| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0039/З |
| Дугаар | 109/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 109/ШШ2025/0018
109/ШШ2025/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д” ХХК
Хариуцагч: . сумын Засаг даргын хоорондын “. захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,
Гуравдагч этгээд: Н.Ц-с . сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “. захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал А.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч . сумын Засаг дарга Ч.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, В.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас . сумын Засаг даргад холбогдуулан “. захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах”;
1.2. Гуравдагч этгээд Н.Ц-с . сумын Засаг даргад холбогдуулан “. захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор бие даасан шаардлага гаргаж маргасан байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Анх . сумын Засаг даргын . захирамжаар тус сумын . багийн . Ц.Цэ-д хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрын эзэмших эрхийг баталгаажуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал)
2.2. Улмаар иргэн Ц.Ц- Цэнхэр сумын Алтан овоо баг, Халуун усанд хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 000611271 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал)
2.3. . сумын Засаг дарга . өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/71 дүгээр захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 5 дугаарт иргэн Ц.Ц-н Халуун Усанд байршил бүхий хүлэмжийн зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ. (2 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал)
2.4. Үүний дараа . сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн хавсралтын тавь дахь хэсгийг хүчингүй болгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)
2.5. Иргэн Ц.Ц-д нь 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Д” ХХК-ийн захирал А.И-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу . сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар иргэн Ц.Ц-н 1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Д” ХХК-д шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 186-169 дэх тал)
Иргэн Н.Цэвэгдоржийн газар эзэмших эрхийн тухайд,
2.6. Анх . сумын Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамжаар иргэн Д.Г-д тус сумын . баг, Халуун усанд 0,5 га үйлчилгээний зориулалттай 021600634 нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал)
2.7. Улмаар иргэн Д.Г-д дээрх газрыг эзэмшүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 000319415 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, кадастрын зураг гаргаж өгсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал)
2.8. . Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжаар нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 3 дугаарт иргэн Д.Гэ-н . баг, Халуун Усанд байршил бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал)
2.9. Улмаар иргэн Д.Г нь дээрх А/36 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгох асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч . сумын Засаг дарга 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/464 дүгээр албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх тухай тайлбар ирүүлснийг үндэслэн, тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2020/0018 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал)
2.10. Иргэн Д.Г-н нэхэмжлэл бүхий дээрх маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад иргэн Ц.Ц-н газар эзэмших эрх хүчингүй болсон (2018.06.13-ны А/71, 2022.03.01-ний А/21 захирамж) байсан болохыг дурдах нь зүйтэй.
2.11. Үүний дараа иргэн Н.Цэ-йн хүсэлтийн дагуу . Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн хавсралтаар иргэн Д.Г-н газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Ц-д шилжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал)
2.12. Дээрх хугацаанаас хойш иргэн Н.Цэ-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, гэрээ байгуулаагүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон газрын даамлаас кадастрын зураг гаргаж өгөөгүй ба иргэн Н.Ц нь 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “А.” ХХК-иар кадастрын зураг гаргуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 209)
2.13. Улмаар иргэн Н.Цэ-с “Д” ХХК, А.И-т холбогдуулан өөрийн эзэмшлийн газар дээр хашаа барьсан гэх асуудлаар маргаан гарч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
2.14. “Д” ХХК-иас иргэн Н.Ц-д газар эзэмших эрх олгосон асуудлаар Цэнхэр сумын Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Цэнхэр сумын Засаг даргаас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 02/432 дугаар албан бичгээр хариу хүргүүлснийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал)
2.15. Харин гуравдагч этгээд Н.Ц-н тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “.сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар бие даасан шаардлага гаргасан болно. (2 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал)
Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжаар 021600634 нэгж талбарын дугаартай үйлчилгээний зориулалттай 5000м2 газрыг Алтан овоо баг халуун усны аманд иргэн Д.Г-с иргэн Н.Ц-д шилжүүлж газар эзэмшүүлсэн байдаг. Гэтэл иргэн Н.Ц-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгогдоогүй, газрын мэдээллийн санд кадастрын зураг нь ороогүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, манай компанийн мэдээллийн санд бүртгэлтэй хууль ёсны газрыг өөрийн мэтээр дайрч удаа дараа чирэгдэл учруулан Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй байх эрхийг маань ноцтой зөрчиж байна. Иргэн Н.Ц-д олгогдсон газар эзэмших эрх нь манай компанийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хууль ёсны газартай 2014м2 газраар давхцаж олгогдсон нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилогдсон Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчиж, манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа болно. Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамж нь хууль бус захиргааны акт тул захирамжийн хавсралтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс . сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжийг хууль бус захиргааны акт тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд заасан 2014м2 талбайгаар энэ бол хязгаарлагдахгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтэд тодорхой байгаа. Энэ газрын давхцалын асуудлыг ярихын тулд газрын түүхийг ярих нь ач холбогдолтой байдаг. Зөвхөн Н.Ц-н түүх биш урд талын Д.Г нь анх энэ газрыг хэнээс авсан гэдэг түүхийг ярина. Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06 тоот захирамжаар 600м2 талбайг иргэн Б.Д эзэмшиж байсан байна. Энэ Б.Д гэж хүний энэ газар хаана байсан бэ гэхээр Цэнхэр сумын төвд хашааны газар байсан. Нэгж талбарын дугаар нь 021600634 гэсэн нэгж талбарын дугаартай хувийн хэргийг хэрэгт нотлох баримтаар авсан байгаа. Дараа нь Д.Г 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/138 тоот захирамжаар газар эзэмшдэг байсан. Энэ нь газрын байршлын зураг гэдэг нь тодорхой биш, нэгж талбарын дугаараар мэдээллийн тодорхой биш байдаг. Газрын албанаас Д.Г-н кадастрын зургийг гаргаж ирсэн. Монгол улсын хэмжээнд хүний нэрээр мэдээллийн санд суугддаггүй. Энэ нь сумын Газрын албанаас гаргаж өгсөн зэрэг байдаг. Энэ зургаас улбаалаад шинжээчийн дүгнэлт гардаг, давхцал гардаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байх ёстой, 2 талын хүсэлт байх ёстой гэсэн хуулийн шаардлага хангасан байж энэ захирамж гарах байж. Нотлох баримтаар энэ баримтууд байхгүй. Ингээд 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 тоот захирамжаар Н.Ц гэж хүнд газар эзэмшүүлсэн. Иргэн аж ахуйн нэгж өөрөө хувийн компаниар кадастрын зургаа үйлдүүлээд, тэрийгээ мэдээллийн санд оруулна. Иргэн аж ахуй нэгжийн үүрэг юм. Кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлд тодорхой байгаа. Н.Ц . тоот захирамжийн хавсралтаар газар эзэмших эрхээ авснаас хойш энэ хүн Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авах ёстой. Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байгаа. Ингээд мэдээллийн санд зураг байхгүй, газар эзэмших эрхгүй юм байна. Газрын төлбөр төлөөгүй, газар эзэмших гэрээ байхгүй болохоор газар эзэмших . тоот захирамж гарснаас Н.Ц газрын төлбөрийг нэг удаа төлөөгүй. Ийм олон газрын холбогдолтой багц хуулиудыг зөрчиж “Д” ХХК-ийн газар эзэмших эрхтэй давхцуулж энэ газрыг авсан гэдгийг Н.Цэвэгдорж өөрөө хэлнэ. Анхны газрын байршлууд хэд хэдэн удаа өөрчлөгддөг. Д.Г-н мэдүүлэгт байж байгаа. Анх авсан газар нь Банзаа лам гэдэг нэршилтэй газар байсан. Хашаа юмаа барих гэсэн нутгийн ард иргэд эсэргүүцээд бариулаагүй гэдэг. “Д” ХХК давхацсан байдлаар, энэ яг хууль ёсны кадастрын зураг байхгүй, гэхдээ энэ компани газартай давхацсан байдал нь энэ компани хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа. Ямар байдлаар яаж хөндөөд байна гэхээр орц гарц хаагаад байна. Шүүх 2 удаа үзлэг хийсэн. Яагаад гэвэл зураглал хийгээд тэмдэглэл үйлдсэн байгаа. Хэрвээ Н.Ц-н газар тухайн газар байгаа тохиолдолд “Д” ХХК хаагуураа яаж явах вэ, хоёр талаараа жалгатай хойд алаараа уултай, ийм газрын байршилтай аж ахуйн нэгжид яаж орох вэ гэдэг нь газрын үзлэгээс тодорхой харагдана. Нөгөө талаас өмгөөлөгч нар ярьж байна. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг алдсан. Бид хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй гэж үзнэ. Яагаад гэвэл 2023 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Д” ХХК-ийн захирал А.И анх гарын үсэг зурж мэдсэн баримт байгаа. Тэгээд Цэнхэр сумын Засаг даргад гомдлоо 10 дугаар сарын 3-ны өдөр өгсөн. Өргөдлийн хариуг 11 дүгээр сард өгсөн. “Д” ХХК 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Д ХХК-ний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. “Д” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэрээтэй, газрын төлбөрөө төлөөд явдаг. Газрын мэдээллийн санд албан ёсоор кадастрын зураг байдаг. Хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг зөрчиж болохгүй гэж үзэж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан үндэслэлээр гаргасан. Энэ хууль ёсны эрх ашгийг хөнөөд байгаа учраас бид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явж байгаа гэв.
3.3. Хариуцагч . сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын . багийн иргэн Ц нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/108 дугаар захирамжаар газар эзэмших эрх баталгаажуулахаар нэг га газрыг эзэмшиж, 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Д” ХХК-д газраа шилжүүлсэн. Мөн Д.Г нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлж аваад 2023 оны 7 дугаар сарын 25-ны А/184 дүгээр захирамжаар Н.Ц-д газраа шилжүүлсэн бөгөөд уг хоёр иргэн, аж ахуй нэгжийн кадастрын зураг нь давхцалтай байх тул уг хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
3.4. Хариуцагч . сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Д.Гэ-с Н.Ц-д шилжсэн газрыг судлаад үзэхээр нилээн хэдэн хууль зөрчигдсөн асуудал гараад байгаа. Тухайн оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Нэгж талбарын дугаар нь сумын төвийн айлын хашааны газрын нэгж талбарын дугаартай давхардсан байгаа. Газрын кадастрт бүртгэе гэхээр “.” ХХК-аар хийлгэсэн 2 кадастрын зураг яваад байгаа. Энэ 2 зураг хоёулаа өөр, “Дээд манхны хишиг” ХХК-ний газартай давхардсан асуудлууд байгаад байгаа гэв.
3.5. Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Д.Г-с . багийн Халуун Усны аманд орших 021600634 нэгж талбарын дугаартай 5000м2 худалдан авах гэрээ байгуулан авч хуулийн дагуу тус сумын Засаг даргад эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргаснаар 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар газар эзэмших эрх шилжигдэн ирсэн. Намайг уг газрыг худалдан авах үед төрийн байгууллагаас шаардлагатай бичиг баримтын бүрдэл бүрэн байсан. Үүнд: газрын гэрчилгээ, кадастрын зураг. Намайг дээрх газрыг худалдан авахаас өмнө тухайн үеийн Цэнхэр сумын Засаг дарга Д.Гэ-н газрыг хүчингүй болгосон шийдвэр гаргаж байсан боловч Д.Г нь хүлээн зөвшөөрөхгүйгээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж Д.Гэ-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зэргээс харахад тухайн газар нь ямар нэг зөрчилгүй хууль ёсны газар болох нь тогтоогдсон байдаг. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн материалд Д.Г-н нэр дээрх газрын гэрчилгээ, кадастрын зураг хавсрагдсан байдаг. Миний бие Архангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, манай газар дээр барьсан хашааг буулгуулах хүсэлт гаргасан боловч “Д” ХХК-ийн захирал А.И нь олон янзын арга хэрэглэж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж цаг хугацаа алдагдуулж байна гэжээ.
3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг дурдахдаа Д.Г-с Н.Ц шилжүүлсэн газар нь манай газартай 2014м2 газраа давхцаж олгосон байна. Газрын тухай хуульд зааснаар Н.Ц-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй гэсэн зүйлүүд яригдаж байгаа. Энэ заагдаад байгаа газрын гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгогдоогүй, газрын мэдээллийн санд кадастрын зураг ороогүй байгаа нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл биш. 2014м2 газраар Н.Ц, “Д” ХХК-ийн газар давхацсан байна, газар эзэмших эрх “Д” ХХК-нд 2022 оны 3 дугаар сард шилжсэн байна. Энэ хууль ёсны юм гэж үзэх юм бол давхацсан газраар Газрын тухай хууль зөрсөн байна гэсэн нэхэмжлэлийн энэ хэсэг нь үндэслэлтэй юм. Гуравдагч этгээд энэ хэсгийг хүчингүй болгох, энэ хэсгийг эзэмшлээсээ хасъя гэдэг дээр маргахгүй байгаа. Энэ 2014м2 талбайгаар давхацсан нь “Д” ХХК-ийн эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг тэр чигтээ зөрчиж байгаа асуудал биш. Энийгээ ялгаж салгаж ойлгохгүй юм. Угаасаа “Д” ХХК-ийн сонирхол юу байна гэхээр өөрийнх нь эзэмшиж байгаа газрын ард Н.Цэ-д газар эзэмшүүлэхгүй байх, бусдад саад болох ийм л зорилготой. Орц, гарц нь хаалттай байна гэдэг асуудал яригдаж байна. Орц, гарц яаж хаагдаад байгаа юм. Өөрсдөө бусад Н.Ц газраа хойшоо болгуул уул руу болно, бусад ард иргэдийн мал бэлчих газаргүй болно гээд байна. А.И өөрөө бусдын эзэмшилд буюу Н.Цэвэгдоржийн газарт хашаагаа барьсан байгаа. Н.Цэ-н эзэмшлийн газарт барьсан хашааг чөлөөлж өгөөч гэсэн нэхэмжлэл анхан шатны шүүхэд явж байгаа. Тэгээд Н.Ц-н давхцаагүй байгаа эзэмшлийн газрыг эзэмшүүлэхгүй чи яваа өөр газар эзэмш гэх шаардлага тавьж болох юм уу. Тэгээд өөрсдөө хууль бусаар хашаагаа бариад эзэмшиж болох юм уу, болохгүй шүү дээ. Н.Ц нөхцөлд уян хатан хандаад асуудлаа шийдүүлье гэдэг саналаа тавьж байдаг. Анх Д.Г-н эзэмшсэн газар гэж яриад байх юм. Хариуцагч бас тэгж яриад байх юм. Анх Д.Г-д газар эзэмшүүлсэн нь “Д” ХХК-ийн хажуу талд эзэмшүүлсэн. Тухайн үед “Д” ХХК эзэмшээгүй байсан, Ц.Ц-д гэдэг хүн эзэмшиж байсан. Хариуцагч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг Н.Ц-ид шилжүүлсэн гэсэн. Энэ Н.Ц-н хийх ёстой ажил биш. Бүхэл бүтэн засаг захиргааны байгууллагыг төлөөлж байгаа Засаг дарга эзэмшүүлсэн. Тэрийг Д.Г эзэмшиж байгаад Н.Ц-д шилжүүлж байгаа. Нэгж талбарын дугаар Б.Д гэдэг хүний нэгж талбарын дугаартай давхцаж байна гэж тайлбарлаж байна. Маргаан үүсээд шүүхэд ирэхэд анхны олгосон нэгж талбарын дугаар давхардсан асуудал яригдаж байгаа. Тэгээд одоо эзэмшиж байгаа хувийн хэргийн нэгж талбарын дугаар өөр байгаа. Энэ нэгж талбарын дугаар олгох, Н.Ц-д газар эзэмших шийдвэр гарсны дараа Н.Ц-той газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах, гэрээг хэн байгуулах үүрэгтэй юм. Гэрээ байгуулах гээд очихоор байгуулахгүй байгаа, захиргааны байгууллага. Гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг санд бүртгүүлье гэдэг материал аваад очихоор танайх шүүх дээр маргаантай байна гээд хийж өгөөгүй. Гэтэл одоо газрын өөр өөр байршил болоод явчхав, тийм зүйл огт яригдаагүй. Тэгээд хариуцагч Н.Цэвэгдоржийн газрыг хүчингүй болгоё гээд зогсож байж болохгүй, ийм хариуцлагагүй байж болохгүй. Энд эд хөрөнгө, өчнөөн олон жилийн хохирлын асуудал яригдаж байна. Тухайн газар дээрээ эзэмшиж чадахгүй маш их хохирогч байна. Тэгээд дураараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй юм байна гээд яригдаагүй өөрсдөө газрынх нь кадастрынх нь нэгдсэн бүртгэл хийж байх ёстой энэ юмнуудаа авахгүй байж. Кадастрын зургийг хувийн компани хийлгэдэг шүү дээ. Хувийн компаниар хийлгээд ирсэн кадастрыг нь шалгаад, давхцалтай юу гэдгийг шалгаад бүртгэх үүрэг нь захиргааны байгууллагад байгаа. Гэрээ, гэрчилгээ олгогдоогүй байгаа нь “Д” ХХК-ийн ямар ч эрх ашгийг хөндөөгүй. Давхцалтай байгаа хэсэг нь хөндөгдөж байна. Энийг хүчингүй болгоё гэдгийг гуравдагч этгээд зөвшөөрч байгаа. Газрын давхцалтай хэсгийг болъё өөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхээ хэрэгжүүлье гэж байгаа. Нэхэмжлэгч талын үндсэн сонирхол нь ард талд Н.-д газар огт эзэмшүүлэхгүй байя гэдэг, эзэмших эрхийг нь хүчингүй болгуулъя гэдэг санаа зорилго явж байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол ямар хэмжээгээр, хэзээ зөрчигдсөн, энэ зөрчигдсөнөө хэзээ мэдсэн гэдэг асуудал байгаа. 2023 оны 8 дугаар сарын А/184 дугаартай захирамжийг хэзээ мэдсэн, өөрөө тайлбарлахдаа “Д” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр татагдаж орж ирсэн, энэ үед мэдсэн гэж ярьж байсан. Үгүй шүү дээ. Уг хэрэгт “Д” ХХК-ийн захирал А.И гэдэг хүн өөрөө хариуцагчаар татагдаад яваад байгаа. А.И нь угаасаа компанийг төлөөлж байгаа хууль ёсны этгээд, уг захирамжийг мэдсэн байх боломжтой. Мөн давхцалыг хүртэл мэдэж байсан. Удаа дараа гарч байгаа шинжээчийн дүгнэлтүүдээр 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг, өмнөх 2 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтийг мэдээд, зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулъя гэлээ гэхэд 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг мэдэж байгаа. 10 дугаар сарын 3-ны өдөр сумын Засаг даргад гомдол, хүсэлт гаргасан гээд байгаа. Сумын Засаг дарга урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийдэг юм биш. Үнэхээр дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргана гэж байгаа бол аймгийн Засаг даргад гомдол гаргах асуудал яригдана. Тэгэхээр энийг урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэсэн гэж ярихгүй. Угаасаа шүүхэд гомдол гаргах 30 хоногийн хугацаагаа алдсан байна гэв.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж харж байна. Шүүхээс тухайн газрыг үзээд давхцалтай асуудлыг шинжлэн судлаад тогтоосон юм байна. “Дг” ХХК болон иргэн Д.Г хоёрын давхцаж байгаа газар нь 2014м2 давхцал байна гээд дүгнэлт гарсан юм байна. Энэ давхацсан хэсэгт хууль ёсны эрх ашиг нь зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Энэ дээр давхацсан хэсгийг нь зөвшөөрөөд газрыг чөлөөлөөд өгье, Засаг дарга нь энэ асуудлыг шийдээд өгье гэхээр бүр зөрөөд давхацсан асуудал биш, давхацсанаас гадна газар эзэмшиж байгаа нь миний эрхийг зөрчөөд байна гээд нэхэмжлэлийн шаардлагаас өөр хамааралгүй шаардлага тавьж орж ирээд байна. Хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-ээс 48.2.5-д заасан энэ нөхцөл байна уу, үгүй юу гэдгийг шүүх харж үзэх ёстой байх. Эд нар нэхэмжлэл гаргахаа ямар үндэслэлээр гаргаж ирсэн гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол гэж байгаа. Давхацсан хэсгээр тухайн этгээдийн эрх ашийг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй, тэгвэл өөр хэсгээр яаж зөрчсөн юм. Бүгдийг нь хүчингүй болгуулаад байх эрх зүйн шаардлага, эрх нэхэмжлэгч талд байгаа юм уу. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан юм бол нэхэмжлэлд гомдол гаргах эрх зүйн үндэс байсан юм уу гэдгийг харж үзэх ёстой. Мөн хуулийн 92 дугаар зүйлд гомдол гаргах хугацааг зааж өгсөн байгаа. Нэхэмжлэгч “Д” ХХК-ний гүйцэтгэх захирал А.И гэдэг хүн энэ маргааны бүхий актыг хэзээ мэдсэн бэ гэдэг асуулт тавигдана. Энийг 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр мэдсэн байна. Өөрийнх нь бусдын эзэмшлийн газар барьсан хашааг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2 хариуцагч Ц.Цэ-д, А.Их-рт гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээж авсан. Нэхэмжлэлд бидний маргаан бүхий актыг дурдаж өгсөн. 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжийн талаар дурдаж, актыг хавсаргаж өгсөн. Хэргийн материалтай танилцсан. Хариуцагч А.И 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариу тайлбар гаргасан. Тэгээд А.И 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргаад 0216000634 нэгж талбарын газрын түүхчилсэн лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан. Захирамжаа мэдчихээд хүсэлт гаргаад байгаа. Үнэхээр эрх ашиг нь зөрчигдөөд эрх зүйн хамгаалалт хүсээд байгаа юм бол хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүрэгтэй. Энэ хугацаа нь А.Ихбаярын хувьд 2023 оны 9 дүгээр сарын 27-Ны өдрөөс тоолоод 2023 оны 10 дугаар сарын 27-нд нэхэмжлэл гаргах хугацаа дуусаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Н.Цэ-н газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших кадастрын зураг мэдээллийн санд ороогүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн зөрчиж байна. Газар эзэмших эрхийн акт гарсан шүү. Иргэн Н.Ц иргэн Д.Гэ-ас гэрээний үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлж авсан бөгөөд Д.Г нь Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай захирамжаар хууль ёсны эзэмшигч тул хууль гэрээний үндсэн дээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлж болно. Хууль ёсны газар эзэмшигч хүн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгоогүй, газрын мэдээллийн санд ороогүй гэдэг асуудлыг ярьж байна. Гуравдагч этгээд Н.Ц-с хамаарах асуудал биш. Н.Ц хүсэлтээ тавиад, гэрчилгээгээ авъя гээд яваад байгаа. Та нарын газрын асуудал маргаантай байна. Энэ асуудлаа шийдвэрлэсний дараа гэрчилгээг шийднэ гээд байгаа. Энэ захиргааны байгууллагын хийх ёстой ажил. Дараад нь нэгж талбарын дугаар давхардсан гээд байна, Н.Ц, Д.Г хоёр нэгж талбарыг дугаарыг олгодог юм уу. Тэрийг хэн олгож өгдөг юм. Давхардсан байгаа бол засаж болно. Энэ тухайн нэгж талбарын дугаар олгож байгаа албан тушаалтны хуул бус үйл ажиллагаа. Тийм учраас энэ нэгж талбарын дугаар хамааралгүй байх гэж бодож байна. Энэ бид ойлголцоод, Засаг дарга хүлээн зөвшөөрч байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрч байна. Ингээд л шийдчих боломжийн асуудал, гэтэл эрх ашиг нь зөрчигдөөгүй цаад газар эзэмших эрх рүү нь дайрч ороод байх юм. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, түүний үндэслэл:
4.1. Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: . сумын засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг тус тус үндэслэн . сумын Алтан-Овоо багийн халуун усанд аялал жуулчлал, үйлчилгээ.хүлэмжийн зориулалтай эзэмшиж буй зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгожээ. Энэ хавсралтын 5 дахь хэсэгт иргэн Ц.Цэ-н 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 169 тоот захирамжтай Алтан-Овоо багийн халуун усны хүлэмжийн зориулалтай 1 га газар эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байна. Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дах хэсгийг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан 60 1.3.-т “Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар маргаан үүсээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад тухайн шатны Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дугаартай захирамж гаргаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулсан төдийгүй мөн хуулийн 47.1.6 дэх хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” байна. Ийнхүү илт хууль бус захиргааны акт гарч, уг газар эзэмших эрх нэг этгээдээс нөгөө этгээд шилжиж, улмаар гуравдагч этгээд миний газар эзэмших эрхэд ноцтойгоор нөлөөлж, газар эзэмших давхцал үүсэж, Н.Ц миний хувьд хууль ёсны газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул маргаан бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дугаартай захирамжийг илт хууль бус тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Н.Ц 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр бие даасан шаардлага гаргасан. . захирамж болох захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Анх Цэнхэр сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А/71 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 2-т заасан, мөн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэгт заасныг үндэслээд Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн Халуун усанд аялал жуулчлалын үйлчилгээ, хүлэмжийн зориулалтай газар эзэмшигчдийн зөрчилтэй аж ахуй нэгж иргэдийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгож байсан. Энэхүү хавсралтын 5 дахь хэсэгт Ц.Ц-н 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 169 дугаартай захирамжтай Алтан овоо баг Халуун усны хүлэмжийн зориулалттай 1 га газар эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр хүчингүй болгож байсан байдаг. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтуудыг үндэслээд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/71 захирамжийн 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анх тухайн газрыг олгохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байж олгох шийдвэр гаргасан байх ёстой. Гэтэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэдэг нь энэ захирамжууд мөн тухайн жилийн газар зохион байгуулах төлөвлөгөөнүүдийг шүүх үзлэг хийж нотлох баримтаар авсан байсан. Гэтэл газар олгоё гэдэг шийдвэр нь гараагүй байхад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад сумын Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь эрхээ хэтрүүлж байна. Өөрт нь энэ эрхийг олгоогүй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг сумын Засаг дарга олгох эрхтэй. Тэгэхээр өөрт олгоогүй бүрэн эрхийг хэтрүүлжээ гэж үзэж байгаа. Тухайн газрыг олгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 болон мөн хуулийн 47.1.3-т хамаарч байна гэж үзэж байна. Н.Цэвэгдоржийн хувьд А/184 тоот захирамжаар олгосон газрын 2014м2 талбай давхцаж байгаа учраас энэ хэсгээрээ Н.Цэвэгдоржийн хувьд хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй болж байна. Тийм учраас илт хууль бус байгаа захиргааны актад нэхэмжлэгч өөрөө мэдсэн үеэсээ хэдийд ч эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тохиолдолд тус шүүхэд нэхэмжлэл гаргах, хөөн хэлэлцэх хугацааны хувьд яригдахгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны акт илт хууль бус болох гэдэг нь өөрөө гарсан үеэсээ эхлээд түүний эсрэг нэхэмжлэл гарсан ч гаргаагүй ч хүчингүй болох зохицуулалттай байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-аас гадна 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай шинж гарч ирж байна. Алдаа илэрхий байгаа, газрын төлөвлөгөөнд батлагдаагүй гээд хүчингүй болсон юм бол тухайн үед нь Засаг дарга захирамж гаргахдаа хүчингүй болгосон нөхцөл нь арилсан юм уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Гэтэл тийм юм байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/74 тоот захирамжаар Ц.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноо шууд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 тоот захирамжаар А/71 дүгээр захирамжийн хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгосон. Ийм учраас энэ захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай шинжүүдийг хангаж байгаа учраас захиргааны актуудыг илтэд хууль бус болох тул хангаж шийдвэрлэх үндэслэл болж байгаа юм. 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 тоот захирамж гаргаснаараа Н.Цэ-н хууль ёсны эрх ашийг зөрчиж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
4.4. Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц нь . захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа тус захирамжид гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан байх ёстой ба Захиргааны ерөнхий хуулийн 92 болон 98 дугаар зүйлд зааснаар гомдлоо захиргааны байгууллагад гаргасан, Захиргааны байгууллага хянан үзсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21дугаартай захирамж нь гуравдагч этгээд болох Н.Ц-н газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Учир нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71дугаар захирамжаар иргэн Ц.Ц- ын Алтан овоо баг, Халуун усны газарт хүлэмжийн зориулалтаар олгогдсон 1 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосныг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21дугаартай захирамжаар хүчингүй болгосон газар эзэмших эрхийг сэргээсэн юм. Өөрөөр хэлбэл Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 108 дугаар захирамжаар иргэн Ц.Цэ-ад 15 жилийн хугацаатай “Хүлэмж нарийн ногоо”-ны зориулалтаар олгогдсон газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр болсон байдаг. Иргэн Ц.Цэ-д болон “Д” ХХК-ийн газар эзэмших эрх нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхээс өмнө үүссэн байдаг тул иргэн Н.Ц-н газар эзэмших эрхэд халдаагүй болох нь тогтоогдож байна. Иймд гуравдагч этгээд Н.Цэ-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэжээ.
4.5. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал А.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ анхнаасаа 2016 онд Ц.Цэ- гээд хүнд олгогдохоо Засаг даргын захирамж дээр тодорхой бичсэн байдаг. Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багийн иргэн Ц.Цэ-д ийм хэмжээний газрыг баталгаажуулсугай гэсэн байдаг. Шинээр эзэмшүүлээгүй, шинээр олгоогүй. Юу баталгаажуулж байна гэхээр тэнд 1986 оноос хүлэмжийн аж ахуй эрхлээд 1992 онд ээж тэр газрыг хууль ёсны дагуу хувьчилж авсан байдаг. Тэр нь дээрээ үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Түүний дагуу хүсэлтээ тавиад 2016 онд айл байшингаа бариад үл хөдлөхийн гэрчилгээгээ аваад дараа нь газраа баталгаажуулаад авдаг 1990 хэдэн онд тийм байсан бол яг тийм зарчмаар яваад, ямар ч хууль зөрчөөгүй, газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөд, хувьчлалаа ном журмын дагуу хийгээд, хүсэлтээ тавиад 2016 онд газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байдаг. Тэргийг Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байна гэж буруугаар ойлгож, тухайн үед ээж бүх баримтуудаа бүрүүлж, хүсэлтээ өгөөд энэ газар эзэмших эрхийг сэргээсэн зарчим явж байгаа гэв.
4.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шүүхэд гомдол гаргахдаа урьдчилсан шийдвэрлүүлэх шаардлага хангасан байх ёстой гээд Захиргааны ерөнхий хуулийн 92, 98 дугаар зүйлд заасан гомдлоо захиргааны байгууллагад гаргасан, тэр гомдлыг захиргааны байгууллага хянасан талаарх баримт хэрэгт байхгүй байгаа. Н.Ц-с Засаг даргад хандсан нэг гомдол байдаг. Тэр гомдол нь яг энэ А/21 тоот захирамжтай холбоотой гомдол биш, тэгэхээр энэтэй холбоотой гомдлоо гаргаагүй, захиргааны байгууллагаар хянан шийдвэрлүүлээгүй, хариуг аваагүй байгаа нь өөрөө захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах шаардлага эрх зүйн үндэслэл байхгүй болж байна. А/21 тоот захирамж Н.Цэ-н эрх ашгийг хөндөөд байна гээд байна. Н.Ц-н эрх ашийг хөндсөн зүйл энэ захирамжид байхгүй. Н.Ц газар эзэмших эрх аваагүй, Ц.Ц газар эзэмших эрх хэзээ үүссэн бэ гэхээр 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/108 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай гээд, өөрөөр хэлбэл Ц.Цэрэннадмид гуай энэ компанид ажиллаж байсан байна. . ХХК нь 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдөр энэ хүлэмжийг дагалдах эд хөрөнгийн хамтаар энэ ажилтандаа хувьчилж өгсөн талах нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Анх Ц.Ц-д гэж хүнд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрхийг өгч байсан байна. Үүний дараа 2018 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгээр хүчингүй болгосон байгаа. 1994 оны шинэчилсэн хууль яваад байгаа. 2003 оноос хүчин төгөлдөр болж байгаа. 33 дугаар зүйл нэмэлтээр орж ирсэн. Энэ 33 дугаар зүйл бол дуудлага худалдаа буюу төсөвт сонгон шалгаруулалтаар газрыг олгоно гэсэн хуулийн санаа орж ирсэн. Гэтэл Ц.Ц-д газар олгож байгаа нь шинээр газар олгож байгаа асуудал биш. Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаад шинээр олгох газар биш байгаа. Компани хувьд хүлэмж болон дэлгүүрээр ажиллаж байсан жижиг мухлаг байгаа. Хүлэмж, мухлаг зэрэг дагалдах хэрэгслүүдийг тухайн үед зарлагын падан гэдгээр 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Ц-д тушаал гаргаад, халуун усны барилга байгууламжуудыг худалдана гээд н.Б дарга нь тушаалаараа баталгаажуулж өгч байсан байна. Энэ бол хувьчлагдсан эд хөрөнгийн доод талын газрыг баталгаажуулах тухай яригдана. 2016 оны энэ захирамж үг үсэг нь газар эзэмшүүлээд, баталгаажуулаад гэж гарсан захирамж байгаа. Дунд нь юу болсон бэ гэхээр 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжаар Ц.Ц-д олгосон газрыг хүчингүй болгосон байсан. Өнөөдрийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа А/21 тоот захирамжаар А/71 тоот захирамжаар хүчингүй болгосныгоо хүчингүй болгосон. Ц.Ц-н газар эзэмших эрх сэргэсэн. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/108 тоот захирамж буюу хүлэмжийн зориулалттай 1 га газрын газар эзэмших эрх сэргэж байна гэж үзэж байгаа. Энэ захирамжийн хугацаа 15 жил, хугацаа дуусах болоогүй байсан. Газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу “Д” ХХК-нд шилжүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хүсэлт болон гэрээ бүх баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж авсан гэж үзэж байгаа. Ийм учраас гуравдагч этгээдийн гаргаж байгаа нэхэмжлэл урьдчилан шийдвэрлүүлэх журмаа хангаагүй, Н.Ц-н хууль ёсны эрх ашийг хөндөөгүй, өөрөө газар эзэмших эрхгүй байж хууль ёсны эрх ашиг хөндсөн гэх ямар ч үндэслэлгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
4.7. Хариуцагч . сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын . багийн халуун усанд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/108 дугаар захирамжаар Ц.Ц-д нэг га газар олгосон бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь Газрын тухай хуулийн 40.1.6 дах заалт мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр цуцалж, Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар эзэмших эрхийг сэргээсэн байна гэжээ.
4.8. Хариуцагч . сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Цэнхэр сумын Засаг даргаар ажиллаж эхэлсэн байгаа. Энэ хоёр хүний нэхэмжлэл дээр, гуравдагч этгээдийн талаас энэ захирамж нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага өгсөн байна. Анх олгогдохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж төлөвлөгөөнд ороогүй юм билээ. Энэ бас өмнөх Д.Г-д олгогдсон газрын хэлбэрээр яг адилхан явсан юм билээ. Газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн үг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. . сумын Засаг дарга . захирамжаар иргэн Ц.Ц-н 1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Д” ХХК-д шилжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 186-169 дэх тал)
1.2. Мөн . дүгээр захирамжаар иргэн Д.Г-йн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Цэ-д шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал)
1.3. “Д” ХХК болон иргэн Н.Ц нар эзэмших эрх бүхий газар нь зарим хэсгээрээ давхацсан, хууль бусаар газар эзэмших эрх олгосон зэрэг асуудлаар маргаж, “Д” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр иргэн Н.Ц-д газар эзэмших эрх шилжүүлсэн А/184 дүгээр захирамжийг хүчингүй болгох асуудлаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад хандсаны дагуу, Цэнхэр сумын Засаг даргаас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/432 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлжээ.
1.4. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.”, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: 60.1.2.-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж зааснаар “Д” ХХК болон иргэн Н.Ц нарын хооронд үүссэн маргаантай асуудлаар зохих шатны буюу Цэнхэр сумын Засаг даргад хандаж, хариу авсан нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцнэ гэж үзлээ.
1.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан ба маргаан бүхий дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн /газар эзэмших/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
1.6. Иймд “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-д заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Хоёр. .сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн хавсралт хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлийн талаар
2.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үндэслэлээ “ ... Н.Цэ-д олгосон газар эзэмших эрх нь манай компани газрын мэдээллийн санд бүртгэлтэй газартай 2014м2 газраар давхацсан. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчсөн ... Н.Ц-д газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгогдоогүй, газрын мэдээллийн санд кадастрын зураг ороогүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн ... Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамж нь хууль бус захиргааны акт ...” гэж тодорхойлон маргажээ.
2.2. Мөн шүүх хуралдааны явцад “ ... иргэн Н.Цэ-н газрын кадастрын зураг нь иргэн Б.Д-н өмчлөх эрх бүхий газрын нэгж талбарын дугаартай давхацсан ... Н.Ц-н газар нь тухайн ойр орчмын орц, гарцыг хаахаар байгаа ... “ гэх үндэслэлийг нэмж тайлбарласан болно.
2.3. Дээрх асуудлаар хариуцагч . албан бичгээр “ ... иргэн Б.Д-ын ... . нэгж талбарын дугаартай 600м2 өмчилж авсан газар нь цахим системд . нэгж талбарын дугаараар бүртгэгдсэн бөгөөд иргэн, хуулийн этгээдэд шилжээгүй байна ... тус хоёр иргэн, аж ахуй нэгжийн газар нь албан ёсоор бүртгэгдсэн орц, гарц, зам, шугам, сүлжээний газартай давхацсан зүйл байхгүй ...” гэх тайлбар ирүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал)
2.4. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан.
2.5. Хариуцагч . сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргаж, “ ... Д.Г-с Н.Ц-д шилжихдээ тодорхой хуулийг зөрчсөн. Сумын төвд байгаа газар Цэнхэрийн халуун усанд оччихсон, Цэнхэрийн халуун усанд очихдоо газрын байршил нь 2-3 удаа өөрчлөгдөөд, одоо яг байгаа газраа ирсэн ... “Д” ХХК-руу шилжсэн газар нь бас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаад байгаа. Өмнөх шүүх хуралдаанд миний хувьд байр сууриа илэрхийлж байсан. Энэ 2 хүн маань хоорондоо эвлэрээд ирэх юм бол миний хувьд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ тухайн газрын байршлыг өөрчлөөд явах боломжгүй байгаа. Тухайн нь байршил дээрээ тохироод, тэр давхацсан газрын асуудлаа хоорондоо шийдчих юм бол хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрнө гэсэн тайлбарыг өгч байна ...” гэх тайлбар гаргасан.
2.6. Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.
2.7. Энэ хэргийн тухайд хариуцагчийн зөвшөөрөл нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэж дүгнэв.
Маргаан бүхий газрын эзэмших эрх үүссэн тухайд,
2.8. Анх иргэн Ц.Ц-н газар эзэмших эрхийг . захирамжаар баталгаажуулсан, үүний дараа . захирамжаар иргэн Ц.Цэрэннадмидын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн хавсралтын тавь дахь хэсгийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.
2.9. Улмаар иргэн Ц.Ц-д нь 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Д” ХХК-ийн захирал А.Их-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар иргэн Ц.Ц-н 1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Д” ХХК-д шилжүүлжээ.
2.10. Иргэн Д.Г-н тухайд, . сумын Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан, үүнээс хойш Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжаар иргэн Д.Г-н газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Цэ-д шилжүүлсэн байна.
2.11. Нэхэмжлэгчээс анх иргэн Д.Гэ-д газар эзэмших эрх олгосон нь хууль бус байсан, улмаар уг газрыг Н.Ц-д шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн тайлбарлаж буй боловч 2020 онд иргэн Д.Г нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2020/0018 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үед иргэн Ц.Ц-н газар эзэмших эрх хүчингүй болсон буюу бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байсан болохыг дурдах нь зүйтэй.
2.12. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал)
2.13. Мөн тус асуудлаар иргэн Д.Г шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “ ...би олон жилийн өмнө Цэнхэр сумын Халуун Ус гэх газарт газар эзэмшдэг байсан, уг газраа хууль ёсны дагуу авсан, тухайн үед захирамж нь гараад авч байсан. Төрийн санд мөнгө тушааж авч байснаа санаж байна. Тухайн үед газраа ашиглах гээд очиход нутгийн улсууд эсэргүүцээд бослого гаргаад бариулахгүй байсан. Манайх тэр газраа ашиглах гэхээр иргэд нь эсэргүүцээд байсан учраас доор Баанзай ламын газрын орчимд зам дагуу нэг жижиг дэлгүүр баръя гэж ярьж байгаад мөн иргэд нь эсэргүүцээд бариулаагүй юм. Энэ хугацаанд бол газрынхаа байршлыг сольж байгаагүй. Угаасаа анх А.И-н газрын дэргэд хууль ёсны дагуу газар авч, сумаас газрын байршлыг зааж өгсөн юм ...” гэх тайлбар гаргажээ. (2 дугаар хавтаст хэргийн 154-156 дахь тал)
2.14. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсэг Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3.-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 38 дугаар зүйлийн 38.4. дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж тус тус зохицуулсан.
2.15. Уг хэргийн тухайд, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар нь гуравдагч этгээд Н.Ц-н эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан газартай 2052м2 хэмжээгээр давхцалтай байгаа нь тогтоогдсон /үлдсэн хэсэг нь давхцалгүй/ бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас газрын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах асуудлаар маргахгүй, зөвшөөрч байна гэх тайлбар гаргаж байна.
2.16. Түүнчлэн . сумын Засаг дарга 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/307 дугаар албан бичгээр “ ... тус хоёр иргэн, аж ахуй нэгжийн газар нь албан ёсоор бүртгэгдсэн орц, гарц, зам, шугам, сүлжээний газартай давхацсан зүйл байхгүй ...” гэх тайлбар ирүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал)
2.17. Хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5.-д зааснаар “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд аливаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохдоо газрыг ямар нэг хэмжээгээр давхцуулан эзэмшүүлэхийг хориглосон зохицуулалттай.
2.18. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10. дахь хэсэгт Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно: 29.10.3.-т “хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан”, 29.11. дахь хэсэгт “Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана.” гэж заасан.
2.19. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Н.Ц-д газар эзэмшихийн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн . аймгийн . сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжийг бүхэлд хүчингүй болгуулах үндэслэлтэй хэмээн тайлбарлаж буй боловч маргаан бүхий газрууд нь 2052м2 хэмжээгээр давхцалтай бөгөөд үлдсэн хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үзэх үндэслэлгүй байна.
2.20. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1.д “захиргааны акт, ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай давхцаагүй газрыг хүчингүй болгох, уг газар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.
2.21. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.2.-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.3. дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэх хуулийн зохицуулалт нь захиргааны байгууллагад эрх олгосон буюу захиргаа сонгох боломжийн хүрээнд хэрэглэгдэнэ.
2.22. Энэ маргааны тухайд, хариуцагчаас гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжтой талаар тайлбар гаргасан боловч гуравдагч этгээд Н.Ц-н эзэмших эрх бүхий газраас нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхцаагүй үлдсэн /2948м2/ газарт тус иргэний хууль ёсны итгэл хамгаалагдах боломжтой байна.
2.23. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, тус иргэн, хуулийн этгээдийн эзэмших эрх бүхий газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь хариуцагчид хадгалагдаж байх тул уг алдааг залруулах боломжоор хангаж, маргаан бүхий А/184 дүгээр захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2.24. Учир нь, “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой байна.
2.25. Түүнчлэн тухайн газруудын нэгж талбарын дугаар болон мэдээллийн санд бүртгэх, тодорхой нөхцөл байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ, чиг үүргийг хүрээнд хийгдэх ажиллагаа байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд /иргэн, хуулийн этгээд/ нарын газар эзэмших эрх, эзэмших газрын хэмжээг хуульд нийцүүлэн тодорхойлж, газрын байршил, кадастрын зураглалыг тодруулах, тухайн газрын хил заагийг газар дээр нь тэмдэглэж, бэхжүүлж, мэдээллийг мэдээллийн санд зөв тусгах, дээрх нөхцөл байдлыг судалж тогтоох зэргийг захиргааны байгууллагад хүлээлгэх нь илүү үр дүнтэй бөгөөд хууль зүйн үндэслэлтэй болно.
2.26. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн маргаан бүхий газрын талаар шинжлэн судалж, тодорхой ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст нэхэмжлэгч, гуравдагч этгээд болох иргэн, хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх нь зүйтэй.
2.27. Хариуцагч маргаан бүхий уг асуудлаар дахин шинэ акт гаргахдаа бусад иргэн, хуулийн этгээд буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг /хөндөхгүй/ зөрчихгүй байх нөхцөлийг хангахад үүрэгтэй.
2.28. Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь маргаан бүхий газрын давхцалыг асуудлыг шийдвэрлэж, нэгж талбар дугаар болон холбогдох мэдээллийг мэдээллийн санд зөв судалж, тогтоох бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор дахин шинэ акт гаргах, энэ хугацаанд захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий А/184 дүгээр захирамжийн хавсралт хүчингүй болохыг тэмдэглэв.
Гурав. . сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын талаар
3.1. Гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас . дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “ ... Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан 60 1.3.-т газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар маргаан үүсээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад тухайн шатны Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 01 өдрийн А/21 дугаартай захирамж гаргаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй ...” нөхцөлд хамаарч байна хэмээн тайлбарлажээ.
3.2. Хэргийн үйл баримтын тухайд, анх .дугаар захирамжаар тус сумын . багийн Халуун Усанд Ц.Ццд хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрын эзэмших эрхийг баталгаажуулсан, үүнээс хойш . захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 5 дугаарт иргэн Ц.Ц-н Халуун Усанд байршил бүхий хүлэмжийн зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон, үүний дараа . дүгээр захирамжаар сумын Засаг даргын .дүгээр захирамжийн хавсралтын тавь дахь хэсгийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогддог.
3.3. Маргаан бүхий . захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн тав дахь хэсгийг хүчингүй болгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)
3.4. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэг Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: 60.1.3.-т “газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга” гэж заасан байна.
3.5. Дээрх асуудлаар иргэн Ц.Цэ-д шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “ ... би 2005 онд Алтанбулагийн техникум төгсөж ирээд Цэнхэр сумын Халуун Ус гэх газарт Хүлэмжийн аж ахуйн ахлагчаар ажилласан. Намайг ажиллаж байх үед Социали замын нэгдлийн Цэнхэр Өргөөт компани гэдэг байсан. Улмаар би ажиллаж байгаад 2007 онд компанийн гишүүдийн хурал хийж, тухайн үед ажиллаж байсан надад давуу эрхээр компанийн гишүүдийн хувьцааг худалдаж аваад өөрийн нэр дээрээ авсан юм. Анх өмч хувьчлалаар газар авсны дараа гэрчилгээ авах гэхэд жижиг ногоон гэрчилгээ өгсөн, түүний дараа ягаан гэрчилгээ өгч байсан. Газрын кадастр бол анх авах үед бол байгаагүй байж байгаад 2016 онд нийт жуулчны баазууд кадастрын зураг хийлгэхэд би кадастр хийлгэж байсан, дараа нь сумын газрын мэргэжилтэндээ хэлж байгаад кадастраа хийлгэсэн юм. 2018 онд нэг хүчингүй болгосон, тэгээд сумын Засаг даргатай уулзаад, хэлж яриад 2019 онд газар эзэмших эрхийг сэргээж өгсөн. Засаг даргаар Д.Галхүү байхдаа сэргээж өгсөн. Үүнээс өөрөөр уг газрын эзэмших эрх хүчингүй болсон зүйл байхгүй ...” гэх тайлбар гаргажээ. (2 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал)
3.6. Уг хэргийн тухайд иргэн Ц.Ц-н газар эзэмших эрхийн гэрчилгээ 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Д” ХХК-д шилжсэн байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй болно.
3.7. Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
3.8. Захиргааны Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж,
3.9. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт тухайн захиргааны актыг /дундаж боловсрол бүхий иргэн/ хэн ч харсан илэрхий алдаатай буюу тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно. Мөн тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан, эсхүл нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж захиргааны акт гаргасан байхыг, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно.
3.10. Тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамааруулж үзнэ.
3.11. Түүнчлэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1.д “захиргааны акт, ... , илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан нөхцөлийг хангах зохицуулалттай.
3.12. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд тухай захиргааны акт нь дээрх дурдсанчлан илт хууль бус байх шинжийг агуулсан байх, улмаар энэхүү илт хууль бус алдаа нь тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх нөхцөлийг шаарддаг.
3.13. Гэтэл иргэн Ц.Ц-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсон Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжийг дээрх хууль зааснаар илт хууль бус гэж дүгнэх, улмаар уг захирамжийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
3.14. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд Н.Ц-н газар эзэмших эрх иргэн Ц.Ц-д, “Д” ХХК-иас хожуу үүссэн, маргаан бүхий А/21 дүгээр захирамжийг гаргах цаг хугацаанд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсээгүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дугаар зүйлийн 106.3.11., 106.3.14., 106.5. дахь хэсэг, 107, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5., Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсгийн 60.1.3., 60.2. дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан . дүгээр захирамжийн хавсралтыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1, 47.1.3., 47.1.6. дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Н.Ц-с . захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .нь маргаан бүхий газрын давхцалыг асуудлыг шийдвэрлэж, нэгж талбар дугаар болон холбогдох мэдээллийг мэдээллийн санд зөв судалж, тогтоох бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор дахин шинэ акт гаргах, энэ хугацаанд захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий . дүгээр захирамжийн хавсралтыг хүчингүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Н.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА