2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01659

 

 

 

 

 

 

2025 02 24 191/ШШ2025/01659

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух З******* овогт А******* Э******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байх А******* ******* ХХК-нд холбогдох,

Гэрээнээс татгалзаж 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* Э******* миний бие "А******* *******" ХХК-тай 2022.10.04-ний өдөр байгуулсан "Орон сууцны захиалан бариулах гэрээ" № дугаар гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Ю р" хотхоны А блокийн 9 давхарын 907 тоот 2 өрөө, 40.24 м.кв орон сууцыг захиалж гэрээний 3 дугаар зүйлийн 2.2.1-д заасны дагуу бартерт авто машин оролцуулж 18,000,000 төгрөгийг төлсөн, 2022 оны 10 сарын 04-ний өдөр 45,000,000 төгрөгийг хариуцагч "А******* *******" ХХК-ийн Г банк дахь тоот дансанд төлөлт хийж нийт 63,000,000 төгрөг төлж гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Орон сууцны захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт компани нь орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна гэж заасан. Уг хугацаанд ашиглалтанд орох учраас би итгэж гэрээ байгуулж хуучин орон сууцаа худалдсан, мөн хүүхдийн сургууль зэргийг төлөвлөсөн юм. Гэтэл "А******* *******" ХХК-ийн зүгээс гэрээнд заасан 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулах үүргээ биелүүлэхгүй, барилга одоогийн байдлаар В1 давхарын цутгалтын байдалтай байгаа учир энэ ондоо багтан орох эсэх нь эргэлзээ төрж байна. Миний бие "А******* *******" ХХК-ийг цаашид гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг ашиглалтанд оруулна гэсэн ямар ч итгэл төрөхгүй байна. Одоо амьдрах газаргүй болсон учир орон сууц ашиглалтанд орох хүртэл хүлээх ямар ч боломжгүй байдалтай байна. Иймд "А******* *******" ХХК болон иргэн А.Э******* нарын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалан бариулах № дугаар гэрээнээс захиалагч татгалзсаныг баталж гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр 63,000,000 төгрөгийг "№" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Э*******д олгуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Г банкны 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн төлбөрийн баримт, 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралтыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь

 

1. Нэхэмжлэгч А.Э******* нь хариуцагч А******* ******* ХХК-нд холбогдуулан гэрээнээс татгалзаж 63,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1.1. Шүүхээс хариуцагч А******* ******* ХХК-нд нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

1.2. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу гаргуулна гэж тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч А.Э******* нь 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ю р хотхоны А блок 1 дүгээр орцны 9 давхарт 907 тоот 40.24 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 5-10 дахь талд/

Тус гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга болон талууд уг гэрээг байгуулж байх тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох 40.24 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч шинээр барьж гүйцэтгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

3.1. Ажил гүйцэтгэгч тал буюу хариуцагч тус орон сууцны 1 м.кв-ыг 1,790,000 төгрөг, нийт 72,029,600 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцож захиалагч тал буюу нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсанаар гэрээний үнийг дүнгийн 18,000,000 төгрөгт нь T h, Hi s маркийн автомашин, 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 45,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 63,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрээний хавсралт, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 3 дахь талд/

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар хариуцагч тал уг орон сууцыг 2023 оны 4 дугаар улиралд багтаан гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болсон орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

Тус үүрэг нь мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулснаар тайлбарлагдах бөгөөд хариуцагч нь үүргээ гэрээгээр заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан боловч хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бодит шалгаан нөхцөл, хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан болохоо баримтаар нотлоогүй болно.

3.3. Иймд хариуцагчийг 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-нд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой тул нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулснаар хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан ажлын хөлс болох 63,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

4. Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч А******* ******* ХХК-аас 63,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Э*******д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А******* ******* ХХК-иас 63,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Э*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 472,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Э*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ