Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0157

 

 2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2017/0157

Улаанбаатар хот

Ө.Ш-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ө.Ш, түүний өмгөөлөгч Г.Ц, гуравдагч этгээд Г.М, түүний өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө.Ш-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Ш-ийн гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар 32 дугаар сургуульд газар ашиглуулах эрх олгосны дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээний Ө.Ш-ийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгч шийдвэрийнхээ Үндэслэх болон Тогтоох хэсэгтээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус баримталсан байна.

Иргэн Ө.Ш нь 1997 оноос хойш маргаан бүхий газарт 359 мкв газрын эзэмшин дээр нь 2 үл хөдлөх эд хөрөнгө барьж байгуулан, тасралтгүй 20 жил газраа эзэмшиж, ашигласаар ирсэн байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1, 36.1-т зааснаар газрыг Байгаль орчны сайдын зөвшөөрөл, тушаалаар ашиглуулахаар хуульчилсан. Маргаан бүхий газар болох 32 дугаар сургуулийн аж ахуйн хашаа гэх газарт Байгаль орчны сайдын тушаал гараагүй байх бөгөөд 32 дугаар сургуульд байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар 0,69 га газар ашиглуулах шийдвэр гарсан байтал 2008 онд олгосон 558 тоот газар ашиглах гэрчилгээнд 0,1 га газраар үндэслэлгүй нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн газрын хэмжээг 0,1 га газраар нэмэгдүүлсэн нь Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл болсон. Хэдийгээр 32 дугаар сургууль гэрээ болон гэрчилгээний үндсэн дээр газрыг ашиглаж байгаа гэх боловч нэгэнт хуулиар тавьсан шаардлагын дагуу Байгаль орчны сайдын тушаал гараагүй л бол газар ашиглах эрх нь үүсээгүй байгаа билээ.

Анхан шатны шүүгч маргаан бүхий газрыг анхнаасаа 32 дугаар сургуулийн газар байсан мэтээр нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий газрыг анх 2006 оноос 32 дугаар сургууль ашиглахаар кадастр хийлгэн, байгаль орчны сайдад хүсэлтээ гаргасан ч маргаан бүхий газарт Сайдын тушаал гараагүй. Иргэн Ө.Ш нь маргаан бүхий газарт 1997 онд бууж, 32 дугаар сургуульд үйлчлэгчийн ажил хийж, тэтгэвэрт гарсан байдаг. Тухайн үед 32 дугаар сургуулийн захирлар ажиллаж байсан захирлууд ч Ө.Ш гуайн буусан газар 32 дугаар сургуулийн газарт хамаарахгүй хэмээн хэлж байсан. Сүүлд тухайн захирлуудыг гэрчээр дуудаж байцаахдаа 32 дугаар сургуулийн аж ахуйн хашаа байсан боловч албан ёсоор гэрчилгээ, зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаагүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Ө.Ш гуайг 1997 онд буухад тухайн газрыг 32 дугаар сургууль хуулийн дагуу эзэмшиж, ашиглаагүй хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаагүй хоосон газар байсныг шүүгч үнэлж дүгнээгүй.

Иргэн Ө.Ш нь 1997 онд тухайн газарт буухад 32 дугаар сургуулийн аж аж ахуйн хашаа гэх газрын хажуу тал, хоосон догол хэсгийг цэвэрлэж, шороо асган тэгшилж суусан. Тухайн газарт өөрийн хүү, бэр, ач нарын хамт амьдран суухдаа 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулан оршин суудаг. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгөө газрын гэрчилгээгүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлж чаддаггүй, үндсэн эрх нь зөрчигдөж байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

   Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуульд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Байгаль орчны яамнаас 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 558 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгож, мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулж, маргаан бүхий газрыг ашиглах эрх гуравдагч этгээд 32 дугаар сургуульд үүссэн байна.

Нэхэмжлэгч Ө.Ш нь ... маргаан бүхий газар ашиглах эрхийг 32 дугаар сургуулиас түрүүлж авах эрхтэй бөгөөд 32 дугаар сургуульд олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар 0.69 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байх боловч 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 558 дугаар гэрчилгээгээр 0.79 га болж Ө.Ш амьдарч байсан 0.1 га газрыг сайдын тушаалгүйгээр нэмсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлан маргаж, эрхээ хамгаалуулахаар шүүхэд ханджээ.

Гэтэл нэхэмжлэгч Ө.Ш-ийн амьдарч байгаа гэх газар нь 32 дугаар сургуулийн аж ахуйн хашааны газарт хамаарч байх бөгөөд гуравдагч этгээдээс тус газарт газар ашиглах гэрчилгээ гаргуулахаар 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай албан тоотоор Байгаль орчны яаманд хандаж, Байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 0,69 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон байна.

   Дээрх тушаалаар аж ахуйн газрыг орхигдуулсан байх тул газрыг нэмж 0.79 га-аар баталгаажуулах тухай хүсэлтийг 32 дугаар сургуулиас 2007 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан, энэ нь Байгаль орчны сайдын тушаалаас хойно гаргасан хүсэлт гэж харагдах боловч 32 дугаар сургууль үүнээс өмнө 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтдээ 7651 мкв газрыг баталгаажуулахаар хандаж байсан нь газар баталгаажилтын 146 8017/0022 дугаар хувийн хэрэгт авагдсан байна.

   Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт 1997 оноос хойш амьдарсантай хэргийн оролцогчид маргадаггүй, тус газарт анх ирэхдээ 32 дугаар сургуулийн аж ахуйн газарт зөвшөөрөл авч амьдарч байгаа болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ө.Ш-ийн ... маргаан бүхий газрыг хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаагүй хоосон газар байсныг шүүх үнэлж дүгнээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. 

   Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гуравдагч этгээд 32 дугаар сургуульд газар ашиглуулахаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч Ө.Ш маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ