| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2025/0016/З |
| Дугаар | 125/ШШ2025/0028 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 125/ШШ2025/0028
2025 05 21 125/ШШ2025/0028
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гэрч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК-иас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “*******” ХХК-нд Бугат баг, Шинэ суурьшлын бүсэд байрлах 0,6 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
2.2. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 125/ШШ2024/0042 дугаар шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
2.3. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр “*******” ХХК-нд газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хүчингүй болгосон.
2.4. “*******” ХХК-иас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг эс хүлээн зөвшөөрч Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай "захирамж хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Ховд аймгийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар Захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг, шинэ суурьшлын бүсэд байрлах 0.6 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн.
Гэтэл Ховд аймгийн Засаг дарга ******* нь 2023 оны 07 сарын 21-ний өдрийн А/410 тоот Захирамжаар "******* ХХК-ны эзэмшлийн А/189 дугаартай газрын гэрчилгээг хүчингүй болгосон тул манай компани Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ны өдрийн 125/ШШ2024/0042 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй. Одоо шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Ховд аймгийн Засаг дарга ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" Захирамж гаргасанд гомдолтой байна. Тухайн газрыг хүчингүй болгохдоо ******* Засаг дарга газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримталсан байна. Манай компани мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлээгүй, манай компани хоршоо биш. Тухайн газрыг орон сууц барих зориулалтаар эзэмшсэн. Мөн шүүхийн шийдвэр биелүүлээгүй, хүчингүй болсон байсан захирамжаа дахин хүчингүй болгосон захирамж нь хууль бус байна.
Иймд Ховд аймгийн Засаг дарга *******гийн 2025 оы 02 сарын 13-ны өдрийн А/99 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" Захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэргийн хувьд анх 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/28 дугаартай төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай захирамж гарснаар эхэлсэн. Өөрөөр хэлбэл уг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/28 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10/08 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэж Ховд аймгийн засаг дарга “төсөл сонгон шалгаруулалт зарлах” ажлыг зохион байгуулсан байдаг юм.
Уг захирамжийн хавсралтад, төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршил, хэмжээ, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг явуулах тухай журам гэх мэт албан ёсоор төсөл сонгон шалгаруулалт зарласан бөгөөд уг төсөл сонгон шалгаруулалтад манай ******* ХХК оролцож орон сууц барихаар шалгарсан. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан байдаг. Үүний дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-д сонсох ажиллагаа явуулж байгаа талаар албан бичиг ирж, улмаар Ховд аймгийн Засаг дарга байсан *******гийн 2023 оны 07 дугаар сарын 21-нийн өдрийн А/410 дугаартай захирамж гарсан байдаг. Уг захирамжийн шаардлагын тухайд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх шаардлагуудыг дурдаж ******* ХХК-нийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.
Иймд манай ******* ХХК нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар манай нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 125/ШШ2024/0042 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Засаг дарга *******гийн гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гарсан гэж үзэж ******* ХХК-нийн газар эзэмшүүлэх эрхийг сэргээхээр шийдвэр гарсан. Уг шийдвэр гарснаар хойш 14 хоногийн дараа хариуцагч байгууллагын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй учир би Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 125/ШШ2024/0042 дугаартай шийдвэрийг аваад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн ******* гэх хүнтэй уулзаж, программаар нь орж газрынхаа эрхийг сэргээлгэх гэсэн боловч уг программ нь хүлээж аваагүй. Тэгээд ******* гэх ажилтан дээд шатны байгууллагаас асууж лавласан боловч, дахин шинээр захирамж гарч байж тухайн газрын эрх сэргэх юм байна гэдэг зүйлийг надад хэлсэн. Улмаар Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын дарга *******, хэлтсийн дарга *******, мэргэжилтэн ******* нар захирамжийн төсөл боловсруулж Ховд аймгийн Засаг дарга руу явуулсан. Уг төслийг Засаг дарга хүлээн авч надтай уулзсан. Тухайн үед захирамжийн төсөл боловсруулж ирсэн, танай газрын газар, эзэмших эрхийг сэргээх гэж байгаа талаар хэлээд та явж бай гэсэн.
Гэтэл Ховд аймгийн Засаг дарга *******гийн 2025 оны 01 дүгээр сарын 01/67 дугаартай сонсох ажиллагаа явуулж байгаа талаар бичиг ирсэн. Манай ******* ХХК-нийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Үүнд: 2023 оны 07 дугаар сарын 21-нийн өдрийн А/410 дугаартай захирамжаар уг газар нь хүчингүй болсон тул дахин давхардуулан хүчингүй болгох сонсох ажиллагаа хийхгүй байхыг хүсэж байна гэх хариуг өгсөн. Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай" Захирамж хүчингүй болгох тухай" Захирамжийг хүчингүй болгуулах” захирамж манай ******* ХХК-д ирсэн. Манай компанийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/67 тоот дугаартай сонсох ажиллагааны албан тоотоор манай компанид сонсох ажиллагаа явуулсан бөгөөд бид хуулийн хугацаанд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот албан бичгээр хариу өгүүлсэн юм. Тухайн сонсох ажиллагаа нь:
Сонсох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 9.26 дугаар зүйлд заасны дагуу бидэнд сонсголын эрхийг хангах ёстой байсан боловч сонсголыг зөвхөн албан тоотоор хийж, захирамж гаргахдаа бидний бичгээр ирүүлсэн тайлбар, байр суурийг огт тусгаагүй болно. Бусад этгээдтэй хамт бөөндсөн байдлаар захирамж шийдвэр гаргасан. Манай компаний газар эзэмших эрх нь бие даасан, тодорхой эрх зүйн үндэслэлтэй хэдий ч тус захирамжинд бусад компаниудын асуудалтай хамт оруулсан нэгэн зэрэг хүчингүй болгосон нь хувь хүн, хуулийн этгээдийн тусгаар байдлыг хангах захиргааны ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.
Үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа учир нь манай компани нь эзэмшлийн гэрчилгээ, холбогдох баримт бичгийг хүчин төгөлдөр эзэмшиж байсан бөгөөд ямар ч хууль зөрчсөн үндэслэл бидэнд мэдэгдээгүй, албан ёсоор баримтаар нотлогдоогүй байхад газар хүчингүй болгосон.
Хоёрдугаарт: *******” ХХК тухайн газрыг зөвхөн Ховд аймгийн Засаг даргын шийдвэрээр аваагүй юм. Нэгдүгээрт:Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10/08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу төсөл сонгон шалгаруулалтаар, уг газарт орон сууц барихаар тухайн жилийн төлөвлөгөөнд орж, тусгагдсан байгаа. Хоёрдугаарт: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамж, гуравдугаарт: Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/28 дүгээр захирамжийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай захирамжуудыг тус тус үндэслэн тухайн газрыг эзэмших эрхтэй болсон нь Монгол улсын хууль тогтоомжид заасан бүхий л зүйл заалтыг зөрчөөгүй болно.
Хариуцагч нь захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг тайлбарлажээ. Гэтэл бодит байдал дээрээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн 17.1.3, 18.1.6, 21.1.2 заалтуудад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд асуудал оруулах эрх бүхий этгээд нь аймгийн Засаг дарга бөгөөд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, даамлууд болно. Ховд аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ховд аймгийн Засаг дарга нийтийн эзэмшлийн орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар газар олгохоор санал оруулж батлуулсан байгаа нь тухайн хурлын буруутай үйл ажиллагаа биш юм.
Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А/28 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зарласан нь хуулийн хүрээнд болсон, тухайн захирамж төсөл сонгон шалгаруулах удирдамжаар батлагддаг юм. Тухайн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялалт байгуулсан манай компанитай одоогийн хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, газрын удирдлагын хэлтсийн дарга ******* гэрээ хийж, гэрчилгээ олгосон нь өөрсдийнхөө үйлдлийг дахин няцааж, хүчингүй болгох шалтгаан биш. Уг төсөл сонгон шалгаруулалтыг хариуцагчид өөрсдөө зохион байгуулсан бөгөөд түүнийг хууль ёсоор дагаж нээлттэй оролцсон асуудал байгаа юм. Бидний гаргасан зардал, эрх зүйн итгэлцлэл хаана байна вэ, 5-н жилийн хугацаанд жил бүрийн газрын төлбөрийг бүрэн төлсөн байдал, Ковид-19 цар тахлын үед давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ажил эхлүүлэх боломжгүй байдал, тухайн газрыг хашиж хамгаалсан, мэргэжлийн байгууллагаар зураг төсөв, техникийн даалгавар хийлгэсэн тус тус зардлуудыг цаашид нэхэмжлэх шаардлага үүснэ.
Бидний зүгээс хариуцагчийн хууль зөрчсөн олон үндэслэлүүд байна гэж үзэж байна. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 6.1.3 “Захиргааны байгууллага шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, ижил үр гавартай захирамж, акт гаргаж болохгүй”, мөн хуулийн 26.1.1 “Захиргааны байгууллага нь иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлд харшлах шийдвэр гаргаж болохгүй”, мөн хуулийн 53.1 “Шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон бол дахин ижил утгатай шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасан. Монгол улсын Үндсэн хуулийн 16.1.4 хувь хүн хуулийн этгээдийн өмч хөрөнгийг дур мэдэн хураах хязгаарлахыг хориглоно. Эдгээр хуулиудын хүрээнд авч үзэхэд аймгийн Засаг даргын захирамж хууль бус байна гэж үзэх үндэслэлтэй юм. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 125/ШШ2024/0042 шийдвэр гарсан бөгөөд тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг тойрч дахин ижил үр дагавартай шийдвэр гаргаж байгаа нь Ховд аймгийн Засаг даргын хууль зөрсөн, хууль бус үйлдэл гэж үзэж байна. Шүүхийн өмнөх шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчдад дахин тайлбарлаж хэлэх нь зүйтэй байна. Газар нь тухайн компанийн хууль ёсны эрхээр олдсон хөрөнгө. Иймд манай зүгээс уг хөрөнгийн хамгаалж, хууль бус зүйл хийгээгүй гэдгийг тайлбарлаж байна. Мөн хариуцагч байгууллага нь анхан шатын шийдвэр биелүүлээгүй мөртөө, дахин хууль бус захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.2, 33.5 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд:
1. Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт Шинэ суурьшлын бүсэд байрлалтай ******* ХХК-ний эзэмшлийн орон сууцны зориулалттай, 6000 метр квадрат газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтын дагуу тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэлийг тайлбарлавал:
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 10/08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Жаргалант сум Шинэ суурьшлын бүсэд 4.4 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын зориулалтаар олгохоор тусгасан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтад энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж заасан байгаа нь дээрх аж ахуй нэгж байгууллагад орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгосон нь буруу бөгөөд уг газрыг зөвхөн дуудлага худалдааны зарчмаар олгох боломжтой юм.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн талаар: мэдэгдэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. "Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ...тайлбар, санал гаргах боломж олгоно", 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах гэсэн заалтын дагуу хариуцагч бүрэн хэрэгжүүлсэн болно.
Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дүгээр захирамж хүчингүй болгох тухай захирамжийг "*******" ХХК-нд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/67 дүгээр албан бичгээр уламжилсан.
Тус компанид уламжилсан албан бичигт газрын тухай хуулийг зөрчсөн заалтууд, аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай сонсгож, захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан тайлбар, саналаа ирүүлэхийг мэдэгдсэн. Тус сонсох ажиллагааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын facebook, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын facebook хуудсаар тус тус иргэн, аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ авч ажилласан.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан, 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ХХК-ний Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт Шинэ суурьшлын бүсэд байрлалтай, 6000 метр квадрат талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Өмнө нь 2019 онд Аймгийн Иргэдийн хурлаар төсөл сонгон шалгаруулалтаар орж шинэ суурьшлын бүсэд газруудыг олгосон. Газар олгохдоо Ховд аймгийн Засаг даргын захирамж, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын дагуу газар эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу ажлын хэсэг гарч нэр бүхий байгууллагуудад шинэ суурьшлын бүсэд газар эзэмшүүлсэн. Ингээд 2024 онд Ховд аймгийн Засаг дарга байсан ******* захирамж гаргаж дээрх газруудыг хүчингүй болгосон. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40.1.6, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэж тухайн газрыг хүчингүй болгосон. Харин Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай захирамж нь тухайн үед төсөл сонгон шалгаруулалтаар газар олгосон нь аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэж байна. Энэ нь Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр газрыг хүчингүй болгосон. Иймд дээрх 2 захирамж нь хоёр өөр хууль зүйн үндэслэлээр гарсан гэж ойлгож болно.
Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаартай захирамж дээр “аудитын дүгнэлт”-ийг тусгасан байдаг. Манай байгууллагад 2024 онд аудитын шалгалт орсон бөгөөд уг шалгалтаар дараах зөрчил дутагдал гарч ирсэн. Үүнд: Орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар газар олгосон нь Газрын тухай хуулийг зөрчиж байна гэдэг үндэслэл гаргасан байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа нэгдүгээрт: Тухайн үед маргаан бүхий газрыг олгочхоод, дахин хүчингүй болгож байна гэдэг зүйлийг хэлж байна. Тухайн үед Аймгийн Засаг даргын захирамж гарч түүний дагуу мэдээллийн санд оруулах эрх нь кадастрын мэргэжилтэнд байдаг.
Хоёрдугаарт: Өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх асуудлын тухайд. Өмнө нь танд эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаартай захирамжаар тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байдаг. Гэтэл 2023 онд ******* дарга уг захирамжийг хүчингүй болгосон байгаа шүү дээ. Нэгэнт хүчингүй болсон захирамж дахин гарах боломжгүй гэж үзэж байна гэв.
3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захирамжийг хүчингүй болгосон үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасан байдаг. Тухайн газрын хувьд шинэ суурьшлын бүсэд хуулийн этгээдүүдэд газар олгосон нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байдаг.
Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй байж, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А/99 дугаартай захирамж гаргасан гэж тайлбарлалаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 24 ний өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийг ******* ХХК-нд хүчингүй болгох тухай гэсэн шүүхийн шийдвэр гарсан байна. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир дахин захирамж гаргах шаардлага байхгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ирүүлсэн ч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дахин тодруулж тайлбарласнаар шүүх хуралдаанд “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” үндсэн шаардлагаа дэмжиж оролцсон болно.
5. Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтуудыг үнэлж хууль зүйн дүгнэлт өгснөөр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч компанид төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр Шинэ суурьшлын бүсэд байрлах 0.6 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
7. Уг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 125/ШШ2024/0042 дугаар шийдвэрээр “...цар тахлын улмаас Монгол Улс хилээ хааж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон сууц барих ажил эрхлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах, газрын төлбөрийн тухайд гэрээнд заасан газрын төлбөр газрын мэдээллийн санд үүсгэсэн нэхэмжлэлийн дүн зөрүүтэй болон татварын удирдлагын нэгдсэн системд газрын төлбөр ногдуулалт үүсээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
8.Нэхэмжлэгч компаниас дээрх шүүхийн шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гараагүй байхад дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой гэж тайлбарлан маргаж байна.
9. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 125/ШШ2024/0042 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэснээр түүний газар эзэмших эрх сэргэсэн байх тул дахин захиргааны акт гаргахыг шаардахгүй.
10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш нэхэмжлэгчийг газар эзэмшиж байсан гэж үзнэ.
11. Иймээс Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийн холбогдох хэсгийг дахин хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэхийг хянана.
12. Хариуцагчаас дуудлага худалдаагаар олгох ёстой газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлсэн нь хууль нийцээгүй тул хүчингүй болгосон гэж тайлбарлана.
13. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн газар нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байх тул дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэхээр байна.
14. Энэ талаар мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д 33.5.Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно. гэж тодруулж зохицуулсан байх тул ”орон сууц барих” зориулалтаар эзэмшүүлэх газар нь хамаарахгүй байна.
15. Мөн Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор нэгдүгээр хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулна: 3.1.1-д Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах; гэж, хоёрдугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 3.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж хөнгөлөттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт болон малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж ашиглуулна.”гэж тус тус журамлажээ.
16. Иймд төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар захирамж нь дээрх хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
17. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасан байх тул тул Засаг дарга хуульд нийцээгүй захирамжаа хүчингүй болгох эрхтэй.
18. Засаг даргын Газрын хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамжийн тухайд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэсэн зохицуулалттай.
19. Засаг дарга нь Газрын хууль тогтоомжид зөрчиж гаргасан захирамжаа хүчингүй болгох эрхтэй ч энэ нь нэхэмжлэгч компанийн эрхийг хэрхэн зөрчсөн, сэргээгдэх боломжтой эсэх талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
20. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн захирамж нь эерэг нөлөөлөлтэй захиргааны акт бөгөөд хүчингүй болгох үндэслэлийн тухайд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.1-т хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;-д хамаарна гэж үзлээ.
21. Түүнчлэн нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дугаар захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасан хугацааг зөрчөөгүй байна.
22. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахаас өмнө эрх, хууль эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэж, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
23. Аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/67 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаар сонсгож, тайлбар саналаа ирүүлэх талаар нэхэмжлэгч компанид хүргүүлсэнд нэхэмжлэгч компанийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар албан бичгээр албан бичгээр “... хүчингүй болгосон захирамжийг дахин хүчингүй болгох сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэх хариуг ирүүлсэн ба энэ талаар талууд маргаангүй.
24. Нэхэмжлэгч компани нь газар эзэмшсэнээс хойш хугацаанд газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй буюу “орон сууц барих” ажлыг эхлүүлээгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
25. Дээрх үндэслэлүүдээс дүгнэвэл, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж нь хууль бус болох нь тогтоогдсон тул хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй нэхэмжлэгч “*******” ХХК-нийн “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
26. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-нийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/99 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ