2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01470

 

 

 

 

 

 

 

2025 02 17

191/ШШ2025/01470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Х******* овогт Ш******* Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Б******* овогт А******* У******* холбогдох,

Гэм хорын хохиролд 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Б******* миний бие 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо БЗИХАШШ-ийн гадаа өөрийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо сууж байтал А.У нь улсын дугаартай ланд 100 маркийн тээврийн хэрэгслээрээ миний машины ард гуперыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн байгууллагын акт, тэмдэглэлээр зам тээврийн осол нь хариуцагч А.Уыг буруутай үйлдлээс болсон нь тогтоогдсон. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай надад мэдэгдсэн, миний машинд үнэлгээний компаниас үнэлгээ хийлгэж тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 155,000 төгрөг, үнэлгээ хийсэн 25,000 төгрөг нийт 180,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар хариуцагчид удаа дараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл миний хохирлыг барагдуулахгүй утсаа авахгүй алга болсон. Иймд хариуцагчаас 180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл, Тээврийн Цагдаагийн албаны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 09, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээ, төлбөрийн баримт, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 377-2609-0015160 дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Шийтгэлийн хуудсыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б******* нь хариуцагч А.У******* холбогдуулан гэм хорын хохиролд 180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт нь зүйтэй.

2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Хариуцагч А.У нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн урд замд ланд 100 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч Ш.Б******* жолоодон явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан нь болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-12, 13 дахь талд/

Хариуцагч А.Уын дээрх гэм буруутай үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 5.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн 100,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан шийтгэлийн хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 15 дахь талд/

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан нь гэм буруутай этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэл юм.

Хэн нэгний биеийн хүчний үйлчлэлээр бус тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад гэм хор учруулсан үндэслэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр тодорхойлогдсон тул дээр дурдсан ерөнхий үндэслэлээр бус харин тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын тусгай зохицуулалтаар нэхэмжлэгч нь гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Энэ талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

4. Нэхэмжлэгч Ш.Б******* нь маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 10 дахь талд/

Иймд нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.

5. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 180,000 төгрөг гэж тодорхойлсон.

Хариуцагч А.Уын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Б******* эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 180,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч уг үнэлгээг хийлгэхэд тус компанид 25,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 11 дэх талд/

6. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд ийнхүү гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд автомашинд учруулсан бодит хохирлын хэмжээ болох 180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Уаас 180,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б*******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 6050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Уаас 6050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ