Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/89

 

 

 

 

    2024           01            16                                       2024/ДШМ/89

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1506 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 2306042122876 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  Б, 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, /РД: ................./.  

Б.Б нь 2023 оны 8 дугаар сарын 24-ний Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр, ............ тоотод өөрийн бага насны төрсөн охин Д.Эыг “гадаа гарлаа” гэж уурлаж түүний биед халдаж баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Б.Быг чөлөөлж, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эхнэр Б.Быг гэм буруугүйд тооцсоныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Манай эхнэр Б.Б нь 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр том охин Д.Эыг гадаа тоглолоо, орж хоолоо хий, хоол хийсэнгүй гэж хүүхдүүдийн хажууд загнан гэртээ авч орж ирээд бага охин Д.Ш-н  хамт зодсон, зодох үед том охин Д.Эын тохойн үений ясыг хугалсан. Эхнэр Б.Б нь удаа дараа охидуудаа зодож, айлган сүрдүүлдэг байсан талаар Д.Эаас сонсоод 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаар утсанд дуудлага өгч, охин Д.Э, Д.Ш нарын хамт тайлбар, мэдүүлэг өгсөн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг шүүн хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Эхнэр Б.Бын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүүхдийн эсрэг үйлдсэн бол 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж, хуулийн хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна.

Эхнэр Б.Б нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.Эыг ангийн найзуудтайгаа номын санд сууж, ном уншиж, хичээлээ хийх гэсэн өөрийн хүсэл мөрөөдлийн эсрэг хориг тавьж, элдэв хэл амаар доромжилж, үгүйсгэсэн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр П.Д намайг охиноо өмөөрч, шүүх цагдаагаар явлаа гэж хутгаар чичиж, чамайг ална даа гэж заналхийлсэн.

Б.Б өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүндээ маргадаггүй. Түүнийг охиноо харгис, хэрцгий аргаар зодсон, зоддог талаар би шаардах нь гэр бүлийн хэрүүл үүсгэхээс хэтрэхгүй тул арга буюу хуулийн байгууллагад хандсан. Гэтэл түүнийг ялаас чөлөөлсөн нь бүр давраах эрсдлийг бий болгож байна. Миний бие Д.Эын хууль ёсны асран хамгаалагч, эцгийн хувьд дараах 2 шаардлагыг Б.Баас хүсэж байна. Үүнд: Б.Быг охин Д.Эаас албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Үүнийгээ намайг байлцуулж нотлох ёстой гэж үзэж байна. Үүнийг би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо нотолно. Мөн шүүхийн өмнө түүнийг дахин охидынхоо биед халдахгүй гэсэн амлалт, баталгаа гаргахыг хүсэж байна. Дээрх үйлдлийг хийж, чин сэтгэлээсээ буруугаа ойлгосон үед шүүхээс ямар ч шийдвэр гаргасан би гомдолгүй болно. Түүнийг өөрөө ямар ч алхам хийгээгүй байхад шүүх ялаас чөлөөлж толгойг нь илж байгаад гомдолтой байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 10 настай охиноо цохиж гарыг нь гэмтээсэн нь үнэн, энэ нь миний буруу. Дараагийн гомдол дээр гэвэл нөхөр бид хоёрын хоорондын харилцаа таарамж муутай байдаг. Амралтын өдрүүдээр архидалт ихтэй, үр хүүхэдтэйгээ байхыг зөвшөөрдөггүй. Гэр бүлээ салгах бодолтой байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэртээ хүүхэдтэйгээ байлгахгүй гэдэг арга хэмжээ авдаг. Сүүлд гаргасан хоёр гомдлын хувьд кино театр явж ангийнх нь хүүхдүүдийн дэргэд доромжилсон гэдэг нь худлаа юм. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүйтэрч эхэлсэн байхад охиноо хоёр удаа явуулсан. Дараа нь охинтойгоо ярилцаад дулаархаар явъя гэж хэлээд ойлгуулсан байгаа. Тэр талаар аавдаа “...ээж намайг кино театр явуулаагүй...” гэж хэлсэн байсан. Аав үг нэмж хэлсэн байна гэж  охин надад хэлсэн. Хутгаар чичилж ална гэж сүрдүүлсэн гэдэг нь манайх өвлийн идшээ хийх гээд хутга, хөрөө зэргээр махаа янзалж байсан. Тухайн үед П.Д согтуу байсан. Махаа эвдээд янзалъя гэхэд шинэ хутга аваа юу, гэж асууж байсан болохоос, би ална гэж хутга барьж дайрсан зүйл  байхгүй. Надад тийм бодол, санаа байхгүй. Хүүхэдтэйгээ байлгахгүй гэж П.Д гомдол гаргаад байна. Миний хоёр охин хамт өссөн. Бид хоёр 10 жил хамт амьдраад гэр бүлээ батлуулсан байгаа. Хамт амьдарсан жил нь ковидоос хойш 4 жил болж байгаа. Бид хоёр үл ойлголцоод хэцүү байгаа. ... “ гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1506 дугаартай шийтгэх тогтоол хэрэгт авагдсан баримтад үндэслэж гарсан хууль ёсны шийдвэр юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 1506 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр  нь үлдээж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд Б.Б нь хоёр хүүхдээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэсэн баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож ирээгүй учраас  Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэл байхгүй гэж үзэж байна.  2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хутга барьж дайрсан үйлдлийг шаардлагатай бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тусад нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулах бүрэн боломжтой юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Б нь 2023 оны 8 дугаар сарын 24-ний Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ Амгалан хотхон 305 дугаар байр, 535 тоотод өөрийн бага насны төрсөн охин Д.Эыг “гадаа гарлаа” гэж уурлаж түүний биед халдаж баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Д.Эын “... 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед ааваас гарч тоглох зөвшөөрөл аваад гадаа сааданд байхад ээж гарч ирээд манай найзуудын дэргэд намайг загнаж, гэр лүү оруулж ирээд “хэн чамайг гар гэсэн юм гээд загнасан. Би аав гарч болно гэсэн гэхэд намайг загнаад баруун гараараа нуруу хэсэгт 2 удаа цохиод, баруун гарын тохой хэсэгт 2 удаа гараа атгаж байгаад цохиж зодсон мөн гал тогооны алчуураар нүүр хэсэгт ороолгож хоол хий гэж хэлээд намайг зодсон. Тэгээд би хоол хийгээд дууссан үед хоол идчихээд ажилдаа явлаа гээд 19 цагийн үед гараад явсан. Мөн намайг зодохдоо дүү Д.Ш-н бас хамт зодсон. Манай ээж архи уудаггүй мөртлөө сард 1 удаа бид 2-ыг зоддог, аав 14 хоног ажилд яваад 14 хоног гэртээ амардаг. Миний баруун гар тохой хэсгээрээ хугарчихсан одоо гипстүүлчихсэн байна...” /хх 26, 49/,

гэрч П.Дын “...намайг хөдөө орон нутаг руу ажилд явсан хойгуур эхнэр Б хүүхдээ хүчирхийлж, биед нь халддаг байсныг саяхан мэдсэн. Манай охин надад хэлэхдээ ээж бид хоёрыг ер нь зодож загнаад байна. Та хөдөө битгий ажилд яваад бай... эхнэр 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн 2 охиноо гадаа тоглосон, хоол унд хийсэнгүй гээд биед нь халдсан байсан ба энэ талаар мэдээд цагдаад хандсан. ...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10872 дугаартай “Д.Эын биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” /хх 13/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Б.Быг чөлөөлж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг дурдаагүй шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөн шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн үндэслэлээ хангалттай тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Доос “... шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зүйл, хэсэгт заасан хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болдог хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “... энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; ...” эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Шүүгдэгч Б.Бын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1506 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1506 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,Шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН 

                                              ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ