Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: П газрын нэхэмжлэлтэй

Ц.Ч-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Ч-ыг эрэн сурвалжлуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ц.Ч- нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд химийн багшаар ажиллаж байсан Д-ийн Э-ийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлжээ. Д.Э нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 266 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 14,054,036 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус сургуулийн цалингийн сангаас 14,054,036 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж, эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу тус сумын сургууль нь ажлын 285 хоногийн олговорт 14,054,036 төгрөг, 14,054,036 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 228,220 төгрөг, нийт 14,282,256 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Ц.Ч-ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж буруу шийдвэр гааргасны улмаас захиргааны байгууллага буюу төрд учирсан хохирол болох 14,282,256 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, прокурорыг итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцуулахаар тус аймгийн дөрөвдүгээр сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг байршлын лавлагааг гаргуулахаар тус аймгийн Улсын бүртгэлийн газарт хандсан болно. Гэтэл хариуцагч Ц.Ч- нь албан ёсны бүртгэлтэй оршин суух хаяг болох Говь-Алтай аймгийн ******* тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Б овогтой Ц-йн Ч /РД:***********/-ыг харилцах утасны дугаар: ********** *эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

  1. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаартай албан бичиг

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00267 дугаар шүүхийн шийдвэр,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15/206 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хуулбар/,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П газар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Ц.Ч- нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд химийн багшаар ажиллаж байсан Д-йн Э-ийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлжээ. Д.Э нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 266 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 14,054,036 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус сургуулийн цалингийн сангаас 14,054,036 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ... прокурорыг итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцуулахаар тус аймгийн дөрөвдүгээр сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг байршлын лавлагааг гаргуулахаар тус аймгийн Улсын бүртгэлийн газарт хандсан болно. Гэтэл хариуцагч Ц.Ч- нь албан ёсны бүртгэлтэй оршин суух хаяг болох Говь-Алтай аймгийн ************* тоот хаягт оршин суудаггүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Б овогтой Ц-н Ч /РД:**********/-ыг харилцах утасны дугаар: ********** эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж, 14.4 дэх хэсэгт “...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно...” гэж заажээ.

4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-н газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ч-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь:

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаартай “...хууль зөрчсөн албан тушаалтнаас төрийн байгууллагад учруулсан хохирол болох 43,636,508 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж, хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх албан бичиг,

-Говь-Алтай аймгийн П газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/102 дугаар итгэмжлэл зэргээр тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П нь Ц.Ч-ын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц-йн Ч-ыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

/Цэндийн Чанцалдулам, урьд нь оршин сууж байсан хаяг: Говь-Алтай аймгийн ********** тоот, РД: **********,  харилцах утасны дугаар:   болно. /

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ц-ийн Ч-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Ц-н Ч-ыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ч-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П-н газарт мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА