Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 125/ШШ2025/0027

 

 

 

 

 

 

    2025        05           21                                    125/ШШ2025/0027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Тендерийн үнэлгээний хорооны БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр "*******" ХХК-ийг шалгаруулсан 2025.03.11-ний өдрийн шийдвэрийг, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт "*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан 2025 оны 03 сарын 12-ны өдрийн №79 тоот шийдвэрийг хүчингүй, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр "*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан талаар мэдэгдсэн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 80 дугаартай шийдвэрийг хүчингүй, БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025.02.27-ны өдрийн тус тендерийг 2025.03.11-ний өдөр нээхээр шийдвэрлэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1, ТШЗ 19.1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 15.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг арилгаж дахин тендер зарлахыг даалгаж, Ховд аймгийн Засаг даргын орлогч ******* болон "*******" ХХК-ийн хооронд 2025.03.24-ний өдөр байгуулсан дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гэрээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/ болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1 Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалаар Тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 сарын 30-ны өдөр "Ховд хотын ундны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ гэх БХБЯ/20240101043 дугаартай тендерийг зарласан.

1.2 Тус тендерийн үйл ажиллагаатай холбоотой маргаан үүсч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0878 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч “*******” ХХК-иас Монгол улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 дугаар албан бичгийн 3 дахь хэсэг, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/6286 дугаар албан бичгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан тус газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 408 дугаар албан бичгийг хэрэгжүүлэн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 08-ны 486 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

1.3. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2025/0023 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

1.4. Аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 16- ны өдрийн А/151 тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хуралдаж тендерийн жишиг баримт бичиг боловсруулан 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл тендер хүлээн авахаар цахим системд нийтэлсэн.

1.5. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 125/Ш32024/0268 дугаар захирамжийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тендер түр түдгэлзүүлсэн байсан ба Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулан үргэлжлүүлэн зарлах шийдвэр гарган цахим системд нийтэлсэн.

1.6. "*******" ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тендер түр түдгэлзүүлсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2025/0023 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гарсан тул үнэлгээний хороо 2025 он 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарган цахим системд нийтэлсэн.

1.7. Мөн "*******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасан тухай 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлсэн.

1.8. Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0096 дугаар тогтоолыг үндэслэн Үнэлгээний хороо 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж тендер нээх хугацааг 2025 оны 03 сарын 11-ны өдөр нээхээр цахим системд нийтэлсэн.

1.9. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний хороо хуралдаж "*******" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулах шийдвэр гаргасан.

1.10. Дээрх шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч “*******” ХХК-иас тус шүүхэд:

- Тендерийн үнэлгээний хорооны БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр "*******" ХХК-ийг шалгаруулсан 2025.03.11-ний өдрийн шийдвэрийг,

- Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт "*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан 2025 оны 03 сарын 12-ны өдрийн №79 тоот шийдвэрийг,

- Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр "*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан талаар мэдэгдсэн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 80 дугаартай шийдвэрийг,

- БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025.02.27-ны өдрийн тус тендерийг 2025.03.11-ний өдөр нээхээр шийдвэрлэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож,

- БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1, ТШЗ 19.1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

- Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 15.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг арилгаж дахин тендер зарлахыг даалгаж,

- Ховд аймгийн Засаг даргын орлогч ******* болон "*******" ХХК-ийн хооронд 2025.03.24-ний өдөр байгуулсан дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ховд аймгийн Худалдах авах ажиллагааны газраас зарласан "Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр" ажлын БХБЯ/20240101043 урилгын дугаартай тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд захиалагчийн зүгээс 2025 оны 03 сарын 12-ны өдөр "*******" ХХК-ны хүргүүлсэн тендерийг шалгаруулахаас татгалзаж №79 тоот мэдэгдэл ирүүлсэн. Тухайн мэдэгдэлд "*******" ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах болсныг мэдэгдсэн байсан.

Бид хуульд заасан хугацаанд Сангийн яаманд гомдлоо хүргүүлсэн боловч 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 02/1903 тоот албан бичгээр тендерийн баталгаа ирүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдлыг хянан шийдвэрлэхээс татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Энэхүү тендерийн захиалагч болон үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг зохион байгуулж үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн олон заалтыг зөрчиж, тухайн тендерт оролцож байгаа аж ахуйн нэгжид тэгш боломж олголгүй өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явууллаа. Үүнд:

1. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас анх 2024 оны 04 сарын 30-ны өдөр дээрх тендер шалгаруулалтыг зарлаж 2024 оны 06 сарын 10-ны өдөр манай компанийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж манай компанитай гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Гэтэл тендерт оролцогчоос гаргасан гомдлын дагуу Сангийн яам 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 03/5647 тоот шийдвэрийг захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн тендерийг дахин зохион байгуулахыг даалгасан. Сангийн яамны шийдвэрийг манай компани эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн бөгөөд энэхүү маргаан 2025 оны 02 сарын 17-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Гэтэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар шүүхийн маргаан дуусаагүй байхад буюу 2024 оны 08 сарын 21-ний өдөр тухайн тендерийг дахин зарлаж 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 10 цаг 40 минутад нээлт хийхээр шийдвэрлэсэн. 2024 оны 08 сарын 21-ний өдөр тендерийг дахин зарлахдаа манай компанийн санхүүгийн болон техникийн чадавхаас илүү давсан шаардлага бүхий заалтыг тендерийн баримт бичигт оруулж өрсөлдөөнийг хязгаарласан, нэг компанид давуу байдал олгох зорилго бүхий үйлдэл гаргасан учир тухайн үеийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бөгөөд тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 18.1, 19.1 дахь заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарласан, хууль зөрчсөн заалт гэж үзэж 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 01/1618 тоот албан бичгээр тендерийн баримт бичгийн дээрх заалтуудад өөрчлөлт оруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг захиалагчид даалгасан.

Гэтэл захиалагч буюу Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 02 сарын 27-ны өдөр тендерийг дахин зарлахдаа тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөрчил арилгуулахаар даалгасан үүргийг хүлээж авалгүй ТШЗ-ийн 18.1, 19.1 дахь хэсэгт өөрчлөлт оруулалгүй хэвээр нь үргэлжлүүлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

2. Дээрх тендерийг 2024 оны 08 сарын 21-ний өдөр дахин зарласны дараа тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 09 сарын 12-ны өдрийн №01/1565 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Мөн Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 125/Ш32024/0268 тоот захирамжаар захиргааны актын биелэлтийг уг хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн. Дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2025 оны 02 сарын 18-ны өдөр гарсан бөгөөд энэхүү тогтоолыг Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 02 сарын 23-ны өдөр гардаж авсан байдаг.

Дээрх дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхэлж сангийн яамны тухайн тендерийг дахин зохион байгуулах тухай шийдвэр хүчинтэй болно гэсэн үг билээ. Гэтэл үнэлгээний хороо 2025 оны 02 сарын 27-ны өдөр шийдвэр гаргаж тендерийг 2025 оны 03 сарын 11-ний өдөр буюу үргэлжилсэн амралтын өдрүүдийн дараа ажлын 5 хоногийн хугацаатай зарлаж тендерт оролцогч нарт тендерийн баримт бичиг боловсруулах, их хэмжээний үнийн дүн бүхий тендерийн баталгаа байршуулах боломж олголгүй өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл хийсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт тендер хүлээж авах эцсийн хугацаа энэ хуулийн 8.3-т заасан тендер шалгаруулалтад ажлын 20-иос дээш өдөр байхаар заана гэж хуульчилсан.

Гэтэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар өмнөх 2024 оны 08 сарын 21-ний өдөр дахин тендер зарласан өдрөөс тендер түдгэлзүүлсэн өдөр хүртэл хугацааr оруулан тооцож өмнөх тендер шалгаруулалтын маргаан шүүхээр хянан шийдвэрлэж дууссан хугацаанаас үргэлжлүүлэн тооцож хэт бага хугацаагаар тендерийн материал хүлээн авах хугацааг тооцоод байна. Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дахь хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын нээлттэй холбоотой гомдлоо Монополын эсрэг байгууллагад гаргасан боловч нээлттэй тендер шалгаруулалтын хувьд тухайн тендер нээхээс ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гомдол гаргана гэсэн хуулийн заалтын дагуу тухайн байгууллага гомдол хянан шийдвэрлэх боломжгүй тухай 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 01/437 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 02 сарын 27-ны өдөр тендер дахин зарлахдаа гомдол хянан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах боломжит хугацаа олголгүй хууль зөрчсөн үйлдэл гаргаад байна. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар он дамжин төсвийн жил дууссан байхад дээрх тендер шалгаруулалтыг дахин зарлах ёстой байсан.

3. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 сарын 16-ны өдрийн А/80 дугаартай шийдвэрээр үнэлгээний хороог даргаар нь *******, гишүүдэд Ц.Дашцэрэн, , нарийн бичгийн даргаар ******* нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Гэтэл 2024 оны 08 сард үнэлгээний хороог дахин байгуулахдаа хуулийг буруу хэрэглэж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Учир нь үнэлгээний хорооны дарга *******, гишүүн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байхад гишүүн Ц.Дашцэрэн, нар нь үнэлгээний хорооноос гарах талаар хүсэлт өгөөгүй байхад тэдэнд мэдэгдэлгүй чөлөөлсөн, 2024 оны 08 сард үнэлгээний хороог шинэчлэн байгуулахдаа өмнөх нарийн бичгийн дарга *******ыг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нь хуулийн 50.9-д заасан "энэ хуулийн 50.8-д заасан тохиолдолд энэ хуулийн 50.2.2, 50.2.3-т заасан чиг үүрэгтэй үнэлгээний хороог шинэчлэн байгуулна" гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

 

 2.2 Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн үнэлгээний хорооны БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр "*******" ХХК-нийг шалгаруулсан 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин уг тендерийг зарлуулж манай ******* ХХК-нийг уг тендерт оролцох боломжийг хангаж өгнө үү.

Анх уг тендерийг 2024 онд зарлах үед 3 компани оролцож байсан бөгөөд, ******* ХХК нь мөн оролцож байсан. 2024 оны тендер шалгаруулалтад манай ******* ХХК шалгарсан. Тухайн үед Ховд өргөө ХХК нь Сангийн яамд гомдол гаргаж уг тендерийн маргаан нь бүтэн жилийн хугацаанд 3 шатны шүүхээр хэлэлцүүлэгдэж уг тендерийг дахин зарлах шийдвэр гарсан. Тухайн үед Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “маргаан бүхийн тендерийн ажиллагааг зогсоох захирамж” гарсан.

Гэтэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь уг тендерийг шүүхийн шатанд явж байхад буюу шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин үнэлгээний хороо байгуулж тендер зарласан юм. Манай ******* ХХК-нийн зүгээс Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар руу байнга “тендерийн маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хууль бус ажлаа зогсоож өгнө үү” гэх хүсэлтүүдийг удаа дараа албан бичгээр явуулж байсан.

Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар шинээр үнэлгээний хороо байгуулж, шинээр үнэлгээний хороо байгуулсантай холбоотойгоор тендерийнхээ баримт бичгийг өөрчилж тендер зарласан. Нэгэн уг тендерийг дахин зарлаж байгаа бол Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар өөрөө хуулийн дагуу тендерийг зохион байгуулсан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан.

Нэгдүгээрт: 2024 оны үнэлгээний хороо нь 5 гишүүнтэй байх бөгөөд уг 5 гишүүний 2 гишүүн нь үнэлгээний хороонд ажиллахаас татгалзсан байдаг. Гэтэл нөгөө 3 гишүүн нь татгалзах хүсэлт өгөөгүй байхад дахин шинээр үнэлгээний хороо байгуулсныг манай компанийн зүгээс хууль бус гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа яагаад манай ******* ХХК-нийг оролцох боломжгүйгээр өгөгдлийн хүсэлтийг өөрчилж байгаа юм бэ гэдгийг манай компани удаа дараа албан бичиг өгсөн. Мөн Монополын эсрэг газарт “гомдол” гаргасан. Монополын эсрэг газраас Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар руу “******* ХХК-нийн гаргасан гомдол үндэслэлтэй байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1, ТШЗ 19.1 гэх хоёр заалтыг өөрчилсний үндсэн дээр, уг тендерийг цаашид үргэлжлүүлж зарлах эсэхээ манай газарт мэдэгдсэний үндсэн дээр дахин тендер зарла гэсэн байхад. Уг үүргийг тендерийн үнэлгээний хороо биелүүлээгүй.

Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь манай компанийг Тендерийн үнэлгээний хорооны Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1 борлуулалтын орлого, ТШЗ 19.1-д инженер техникийн ажилтан, гэх 2 үндэслэлийг баримталж уг тендерт оролцох боломжгүй болгосон. Мөн дахин тендер шалгаруулахдаа 5 хоногийг хугацаа зарласан байсан. Яагаад 5 хонгийн хугацаа тавьж байгаа талаар асуухад анх цахим дээр нийтэлсэн хугацаанаас хойш гэх тайлбарыг хэлдэг. Гэвч манай компанийн зүгээс байнгын Tender.gov.mn сайтын харах боломжгүй шүү дээ. Манай компанийн хувьд 2024 онд уг тендерт оролцож ялсан шүү дээ. Ийм том тендерийг 5 хоногийн хугацаанд тавьж байгаа нь хууль бус юм. Яагаад гэвэл уг тендерт оролцохын тулд төрийн дээд шатны байгууллагад хандах шаардлагатай болдог. Тухайн байгууллагууд нь тендер шалгаруулахаас 5 хоногийн өмнө хандах ёстой байсан гэдэг хуулийн шаардлага хэлдэг. Мөн Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар нь Монополын эсрэг газрын гаргасан шийдвэрийг биелүүлээгүй.

Манай компанийн зүгээс Монополын эсрэг газар руу “тендерийг зогсоож өгнө үү, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь танай өмнө гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд манай компанийг тендерт нээлттэй оролцох боломжгүй болгож байна” гэх албан бичгийг явуулсан боловч, Монополын эсрэг газрын хариу мэдэгдэх албан бичигт “тендер нээхээс өмнө таван хоногийн хугацаанд танайх албан бичгээр хандах ёстой. Иймд танай албан бичгийг хүлээж авах хуулийн хугацаа хэтэрсэн тул хүлээн авах боломжгүй” гэж үзсэн. Манай ******* ХХК нь Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын буруутай үйл ажиллагаанаас болж уг тендер оролцох боломжгүй болсон гэв.

 

2.3. Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч "*******" ХХК-ий Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан "Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 486 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 тоот "Гомдол хянасан тухай" шийдвэрийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, "*******" ХХК болон "" ХХК-ний түншлэлтэй гэрээ байгуулахыг даалгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 125/ШЗ2024/0218 дугаар захирамж гарсан.

Аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16- ны өдрийн А/80 дугаар тушаалаар байгуулсан үнэлгээний хорооны ахлагч болон гишүүд үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллахаас татгалзсан тул тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2024 оны 08 дугаар сарын 16- ны өдрийн А/151 тушаалаар шинэчлэн байгуулсны дагуу Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хуралдаж тендерийн жишиг баримт бичиг боловсруулан 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл тендер хүлээн авахаар цахим системд нийтэлсэн.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 125/Ш32024/0268 дугаар захирамжийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тендер түр түдгэлзүүлсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0878 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох тухай гарсан шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар хүлээн авсан бөгөөд гомдол гаргах 5 хоног дууссаны дараа Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж тендер шалгаруулалтын баримт бичгийг Монополын эсрэг газрын тендерийн баримт бичиг хянасан тухай албан бичгийн дагуу өөрчлөлт оруулан үргэлжлүүлэн зарлах шийдвэр гарган цахим системд нийтэлсэн. "*******" ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр тендер түр түдгэлзүүлсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2025/0023 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гарсан тул үнэлгээний хороо 2025 он 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гарган цахим системд нийтэлсэн.Мөн "*******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасан тухай 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлсэн.

"*******" ХХК нь гомдол гаргасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны шийдвэрийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0096 дугаар "*******" ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзах тогтоолыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасан Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана гэж заасны дагуу Үнэлгээний хороо 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж тендер нээх хугацааг 2025 оны 03 сарын 11-ны өдөр нээхээр цахим системд нийтэлсэн.

Тухайн тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд нийт байршуулсан хоног нь ажлын 28 хоног байгаа тул үнэлгээний хороо 100 хувийн ирцтэй хуулийн дагуу хуралдаж шийдвэр гаргасан.

2. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний хороо хуралдаж "*******" ХХК нь ТШЗ-ийн 16.1.2.-д заасан Ерөнхий шаардлагыг магадлахад шаардагдах бусад баримт бичиг гэж заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй; (Нийгмийн даатгалын шимтгэлийн 5,570,800.0 төгрөгийг өглөгтэй), ТШЗ.18.1- д заасан Борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын дундаж нь батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 20 хувь болон түүнээс багагүй байх шаардлага, ТШЗ. 19.1.1-д заасан Ажил гүйцэтгэх хүний нөөц (Инженер техникийн ажилчид дутуу санал болгосон), ТШЗ.19.1.2-д заасан Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл (Шаардлага хангаагүй дутуу санал болгосон), ТШЗ.19.1.3-д заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардлага хангаагүй, ТШЗ.24.1-д заасан Тендерийн баталгааны дүн болох 190,356,000.0 төгрөг байршуулаагүй зэрэг шаардлагууд хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх Шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах шийдвэр гаргасан.

3. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний хороо хуралдаж "*******" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулах шийдвэр гаргасан.

Монополын эсрэг газраас ирсэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1565 дугаар тендер түдгэлзүүлэх тухай албан бичгийг үндэслэн тухайн өдөр тендер түр түдгэлзүүлсэн. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1617 дугаар тендерийн баримт бичиг хянасан тухай албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж Тендерийн жишиг баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай хариу тайлбар холбогдох баримтыг Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно гэжээ.

 

2.4 Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2024 оны төсөл дээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 12.1.110 хуулийн дугаартай Барилга хот байгуулалтын яамнаас эрх шилжиж ирсэн БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ тендер шалгаруулалт дээр эрх шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор 2024 оны 04 дүгээр сард  үнэлгээний хороо байгуулагдаж хуулийн дагуу тендер шалгаруулалт зохион байгуулахад гурван компани оролцсон. Үүнд: ******* ХХК, Ховд өргөө ХХК, ХХК гэх гурван компанийн материал ирж байсан. Ингэхдээ дээрх гурван компани нь бүгд түншлэл, туслан гүйцэтгэгчээр хамтарч орж ирж байсан. Дангаараа нэг ч компани орж ирээгүй. Ингээд тухайн үед ******* ХХК нь үнэлгээний хорооны шийдвэрээр шалгарсан боловч ******* ХХК сангийн яаманд гомдол гаргасны дагуу 1 техник хэрэгсэл нь ачааны машин биш, зүтгүүр байна гэдэг шалгуураар Сангийн яамнаас татгалзсаных нь дагуу үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргаж дахин зарлах шийдвэр гарсан. Үүнтэйгээр холбоотой дахин зарлах шийдвэр гаргаж дээрх гурван компанид мэдэгдэл өгсөн. Мөн үнэлгээний хорооны ахлах, үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны гишүүн нар тус тендерийн үнэлгээний хороонд ажиллахаас татгалзах тухай хүсэлт өгснийх нь дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/151 дугаартай тушаалаар тус үнэлгээний хороо шинэчлэгдэн байгуулагдсан. Үнэлгээний хороо шинээр байгуулагдсантай холбоотойгоор тендерийн баримт бичиг өөрчлөлт оруулан 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл тендер хүлээн авахаар хуулийн хугацаатай нийтдээ ажлын 20 хоногийн хугацаанд тендер хүлээн авахаар цахим зарлагдсан. Тендер зарлагдсанаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Монополын эсрэг газраас албан бичиг ирж, мөн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч тус тендерийг түдгэлзүүлсэн байгаа.

Хоёрдугаарт: 38 тэр бум төгрөг нь 2024 2025 онуудад он дамжих төсөвт өртөгт байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 онд шинээр тендер зарлах ёстой байсан гэдэг боловч, манай зүгээс 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тендер зарласан. Энэ тендер нь дуусаагүй үргэлжлээд явж байсан гэдгийг хэлмээр байна. ******* ХХК-нийн гаргасан нэхэмжлэлийн хувьд шүүхийн шатаар эцэслэн шийдвэрлэгдээд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд тендер шалгаруулалтыг хүлээн авахаар тооцож 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тендер нээхээр зарласан. Уг тендерт  ******* ХХК, Ховд Өргөө ХХК оролцсон. Ингэхдээ ******* ХХК нь дангаараа, Ховдын Өргөө ХХК нь хоёр компанитай түншлэн туслан гүйцэтгэгчээр хамтарч орж ирсэн тул Ховдын Өргөө ХХК шалгарсан юм гэв.

 

2.5. Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

1. Тус тендерийг Аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалаар байгуулсны дагуу уг бүрэлдэхүүн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж "*******" ХХК нь Хуулийн 7 дугаар зүйл, ТШЗ-ны шаардлагуудыг хангаж байгаа тул Хуулийн 51.7 дугаар зүйлд зааснаар Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ." гэж заасны дагуу Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан "*******” ХХК-ийг шалгаруулсан 2025.03.11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. "*******” ХХК нь ТШЗ-ийн 16.1.2.-д заасан Ерөнхий шаардлагыг магадлахад шаардагдах бусад баримт бичиг гэж заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй; (Нийгмийн даатгалын шимтгэлийн 5,570,800.0 төгрөгийг өглөгтэй), ТШЗ.18.1-д заасан Борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын дундаж нь батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 20 хувь болон түүнээс багагүй байх шаардлага, ТШЗ. 19.1.1-д заасан Ажил гүйцэтгэх хүний нөөц (Инженер техникийн ажилчид дутуу санал болгосон), ТШЗ.19.1.2-д заасан Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл (Шаардлага хангаагүй дутуу санал болгосон), ТШЗ.19.1.3-д заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардлага хангаагүй, ТШЗ.24.1-д заасан Тендерийн баталгааны дүн болох 190,356,000.0 төгрөг байршуулаагүй зэрэг шаардлагууд хангаагүй тул Хуулийн 28.1.3-д зааснаар шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзан №79 тоот мэдэгдлийг хүргүүлсэн.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан "*******" ХХК- ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №79 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. БХБЯ/20240101043 дугаартай "Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр (Ховд, Жаргалант сум) тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагч хянан үзэж тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн "*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болно. Иймд дээрх Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Тухайн тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд нийт байршуулсан хоног нь ажлын 28 хоног байна. Үнэлгээний хороо Хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д зааснаар тендерийн материалд нэмэлт өөрчлөлт оруулж тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж үргэлжлүүлэн зарласан. Иймд хуулийн дагуу зарласан учир Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2024 онд 3 шатны шүүхийн шийдвэр гарч 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  ХХК нь тендер шалгаруулалтын зааварчилгаа болон хуулийн заалтуудыг хангахгүй байгаа учраас шалгараагүй тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн бөгөөд энэ тухай баримтуудаа хавтаст хэрэгт хүргүүлсэн байгаа. Ховдын Өргөө ХХК нь шаардлага хангасан учраас шалгаруулсан баримтуудын мөн хүргүүлсэн. ХХК нь тайлбартаа тухайн Үнэлгээний хорооны хороог Ховдын Өргөө ХХК-д давуу эрх олгох байдлаар өөрчилсөн гэж ярьж байна. 2024 онд байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд нь татгалзах хүсэлт гаргасан тул хуулийн 51.3-д зааснаар “үнэлгээний хорооны гишүүн нь дөрвөний гурваас багагүй ирцтэй байна”.гэх шаардлагыг хангахгүй байсан учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/151 дугаартай тушаалаар тус үнэлгээний хороо шинэчлэгдэн байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа борлуулалтын орлогыг Ховдын Өргөө ХХК-д зориулж манай компанийг шударга өрсөлдөх байдлыг зөрчиж борлуулалтын орлогыг өндрөөр тавьсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед үнэлгээний хороо нь 100 хувийн ирцтэй хуралдаж, тухайн төсөвт өртөгдөхөөс хамаарч борлуулалтын орлогыг тавина. Мөн тухайн ажлыг гүйцэтгэх чанартай компанийг шалгаруулахын тулд борлуулалтын орлогыг тавьж өгдөг. Түүнээс биш хэн нэгэн компанид нь давуу байдалд олгож тавьсан зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.6. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын орлогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Засаг даргын орлогч ******* болон "*******" ХХК-ийн хооронд байгуулсан 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр ажлын гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиалагчаас байгуулсан Үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр ажлын тендер шалгаруулалтад "*******" ХХК шалгарсан тул тус компанитай ажлын гэрээг хуулийн хугацаанд байгуулах шийдвэрийг ирүүлж үүний дагуу Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр ажлын дугаартай гэрээг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан.

Дээрх ажлын тендер шалгаруулалттай холбоотой холбогдох эрх бүхий байгууллагуудаас хууль зөрчсөн талаар болон уг ажлын гэрээг байгуулахгүй байх шийдвэр гараагүй тул Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр ажлын дугаартай гэрээ нь одоогоор хүчин төгөлдөр байна. "*******" ХХК-иас танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1, 2, 3, 4, 5 дугаар шаардлагуудыг шүүхээс хэрхэн хангах эсэхээс шалтгаалж, аймгийн Засаг даргын орлогчид холбогдох нэхэмжлэлийн дээрх шаардлага яригдах учиртай.

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын орлогч ******* болон "Ховдын Өргөө" ХХК-ийн хооронд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан дугаартай Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд Жаргалант сум/ ажлын гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиалагч нь үнэлгээний хороог хуулийн дагуу байгуулдаг. Харин Үнэлгээний хороо нь захиалагчаас хараат бус ажиллаж шийдвэрээ гаргадаг субъект юм. Миний үзэж байгаагаар нэхэмжлэлийн дээрх таван шаардлага яаж хангагдахаас шалтгаалж зургаа дахь шаардлагын асуудал яригдах учиртай гэж үзэж байна. Тухайн үед Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах мэдэгдлийг захиалагчид ирүүлсэн. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1, 30.3-д заасан эрх, үүргийн дагуу шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах үүрэгтэй. Хуульд гэрээ байгуулах хуулийн доод хугацааг зааж өгсөн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ. Гэж заасан бөгөөд уг хуулийн заалтын хүрээнд гэрээ байгуулсан. Мөн хуулийн 30.3-т “Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна” гэж заасан. Мөн хуулийн 30.3.1, 30.3.2-т заасан шаардлагаас бусад тохиолдолд гэрээг байгуулах үүрэгтэй. Тухайн гэрээ байгуулахгүй байх нөхцөл бүрдээгүй байсан учраас захиалагч хуулийнхаа дагуу гэрээгээ байгуулсан.

 Иймд хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд тус нэхэмжлэлийг шийдвэрлэнэ үү. гэв.

 

2.7. Гуравдагч этгээд “*******” ХХК-нийн захирал оос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2025 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах эрх олгох тухай 80 тоот шийдвэр ирсэн. Бид төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хугацаанд Хас банкаар 150,000,000 /Нэг зуун тавин сая төгрөг/-ний 154GT21250314234 тоот гүйцэтгэлийн баталгаа гаргуулан захиалагчид хүргүүлж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажил гүйцэтгэх тоот гэрээг байгуулан ажлын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа болно.

Бэлтгэл ажлын хүрээнд HDIC-WSSP-14/2021 шифртэй ажлын батлагдсан зураг төсөл, ажил гүйцэтгэх графикийн хүрээнд 2000 м3 эзлэхүүнтэй 3 ширхэг усан сангийн барилга гүйцэтгэх түр замын газар шорооны ажил, усан сангийн суурийн газар шорооны ажлыг гүйцэтгэх ажилчдын кемп байгуулах ажил, мөн БНХАУ-ын Гуанжоу Хэндэ барилгын материалын ХХК-с Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын үндсэн материал болох цардсан ган хоолойг захиалгаар үйлдвэрлүүлэн худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөр 840,000 юан буюу 412,692,000 / дөрвөн зуун арван хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр шилжүүлсэн байгаа болно.

Нэхэмжлэлийн талаар: Нэхэмжлэгч "*******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Манай компани нь Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ БХБЯ/20240101043 тоот цахим тендерт 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр оролцсон бегеед захиалагчийн зүгээс 2025 оны 03 сарын 12-ний өдөр "******* ХХК-ны хүргүүлсэн тендерийг шалгаруулахаас татгалзаж №79 тоот мэдэгдэл ирүүлсэн гэжээ.

"*******" ХХК БХБЯ/20240101043 тоот тендер шалгаруулалтын дугаартай цахим тендерийн материалыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон гэдгээ баталж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана гэж заасан.

Тухайлбал, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэж заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Ховдын Өргөө ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 80 тоот шийдвэр, Мен хуулийн 28.1.3 дахь хэсэгт шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасны дагуу 2025 оны 03. сарын 12-ний өдөр "*******" ХХК-ны хүргүүлсэн тендерийг шалгаруулахаас татгалзсан тухай 79 тоот шийдвэрийг тус тус гарган хүргүүлсэн байна.

Тендерт оролцогч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.1-д зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гарrax хуультай.

Гэвч оролцогч " Констракшн" ХХК-ийн Монгол улсын сангийн яаманд гаргасан гомдлыг сангийн яам тендерийн баталгаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хянан шийдвэрлэхээс татгалзсан байна. Тендерийн баримт бичгийн ТШЗ 24.1-д зааснаар 190,356,000.0 /Нэг зуун ерэн сая гурван зуун тавин зургаан мянган төгрөг тендерийн баталгааг ирүүлэхийг шаардсан. Тендерийн баталгаа ирүүлээгүй нь тендерээс бүхэлд нь татгалзах үндэслэл болдог.

Иймд нэхэмжлэгч "*******" ХХК нь нэхэмжлэлийн 1-р шаардлага болох: "Тендерийн үнэлгээний хорооны БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр Ховдын Өргөө ХХК-ийг шалгаруулсан 2025.03.11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах", 2-р шаардлага болох: "Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан 2025 оны 03 сарын 12-ний өдрийн №79 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах" 3-р шаардлага болох: "Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчээр Ховдын Өргөө ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгарсан талаар мэдэгдсэн 2025 оны 03 сарын 12-ний өдрийн 80 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн эхний 3-н шаардлагыг тус тус шүүхэд гаргах эрхгүй гэж үзэж байна.

Харин нэхэмжлэлийн 4-р шаардлага болох: "БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2025.02.27-ний өдрийн тус тендерийг 2025.03.11-ний өдөр нээхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах" 5-р шаардлага болох: "БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1, ТШЗ 19.1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1. 15.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг арилгаж дахин тендер зарлахыг даалгах зэрэг шаардлагууд нь тендерт оролцогч, гүйцэтгэгч, гуравдагч этгээдийн хувьд манай компаниас ямар нэгэн тайлбар хүргүүлэх боломжгүй бөгөөд захиалагч талын бүрэн эрхийн асуудал гэж ойлгож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж заасан, мөн гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 03 сарын 12-ний өдрийн 80 тоот шийдвэрийн дагуу ажлын 8 өдрийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээг баталгаажуулан эх хувиар хүргүүлж гэрээг байгуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт Захиалагч шалгарсан оролцогчийн Баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ Хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй байдаг. Хэрэв энэхүү хугацаанд гэрээг баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцдог хуультай.

Гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1 дах хэсэгт энэ хуулийн 14.6.2. дэх хэсэгт гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах, эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл үүссэн, Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2 энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсоноос бусад тохиолдолд гэрээ байгуулахыг хуулиар зөвшөөрсөн байдаг.

Тиймээс Ховд аймгийн засаг даргын орлогч ******* болон Ховдын Өргөө ХХК-ийн хооронд 2025.03.24-ний өдөр байгуулсан дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Манай компанийн хувьд "БХБЯ/20240101043 дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаж байсан тул уг тендерт оролцож шалгарсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

2.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******оос шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ХХК-нийн ямар эрх ашиг хөндөгдөж байна вэ гэхээр, нэгдүгээрт: маргаан бүхийн тендерт өрсөлдөх эрх ашиг нь хөндөгдөж байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Өмнө нь зарлагдсан тендер шүүхээр явж бүх тендерт оролцогчдоос татгалзсан байдаг. Ингэхдээ шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй байна гэх үндэслэлээр татгалзсан байдаг. тэгвэл яагаад тендерийн шаардлага нь хангагдахгүй байна гэдгийг судалж, уг тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах боломж нь Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт байсан.

Тухайн тендерийн баримт бичиг оруулах өөрчлөлт нь юу байх вэ гэхээр өмнөх зарлагдсан буюу өндөр үнийн дүн бүхий тендерийн шалгуурыг хангах байгууллага байхгүй байна гэж татгалзаж байгаа бол дахин тендер зохион байгуулахдаа шалгуур, шаардлагаа багасгах ёстой гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байгаа юм.

Гэтэл Тендерийн үнэлгээний хороо нь Ховд өргөө ХХК-нийн санхүүгийн техникийн чадавхад нийцүүлээд тендерийг баримт бичгийг боловсруулсан байдаг. Үүнтэй холбогдуулан ******* ХХК-нийн зүгээс Монополын эсрэг газар руу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийн баримт бичиг нь өрсөлдөх боломжийг хангахгүй байна гэх үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Уг гомдолд Монополын эсрэг газраас 2024 04 23 1/16/19 тоот албан бичгээр “тендерийн баримт бичгийн 18.1- санхүүгийн чадавх нь борлуулалтын орлогын хэмжээ 2021, 2022, 2023 оны борлуулалтын дундаж нь батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 20 хувь болон түүнээс багагүй байна” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д заасан өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэх заалтын хангаагүй байна. Мөн хуулийн 15.1-д заасан .Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана гэх заалтыг хангаагүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Тоног төхөөрөмжийн хувьд яагаад техникийн үзүүлэлтийг нь өндөрлөж тавьсан нь тодорхойгүй байна. Энэ нь өрсөлдөх боломжийг хангаагүй байна гэж үзсэн. 

Гуравдугаарт: ТШЗ 19.1-д заасан шаардлага нь мөн дээрх нөхцөлүүдийг хангаагүй байна. Иймд Тендерийн үнэлгээний хороо нь нэг талд давуу байдлыг бий болгож, өрсөлдөх боломжийг хангаагүй байна гэж харж байна. Үнэлгээний хорооны 2025 оны 02  дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 4 дээр Монополын эсрэг газрын албан бичигт заасан шаардлагуудыг биелүүлэхгүй гэдгийг тус хурлын тэмдэглэл дээр бичсэн бөгөөд тус Монополын эсрэг газрын албан бичигт хариу өгөлгүй дахин тендер зарлаад явсан үйл явдал байгаа.

Үнэлгээний хороонд Монополын эсрэг газрын гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлээд эрх бүхий байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй хуульд нийцэхгүй байгаа юм.

Дөрөвдүгээрт: 2024 оны санхүүгийн жилийн улсын төсөвт тус үйл ажиллагаанд зориулж 13 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байдаг. 2025 оны санхүүгийн жилийн 2 дахь хуваарийн санхүүжилт нь 5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байдаг. Гэтэл 2025 онд Үнэлгээний хороо нь дахин тендер зарлахдаа 13 тэрбум төгрөгийн тендер зарлаж байгаа юм уу, 5 тэрбум төгрөгийн тендер зарлаж байгаа юм уу, гээд харахад 13 тэрбум төгрөг байгаа юм. Гэтэл уг 13 тэрбум төгрөг нь Улсын төсөвт байхгүй, хийсвэр байхгүй мөнгө дээр хийсвэр тоо тавиад тендер шалгаруулалт зарлаж байгаа нь хүчингүй юм. Өөрөөр хэлбэл байхгүй мөнгөний хүрээнд тендер зохион байгуулж байгаа нь хууль бус юм.

Иймд тухайн тендерийн зарлаж байгаа шийдвэр, тендерийг зохион байгуулж нээхээр гаргаж байгаа шийдвэр, тендерийн баримт бичгийг баталж байгаа шийдвэр нь сууриараа хүчингүй хууль бус тул түүний дараах тендер зохион байгуулж Ховдын Өргөө ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулж байгаа бүх үйл ажиллагааг хууль бус болгож, дахин тендер зохион байгуулах үйл ажиллагааг явуулах ёстой. Ингэснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хангагдахаас гадна, нэхэмжлэгч ******* ХХК нь уг тендерт оролцож, тэгш өрсөлдөх боломжтой юм

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1-д заасан өрсөлдөх тэгш боломжийг хангах зарчмыг дагуу тухайн тендер шалгаруулалт явагдах ёстой. Мөн Монополын эсрэг газрын шийдвэр гарчихсан байхад тус албан бичгийг Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.1-д “Монополын эсрэг газар, улсын байцаагчийн гаргасан хууль ёсны шийдвэрийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх” гэх үүргийг биелүүлээгүй. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо нь тус хуулийн заавал биелүүлэх заалтыг зөрчсөн, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлсэн, өөрт байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлж Монополын эсрэг газрын албан бичгийг хэрэгжүүлээгүй. Хэрэв Монополын эсрэг газрын албан бичиг нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байгаа бол тус албан бичгийг өөрийг нь хянуулахаар  Өрсөлдөөний тухай хуулийн 26.2-д Монополын эсрэг газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж эрхийг нь хуульд заасан. Гэтэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо нь Өрсөлдөөний тухай хуулийн 26.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй байдаг.

Анх тендер зарлаад ******* ХХК нь тендерт ялж байх үед 2021, 2022, 2023 оны нийлбэр нь төсөвт өртгийн 20 хувь гэж үзэж шаардлага тавьсан. Уг шаардлагыг биелүүлсэн компани Улаанбаатар болон Монгол улсын хэмжээнд байхгүй байх. Үнэлгээний нь хороо нь Ховдын Өргөө ХХК-нийг шалгаруулахын тулд Монополын эсрэг газрын албан бичгийг зөрчиж уг үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд бид биелүүлэхгүй, бид нарын гаргасан шийдвэр гаргасан гэж бичиж байгаа нь Үнэлгээний хороо нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг биелүүлж хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй нь ******* ХХК-нийг тухайн тендерт оролцох эрх ашиг, сонирхлыг хөндсөн. Анх баримт бичиг боловсруулахдаа хуулийн шаардлага хангаагүй шийдвэр гаргасан учир, үүний дараах бүх шийдвэр, үйл ажиллагаанууд нь хуульд нийцсэн шийдвэр нэг ч байхгүй гэж үзэж байна.

 Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөс бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.1-т заасан заалтыг зөрчсөн Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо тус шийдвэр үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн тухайн тендерт өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            2. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан, хариуцагчийн төлөөлөгч нар тусгайлан санал гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-т “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заасныг баримтлан шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            3. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалаар БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог /цаашид Үнэлгээний хороо гэх/ байгуулжээ.

            4. Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, тендерийг зарлахаар шийдвэрлэж, тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/байршуулсан байна.

            5. Тендерт нэхэмжлэгч “*******” ХХК нь “” ХХК-тай гуравдагч этгээд “*******” ХХК нь “” ХХК-тай тус тус түншлэлээр оролцож, Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар гишүүдийн олонхын саналаар нэхэмжлэгч “*******” ХХК болон “” ХХК-ийн түншлэлийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан.

6. “*******” ХХК-иас тендер шалгаруулалттай холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/5372 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлж, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 03/5647 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг дахин хийхийг үүрэг болгосон байна.

            7. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үнэлгээний хороо хурлаар тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийж шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй гэж үзэж тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн маргаан эхэлсэн.

            8. Нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргаж хариуг авсан Худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргасан ч тендерээс татгалзсан шийдвэр хэвээр байсан тул Сангийн яаманд холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан Ховд аймаг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргажээ.

            9. Дээрх 2 нэхэмжлэлд тус тус үүсгэсэн хэргийн нэгтгэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0878 дугаар шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2025/0023 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0096 дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            10. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж мөн өдрөөс 03 дугаар сарын 11-нийг өдрийг хүртэл тендер хүлээн авахаар хугацаа тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчээс Монополын эсрэг газар, Худалдан авах ажиллагааны газар тус тус гомдол гаргасан байх ч гомдлыг хүлээн авах үндэслэлгүй талаар хариу өгснөөр тендер сонгон шалгаруулалт явагдаж гуравдагч этгээдийг шалгаруулсан байна.

            11. Захиалагчаас тендерт шалгарсан гуравдагч этгээдтэй 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэв.

12. 3БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1, ТЗШ 19.1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 15.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг арилгаж дахин тендер зарлахыг даалгах” шаардлагын тухайд:

            12.1. Нэхэмжлэгчээс Үнэлгээ хороо нь Монополын эсрэг газраас өгсөн үүргийг биелүүлээгүй, тендер шалгаруулалтын баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулахгүйгээр хуульд заасан хугацааг зөрчиж тендер хүлээн авах хугацааг тогтоосон нь өрсөлдөх тэгш боломж олгоогүй, өрсөлдөөнийг хязгаарласан гэж  маргана.

            12.2.Маргаан бүхий тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зарласнаас хойш Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /тухайн үеийн нэршлээр/-ын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/912 дугаар, Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/372 дугаар, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03/5936 дугаар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /тухайн үеийн нэршлээр/-ын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1565 дугаар албан бичиг, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 125/ШЗ2024/0268 дугаар захирамжаар тус тус тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлж байсан байна.

            12.3. Монополын эсрэг газраас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянаад 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1617 дугаар албан бичгээр дараах зөрчлүүдийг тогтоожээ. Үүнд:

            - Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТЗШ 18.1-д “Санхүүгийн чадавхын шаардлага: ”Шаардана” – Борлуулалтын орлогын хэмжээ: 2021,2022,2023 онуудын борлуулалтын орлогын дундаж нь батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 20 хувь болон  түүнээс багагүй байна...” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 15.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

            - Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТЗШ 19.1-д “...Хүснэгтэд заасан инженерүүд болон ХАБЭА-н ажилтны100 хувь үндсэн ажилтан байна. Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: “Шаардана”..... Үйлчилгээний автобус -1 /45 хүний суудалтай/... мэргэжилтэй болон туслах ажилчид -25 гэж тус тус заасан нь захиалагч дээрх ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон хүний нөөцийн тухай шаардлагуудыг оруулахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлд ач холбогдол бүхий шаардлагуудыг оруулсан эсэх нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон холбогдох баримт бичгүүдийг хянахад тодорхойгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

            - Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТЗШ 19.1-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: ”Шаардана” Сүүлийн 3 жил буюу 2021,2022,2023 онуудад доод тал нь нэг удаа Цэвэр, бохир усны магистрал шугам  сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр ажилласан байна. Энэ шалгуурыг дараах шалгуураар хянан үзнэ. Үүнд: а/Батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил...” гэж заасан нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн дагуу боловсруулаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. гэж тус тус дүгнэж тендер шалгаруулалтын баримт бичгийн ТЗШ18.1, ТЗШ19.1-т холбогдох өөрчлөлтүүдийг оруулж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан.  

            12.4. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж Монополын эсрэг газраас ирүүлсэн дээрх албан бичгийг үндэслэн тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ.

            12.5 Үнэлгээний хорооны хурлын 02 дугаар тэмдэглэлээс үзвэл санхүүгийн чадавхыг тодорхойлсон шаардлагыг хэвээр үлдээх бусад шаардлагын тухайд сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажил нь төсөвт өртгийн 25 хувиас багагүй үнийн дүнтэй байх, инженер техникийн ажилтнуудын 90 хувь нь үндсэн ажилтан байх, тоног төхөөрөмж техник хэрэгслийн 90 хувь нь өөрийн болон түншлэлийн гишүүний эзэмшлийнх байхаар өөрчлөх талаар санал гарсан байх ч аль ч өөрчлөлтийг хэрхэн оруулах талаар гишүүдийн хэдэн хувийн саналаар шийдвэрлэсэн талаар тэмдэглэлд тусгагдаагүй.

12.6. Тендер шалгаруулалтын баримт бичгээс үзвэл Монополын эсрэг газраас тогтоосон зөрчлийг арилгаж тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлагыг бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

12.7. Учир нь санхүүгийн чадавхыг тодорхойлсон шаардлагыг хэвээр үлдээсэн, хүний нөөц, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шалгуурыг ажлын гүйцэтгэлд чухал шаардлагатай эсэх талаар захиалагчаас нэмэлт тодруулга авах тодруулах тухайлбал, өөрийн эзэмшлийн 45 хүний суудалтай үйлчилгээний автобустай байх зайлшгүй шаардлагатай эсэх талаар тодруулах зэрэг ажиллагааг хийхгүйгээр зөвхөн 90 хувь нь өөрийн эзэмшлийнх байх гэсэн өөрчлөлтийг оруулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

12.8. Мөн Үнэлгээний хорооноос тендерийн баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулаагүйгээс гадна  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад буюу маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрүүдэд тус тус тендерийг зарлаж цахим системд оруулж байсан ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар Үнэлгээний хороо 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин хуралдаж, мөн өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрөөр тендер хүлээн авахаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

12.9. Нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 114 дугаар албан бичгээр Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт Монополын эсрэг газрын албан бичгийг биелүүлэхгүйгээр хуульд заасан хугацааг зөрчиж тендер зарласан талаар гомдол гаргасны хариуг өгсөн мөн өдрийн 70 дугаар албан бичигт “... Тухайн тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны  tender.gov.mn цахим системд нийт байршуулсан хоног нь ажлын 25 хоног байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны 01/4565 албан бичгийн дагуу 2024 оны 09 сарын 16-нд хариу 3 хуудас тайлбар хүргүүлсэн, мөн тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/161 тоот тендерийн баримт бичиг хянасан тухай албан тоотыг ирүүлснийг үнэлгээний хороо авч хэлэлцэн шийдвэрлэсэн болно.” гэжээ.

12.10. Харин тендер шалгаруулалт явагдаж дууссаны дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 81 дүгээр албан бичгээр Монополын эсрэг газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1617 дугаар албан бичгийн хариуг Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын бичгээр гаргасан тайлбар, Үнэлгээний хорооны хурлын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг 02 дугаар тэмдэглэлийг хавсарган хүргүүлсэн байна.

12.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална. 15 дугаар зүйлийн  15.1.Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.  гэж зааснаас тус тус үзвэл Үнэлгээний хороо захиалагчид танилцуулж тендерийн баримт бичигт санал болгосон нөхцөл шалгуурыг тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломжтой байхаар өөрчлөх боломжтой байна.

12.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5.Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана: 58.5.2.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах. гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтан дараахь эрх, үүрэгтэй: 26.1.1.Монополын эсрэг газар, улсын байцаагчийн гаргасан хууль ёсны шийдвэрийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх; гэж тус тус заасан байх тул Худалдан авах ажиллагааны газар нь Монополын эсрэг газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1617 дугаар албан бичигт дурдсан зөрчлүүдийг арилгасны дараагаар буюу шаардлагыг заавал биелүүлснээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх үүрэгтэй.

12.13. Гэтэл зарим зөрчлийг арилгаагүй буюу тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулаагүй болох нь тогтоогдсон тул Монополын эсрэг газрын шийдвэрийг “заавал биелүүлэх” үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

12.14. Иймд БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1, ТЗШ 19.1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 15.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг арилгаж дахин тендер зарлахыг даалгаж шийдвэрлэв.

13. “БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-нийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /01 дугаартай дүгнэлт/, “*******” ХХК-нийн тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын орлогч *******  болон “*******” ХХК-нийн хооронд байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

13.1. Нэхэмжлэгчээс тендерээс татгалзсан үндэслэлийн талаар маргаагүй, харин хариуцагчийн тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой маргасан.

13.2. Шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулахгүйгээр тендер шалгаруулалт явуулсныг хууль бус болохыг тогтоож тендерийг дахин зарлахыг даалгаж шийдвэрлэсэн тул тендер шалгаруулалтын дүн, түүний үр дүнгээр байгуулсан ажлын гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул  БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-нийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /01 дугаартай дүгнэлт/, “*******” ХХК-нийн тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын орлогч *******  болон “*******” ХХК-нийн хооронд байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

14. “БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-нийг шалгарсан талаар мэдэгдсэн Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 12ы өдрийн 80 дугаартай албан бичиг, тендерийг нээхээр шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 27ы өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

14.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

14.2. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг агуулж байхыг шаардана.

14.3. Үнэлгээний хорооноос тендерт шалгарсан талаар дүгнэлтийн талаар тендерт оролцогчид хүргүүлж буй мэдэгдэл нь мэдээллийн чанартай болохоос аливаа нэг асуудлыг шийдвэрлэсэн агуулгагүй, захирамжилсан шинжгүй юм.

14.4. Мөн тендерийг зарлахаар шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй бөгөөд хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэлгүй байна.

          14.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-нийг шалгарсан талаар мэдэгдсэн Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 12ы өдрийн 80 дугаартай албан бичиг, тендерийг нээхээр шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 27ы өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.7, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 15 дугаар зүйлийн 15.1, 58 дугаар зүйлийн 58.5, 58.5.2-д заасныг тус тус баримтлан БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-нийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /01 дугаартай дүгнэлт/, “*******” ХХК-нийн тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын орлогч *******  болон “*******” ХХК-нийн хооронд байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгож, БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1, ТЗШ 19.1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 15.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг арилгаж дахин тендер зарлахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-нийн Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан БХБЯ/20240101043 дугаар “Ховд хотын ундны усны 2 дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/” ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-нийг шалгарсан талаар мэдэгдсэн Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 12ы өдрийн 80 дугаартай албан бичиг, тендерийг нээхээр шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 27ы өдрийн шийдвэр /04 дугаартай хурлын тэмдэглэл/-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   СЮУНГЭРЭЛ