Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 682

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чонод овогтой Лын Д /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А, улсын байцаагч Л., О.О нарт холбогдох

Гуравдагч этгээд: “” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Л.Дгийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд залруулга хийснийг хууль бус болгохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Л., Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээд “” ХХК-ийн өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Л.Д, түүний өмгөөлөгч П.А нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засагч-статистикч мэргэжлээр 2007 онд төгссөн бөгөөд 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн барилга хариуцсан менежерээр “Ц” ХХК болон “” ХХК-нд нийт 7 жилийн хугацаанд тогтвортой ажиллаж байсан. 

“Ц” ХХК болон “” ХХК нь хоорондоо шууд хамааралтай нэг хаягт байрлалтай, нэг үйл ажиллагаатай байдаг ба 2015 онд зээл авах зорилгоор зээлээ судлуулах үедээ нийгмийн даатгалын шимтгэлийг маань үндсэн цалингаар биш, тал хувиар нь төлдөг болохыг мэдсэн. 

Энэ асуудлыг тухайн үед захирал удирдлагатайгаа ярилцаж, тэдгээрийн зөвшөөрч баталгаажсанаар өөрийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлд 1.386.000 төгрөг, мөн нөхөн тайлангийн торгууль 50.000 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Хувь хүний орлогын албан татварт 594.000 төгрөгийг тус тус төлсөн. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар бодит цалингийн 20 хувьтай тэнцэх шимтгэлийн 10 хувийг ажилтан, 10 хувийг ажил олгогч хариуцсан төлөхөөр заасан байдаг боловч энэ нөхөн төлөлтийг ажилтан миний бие бүхэлд нь хариуцаж төлсөн юм. 

Ингээд 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг өөрийн үндсэн цалингийн хэмжээгээр буюу дутуу төлөгдсөн шимтгэлийг нөхөн төлөх тайланг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л.д хүргүүлсэн. 

Энэ мөнгийг би өөрөөсөө гаргаж бэлнээр нь өгч төлье гэсэн учраас захирлууд зөвшөөрч, нөхөн тайланг гарын үсэг тамга тэмдгээрээ баталгаажуулж, нийгмийн даатгал руу явуулах болсон бөгөөд энэ 2.112.000 төгрөгийг ах Н.Бат*******аас зээлж авч байсан. 

Гэтэл компанийн удирдлага намайг ажлаас үндэслэлгүйгээр халсныхаа дараа нийгмийн даатгалын байцаагчтай уулзаж, “Мөнгөө илүү төлсөн байна, буцааж авъя” гэсэн хүсэлт гаргаад миний төлсөн мөнгийг нийгмийн даатгалын төлөлтөөс хассан байна. 

Улсын байцаагч Л. нь яагаад нөхөн төлөлт хийсэн, яг ийм нөхөн төлөлтийг ерөнхий менежер Ж.А, нягтлан бодогч Л.Д, нярав П.Б мөн компанид огт ажилладаггүй Э.Т, Ж.Аийн найз н.О нараас мөн мөн адил хийсэн зэргийг мэдэж байсан.

Гэтэл ганцхан миний төлөлтийн мөнгийг илүү төлсөн байна гээд буцааж компанид өгсөн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хууль бус үйлдэл юм. 

Үүнийг компанийн удирдлагуудтай хувийн харилцаа тогтоож, тэдний хүсэлт гуйлтыг биелүүлж, үйлчилсэн гэж үзэхээр байна. 

Миний бие 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр лавлагаа авах үед 2014 оны 01 дүгээр сараас  12 дугаар сарыг дуусталх хугацааны төлсөн шимтгэлүүдээс нөхөн төлөлтүүд нь 0 төгрөг болж өөрчлөгдсөн байсныг мэдээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариугаа лавлахад Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох материалыг авч шалган, зөрчил гарахгүй байна, нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа алга гэсэн. Энэ хариугаа бичгээр өгөхийг хүсэхэд бичгээр боломжгүй амаар хариу өгч байна гэсэн. 

Ингээд миний бие 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч урьдчилсан журмаар шийдвэрлүүлэх гэсэн хариу өгсөн учраас би 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин хүсэлт гаргаж, хариуг бичгээр өгөхийг хүссэн боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “...Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол....” нэхэмжлэл гаргах эрх үүсэхээр заасны дагуу ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг зөрчиж, ажилтны эрх ашгийг хохироож, хууль зөрчиж байгаа үйлдлийг залруулж, хууль хэрэгжилтийг хангах үүрэгтэй атла ажил олгогчийн санааг хэрэгжүүлж, хууль зөрчихөд нь тусалж байгаад гомдолтой байна. 

Учир нь иргэн миний хуулийн дагуу үнэн зөв, бүрэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эрх маань зөрчигдөж байгаа болно. 

Иймд нэхэмжлэлийг маань хүлээн авч, Л.Дгийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн 1.360.000 төгрөгийн нөхөн төлөлтийг бүртгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даатгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Л.Д 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 

“...Миний бие 1.200.000 төгрөгийн бодит цалин авч байсан үед 700.000 төгрөгийн цалинтай гэж ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж байснаас, зөрүү мөнгийг өөрөө гаргаж, ажил олгогчоор дамжуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж төлсөн байтал компаниас гаргасан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар хүсэлтийг улсын байцаагч Л. хүлээн авч, нөхөн төлсөн нь буруу байна гэж дүгнэлт хийснээр төлөлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, мөнгийг ажил олгогчид буцаасан байдаг. 

Улсын байцаагч Л.тай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр очиж уулзахад “” ХХК-ийн хүсэлтээр би өөрөө өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байсан учраас түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 

Энэхүү шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан баримт материалтай танилцсанаар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтран хариуцагчаар  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А, хяналтын албаны дарга О.О нарыг татан оролцуулах шаардлагатай байна. 

  Учир нь хариуцагч Л.гийн тайлбарт “... бүх байцаагчид амарсан байсан тул О.О бид үндэслэлийг шалгаж шийдвэрлэсэн” гэсэн байх тул хамтран хариуцагч болохоор байна. 

“” ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л. болон О.О нарын хийгдсэн хяналт шалгалтыг үндэслэн дарга Б.А шийдвэрлэсэн тус тус оролцсон байх бөгөөд хэн аль нь Нийгмийн даатгалын тухай хууль, дүрэмд заасан хяналт шалгалтын чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй зэрэг нь даатгуулагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон хууль бус ажиллагаа болно. 

Иймд “Л.Дгийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэлд залруулга хийснийг хууль бус болохыг тогтоолгох” тухай гэж өөрчилж байна” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Бид тухайн хяналт шалгалтыг явуулахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаар журмыг баримтлан ажилладаг. Хяналт шалгалтыг явуулахдаа төлөвлөгөөт хяналт шалгалт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт, гүйцэтгэлийн хяналт шалгалт, цахим мэдээлэлд тулгуурлан явуулах хяналт шалгалт гэсэн төрөл чиглэлтэй.

Тухайн жилийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил олгогч, даатгуулагч, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт дээд байгууллагын үүрэг даалгавар болон ажлын зайлшгүй шаардлагаар хийгдэж буй хяналт шалгалтыг төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэдэг. 

Тухайн өргөдөл хүсэлтийг хэлтсийн бичиг хэргийн ажилтан хүлээн авч ирсэн бичгийн хяналтын карт нээн баримтжуулж, удирдлагад танилцуулдаг. Удирдлага өргөдөл, хүсэлттэй танилцан тухайн бичиг нь аль алба, ямар албан тушаалтанд хамаарахыг шийдэж удирдлагын заалт бичиж, тухайн алба руу шилжүүлдэг. 

Хүлээн авсан албан нь ямар байцаагч хэдий хугацаанд шийдвэрлэхийг зааж өгдөг. Дээрх аж ахуйн нэгжийн хүсэлт нь уг процессын дагуу явагдсан байна. 

“” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус хэлтэст хандан ирүүлсэн хүсэлтийг тухайн үед ажиллаж байсан хяналт мониторингийн албаны дарга О.О, байцаагч Л. нар шалгасан байна. 

2015 оны 01 дүгээр сард “” ХХК нь нягтлан бодогч Л.Д нь компанийн тайланг өгөхдөө татварын албанд гаргаж өгдөг “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан”-д даатгуулагч Л.Дд олгосон хөдөлмөрийн хөлсийг дутуу тайлагнаж байснаа нөхөн тайлагнасан тухай дурдан нөхөн тайлан гаргаж ирүүлсэн бөгөөд уг тайланд 6.600.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг дутуу олгож байснаар тайлагнасан байна. Энэ нь татварын албанд гаргаж өгдөг суутганы тайлангаар нотлогдож байна. 

Тухайн үед тус компанийг хариуцаж байсан орлогын байцаагч Л. нь компанийн нягтлан бодогч Л.Дг Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг үндэслэн 50.000 төгрөгөөр торгож, тайланг мэдээллийн баазад оруулсан байна. Дээрх суутганы тайлан нийгмийн даатгалын тайлан хоёр таарч явах учиртайг дурдах нь зүйтэй байна. 

Үүний дараа 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн захирал Ж.Аийн гарын үсэгтэй 50 дугаар албан хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэнд нягтлан бодогч Л.Д буюу нэхэмжлэгчийн төрсөн эгч нь албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль бус төлөлтийг хийсэн тул тайланг залруулж, төлсөн шимтгэлийг компанийн төлөлт болгох талаар дурдаад 2014 онд бодитоор Нийгмийн шимтгэл төлж байсан баримт залруулга хийсэн 2015 оны 2 дугаар улирлын тайланг хавсаргасан байдаг. 

Уг хүсэлтийг дээрх байцаагч нар шалгахад 2015 оны санхүүгийн тайланд иргэн Л.Дгийн цалингийн буцаалт хийж балансад тусгагдсан байсан бөгөөд нийгмийн даатгалын хэлтсээс ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж аваагүй байсан тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзээд сүлжээний зохицуулагчид мэдэгдэн тайланг залруулж тухайн аж ахуйн нэгжийг 250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. 

Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн эрх, хариуцлагын хүрээнд хийгдсэн арга хэмжээ болно. 

Дээрх бүх асуудлууд баримтаар нотлогдож байх бөгөөд ямар шалтгаанаар тус хэлтсийн байцаагчийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байгаа бөгөөд энэ нь тухайн компанийн удирдлага, ажилтны хооронд гарсан маргааны шинжтэй асуудал гэж ойлгож байгаа. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу нийгмийн даатгалын заавал даатгалд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээрт ажиллагсад хөдөлмөрийн хөлс, орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж төлсөн гэж заасан. 

Иймд бид тухайн иргэнд олгосон бодит цалингаас шимтгэл суутгасан гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нь ямар нэгэн хууль дүрэм, журам зөрчөөгүй гэж үзэж байна” гэв. 

Хариуцагч  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Байцаагч Л. миний бие 2014 онд орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж, “” ХХК-ийн шимтгэл төлөлтийн тооцоог хариуцан тайланг хүлээн авч баталгаажуулдаг байсан. 

Тус байгууллагын нягтлан бодогч Л.Д, Л.Дгийн нэр дээр 2014 оны 1-11 дүгээр сард нөхөн тайлан гаргасан нь татварын тайлантай тохирч байсан тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзээд 50.000 төгрөгийн торгууль ногдуулан тайланг хүлээн авч, цалинг нэмэгдүүлж мэдээлэлд оруулсан. 

Гэтэл “” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай хэлтэст “2014 оны жилийн эцэст нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланг иргэн Л.Дгийн нэр дээр түүний төрсөн эгч Л.Д нь нягтлан бодогчийн давуу эрхээ ашиглаж гаргасан байна. Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 2015 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа залруулга хийж гаргасан тул Л.Дгийн нэр дээр төлөгдсөн шимтгэлийг “” ХХК-ийн илүү төлөлт болгон бичилт хийж өгнө үү” гэсэн албан хүсэлт гаргасан. 

Тус байгууллагын сар бүр тавьж олгосон цалингийн баримт болон татварын тайлангийн буцаалт зэргийг манай байгууллага цалингийн залруулга хийж, “” ХХК-ийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзээд 250.000 төгрөгөөр торгосон. 

Л.Дгийн нэхэмжлэлд дурдсан нөхөн төлөлт хийсэн гэх нэр бүхий хүмүүс “” ХХК-нд шимтгэл төлдөггүй би огт танихгүй. 

Мөн Аж ахуйн нэгж байгууллагын Нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлийн мөнгө бэлэн бусаар компанийн нэрээр төлөгддөг учир “” ХХК болон Л.Д нарын хооронд ямар тооцоо байгааг мэдэх боломжгүй.

2016 оны 01 дүгээр сард Л.Д Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж өргөдөл гаргасны дагуу хяналт шинжилгээ үнэлгээний газрын байцаагч Ц манай шийдвэрийн үндэслэлийг шалгахад тус компанийн санхүүгийн баримтаас хуулбарлан авсан баримт болон холбогдох тайлбарыг хийсэн. 

“” ХХК-ийн захирал Ж.А, Ж.А нар эг дүүс болон нягтлан бодогч Л.Д, түүний төрсөн дүү Л.Д нарын хоорондын маргаантай асуудал манай байгууллага болон надтай ямар ч хамааралгүй тул захиргааны хэргийн шүүхийн бус иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч О.О нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“...Тухайн үед Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан бөгөөд одоо Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байна. 

Байцаагч Л.гийн тайлбартай санал нэг байгаа бөгөөд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй” гэв. 

Гуравдагч этгээд “” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Р.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай компанид түүний төрсөн эгч болох Л.Д нь 2013-2015 оны 10 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан.  2014 оны эцэст Л.Д нь орон сууцны ипотекийн 8 хувийн зээлэнд хамрагдахын тулд нягтлан бодогчоор ажиллаж байсан өөрийн төрсөн эгч хууль бус үйлдлүүд хийж байсан нь дараа нь нотлогдсон. 

Нийгмийн даатгалын газраас тавьдаг шаардлагын дагуу манай компанид онд өргүй орохын тулд тухайн оны 12 дугаар сарын 24-ны өдөр компанийнхаа бүх нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг төлбөрийн даалгавраар төлсөн байдаг. 

Төрсөн эгч Л.Д нь орон сууц авахын тулд дүүргийнх нь цалингийн орлого ипотекийн 8 хувийн зээл авахад хүрэхгүй байсан учир хууль бусаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийн данснаас гүйлгээ хийхдээ төрсөн дүү Л.Дгийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлсэн байсан. 

Ингэж төлөхдөө төлбөрийн даалгаврын гүйлгээний утга дээрээ Л.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл гэж бичсэн бол мэдээж захирал миний бие зөвшөөрөхгүй, үүнийг нягтлан бодогчоор ажиллаж байсан эгч нь овжиноор ашиглаж, компанийн данснаас төлөлт бичээд ороод ирсэн. Тухайн өдөр улс даяар шинэ жилийн баярын өдөр болж, “” ХХК нь маш олон гүйлгээ хийсэн ба түүн дотор эгч нь хавчуулж оруулж ирээд тамга даруулсан. Түүний эгч Л.Д нь дүүтэйгээ үгсэн хуйвалдаад компанийн мөнгийг ашиглаж төлөлт хийсэн байсан.

2014 оны жилийн эцсийн тайланг захирал миний бие шалгаж байхад эгчийнх нь хийсэн үйлдэл нь илэрснээр “” ХХК нь албан ёсоор Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хандаж залруулга хийхийг хүссэн. Төрсөн эгчийнх нь буруутай үйлдлээс болж манай компанийг нийгмийн даатгалын хэлтэс 250.000 төгрөгөөр торгосон. 

Мөн нягтлан Л.Д нь өөрийн нөхөр болох Од*******д Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй “Х*******” ХХК-ийн нэрээр мөн адил хуурамч бичиг баримт бүрдүүлж, 2014 оны жилийн эцсээр нийгмийн даатгалын шимтгэлийг хуурамчаар нөхөн төлөлт хийж ипотекийн 8 хувийн зээлэнд анх хамруулсан. 

Хамруулсныхаа дараа ингэж хуурамч бичилт хийж нөхөн тайланг гаргаж болдог юм байна гэсэн ойлголт аваад өөртөө болон дүүдээ нөхөн тайланг гаргасан. 

Ажилчдаас нийгмийн даатгалын шимтгэлийг чинь нэмэгдүүлээд өгье гээд 3 хүн тус бүрээр 150.000 төгрөг авсан нь нотлогдсон. Сүүлдээ энэ нь нотлогдоод ирэхэд мөнгө өгсөн хүмүүстээ би захиралтай цуг аваачиж мөнгө өгсөн гэж худлаа хэлсэн байна. Өнөөдрийг хүртэл миний бие нийгмийн даатгалын тайланг огт тушааж байгаагүй ба тайланг тушаа гэж компанид нягтлан бодогч цалинжуулж байж захирал өөрөө хүргэж өгсөн гэж хэний ч санаанд багтамгүй зүйлийг ярьж байна. 

Албан ёсоор өнөөдрийн байдлаар тус компанийн эзэмшиж буй данс Хаан банкинд *******, захирал Ж.Аийн хувийн данс Хаан банкинд *******, ******* дугаар данснууд болно. Бусад данснаас гарсан ямар ч гүйлгээг манай компани хүлээн зөвшөөрөхгүй ба Л.Дгийн тухайн жилд “” ХХК-иас төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь авсан цалингаас нь илүү төлөгдсөн нь харагдаж байна. 

Бэлнээр тавьсан цалинг төрсөн эгч нь өөрийнхөө хувийн дансанд хийж, төрсөн дүү болох Л.Дгийн хувийн данс руу цалин гэж хийж байсан нь иргэн Л.Дгийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас шууд нотлогдож байна. 

Манай компаний бүх ажилчид нийгмийн даатгалын 1 хувь дэвтэртэй байхад Л.Д, Л.Д хоёр тус бүр 2, 2 дэвтэртэй байгаа нь дээрх хууль бус үйлдлүүдээ бүрэн нотолж байна. 

Хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд эгч нь хувийн данснаасаа дүү болох Л.Д лүү шилжүүлэхдээ хүртэл цалин гэж тусгасан байна. Тухайн үед эхний авсан орон сууцныхаа зээлийг төлөхдөө мөн адил өндөр цалингаар бодуулж, дансаараа гүйлгээ хийлгүүлж байсан нь нотлогдож байна” гэв. 

Гэрч Ж.А шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ:

“...Л.Д 2013 оны 11 дүгээр сараас 11-нээс “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс “” ХХК-аас халагдсан. Тэрээр 2013 онд 700.000 төгрөгөөр явж байгаад 2014 оны 12 дугаар сараас 1.200.000 төгрөг болсон байдаг. 

Оны өмнө хэдэн хүн ипотекийн зээлэнд хамрагдах гээд тайлан болдог юм байна гээд эгч нь орж ирж байсан. Тэгтэл захирал ёс журмын дагуу учир өгөх зүйл байвал түүнийг өг гэсэн байдаг. Компанийн тамга тэмдэг захирал дээр байдаг.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Л.Дгийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01 өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн мэдээлэлд залруулга хийсэн үйлдлийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

“” ХХК нь Л.Дгийн 2014 оны 01-11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн тайланг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л. хүлээн авч, Татварын тайлантай тохирч байгаа эсэхийг хянан шалгаж, 2014 оны 01-ээс 11 дүгээр саруудад тус бүр 600.000 төгрөгийн цалинд ногдох шимтгэл төлснийг нэмж нөхөн оруулсан байна. 

Уг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дах заалтыг зөрчсөн хэмээн үзэж 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 000010346 дугаар шийтгэврийн хуудсаар 50.000 төгрөгийн торгуулийг ногдуулсан байна. 

Улмаар ажил олгогч “” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 50 дугаар албан бичгээр “2014 оны жилийн эцэст нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланг иргэн Л.Дгийн нэр дээр түүний төрсөн эгч Л.Д нь нягтлан бодогчийн давуу эрхээ ашиглаж гаргасан байна. Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг 2015 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаар залруулга хийж гаргасан болно. Иймд Л.Дгийн нэр дээр төлөгдсөн нөхөн тайлангийн нийгмийн даатгалын шимтгэлийн хууль бус төлөлтийг “” ХХК-ийн илүү төлөлт болгон бичилт хийнэ үү....” хэмээн хүсэлт гаргажээ. 

Уг хүсэлтийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваад 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 19/490 дүгээр албан бичгээр “...“” ХХК-ийн 2014 оны санхүүгийн тайлан, цалин тавьж олгосон баримтыг шалгахад Нийгмийн даатгалд 2014 оны 12 дугаар сард Л.Дгийн нэр дээр нөхөн тайлан гаргасан нь татварын албанд жилийн эцэст гаргасан санхүүгийн тайлангийн цалингийн дүнтэй тохирч байгаа нь тухайн үед хүлээн авсан нөхөн тайлан үндэслэлтэй байна. 1 дугаар улирлын санхүүгийн тайлан сар бүр тавьж олгосон цалингийн баримтаас үзэхэд нягтлан бодогч Л.Д нь цалингийн дүнг өөрийн эрх ашигт нийцүүлэн жилийн эцсийн байгууллагын санхүүгийн тайлан болон нийгмийн даатгалын тайланд нэмж тусгаж, байгууллагын тамга, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг зөрчсөн. Илэрсэн зөрчлийг “А*******” ХХК нь 2015 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланд залруулга хийснийг үндэслэн Л.Дгийн нийгмийн даатгалын мэдээлэлд залруулав...” хэмээн хариу өгсөн байна. 

“” ХХК-ийн дээрх үйлдэлтэй нь холбогдуулан хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Л. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 00******* дугаар шийтгэврийн хуудсаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж 250.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ. 

Нэхэмжлэгч Л.Д 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.У*******д “...Миний бие зээл авах үедээ “Ц” ХХК болон түүний охин компани болох “” ХХК нь 2015 оныг хүртэл нийт ажилтнуудын нийгмийн даатгалыг дутуу төлж байсныг мэдсэн. Иймд миний бие Л.Д нь 2010 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг бодит үндсэн цалингаар төлүүлэх хүсэлттэй байгаа тул шалгаж өгч тусална уу” гэж, Нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.З*******д 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хянан шалгагч н.Ц утастаж “хүсэлтийг нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын албанд шилжүүлсэн, хариуг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өгнө” гэсэн.... Л.Д миний бие Нийгмийн даатгалын ерөнхий газарт албан бичгээр хүсэлтээ гаргасан тул хүсэлтийн хариуг бичгээр өгөхийг хүсэж байна” гэж тус тус хандсан байна. 

Уг хүсэлтийн хариуг Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3/28 дугаар албан бичгээр “... “Ц” ХХК болон “” ХХК-ийн 2010-2015 оны 3 дугаар сар хүртэлх санхүүгийн баримт, нийгмийн даатгалын тайлан, захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, бусад холбогдох баримтыг үзэхэд таны өргөдөлдөө хавсаргаж өгсөн 2008 оны 9 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын лавлагаагаар гаргасан цалинтай таарч байгаа бөгөөд таны гаргасан хүсэлтүүд дээрх баримтын хүрээнд нотлогдохгүй байна” хэмээн өгчээ. 

Маргааны үйл баримт нь 2014 онд Л.Д “” ХХК-д ажиллаж байхдаа 1200.000 цалин авч байсныг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нөхөн тайлангаар тайлагнаж, шимтгэл төлснийг нийгмийн даатгалын улсын байцаагч хүлээн авч мэдээллийн санд өөрчлөлт оруулсныг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин буцааж 600.000 төгрөгийн цалингийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна.   

Нэхэмжлэгч Л.Д 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан гэх “” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 113 дугаартай ХААН банкинд хандсан тодорхойлолт, 1.200.000 төгрөгийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн “” ХХК-ийн тамга тэмдэг дарагдаж, захирлын гарын үсэг зурагдсан нийгмийн даатгалын 1092430 дугаартай дэвтэр зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 261 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллээс үзвэл “...Л.Д буюу регистрийн дугаартай даатгуулагчийн мэдээллийг 2015-2016 онд нийтдээ 3 удаа өөрчилсөн гэж мэдээллийн санд бүртгэгдсэн байна” гэжээ. 

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн “... ХХК-иас ирүүлсэн гомдлыг шалгахад компанийн баримт бичигт үндэслэсэн, Дтэй холбогдох боломжгүй байсан тул түүнээс ямар нэг тайлбар, баримт аваагүй”, гэрч Ж.Агийн “...Оны өмнө хэдэн хүн ипотекийн зээлэнд хамрагдах гээд тайлан болдог юм байна гээд эгч нь орж ирж байсан. Тэгтэл захирал ёс журмын дагуу учир өгөх зүйл байвал түүнийг өг гэсэн байдаг. Компанийн тамга тэмдэг захирал дээр байдаг” гэх тайлбарууд, хавтаст хэрэгт авагдсан “” ХХК-ийн 2014 онд гаргасан нөхөн тайлан зэргээс үзвэл  2015 оны “” ХХК-ийн өргөдлийн дагуу 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нөхөн оруулсан байсан 600.000 төгрөгийн цалингуудыг буцаан 0 болгож залруулсан үйлдэл нь хэт нэг талын баримтад үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр даатгуулагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан байна.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д “нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг ажил олгогч болон даатгуулагчаас үнэ төлбөргүй гаргуулах” гэж хариуцагчийн эрхийг зааж өгсөн бөгөөд нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг даатгуулагчаас гаргуулах эрхтэй байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна гэж үзэв. 

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “...даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ  хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суугаж, тухайн сард нь багтаан “нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус зааснаар даатгуулагч Л.Д, ажил олгогч “” ХХК аль аль нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бөгөөд ажил олгогч нь Л.Дгийн төлөх шимтгэлийг түүний цалингаас суутгах үүрэг хуулиар хүлээсэн тул шимтгэл төлөгч Л.Дгийн цалин, шимтгэл төлөлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа түүнээс ямар нэг тайлбар, баримт аваагүй нь түүний шимтгэл ногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар өгөх Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасан эрхийг нь зөрчсөн байна.    

Иймд хариуцагч “” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тайланг буцаан шийдвэрлүүлэхтэй холбоотой хяналт шалгалтыг явуулахдаа Л.Дг 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан үгүйг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оруулсан өөрчлөлт нь үндэслэлтэй эсэхийг “” ХХК болон Л.Д нараас тодруулсны үндсэн дээр 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн даатгуулагч Л.Дгийн цалингийн мэдээллийг өөрчлөх, хэвээр үлдээх эсэхийг   шийдвэрлэх шаардлагатай байх тул дахин шинэ акт гаргах хүртэл Л.Дгийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01 өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн мэдээлэлд залруулга хийсэн үйлдлийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2, 25 дугаар зүйлийн 1.7-д заасныг баримтлан Л.Дгийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01 өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн мэдээлэлд 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр залруулга хийсэн үйлдлийг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.А, улсын байцаагч Л., О.О нар дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн даатгуулагч Л.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн мэдээлэлд залруулга хийсэн үйлдэл хүчингүй болохыг мэдэгдсүгэй.    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.САЙХАНТУЯА