Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

Улсын яллагч: Б.Батхишиг,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

            Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 1803000010034 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, 59 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй,  ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 5-58 байр, 23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УС58101518, Ители овогт Абжатын Тутан.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч А.Т нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын замд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 55 минутын орчимд Honda Fit маркийн 39-63 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 66 настай Ч.Б-г мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар ямар нэг маргах зүйлгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Б /хх-ийн 23-26/, гэрч Ц.Х /хх-ийн 59/, гэрч А.С /хх-ийн 65/ нарын өгсөн мэдүүлэгүүд, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14049 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/, Замын цагдаагийн албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 74/, шинжээч цагдаагийн ахмад Н.Ариунтөгс, шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаа нарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 78, 79/, шүүгдэгч А.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Т нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын замд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 55 минутын орчимд Honda Fit маркийн 39-63 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 66 настай Ч.Б-г мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч А.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 50 минутын орчимд би 29 дүгээр байрны Төрийн банк орчихоод 29 дүгээр байрны зүүн талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү зам хөндлөн гарахаар зам руу орж ертөнцийн зүгээр урдаас хойшоо явж байгаа машиныг хараад зогсож байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байсан суудлын автомашин зүүн урд талаараа миний зүүн талын хөл рүү ирж мөргөсөн би ертөнцийн зүгээр зүүн тал руу унаж машины зүүн талд газар хэвтэж байсан. ...Мөргүүлсэн машиныг ирж байгааг хараагүй, урдаас ирж байгаа машиныг хараад зогсож байсан. Миний араар гарах зай байсан. Мөргөсөн машины жолоочид гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/,

Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч овогтой Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирж үзлэг хийлгэсэн. Зовиур нь баруун тархи, баруун гар, бугуй, мөрний үеэр хөдөлгөөн хязгаарлагдаж өвдсөн гэсэн оноштой байсан. ...Рентген зураг, томографийн шинжилгээ өгсөн онош бүрэн тодорсон байсан. ...баруун мөр хязгаарлагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

 

Гэрч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Б биед үзлэг хийсэн. Баруун гарны шуу ясны мөн зүүн ясны ил хугаралтай, түнх гуяны зөөлөн эдийн гэмтэл, тархины доргилт гэх урьдчилсан онош тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 40 минутын орчим өөрийн эзэмшлийн Honda fit маркийн 39-63 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын Эрхүүгийн гудамжаар ертөнцийн зүгээр хойноосоо урд зүг рүү зам ачаалалтай 20-30 км цагийн хурдтай явж байхад баруун гар талаас орж ирсэн уулзвар талд буюу голд явган зорчигч зогсож байхыг харсан. Тэгээд энэ хүний хажуугаар гарах үед явган зорчигч баруун гар талаас гэнэт орж ирэхэд нь өөрийн жолоодож явсан автомашины баруун урд талын гуфер хэсгээр зүүн талын ташаа руу мөргөхөд явган зорчигч баруун гар талруугаа газар унах үедээ гараараа тулж унаж баруун гараа гэмтээсэн. Би түргэн болон цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 63/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14049 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Ч.Б-ийн биед баруун тал сүүжний тогоо ацетабулын урд эвэр, баруун богтос ясны ил, баруун атгаал ясны толгой, баруун талд эгэмний шугамаар 5, 6-р хавирганы хугарал, баруун бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 69/, Замын цагдаагийн албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаар дүгнэлт /хх-ийн 74/, шинжээч цагдаагийн ахмад Н.Ариунтөгс, шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Долгормаа нарыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 78, 79/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа болон шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг байдал тус тус нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч А.Т-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс А.Т-д Эрүүгийн хулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ч.Базарсүрэн нь /хх-ийн 144/ “...намайг мөргөсөн А.Т нь асаргааны зардалд нийт 2.000.000 төгрөг төлсөн. Мөн даатгалын байгууллагаас 1.353.410 төгрөг дансанд тус тус орсон байх тул миний бие цаашид ямар нэгэн гомдол саналгүй байна” гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй. 

Шүүгдэгч А.Т нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 2 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч А.Т 1644 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Т-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, энэ зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   

5. Шүүгдэгч А.Т-ы 1644 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Ч.Б-ийн рентген зураг 5 ширхэг, “Натур” эмнэлгийн томографикийн оношлогоо 2 ширхэгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9/3 байрны 1 тоотод оршин суух хохирогчид буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.АЛДАР