Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, 

улсын яллагч П.Нямцэцэг

шүүгдэгч М.У /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Мянганбаярын Ууганбаярт холбогдох эрүүгийн 1711000720020 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн М У, 1986 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, хүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 45 дугаар гудамж 3-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.У нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-555 тоотод оршин суух П.Нэрнэмэхийн гэрт нэвтрэн орж эл жи маркийн 40 инчийн зурагт, нокиа маркийн гар утас хулгайлсан,

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-282 тоотод оршин суух Ч.Отгонбаатарын гэрт архи ууж байхдаа гэрээс нь эйч кэй си загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч П.Нэрнэмэх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хүү удахгүй гэртээ ирэх байсан болохоор хаалгаа цоожлоод үүдний амбаарт түлхүүрээ үлдээгээд явахыг Ууганбаяр харж байсан. Ууганбаяртай хамт Тэди төв рүү явж байхад Ууганбаяр зурагт худалдааны төвийн үүдэнд буучихъя гэхээр нь буулгатал та нар хэр удах юм бэ гэхээр нь би удаж магадгүй гэж хэлсэн чинь за за гээд үлдсэн. Тэди худалдааны төв орж утсаа солиулчхаад, Дэнжийн 1000 худалдааны төв орж, хоол ундны зүйл худалдаж авчхаад гэртээ очтол гадна талын хаалга цоожтой байсан ба түлхүүрээ нуусан газраасаа аваад цоожоо онгойлгоод гэр рүүгээ ортол манай 42 инчийн эл жи маркийн телевизор, 2 ширхэг нокиа гар утас, гадаа угаагаад тавьчихсан байсан бэлтгэлийн 2 цамц байхгүй байсан. Бид нар гэрээсээ гарахаас өмнө хувцсаа угаагаад, шалаа угаагаад гарсан байсан бөгөөд эргээд гэртээ ирэхэд шалан дээр гутлын мөр гарсан байсныг харахад Алтансэлэмийн Ууганбаярт өгсөн шар өнгийн арьсан гутлын мөр яг мөн байсан. Цагдаа дуудан ойр хавийн хүмүүст хэлэхэд манай дээд  талын шар дэлгүүрийн ах энэ хойд талын цагаан дэлгүүрт нэг хүн зурагт зарсан гэсэн гэхээр нь тэр өвөөг дагуулаад цагаан дэлгүүр дээр очиход худалдагч эмэгтэй нь зурагт барьчихсан сэжигтэй хүн орж ирээд тэр хавьд явж байсан машинтай хүнд зарчихсан. Би машиных нь дугаарыг тэмдэглээд авчихсан гээд бид нар дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд Ууганбаяр уг дэлгүүрт манай зурагтыг бэлтгэлийн 2 цамцаар маань ороогоод хүн дагуулаад орж ирж байгаа харагдаж байсан...” гэжээ /хх-40-41/. 

              Хохирогч Ч.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ууганбаяртай тааралдаад хамт дэлгүүр ороод 0.2 литрийн хараа архи аваад манай гэрт уучхаад Ууганбаяр удалгүй явсан. Тэгтэл манай том өрөөнд байсан зурагт алга болчихсон байсан Ууганбаяр бид хоёр гал тогооны өрөөнд сууж байсан. Ууганбаяр өөрөө авсан архиа уусан, би архинаас уугаагүй. Надтай хамт сууж байгаад гарахдаа Ууганбаяр ямар ч байсан гар хоосон гарсан. Манай гэрт өмнө нь ороод зурагт хулгайлчхаад надтай дараа нь дэлгүүр тааралдсан юм шиг байгаа юм...” гэжээ /хх-38/.  

              Гэрч Ш.Загарзолом мэдүүлэхдээ: “...Хашааны цас цэвэрлэж байхад урд талын хаалгаар Ууганбаяр согтуу орж ирэхээр нь би уурлаад чи хаагуур яваад байгаа юм гээд хэрэлдээд байж байтал цагдаагийн алаг тэрэг хажуу талын айлд ирээд зогссон. Цагдаагийн машин харчхаад эргээд хартал Ууганбаяр алга болчихсон байхаар нь хартал байшингийн араар ороод тамхи татаад зогсож байсан. Яг тэр үед ар талын хаалгаар хөрш айлын залуу Отгонбаатар 2 цагдаа дагуулаад ороод ирсэн. Отгонбаатар Ууганбаярыг наад залуу чинь надтай хамт архи ууж байгаад манай зурагтыг аваад явчихлаа гээд 2 цагдаад хандаж хэлсэн. Уг 2 цагдаа Ууганбаярыг машиндаа суулгаад аваад явсан. 17 цаг 50 минутын үед манай эмэгтэй дүү граш дотор юм түжигнээд байсан шүү дээ гэхээр нь грашаа шалгаад үзтэл зурагт байхаар нь нөгөө алдсан зурагт нь мөн байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм...” гэжээ /хх-44-45/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58-59/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17, 24-26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/, эд зүйлийн үнэлгээ (LG маркийн 42 инчийн зурагт) /хх-61/, НКС маркийн 32 инчийн зурагт /хх-75/ зэргийг шинжлэн судлалаа.

              Шүүгдэгч М.У нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-555 тоотод оршин суух П.Нэрнэмэхийн гэрт нэвтрэн орж эл жи маркийн 40 инчийн зурагт, нокиа маркийн гар утас хулгайлсан,

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-14-282 тоотод оршин суух Ч.Отгонбаатарын гэрт нэвтрэн орж эйч кэй си загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

              Харин прокуророос шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “…энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно…” гэсэн байх тул шүүгдэгч М.Уын үйлдсэн хэд хэдэн хулгайн гэмт хэргийн хөнгөнийг хүндэд нь багтааж, хүнд зүйлд хэсгээр нь зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд түүнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Отгонбаатар, П.Нэрнэмэх нар нь хохиролгүй болсон, гомдол, саналгүй гэсэн болно.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овгийн М У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч М.Ут оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Уын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Шүүгдэгч М.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН