчимд сэрэхэд найз Х найзууд дундын фейсбүүк чат дээр 05 цагийн орчим Б-ийн найз намайг цохисон эмнэлэг дээр байсан гэсэн утгатай зурвас бичиж үлдээсэн байсан.” /хх 18/ гэсэн мэдүүлгүүд,

 “...Э.Хы биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” /хх 22-23/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4454 дүгээр дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж хуульчилсан.

Шүүгдэгч Г.Цын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хуульд заасан харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг дахин үйлдэж, ял шийтгүүлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар солих үндэслэл бүрдээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1445 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1445 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

                                              ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ