| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0197/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Л.Мажигсүрэн,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч: Д.Төрбат /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Т холбогдох эрүүгийн 1809006680115 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Д.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100-Айл барилгын материалын дэлгүүрт ажлын байран дээрээ бусадтай архидан согтсон байх үедээ эхнэр Б.А хардалтын улмаас уурлаж сандлаар толгойн тус газарт нь 1 удаа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар ямар нэг маргах зүйлгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А /хх-ийн 12-13/, Д.Т гэрчээр өгсөн /хх-ийн 14-15/ мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1997 дугаар дүгнэлт /хх-ийн 16-17/, шүүгдэгч Д.Т-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100-Айл барилгын материалын дэлгүүрт ажлын байран дээрээ бусадтай архидан согтсон байх үедээ эхнэр Б.А-г хардалтын улмаас уурлаж сандлаар толгойн тус газарт нь 1 удаа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед 100 айл дахь барилгын материалын дэлгүүрт манай ажлын Маанга болон Мангаагийн нөхөр Зулаа, Түмээгийн нөхөр, манай нөхөр Төрбат нарын хамт бид Орос нэрийн 1 литрийн архи хувааж уугаад сууж байсан юм. Бид хэдийн дундаас нэг нь “караоке оръё” гэж хэлсэн. Нөгөө хэд “тэгье” гээд эмэгтэйчүүд нь “нойл оръё” гэж хэлж байсан. Тэгээд босоод нойл орох гээд явахад манай нөхөр, Маангаагийн нөхөр бид гурав үлдсэн байсан. Гэнэт миний толгой руу сандал шидсэн юм. Тэгээд миний толгой өвдөөд ухаан орж гараад байсан. Хүмүүс юу болоод байна гээд бөөн юм болоод байсан. Төрбат миний толгойн тус газар луу сандал шидсэн байна лээ. Тухайн үед би Маангаагийн нөхөртэй юм яриад сууж байсан юм. Түүнээс болоод хардаад сандалаар цохисон байх гэж бодож байна. Нөхрөөсөө би “яагаад намайг сандалаар цохисон юм бэ” гэж асуусан чинь “Маангаагийн нөхөртэй хардсан юм” гэж хэлсэн. Миний дух хэсэг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг: “...Эхнэр А бид хоёр 5 жилийн өмнөөс 100 айлд барилгын материалд дэлгүүр ажиллуулж байна. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тэр хавиар ажилладаг 5-6 танилууд маань орж ирээд тэд нартай нийлээд эхнэр Ариунаа бид хоёр хамт 2 шил 1 литрийн архи хувааж уусан. Тэр архинаас эхнэр бид хоёр тааруулаад л ууцгаасан. Тэр явдал орой 18 цагийн үед болсон. Ингээд архи ууцгааж байгаад би эхнэр А хүнтэй хардаад маргалдсан. Тэгээд сууж байсан сандалаа аваад шидчихсэн чинь А-ийн толгойн тус газар оночихсон. Тэгтэл эхлээд толгой хэсэгт нь хавдчихсан байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1997 дугаар дүгнэлт: “...Б.А-ийн биед тархины доргилт, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд хардлага, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Т/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Д.Т торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Д.Т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, өөрийнх нь санал, хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг 07 /долоо/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Ариунаа нь “...өөрийн нөхөр Д.Т эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 51/ гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Төрбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 7 /долоо/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР