| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/04229/И |
| Дугаар | 192/ШШ2025/03003 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/03003
2025 04 16 192/ШШ2025/03003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Э.С /РД:*/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт байрлах, К ХХК /РД:*/-д холбогдох,
Барьцаа 15 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.С нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр К ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан * тоотод байрлах лоунж, караокег түрээслэн ажиллуулсан ба 3 жилийн гэрээ хийж нийт 23 сар тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байсан. Тухайн хугацаанд түрээслэгч компани солигдоогүй ч түрээсийн мөнгө авдаг хүн 2 удаа өөрчлөгдсөн. Ах дүү хоёрын компани бөгөөд бид түрээсийн төлбөрөө ямар ч үлдэгдэлгүй төлж, компанид ямар нэгэн хохирол учруул байгаагүй болно. Аман хэлцлээр сардаа багтааж өгч болно. Хүн үйлчлүүлэгчээс, орлогоос шалтгаалж 6, 7 сард 500 000 төгрөг хөнгөлөхөөр тохиролцсон болно. Мөн орлого маш муутай ч бид аргалж, зээл авч ямартай ч 1 жил болж байж барьцаа мөнгө авах гэж гэрээнд заасан болохоор чадахаараа явсаар хангалттай 23 сар ажилласан болно. Гэрээнд заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэнэ гэсний дагуу 2024 оны 05 сарын 01-ний өдөр гарах болсноо утсаар /*/ дугаарт мэдэгдсэн болно. /Бас давхар чатаар/. Тэгэхэд уриалгахан хүлээн авч за тэгвэл бид хүн олоод /дараагийн/ гаръя, юм хумаа хүлээлцье гээд 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээлцсэн болно. Тэгэхдээ бүх юмаа бүртгэж авсан ба гарын үсэг зурж өгөөгүй асуудал ч бараг байгаагүй. Харин ч бид дахин сайжруулалт хийсэн дрож, дээд караокены өрөөний бас 00-ын 4 хаалга гэх мэтээ гэрээнд заасны дагуу ямар ч хэл үггүй үлдээгээд л гарсан. Гэвч одоог хүртэл барьцаа төлбөр болох 15 000 000 төгрөгийг өгөхгүй хэмээн 1, 1 рүүгээ бухаж хамаг эд хогшил, тоног төхөөрөмжөө авчхаад ийм увайгүй зан гаргаж байна. Мөн өмнө байсан түрээслэгчид ч байнга орж ирж барьцаа мөнгө өгдөггүй хогийн хүмүүс шүү гэж 2 түрээслэгчид хэлж байсан. Гэхдээ бидний хувьд бас ч гэж зөндөө удсан энэ газарт маш их юм хийсэн арай үгүй байлгүй дээ гэтэл жижиг бизнес эрхлэгч биднийг ингэж хохироож байна. Иймд түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.С-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч доорх тайлбарыг хүргүүлж байна. Э.С нь манай К ХХК-н үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх хөрөнгийг түрээслэх зарын дагуу 2022 оны 06 дугаар сард ажлын байран дээр ирж уулзаж танилцаад удаан хугацаагаар түрээслэх санал тавьж түрээсийн гэрээ байгуулахаар болсон. Ингээд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хуулийг мөрдлөг болгон 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ТГ\22\18 дугаартай Үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг 2025 оны 06 сарын 02 хүртэл хугацаагаар бичгээр байгуулсан. Тус өдрөө буюу 2022-06-03-ны өдөр № А\22\18 дугаартай К ХХК-ийн барилгын 1 давхрын Караоке баарны тоноглол, эд материал бүрэн хариуцуулахаар хүлээлцсэн акт үйлдэж нийт 153 эд зүйл материалыг Э.С-д хүлээлгэж өгсөн. Бидний хооронд хийгдсэн гэрээ болон хавсралтад дээрх эд материалыг дутаасан эвдэлсэн алдсан тохиолдолд түрээслэгч өөрийн хөрөнгөөр засах болон шинээр адил болон ижил чанартайг авах ба бусад тохиолдолд дээрх нэгж үнийн дүнгээр түрээслүүлэгч талд төлбөрийг төлж барагдуулна гэж маш тодорхой заасан ба үүнтэй Э.С гэрээ байгуулагдахаас өмнө танилцаж хүлээн зөвшөөрсөн учир гэрээ байгуулагдаж 2 тал гарын үсэг зурж гэрээ баталгаажсан юм. Гэтэл Э.С гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл актаар хүлээж авсан эд хөрөнгийг маань хүлээлгэж өгөөгүй компанид хохирол учруулсан байж шүүхэд худал хэлж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Түрээсийн гэрээний 4-р зүйл 4.1.11-д Түрээслэгч нь гэрээний үндсэн хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах санал тавьсан тохиолдолд 30 хоногийн өмнө албан ёсоор бичгээр мэдэгдэх ба гэрээний үндсэн хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах тохиолдолд барьцаа төлбөрийг түрээслэгч буцаан авах эрхгүй болох ба түрээсийн байрыг чөлөөлж хүлээлгэн өгөх хүртэл түрээсийг бүрэн төлөх үүрэгтэй гэж заасныг Э.С мэдсээр байж зөрчсөн. Үүнийгээ ч мөн нэхэмжлэлдээ... гарах болсноо утсаар 99119930 дугаарт мэдэгдсэн гэж. Мөн нэхэмжлэгч Э.С 2022 оны 06 сарын 03-ны өдрийн дугаар ТГ\22\18 гэрээний 4 дүгээр зүйл 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.10, 5 дугаар зүйл 5.2, 5.3, 5.4 зүйлийг зөрчсөн буруутай. Бидний зүгээс С-д зарим нэг гэрээний үүргийн зөрчилд нь анхааруулга өгч тогтвортой ажиллахад нь дэмжлэг үзүүлж ирсэн. Э.С нь Гэрээний 4.1.10 заалтыг удаа дараа зөрчиж ажлын байрыг гуравдагч этгээдэд түрээсэлж ашиг олж байсан зөрчил гаргасан. Үүнийг нотлох, нотлох баримт байгаа ба гэрч дуудуулах боломжтой. Мөн гэрээний 5 дугаар зүйл 5.2 түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 1-нд бүтнээр нь төлж байна, 5.3 Түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх ба хугацаа алдсан хоног тутам 0.5% алданги төлнө. /ИХ-н 232.3, 232.6/ Э.С нь түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж байгаагүй, гэрээний үүргээ байнга зөрчиж ямар нэг шалтаг шалтгаан хэлж өөрийгөө зөвтгөх гэж оролддог ба бусдыг буруутгах хандлагатай хүн юм. Э.С нэхэмжлэлдээ манай компанийг эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авчхаад барьцаа төлбөрийг буцаан өгөхгүй байгаа мэтээр илт гүтгэж худал мэдээллээр компанийн нэр хүндэд халдсан байна. Иймд манай зүгээс хуулийн дагуу үнэн зөв шударга шийдвэр гаргахын төлөө шаардлагатай нотлох баримтыг аудио видео хэлбэрээр гаргаж өгч байгаа болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.06.03-ны өдрийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ, хавсралт, К ХХК-ийн 2023.11.01-ний өдрийн 23/17 дугаар мэдэгдэл, дансны хуулга эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлийг шүүхэд өгсөн. Шүүх хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 15 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ТГ/22/18 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээ цуцлагдаж, түрээсийн зүйлийг, дагалдах эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгсөн боловч барьцаа 15 000 000 төгрөгийг буцаан олгохгүй байна..” гэж тодорхойлов.
3. Хариуцагч нь гэрээ цуцлагдсан талаар маргаагүй. Харин түрээслэгч буюу нэхэмжлэгчийн санаачилгаа гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тул гэрээнд заасны дагуу барьцаа төлбөрийг буцаах үндэслэлгүй. Гэрээний зүйлийг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.
4. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ТГ/22/18 дугаартай, үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч К ХХК нь өөрийн байранд караоке баар зориулалтаар 1 давхрын 102 тоот үйлчилгээний талбайг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, түрээслэгч Э.С-ын эзэмшил ашиглалтад шилжүүлэх, Э.С нь сар бүр түрээсийн төлбөр 7 000 000 төгрөгийг Б-ын Хаан банк дахь * тоот дансанд төлөхөөр тус тус тохирсон байна.
5. Дээрх гэрээний зүйл нь хариуцагч К ХХК-ийн байрны тусгаарлагдсан хэсэг буюу 1 давхрын 102 тоот талбайг нэхэмжлэгч Э.С нь аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээсэлсэн нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарна.
6. Түрээсийн гэрээний зүйл нь бие даасан эд хөрөнгө биш, харин К ХХК-ийн байрны тусгаарлагдсан хэсэг тул талуудын хооронд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
7. Өөрөөр хэлбэл гэрээг талууд бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 318 дугаар зүйлийн 318.1-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.
8. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
9. Зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар түрээслэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл эзэмшиж, ашигласан. Ашигласан хугацааны төлбөрийг төлсөн болох нь тогтоогдоно. Зохигчид энэ талаар маргаагүй.
10. Харин гэрээ цуцлагдах үндэслэл, дэнчин 15 000 000 төгрөгийг төлөх эсэх нь маргааны зүйл болсон.
11. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т “түрээсийн гэрээ хийхэд түрээслэгч барьцаа төлбөр түрээслүүлэгч талд үлдээж, гэрээ дуусгавар болмогц төлбөрийн тооцоогүй, ямар нэгэн эвдрэл гэмтэл зөрчилгүй тохиолдолд барьцаа мөнгөө буцаан авах ба эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд барьцаа төлбөрөөс суутган үлдсэн төлбөрийг буцаан олгон. Барьцаа төлбөр 15 000 000 төгрөг байна.” гэж, 4.1.11-т “түрээслэгч нь гэрээний үндсэн хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцлах санал тавьсан тохиолдолд 30 хоногийн өмнө албан ёсоор бичгээр мэдэгдэх ба гэрээний үндсэн хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах тохиолдолд барьцаа төлбөрийг түрээслэгч буцаан авах эрхгүй болох ба түрээсийн байрыг чөлөөлж хүлээлгэн өгөх хүртэл түрээсийг бүрэн төлөх үүрэгтэй.” гэж тус тус тохирсон байна.
12. Хэрэгт авагдсан хариуцагч К ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/17 тоот мэдэгдэл гэх баримт, үзлэгийн тэмдэглэлээр түрээслүүлэгч буюу хариуцагч К ХХК-ийн гэрээ цуцлах саналыг түрээслэгч Э.С хүлээн авч түрээсийн талбай, эд зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсон болох нь тогтоогдож байна.
13. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид “...түрээсийн гэрээний 5.5 заалт болон тохиролцооны үндсэн дээр гэрээг 2024.01.01-ний өдөр цуцлах болсон тул 2023.11.01-ний өдөр урьдчилан мэдэгдэж байна...” гэжээ. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хөндлөнгийн хоёр гэрч оролцуулан гэрээ дуусгавар болгож, гэрээ дүгнээд хүлээлцсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
14. Дээрх баримтаар хариуцагчийн “...түрээслэгч буюу нэхэмжлэгчийн санаачилгаа гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тул гэрээнд заасны дагуу барьцаа төлбөрийг буцаах үндэслэлгүй. Гэрээний зүйлийг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй...” гэх татгалзал няцаагдаж байна.
15. Нэхэмжлэгчээс хариуцагчид барьцаа гэх агуулгаар төлсөн 15 000 000 төгрөг нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т заасан дэнчин байх бөгөөд гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал дэнчинг буцаан өгнө гэж зааснаар хариуцагч К ХХК нь 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.С-д буцаан өгөх үүрэгтэй.
16. Иймд нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 233 дугаар зүйлийн 233.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч К ХХК-аас 15 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ