Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/137

 

 

 

 

    2024           01            24                                        2024/ДШМ/137

                          

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Я.О, Б.Т,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1408 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын А.Энхжаргалын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 81 дүгээр “дээд шатны прокурорын эсэргүүцэл”-ийг үндэслэн Г.Бд холбогдох эрүүгийн 2302005180271 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б, 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетинг борлуулалтын менежер мэргэжилтэй, “А.” ХХК-д маркетинг борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт .............. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../.

Г.Б нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол шилтгээн” амралтын газрын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан багтдаг цэвэр жин нь 14,2 грамм жинтэй делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tatrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 42-03 УАУ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй PS2987209 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэр, AF7168162 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэр зэргийг Монгол Улсын банкинд шилжүүлж, “42-03 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн урд шилэн дээр өвс мэт ургамал” гэж хаягласан зиплок гялгар уутанд улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл, тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, “Bon aqua” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон, хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээг нь хязгаарлаж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр шүүгдэгч Г.Бд оногдуулсан нэг жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1408 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад "Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай" гэж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Я.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Г.Б-н эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Прокурорын эсэргүүцэлд “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад "Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож өгнө үү” гэж бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, миний үйлчлүүлэгч Г.Б нь бүдүүн, шулуун гэдэсний мэс засалд ороод удаагүй байгаа. Үүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчийнхээ амбулаторийн картын /эмчлүүлэгсдийн дэвтэр/ эх хувийг шүүхэд шинээр гарган өгч байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнийн гаргасан тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд “Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар өөрчлөн, тогтоож өгнө үү” гэж байна. Хэрэв прокурорын эсэргүүцэлд дурдсанаар миний үйлчлүүлэгч Г.Б нь Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарвал үр дагавар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зөрчлийн шинжтэй болно. Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлээс гарахаар бол шийдвэр гүйцэтгэгчээс заавал зөвшөөрөл авдаг. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Г.Б нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг боловч тэрээр Хан-Уул дүүрэгт ажил, хөдөлмөр эрхэлж, Сүхбаатар дүүрэгт эмчилгээ, үйлчилгээнд хамрагддаг. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэлд дурдсанаар Г.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороогоор хязгаарлавал хэд, хэдэн дүүргийн харьяаллыг зөрчих асуудал үүснэ. Анхан шатны шүүх Г.Б-н эрүүл мэндийн байдал, бусад хувийн байдлуудыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг дүүрэг, хороогоор нь хязгаарлах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол шилтгээн” амралтын газрын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан цэвэр жин нь 14,2 грамм жинтэй делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tatrahydrocannabinol/ агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 42-03 УАУ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:

иргэний нэхэмжлэгч М.Б-ий: “...тухайн өдөр миний багийн найз Бат- Эрдэнэ надтай холбогдоод “найзаа надад машинаа түр өгч байгаач, би Playtime явчихаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд 17 цагийн үед манай ажлын гаднаас миний 42-03 УАУ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авсан. 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би тээврийн хэрэгслээ буцааж авсан. Б надад буцааж өгөхдөө “би playtime дээр явж байгаад машинд чинь мансууруулах бодис хадгалж байгаад цагдаа нарт баригдсан” гэж хэлж байсан...” /хх 35/,

гэрч Г.М-ийн: “...манай найз залууг Г гэдэг. Бид сүүлийн 1 жилийн хугацаанд үерхэж байгаа. Тэгээд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Г-ын найз Бтэй өдөр 19 цагийн үед уулзаж Playtime хөгжмийн наадам руу явсан. Тухайн үед Б нь найзынхаа машиныг унасан гээд саарал өнгийн Приус 20 машин унасан байсан. Би арын суудал дээр нүүрнийхээ будгийг арилгаад утсаа оролдоод сууж байхад Б жолоочийн суудал дээр, Гантулга жолоочийн хажуу талын суудал дээр суугаад улаан өнгийн төмөр савтай ногоон өнгийн өвс мэт зүйлийг харсан. ...Тэгээд Б, Г 2 машинд сууж байгаад уг өвснөөс сорж хэрэглэсэн. Яг яаж сорж хэрэглэснийг нь мэдэхгүй байна. .. Улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл тэр машин дотор байсан. Яг хэнийх нь гэдгийг би мэдэхгүй. Уг өвснөөс Б, Гантулга 2 хэрэглэсэн хэрэглүүр нь хураагдсан байх гэж бодож байна. ...” /хх 38-39/,

гэрч Г.Г-ын: “...Би 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орой 20 цагийн үед манай найз охин Мишээл, манай найз Г.Б бид 3 уулзаад Б-ий приус-20 маркийн машиныг Централ центрээс очиж аваад Б жолоодоод бид 3 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол шилтгээнд болж байгаа Play time хөгжмийн наадам руу явсан, орой 22 цагийн үед хотын төвөөс хөдлөөд шөнийн 02 цагийн үед Монгол шилтгээнд очоод билетээ үзүүлээд орох гэтэл хаалгаа хаасан гээд оруулаагүй, тэгэхээр нь бид 3 гэр хороолол дундуур орж сүм шиг барилгатай уулын орой хэсэгт гарч машинаа зогсоогоод гэрээсээ бэлдэж очсон хоолоо идсэн, бас пиво, ус уусан. Тэр үед Б улаан өнгийн төмөр савтай каннабис өвс гаргаж ирээд бид 2 хамт тус бүрдээ ууж байсан усны саваа бонгино боолгож /хажуу талыг нь цоолж хуйлсан мөнгөн дэвсгэрт хийх/ тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулж түүн дотроо ногоон өнгийн өвснөөсөө хийж доороос нь асаагуураар шатааж гарсан утааг нь амаараа сорж хэрэглэсэн. Манай найз охин Мишээл өвснөөс огт хэрэглээгүй." /хх 42-43/,

Г.Б-н яллагдагчаар өгсөн: “...2023 оны 7 сарын 06-ны өдөр би өөрийн найз болох Гантулга болон Гантулгын найз охин Мишээлийн хамт Playtime хөгжмийн наадам үзэхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монгол шилтгээн амралтын газар луу очсон. ...Тэгээд бид гурав Монгол шилтгээний ойролцоо тээврийн хэрэгсэл дотроо унтахаар болсон. Тухайн үед надад бага зэргийн өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис байсан бөгөөд энэ тухайгаа Г-ад хэлээд цуг хэрэглэх санал тавиад цуг хэрэглэсэн. ...2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ZU” шөнийн клубээр үйлчлүүлээд гадаа нь зогсож байхад газар ууттай юм байхаар нь сонирхоод үзтэл өвс байсан. Тэгээд би авчихсан юм...” /хх 92-93/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3115 дугаар “...Шинжилгээнд “Г.Б Ж  2023/07/07” гэж хаягласан шээс, “G.  2023.07.07” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Б ЖЮ97061310 2023/07/07” гэж хаягласан шээс, “G.  2023.07.07” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 45-47/,

шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3113 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн “42-03 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн урд шилэн дээр өвс мэт ургамал” гэж хаягласан зиплок гялгар уутанд улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл, тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, PS2987209 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэр, AF7168162 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Шинжилгээнд ирүүлсэн “42-03 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн урд шилэн дээр өвс мэт ургамал” гэж хаягласан зиплок гялгар уутанд улаан өнгийн төмөр савтай ургамал мэт зүйл, тугалган цаас, “Voyage” гэсэн бичиглэлтэй бор знгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, “Bon aqua" гэсэн бичиглэлтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ цоолсон хуванцар сав, PS2987209 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэр, AF7168162 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tatrahydrocannabinol/ илэрсэн Делта-9 тетрагидроканнабинолд /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн төмөр савтай жин нь 72,5 грамм, цэвэр жин нь 14,2 грамм болов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 51-53/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /хх 64-67/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 574 дүгээр дүгнэлт /хх 72-73/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Г.Б-н хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, хугацааг нь 1 жилээр тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ хууль бусаар олж авсан гэх шинжийг тусгаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1408 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан түүний зорчих эрхийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор өөрчлөлт оруулж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй бөгөөд уг эсэргүүцэлд дурьдсан “оршин суугаа газрын хорооны нутаг дэвсгэрээр тогтоох” шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1408 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

3 дахь заалтад “... шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, ...” гэснийг “... шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, ...” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН 

                                              ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ