Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 316/ШШ2025/00362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн шүүх хурлын “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Т********* тоотод оршин суух хаягтай гэх, **** овогт Б.Б /РД: ******** /-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Т******** тоотод оршин суух хаягтай гэх, ******  овогт М.Ж /РД: ******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б /цахим/, М.Ж /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:... Миний бие 2004 онд 10-н жилийн нэг ангид суралцан үерхдэг байсан. бид хоёрын дундаас 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин төрсөн. Тухайн үед ******* иргэний үнэмлэх гээгдүүлсэн байсан учир бид хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй. Охин Б.У нь өөрийн хүсэлтээр төрсөн эцэг болох М.Ж-р овоглуулахыг хүссэн учир төрсөн эцэг болохыг нь тогтоож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М.Ж нь шүүхэд гаргасан тайлбартаа: “…******* миний бие нь Б.Б-с гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний охин Б.У нь 2005 онд төрсөн, 2006 оноос буюу 1 настайгаасаа миний асрамжид өсөж торнисон. Одоо 20 настай Улаанбаатар хотод Монгол улсын Их сургуулийн оюутан юм. Охин минь эцэг надаар овоглуулах хүсэлттэй байдаг ба Б.Б, охин бид 3 Улсын бүртгэлийн байгууллагад хандаж овог солиулах талаар хүсэлт өгөхөд гэрлэлтийн баталгаагүй тул заавал шүүхээр эцэг мөн болохыг тогтоолго гэсний дагуу шүүхэд хандсан билээ. 2005 онд төрсөн охин Б.У нь миний төрсөн охин мөн тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй....” гэжээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Ж-д холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Ж-д нар нь 2004 онд арван жилийн нэг ангийн сурагчид байсан бөгөөд тэднийг гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд охин Б.У нь 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  төрсөн болох нь  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтийн баталгаагүй ба 2006 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн, хариуцагч М.Ж нь охин Б.У-г 1 настайгаас нь эхэлж өөрөө өсгөж хүмүүжүүлсэн, миний хүүхэд мөн, эцэг тогтоох шинжилгээ өгөх шаардлагагүй гэж шүүхэд тайлбар гаргасан ба талууд хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин ***** овогт Б.У-г /РД:*****/-ийн төрсөн эцэг нь *****т овогт М.Ж /РД: ******/-г мөн болохыг тогтоосугай.

2.  Зохигчид  эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэг, асрамжийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчэийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Р.БАЯРХҮҮ