Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 316/шш2025/00349

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 316/ШШ2025/00349

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: С******* С******* хүсэлттэй,

 

1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйд цэцэрлэгийн эрхлэгч, саальчин, тогоочоор ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч С.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* миний бие 1970 онд төрсөн, одоо насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон байна. 1988 оны 05-р сарын 01-нээс 1991 оны 08-р сарын 01-ныг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Сангийн аж ахуйд, цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, саалчингаар ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог нэр зөрүүтэй учир ажилласан ажил хүрэхгүй хохироход хүрээд байна. Иймд дээрхи хугацаанд хамт ажиллаж байсан П.М*******, А.А******* нарын гэрчийн мэдүүлэг, аймгийн архивын лавлагаа, нотлох баримтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйд ажиллаж байсан 1988 оны 05-р сарын 01-нээс 1991 оны 08-р сарын 01-ныг өдөр хүртлэх хугацаанд ажиллаж байсан ажилласан жил 3 жил 3 сарын хугацаа, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох ажилласан жилийг тогтоож өгнө үү. Миний 1988-1991 оны хооронд ажлаас орсон гарсан тушаал зөрчилтэй байгаа. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс байхгүй тул асуудлаа шийдвэрлүүлэх гэж хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1988-1991 гэж байгаа мөртлөө гарсан тушаал нь бичигдээгүй. Овгийн зөрүүгээ арилгуулах гээд шүүхэд хандсан 2024 оны 11 дүгээр сард шүүхээр орсон. Ажиллаж байсан жилийн 3 жилийг хөдөлмөрийн дэвтэр дээр овог зөрүүтэй тэгээд болох байх гэтэл орсон гарсан тушаал бичигдээгүй байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С******* нь 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйд цэцэрлэгийн эрхлэгч, саальчин, тогоочоор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч С.С******* нь 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйд цэцэрлэгийн эрхлэгч, саальчин, тогоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн 339481 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 1988.05.01. САА-н бод бригадын цэцэрлэгт эрхлэгчээр томилон ажиллуулав гэсэн бичвэр, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйн даргын 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаартай Ажилд томилох тухай тушаалын ...Т.С*******г 5-р сарын 1-нээс бод бригадын цэцэрлэгчээр эрхлэгчээр...томилон ажиллуулсугай гэсэн бичвэр, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 304 дугаартай Бэлэг өгөх тухай тушаалын ...С*******-саальчин гэсэн бичвэр, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаартай Цалинтай нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалын ...Т.С******* саальчин гэсэн бичвэр, 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай Ажилд томилох тухай тушаалын ...Т.С*******г 7 сарын 1 нээс тогоочоор...томилон ажиллуулсугай гэсэн бичвэр, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаартай Тэтгэмжтэй нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалын тогооч С.С*******д 1991.9.16-наас 12-р сарын 16 хүртэл... гэсэн бичвэр, энэ талаар нотолж мэдүүлсэн гэрч А.А*******, П.М******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 148/ШШ2024/00549 дугаартай шүүхийн шийдвэрээр , Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйн 1989 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид олгосон 339481 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь С******* С******* мөн болохыг тогтоожээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч С.С*******г 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйд цэцэрлэгийн эрхлэгч, саальчин, тогоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С******* С******* /РД:**********/ нь 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын сангийн аж ахуйд цэцэрлэгийн эрхлэгч, саальчин, тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН

 

 

 

 

 

  2. 

 

 

            3.

 

  

ДАРГАЛАГЧ                                 Б.БАЯРСАЙХАН