Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/87

 

 

 

 

    2024           01            16                                        2024/ДШМ/87

 

Ч.Үд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Ч.Ү, түүний өмгөөлөгч П.Д,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/714 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2311003650887 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн  Ү, 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух,  

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял, мөн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 8 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: .................../.   

Ч.Ү нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хооронд үйл ажиллагаа явуулдаг Улсын Их дэлгүүрийн 3 давхрын лангуунаас хохирогч Б.Хгийн “Iphone 11 pro max” загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” төвийн 3 давхрын 302 тоот лангуун дээр байсан хохирогч О.Мын “Iphone 12 pro max” загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Үг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ч.Үд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Үгээс 2.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, Ч.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн үйлдэл, гэмт хэрэгтээ туйлын их харамсаж, гэмшиж байна. Би анхнаасаа гэм буруу дээрээ огт маргалгүй уучлал гуйн хохирол төлбөрөө төлсөөр байгаа билээ. Би мөрдөн байцаалт болон шүүхийн бүх үе шатанд хүндрэл төвөггүй очиж байсан билээ. Хохирогч нараасаа чин сэтгэлээсээ дахин дахин уучлал гуйж байна. Та бүхэн намайг уучлаарай. Миний бие одоогоор өрх толгойлон ээж, хүүгийн хамт амьдардаг. Цаашдаа нийгэмд зөв шударгаар хөдөлмөрлөж ажиллаж амьдарч хүүдээ сайн ээж, ээждээ сайн охин байхыг хүсэж байна. Эрхэм шүүгч та бүхэн надад итгэж, энэрэнгүй зөөлөн хандаж хорихоос өөр төрлийн ял оногдуулаач гэж гуйж байна. Би дахин хэзээ ч гэмт үйлдэл хийхгүй гэдгээ Монгол төрийнхөө өмнө амлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Үгийн өмгөөлөгч П.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ч.Ү нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш тус төвд хандаад улсын өмгөөлөгч татуулахаар хүсэлт гаргаад улмаар энэ хэрэгт томилогдож оролцож байгаа болно. Ч.Үгийн хувьд 2 үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон. Нэг үйлдлийнхээ хохирлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө төлж барагдуулсан. Одоогоор төлж барагдуулаагүй 2.600.000 төгрөгийн хохирол үлдэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэр бүлтэй очиж уулзахад “хохирол төлбөрийг цалингаас нь  төлнө” гэж байсан боловч шүүх хуралдаан болохоос өмнө төлж амжсангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй талаар зүйлчилсэн. Мөн миний үйлчлүүлэгч анх удаа хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн нэг хохирогчид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нь  гэм буруугаа хүлээж, гэмшээд байгааг илэрхийлж байна. Үүнээс хойш 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 2 сар 10 хоног цагдан хоригдоод байгаа. Цагдан хоригдсон нөхцөл байдлаас хохирол төлбөрөө өөрийн биеэр барагдуулж амжихгүй байсаар байгаад давж заалдах шатны шүүх хуралдаанд орж ирсэн байна. Хулгайлах гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ялтай. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийн талыг нь төлсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгож өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.Үд холбогдох хэрэг нэг удаа анхан шатны шүүхээс буцаж байсан. Энэ хугацаанд хохирлыг нөхөн төлөх боломж байсан. Шүүгдэгч Ч.Ү нь 2  хохирогчид нийт 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан атлаа өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг төлөөгүй.  Түүний үйлдсэн гэмт хэрэг, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ч.Ү нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хооро, Улсын их дэлгүүрийн 3 давхрын лангуунаас хохирогч Б.Хгийн “Iphone 11 pro max” загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвийн 3 давхрын 302 тоот лангуун дээр байсан хохирогч О.Мын “Iphone 12 pro max” загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 2.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогч Б.Хгийн: "...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 3 давхарт "Хан Богд кашмер" ноосон эдлэлийн тасаг дээр ирсэн. Би 1 дэх өдрөөс 5 дахь өдөр хүртэл хичээлтэй байдаг болохоор хагас, бүтэн сайн өдрүүдэд бүтэн цагаар өглөө 08 цагаас оройн 22 цаг хүртэл ажилладаг. Манай ажил нь өглөө, орой гэсэн 2 ээлжээр ажилладаг ба өглөө 2 худалдагч орой 2 худалдагч ажилладаг. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надтай хамт лангуун дээр зогсож байсан өглөөний ээлжийн Энхмаа нь буугаад явчихсан оройн ээлжийн худалдагч болох Хулан гэх эмэгтэйг хүлээгээд ганцаараа ажиллаж байсан. Хулан гэх худалдагч охин маань шүдний эмнэлэг ороод ирэх цагаасаа оройтож ирсэн. 15 цаг 40 минутын үед манай дэлгүүр хүн хөдөлгөөн их байсан, би өөрийн “IPhone 11 pro max” загварын гар утсаа лангууны ард цэнэглээд үлдээчихсэн байсан. Тэр хооронд би шилэн лангууны хажууд хүнд үйлчилж байгаад лангуун дээрээ иртэл миний гар утасны цэнэглэгч газар уначихсан миний гар утас байхгүй болохоор нь би гар утсаа хайж эхэлсэн. Би ажлынхаа 94250666 гэсэн дугаараас өөрийн 99490633 гэсэн дугаар руу залгатал холбогдох боломжгүй байсан. Миний rap утас холбогдох боломжгүй болохоор нь би хамгаалалтын албан дээр очиж хяналтын камер шүүж үзэхэд үл таних эмэгтэй хүн аваад явж байгаа харагдсан. ..." /1хх 21-23, 27/,

Хохирогч О.Мын: "... 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүрийн 3 давхар 307 тоот лангуунд худалдаа үйлчилгээ эрхэлдэг юм. Тухайн өдөр ажил дээрээ байж байхдаа үйлчлүүлэгч нар орж ирээд худалдан авалт хийж байх үед 18 цаг 28 минутад нүдний шил 15.000 төгрөгөөр худалдан авалт хийхдээ үл таних эмэгтэй миний "IPhone 12 pro max" загварын шаргал өнгөтэй гар утсыг А4 хэмжээтэй дэлгүүрийн орлого бичдэг дэвтрийн завсраас цэнэглэж байхад нь хулгайлаад аваад явсан байсан. Миний гар утсаа хулгайд алдсан хэсэгт хяналтын камер байсан. ..." /1хх 144-145/,

2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 33-35/,

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 36-37/,

Хөрөнгийн үнэлгээний "Кости-Эстимэйт" ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 163-164/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 150-158, 221-227/,

Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 29/2657 дугаартай “70016784 терминал дугаартай пос машинд 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 18 цаг 28 минутад 15.000 төгрөгийн гүйлгээ хийсэн карт нь 5057454317 тоот дансанд холболттой байна. 5057454317 тоот дансыг ФД88100203 регистрийн дугаартай Чинбатын Ү эзэмшдэг гэх албан бичиг /1хх 166/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ч.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Үг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Ч.Үгээс “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй, эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон, хүнд биш гэж үзэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдлээр бусдын өмчлөлд халдаж буй нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ч.Үгийн хувьд хувьд урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/714 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ч.Үгийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/714 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Үгийн цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧ                                          Д.МӨНХӨӨ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ