Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

 

 

 

   2024           01            04                                        2024/ДШМ/42

 

П.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

хохирогч С.Кгийн өмгөөлөгч М.О,

шүүгдэгч П.Аын өмгөөлөгч А.О,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч А.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Ад холбогдох эрүүгийн 2306030372776 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А, 1998 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “.....” ХХК-д хүний нөөц ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../.

П.А нь БНХАУ-аас хямд үнээр бараа захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 24.873.463 төгрөгийг Хаан банкны 5041401736 тоот дансанд хохирогч С.Кгээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ааас 24.873.463 төгрөг гаргуулж, хохирогч С.Кд олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байх хугацаандаа өөрийн гэм бурууг ойлгон ухаарч гэм буруу дээрээ мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд маргаагүй бөгөөд хийсэн үйлдэлдээ туйлын ихээр харамсаж байна. Би С.Кд 24.873.463 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд одоогийн  байдлаар 10.000.000 төгрөгийг дансаар шиилжүүлсэн, үлдэгдэл 14.873.463 төгрөгийг 10 сарын хугацаатай, сар болгон 1.500.000 төгрөг хийж байхаар хохирогч С.Ктэй тохиролцоод байгааг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Аын өмгөөлөгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... П.А нь БНХАУ-аас хямд үнээр бараа захиалж өгнө гэж хуурч зохиомол байдлыг бий болгон бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Шүүгдэгч П.А өмнө нь хохирогч С.Кд хэд хэдэн удаа амжилттай бараа нийлүүлж хамтран ажиллаж байсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.А нь гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон. П.А нь хохирогчид учирсан 24.873.463 ттөгрөгийн хохирлоос 10.000.000 төгрөгийг хохирогчид өгч, хохирлыг нөхөн төлж эхэлсэн ба үлдэгдэл хохирлыг сард 1.500.000 төгрөгийг хохирогчид хэсэгчлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Шүүгдэгч хувийн  байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруу зүйлчлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр 3 настай хүүхдийн хамт амьдардаг, одоо эхнэр нь 8 сартай жирэмсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа шүүгдэгч болно. Нөгөөтэйгүүр шүүгдэгч П.Ад холбогдох  хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлын зарим хэсгийг хохирогчид төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Хохирогч С.Кгийн өмгөөлөгч М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч С.Кгийн эзэмшлийн данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг шүүгдэгч П.А нь хохирогчтой харилцан тохиролцож төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн хувьд шүүгдэгчид хорих ял эдлүүлэх санаа анхнаасаа байгаагүй. Харин хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулахыг хүсэж байгаа. Иймд шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу төлбөр төлөхөө илэрхийлсэн баримтыг нь үүрэг хүлээлгэх хэлбэрээр албадлагын арга хэмжээтэй хослуулан хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Чанцалдулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тооцох санал гаргаж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Ад хорих ял оногдуулсан учраас үүнтэй холбогдуулан прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

П.А нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хямд үнээр бараа захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 24.873.463 төгрөгийг Хаан банкны 5041401736 тоот дансанд хохирогч С.Кгээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч С.Кгийн: “... Би БНХАУ-аас хүүхдийн тоглоом, аяны хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг захиалан, Монгол Улс дахь тээврийн компани болох “Хос жинчин экспресс” ХХК-иар дамжуулан бараагаа хүлээн авдаг харилцаатай байсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сард “Хос жинчин” ХХК-ийн байрладаг ажлын байранд буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн зүүн талд оффис түрээслэн, ажиллаж байх хугацаандаа тус компанийн тээвэр хариуцсан ажилтан гэх П.Аын саналын дагуу түүнд барааны захиалга өгч эхэлсэн. Би Аыг нь “....” ХХК-ийн ажилтан гэх утгаар нь зүс мэддэг мөн урьд нь түүгээр дамжуулан компаниас нь хэд хэдэн удаа бараа амжилттай захиалан хүлээн авч байсан тул 2022 оны 11 дүгээр сарын 13-ны үеэс эхлэн фейсбүүк чатаар түүнд захиалга өгч, мөнгө шилжүүлэх болсон. Учир нь тэрээр компанийн нэрээр захиалга хийхээр ачааны төлбөр өндөр төлөгдөнө, надад итгээд захиалгаа өгчих, каргоны төлбөр авахгүй, хэн хэнийхээ амьдралд нэмэртэй гэх мэт санал гаргасны дагуу түүнд итгэн нийт 12 удаагийн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 13­-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд 24.873.463 төгрөгийг шилжүүлсэн. П.А нь “Хос жинчин экспресс” ХХК-ийн ажилтан. Бид нэг барилгад оффис түрээслэн ажилладаг. Өмнө нь ачаа тээврийн хувьд асуудалгүй байсан зэрэг урьдын харилцааг үндэслэн итгэл олж аваад, улмаар хямд нөхцөлөөр бараа, бүтээгдэхүүн захиалж өгнө гэх хуурамч амлалт өгч, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрийн идэвхтэй үйлдлээр өнөөдөр л захиалахгүй бол болохгүй, хөдөө явахаасаа өмнө хямдруулаад захиалаад өгье, тээврийг маш сайн багасгаж өгье, өнөөдөр хурдхан захиалаад өгье, ямар ч асуудалгүй, чиний өмнөөс би мөнгө төлж захиалга хийсэн надад итгэж болно гэх мэтээр фейсбүүкээр чатууд бичиж залилан, намайг одоогоор 24.873.463 төгрөгөөр хохироогоод байна. Дээрх үйлдлүүд нь анхнаасаа бараа захиалж өгөх санаа зорилго байгаагүй болохыг илтгэж байхаас гадна хямд нөхцөлөөр бараа захиалж өгнө гэж худал амлалт өгч надаас хорь гаруй сая төгрөг авсан.” /хх 102-103/,

гэрч Б.Ш-ын: “... Би 1xBet сайтын агентаар ажиллахдаа хэрэглэгч нарын хэтэвчийг цэнэглэхдээ өөрийнхөө дансанд аваад тэгээд гүйлгээний утга дээр бичигдсэн байгаа дахин давтагдашгүй ID дугаарыг нь хараад ямар хэрэглэгч байгааг мэдээд цэнэглэлт хийдэг. Дээрх данс болон дугаарыг би яг тодорхой мэдэхгүй байна. Учир нь олон үйлчлүүлэгч нар байдаг бөгөөд өөрийнхөө дахин давтагдашгүй 9 оронтой ID дугаарыг утга хэсэгтээ бичиж гүйлгээ хийгээд, мөн 1xBet хэтэвчээр бидэнд хүсэлт илгээсэн тохиолдолд би тэрийг нь харж хүсэлтийн дагуу мөнгөн дүн болон ID дугаар нь таарч байвал би түүнийг нь өөрсдийн систем дээрээс харж байгаад цэнэглэлтийг нь хийж өгдөг. Удаа дараагийн ийм утгатай гүйлгээ хийгдэж байгаа бол манайхаар цэнэглэлт хийлгэж байсан гэсэн үг. Надад ойролцоогоор 1 өдөрт давтагдсан хэрэглэгчийн тоогоор 300 удаагийн гүйлгээ цэнэглэлт хийгддэг. Энэ дунд байнга үйлчилгээ авдаг хүмүүс байдаг. Тийм учраас хэрэглэгч нарыгаа мэддэг болох боломжгүй байдаг бөгөөд шаардлагатай бол мэдээллийг системээр харж болдог." /хх 117-118/,

шүүгдэгч П.Аын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед 11-11 гээд БНХАУ-ын хямдрал тохиолдож байсан бөгөөд тэрийг нь тохиолдуулаад бараа захиалж өгөөд өөртөө ашиг гаргах гэж байсан. Тэгсэн чинь нэг мөнгөө 1XBet сайтад алдчихаад нөхөх гэсэн ч удахгүй явсаар байгаад Кгээс их хэмжээний мөнгө аваад алдчихсан байсан. Би өөрийнхөө гаргасан үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Өөрийнхөө учруулсан хохирлыг нөхөн барагдуулна. ..." /хх 128/ гэсэн мэдүүлгүүд,

хаан банкны 5107042842 дугаартай хохирогч С.Кгийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хх 50-66/,

дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-35/,

хаан банкны 5041401736 дугаартай П.Аын дансны хуулга /хх 68-86/,

“Хос Жинчин” ХХК-иас 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А016 дугаартай албан бичиг /хх 112/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч П.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч А.О нараас “... шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.”,

7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тус тус заасан байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Аын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоос 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн өмгөөлөгчийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус журамлан шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгаж, хохирлоо төлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч А.О нарын гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1403 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад: “Шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгаж, хохирлоо төлөх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн өөрчлөлт тус тус оруулсугай.

2. Шүүгдэгч П.А нь хохирогч С.Кд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад 10.000.000 төгрөг төлсөн болохыг болон П.А нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Аыг нэн даруй сулласугай.

  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ   

                                               ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ