Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 465

 

                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

             Д.Буянбатад холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ширэндэв,

Хохирогч Д.Сайханбаяр,

Ялтан Д.Буянбатын өмгөөлөгч Ж.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Буянбатын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Д.Буянбатад холбогдох эрүүгийн 2014250006584 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овогт Даваасамбуугийн Буянбат, 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 64 дүгээр гудамжны 914 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АЭ86121979/.    

Д.Буянбат нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 26-699 тоот хашаанд амьдрах төрсөн эцэг С.Даваасамбуу, эх Д.Сайханбаяр нарыг “гэртээ архи уулаа” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдаж, Д.Сайханбаярын биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрах явцдаа шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэсний улмаас хохирогч С.Даваасамбуугийн 5 ханатай гэр шатаж, 1.225.000 төгрөгийн, хохирогч П.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Паз-3205” загварын автобус шатаж 8.500.000 төгрөгийн, хохирогч Ц.Мөнгөнчимэгийн гэрийн дээвэр, туурга, гэрийн амбаар, байшингийн дээвэр, байшингийн амбаар, хувцас зэрэг эд зүйлс шатаж 2.682.000 төгрөгийн, хохирогч П.Мөнхбатын байшин, амбаар, эд зүйлс зэрэг шатаж 22.410.000 төгрөгийн, хохирогч Г.Бат-Очирын “Мазда” загварын тээврийн хэрэгсэл шатаж 1.510.000 төгрөгийн, “Аж мянган” ХХК-ийн эзэмшлийн 2.263.318 төгрөгийн үнэ бүхий GPS /Жи Пи Эс/ тус тус шатаж бусдад нийт 38.590.318 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Буянбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Д.Буянбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журамыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа Д.Сайханбаярын бие махбодод хөнгөн гэмтлийг санаатай учруулсан, чүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буянбатад 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 501 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Буянбатаас 37.365.318 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч П.Мөнхбатад 22.410.000 төгрөг, хохирогч Ц.Мөнгөнчимэгт 2.682.000 төгрөг, хохирогч П.Цэнд-Аюушид 8.500.000 төгрөг, хохирогч Г.Бат-Очирт 1.510.000 төгрөг, хохирогч Ц.Ганболдод 2.263.318 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Д.Буянбатын эдлэх ялыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Д.Буянбатын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Гантулга би ялтан Д.Буянбаттай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүх хуралдаанд түүний эрх ашгийг хамгаалан оролцож байна. Би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна.

…Анхан шатны шүүх ялтан Д.Буянбат бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах явцдаа Д.Сайханбаярын бие махбодод хөнгөн гэмтлийг санаатай учруулсан, шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэж гал тавьсаны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлгүй.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох хор уршгийг гэмт хэрэг хэмээн ойлгож ухамсарласан байдлаар илэрдэг. Эцэг С.Даваасамбуутай хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн маргаан богино хугацаанд болж өнгөрсөн, шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэх санаа зорилго байгаагүй, гал асаах зорилгоор хэрэглэсэн талаараа ялтан Д.Буянбат урьдчилсан мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлж ирсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Буянбатын шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж тогтоогдоогүй тул түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлгүй байна.

Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 336 дугаар тогтоолд заасан “…Д.Буянбатыг танхайрах үйлдэлдээ хүч оруулах зорилгоор “гал” буюу шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, мөрдөн байцаах ажиллагааг нэг талыг барьж хийгдсэн…” гэх үндэслэлээр Д.Буянбатад холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд ялтан Д.Буянбатад холбогдох эрүүгийн хэрэг шүүхээс шилжиж, түүний танхайрах үйлдэлдээ хүч оруулах зорилгоор “гал” буюу шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэсэн эсэхийг тогтоохоор байцаан шийтгэх ажиллагааг явуулсан боловч Д.Буянбатын гэм буруутай үйлдэл байцаан шийтгэх тодорхой ажиллагаагаар тогтоогдоогүй болно.

Ялтан Д.Буянбатын шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж тогтоогдоогүй тул түүнийг гэм буруутай тооцож ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчлөх хуульзүйн үндэслэлтэй байна. …Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Буянбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгээр зүйлчлэх хуульзүйн үндэслэлтэй байна…” гэв. 

Хохирогч Д.Сайханбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хүүдээ гомдох зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэв.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Гаргаж байгаа гомдолд шүдэнзийг зэвсгийн чанартай ашигласан гэдэг нь тогтоогдоогүй гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон, мөн Д.Буянбат өгсөн мэдүүлэгтээ “шүдэнз зураад хөшгөө шатаагаад гал гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдоогүй гэх ямар ч нөхцөл алга байна. Яагаад тогтоогдоогүй гэж үзээд байгаа, Улсын Дээд шүүхээс хэрэг буцсанаас хойш байцаан шийтгэх ажиллагаа явагдаагүй гэж үзэж байгаа боловч чухам ямар тодорхой ажиллагаа явуулах ёстой байсан бэ гэх үндэслэл тодорхой гаргаж ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүдэнзийг зэвсгийн чанартай ашигласан нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн тодорхойгүй шаардлагаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Д.Буянбат нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 26-699 тоот хашаанд амьдрах төрсөн эцэг С.Даваасамбуу, эх Д.Сайханбаяр нарыг “гэртээ архи уулаа” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан эрх чөлөөнд нь халдаж, Д.Сайханбаярын биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах явцдаа шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэсний улмаас хохирогч С.Даваасамбуугийн 5 ханатай гэр шатаж, 1.225.000 төгрөгийн, хохирогч П.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Паз-3205” загварын автобус шатаж 8.500.000 төгрөгийн, хохирогч Ц.Мөнгөнчимэгийн гэрийн дээвэр, туурга, гэрийн амбаар, байшингийн дээвэр, байшингийн амбаар, хувцас зэрэг эд зүйлс шатаж 2.682.000 төгрөгийн, хохирогч П.Мөнхбатын байшин, амбаар, эд зүйлс зэрэг шатаж 22.410.000 төгрөгийн, хохирогч Г.Бат-Очирын “Мазда” загварын тээврийн хэрэгсэл шатаж 1.510.000 төгрөгийн, “Аж мянган” ХХК-ийн эзэмшлийн 2.263.318 төгрөгийн үнэ бүхий GPS /Жи Пи Эс/ тус тус шатаж бусдад нийт 38.590.318 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Даваасамбуугийн “…Би 2014 оны 10 дугаар сарын 27-ны өглөө Буянбат гэрээсээ гараад явсан юм. Эхнэр Сайханбаяр бид 2 гэртээ үлдээд 14 цагийн орчимд урд дэлгүүрээс нэг шил “Мөнхжин” архи аваад эхнэр Сайханбаяртай хамт хувааж уусан юм. Тэгээд 16 цагийн орчим байх манай хүү Буянбат гаднаас согтуу орж ирээд “та хоёрыг ална” гээд дайраад намайг барьж аваад цээж рүү цохисон. Тэгтэл ээж нь “чи боль” гэхэд Буянбат ээжийгээ барьж аваад толгой руу нь цохиод өшиглөсөн. Буянбат гэрийн зүүн талын хөшгийг шүдэнз зураад шатаах гэхээр нь би барилцаж аваад бид 2 зодуулаад зугтааж гараад цахлайн тойрог руу яваад манай бага хүү Буянхишигийн гэрт очсон, шатсан гэр миний өмч юм. Би 2014 оны 5 дугаар сард Мөнхбат гэх таньдаг хүний хашаанд буусан юм…” /хх-67/,

Хохирогч Д.Сайханбаярын “...Буянбат эхлээд орж ирээд бид хоёрыг ямар ч шалтгаангүйгээр “ална” гэхээр нь би “яаж байгаа юм” гэхэд намайг барьж аваад нүүр рүү цохиод хавирга руу өшиглөөд намайг ёолоод хэвтэж байхад “гэрээ шатаана” гэсэн юм байна лээ. Тэгээд аавтайгаа барилцаж аваад аавыгаа зодоод бид хоёр гараад зугтаасан юм…” /хх-69/,

Хохирогч П.Цэнд-Аюушийн “…2014 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчим манай жолооч Өлзий-Орших яриад машин гэр 2 шатчихлаа хурдан хүрээд ир гэсэн. Манай жолооч Өлзий-Орших уг автобусыг хашаандаа тавьсан юм. Өлзий-Оршихын хашааны зүүн талын айлын гэр шатаад манай автобус шатсан юм…” /хх-71/,

Хохирогч Ц.Мөнгөнчимэгийн “…Би 2014 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчим хашаан дотроо явж байтал манай зүүн талын айлын хашаанд байдаг гэртээ айлаас хөгшин эмэгтэй, эрэгтэй 2 хэрэлдэж маргалдаад гэрээс гараад явж байсан. Тэр хоёр их согтуу байсан. Би гэр лүүгээ орчихоод 2 минут орчмын дараа гарахад гэр нь дотор талаасаа шатаж байгаа бололтой тооноор нь гал дүрэлзээд байсан. Гэр нь гадна талаасаа шатсан зүйлгүй байсан. Тэгээд онцгой байдлын хүмүүс ирэх хооронд уг хашааны хойд талын байшин шатаад манай хашаа руу гал ороод манай нөхрийн унадаг “Паз” автобус шатаж эхэлсэн. Салхи зүүн урдаасаа баруун хойш шатаж байсан учраас манай хашаанд байсан гэрийн зүүн талын дээвэр туурга, гэрийн амбаар, манай байшингийн дээвэр, амбаар шатсан. Онцгой байдал их хурдан ирээд унтраасан…” /хх-74/,

Хохирогч П.Мөнхбатын “…Би Даваасамбуутай нэг газар ажиллаж байсан. 2014 оны 7 дугаар сард Даваасамбуу ах манай хашаанд буугаад гэрлийг чинь мөнгийг би өгнө чамайг унаж тусвал чамд хань болно гэхээр нь Даваасамбуу ахыг буулгасан юм. Буянбат нь Даваасамбуугийн хүүхэд юм. Буянбатыг сайн мэдэхгүй. Би 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өглөө 08 цагийн орчим гэрээсээ гараад орой 19 цагийн үед манай урд дэлгүүрийн охин утсаар яриад танай хашаанд байдаг гэр шатсан байна гэхээр нь хашаандаа очтол манай хашаанд байсан улаан өнгийн жижиг жип машины урд хэсэг хайлсан байсан. Уг машин нь манай хүргэн Бат-Очирын машин юм. Даваасамбуугийн гэр болон манай өвлийн байшин, зуны амбаар, дотор нь байсан манай дүүгийн иж бүрэн тавилга шатсан байсан. Хажуу айлын хашаанд байсан “Паз” автобус, байшингийн дээвэр, гэрийн дээвэр туурга бүгд шатсан байсан…” /хх-77/,

Хохирогч Г.Бат-Очирын “…Би 2014 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед өөрийн зарах гэж байсан 2003 онд үйлдвэрлэгдсэн “Мазда МПВ” маркийн улаан өнгийн гэр бүлийн машинаа эхнэрийн дүү Мөнхбатын хашаанд тавьсан. Мөнхбатын гэр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэгийн 26-699 тоот хашаан дотор байдаг. Би машинаа тэдний хашаанд дотор байдаг 5 ханатай гэрийн зүүн урьд талд хойш нь харуулаад тавьсан байсан. Тэгээд маргааш орой нь буюу 2014 оны 12 дугаар сарын 27-ны 18 цагийн үед над руу утсаар яриад манай хашаанд байсан гэр шатлаа гэхээр нь яваад очсон. Намайг очиход галыхан ирээд галыг унтраасан байсан. Миний машины урьд гупер, их гэрэл, нүүр хайлаад урссан. Мөн зүүн хойд талын жижиг шилийг хагалсан, урьд нүүрний шил нь халаад цуурсан байсан. Уг машиныг би 9 сая төгрөгөөр авсан…” /хх-81/,

Гэрч Д.Буянхишигийн “…2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гэр онгорхой байсан. Тэгээд гэрэл асаахад ээж, аав хоёр газар хэвтэж байсан. Ээж, аав хоёр хүнд зодуулсан байдалтай буюу ээжийн нүүр хөхөрсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Буянбат бид хоёрыг хойд гэрээс зодоод, хөөгөөд явуулахаар нь танай гэрт ирлээ гэж байсан. ...Тэгээд эгч Буян-Өлзий рүү утсаар яриад хүрээд ир гэсэн. Тэгээд эгч орой ирсэн. Тухайн үед надад ээж гэр шатсан талаар яриагүй, орой нь намайг гэрт ирэхэд над руу нэг хүн яриад танай гэр чинь шатсан юм биш үү, Буянбатыг цагдаа аваад явсан гэж хэлсэн. ...Би ахтайгаа дотно байдаггүй, ахын хойно байдаг гэрийг мэдэхгүй, ээж хоёр гэрийн хооронд ирэн очин байдаг…” /хх-82/,

Гэрч Н.Өлзий-Оршихын “…Би өөрийнхөө хашаанд гал гарахаас 3 хоногийн өмнө өөрийн барьдаг “Паз” автобусыг хашаандаа зүүн талд нь шахаад байрлуулсан юм. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг Улиастай явж байхад 18 цагийн үед манай эхнэр Мөнгөнчимэг утсаар яриад манай хажуу айл шатаад гал наашаа орж ирээд автобус шатлаа гэхээр нь Улиастайгаас яваад гэртээ очиход галын хүмүүс ирсэн гал унтраагаад дуусаж байсан. Миний барьдаг автобус шатсан, манай байшингийн амбаар шатсан, дээврийн булан хэсэг шатсан байсан. Тэгээд би гал гарсан талаар Цэнд-Аюушд утсаар хэлсэн юм. Манай хажуу талын гэр шатаад манайх руу гал дамжсан байсан. Буянбат гэх гал тавьсан хүнийг ерөөсөө мэдэхгүй байна…” /хх-149/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16087 тоот дүгнэлтийн “…1. Сайханбаярын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-88/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвын Шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1080 тоот дүгнэлтийн “…1. Д.Буянбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Д.Буянбат нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. 3. Д.Буянбат нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Д.Буянбат нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Д.Буянбат нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Д.Буянбат нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна…” /хх-91-92/,

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 625/5563 тоот дүгнэлтийн “…1. Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээс үндэслэн үзэхэд гал түймэр нь хашааны зүүн хойд хэсгээс гарч нийт 40 минут үргэлжлэн шатсан байна. 2. Даваасамбуугийн таван ханатай гэрийн дотор талын зүүн хойд хэсэгт байсан байна /гал гарсан хэсэг/. 3. Тэсэрч дэлбэрэх болон хийн газ, амархан шатах ямар нэгэн бодис нөлөөлсөн гэх шинж тэмдэг илрээгүй болно. 4. Хэргийн газрын үзлэгээр цахилгаанаас гарсан гэх шинж тэмдэг илрээгүй болно. 5. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 26-699 тоот хашааны баруун талын хашаанд байрлах гэр, байшин, автобусанд гал гарсан шалтгаан нь ил галын улмаас гарсан байна. Ил гал гэдэгт асаасан гал, асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, бамбардах, ил задгай асгасан үнс, нурамны гал, пийшин зуухнаас үүдсэн зэрэг бусад ил задгай галыг тооцно. Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээс үндэслэн үзэхэд тухайн гал түймэр нь санаатай зориуд тавьсан гэх шинж тэмдэг илэрч байна. 6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ зүйл илрээгүй болно…” /хх-95/ гэх дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-22/, “Паз 3205” загварын, 22-13 УБВ улсын дугаартай автобусны үнэлгээний тайлан /хх-41-46/, “Паз 3205” загварын, 22-13 УБВ улсын дугаартай автобусны GPS /Жи Пи Эс/ байршил тогтоогч төхөөрөмжийн үнэлгээний тайлан /хх-157-160/, эд зүйлийн үнэлгээний баримт /хх-58-65, 171, 189, 190/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 625/5563 тоот шинжээчийн дүгнэлт /хх-95/, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 10659 тоот шинжээчийн дүгнэлт /хх-97-99/, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 10660 тоот шинжээчийн дүгнэлт /хх-100-101/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүхээс Д.Буянбатад оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Д.Буянбатын өмгөөлөгч Ж.Гантулга “…Д.Буянбатын шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж тогтоогдоогүй тул түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Буянбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, Д.Буянбат нь өөрөө согтуу байсан атлаа төрсөн эцэг С.Даваасамбуу, эх Д.Сайханбаяр нарыг “өөрийн гэртээ архи уулаа” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан, эх Д.Сайханбаярын бие махбодод хөнгөн гэмтэл учруулан зодож, догшин авирлаж, шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэн эцэг С.Даваасамбуугийн гэрийг шатааж танхайрсан байх ба энэхүү гэмт хэргийн улмаас хөрш зэргэлдээ айлуудын эд хөрөнгө, хашаа байшин, амбаар, автомашин, тоног төхөөрөмж зэрэг зүйлс шатаж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан Д.Буянбатын энэхүү хэргийг прокурор болон анхан шатны шүүх үндэслэлтэй зөв зүйлчилжээ. Иймд ялтны өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.   

Харин анхан шатны шүүхээс Д.Буянбатыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулиар томъёолсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж онцлогийг зөв тусгалгүйгээр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг давхар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх Д.Буянбатад оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хассан нь үндэслэлтэй байх боловч ялтан Д.Буянбатын биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тодорхой заагаагүй орхигдуулсан байна. Мөн хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо уг дэглэмийг эдлэх хорих ялын хэмжээг зааж өгөөгүй нь буруу болжээ. Иймд энэ талаар зохих өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.     

Ялтан Д.Буянбат нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс сэжигтнээр цагдан хоригдсоноос хойш анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 230 хоног, үүнээс хойш Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 11 тоот захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ялаас өршөөн хэлтрүүлж, суллах хүртэл 141 хоног, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улсын Дээд шүүхийн 92 тоот мэдэгдэх хуудсаар цагдан хоригдсоноос хойш 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл 99 хоног, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 349 тоот тогтоолоор цагдан хоригдсоноос хойш анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 7 хоног, нийт 477 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 501 хоног цагдан хоригдсон гэж 24 хоногоор илүү тооцсон байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 517 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Буянбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журамыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа Д.Сайханбаярын бие махбодод хөнгөн гэмтлийг санаатай учруулсан, чүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Буянбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, шүдэнзийг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

3 дахь заалтын “2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассугай.” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буянбатад оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэж,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 501 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 477 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Д.Буянбатын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

        

  

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ