Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/80

 

О.У, Б.Б, Б.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч Б.Б, Б.П нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/780 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.У, Б.Б, Б.П нарт холбогдох 2305 00000 0332 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн П, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/659 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлсэн;

2. Б овгийн Б-ийн Б, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

3. О овгийн О-ийн У, 20... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээр хохирогч Э.Дын өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, ЛЖ-В30 загварын гар утсыг илээр, хууль бусаар дээрэмдэн авч, 240.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогчийн утсаар түүний кибер орчинд хууль бусаар халдаж, Хаан банкны 5190268474 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчлөн 625.000 төгрөгийг иргэн Х.Шижирбаатарын дансаар шилжүүлэн авч хулгайлсан,

Б.Б нь О.Утай бүлэглэж 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний зам дээр насанд хүрээгүй хохирогч Э.Дын биед шалтгаангүй халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б нь О.Утай бүлэглэж 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг дээрэмдэж авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж “ална хутгаа гаргаад ир” гэж айлган сүрдүүлж, “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэн авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогчийн гар утсыг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, Хаан банкны 5190268474 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

Б.Б нь Б.Птай бүлэглэж 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогчийн Хаан банкны 5190268474 дугаартай харилцах данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 18.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 болон 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 болон 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 болон 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 болон 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэмт хэргийг,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Б овогт Б-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            шүүгдэгч О овогт О-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

            шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.П нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.У нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаас,

шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 218 хоногийг, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 218 хоногийг, шүүгдэгч О.Уын цагдан хоригдсон 106 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Б.Пт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.П, О.У нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад өөрийн холбогдсон хэргийн үйл баримт болон болсон процессын талаар үнэн зөв байдлыг илэрхийлж, мөрдөн шалгах үйл ажиллагаанд огтхон ч саад учруулаагүй болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэгт оролцсон оролцоо, ар гэрийн хүндхэн нөхцөл байдал бүрийг минь нэг бүрчлэн шинжлэн надад оногдуулсан хорих ялыг уян хатан байдлаар тооцон өгөхийг хичээнгүйлэн хүсч байгааг минь хүлээн авна уу. Ар гэрийн байдлын хувьд өрх толгойлсон ээж болон таван дүүгийн хамт амьдардаг. Дөрвөн дүү минь ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй бага балчир насандаа байгаа. Мөн ээж маань эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй учир оюутан дүү маань сургууль соёлын улмаас мөн ажил хийх боломжгүй учир ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээж явдаг айлын том хүү болохоор ар гэртээ маш их санаа зовж байна. Би цаашид хуулийг чандлан мөрдөж өөртөө бий болгон төлөвшүүлж, гэр бүлийнхээ төлөө ажиллан хөдөлмөрлөж, хүний амьдралаар сайн сайхны төлөө амьдарч оюун ухаанаа харамгүй зориулж явахаа амлалт болгон энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд та бүхэн гомдлыг минь судлан үзэж, хууль зүйн дүгнэлтийг уян хатан байдлаар хөнгөрүүлэн тооцож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх мэдүүлэг өгсөн цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Мөрдөн шалгах үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа билээ. Миний бие сурч боловсрох насан дээрээ өөрийн болчимгүй үйлдлээсээ болж өөрийн хайртай хүмүүс болох эмээ, ээж, дүү нараасаа холдож, тэднийхээ сэтгэл санааг зовоож байгаадаа харамсаад барахгүй байна. Та бүхэн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байгааг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хөнгөрүүлж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.” гэв.

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Уыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. О.У нь мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад тухайн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч, гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. О.Уын хувийн байдлын хувьд 22 настай, 10-19 насны 5 дүү болон өрх толгойлсон ээжийн хамт амьдардаг. Ээж нь хүнд өвчтэй тул эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийдэггүй. О.У нь гэрээсээ ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээж авч явдаг хүн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт миний үйлчлүүлэгчийг анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан тул миний үйлчлүүлэгч О.Уын гэмт үйлдэлд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан. Энэ тохиолдолд хохирогч Нурсерикийн хувьд хохирлоо эргүүлж авсан Ут гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан байна.

Иймд миний үйлчлүүлэгч О.Уын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшсөөрсөн хүнд оногдуулах ялын хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу О.Ут оногдуулсан хорих ялыг ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б, Б.П нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгийг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн бөгөөд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж, хохирогчийг гомдол, саналгүй болгосон. Мөн тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байдаг. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б.Б нь өндөр настай эмээгээ асарч, дүүгээ сургуульд нь хүргэн өгч, авдаг. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгч Алтангэрэл, прокурор Оюун-Эрдэнэ нар нь Б.Быг гэмт хэрэгт холбогдуулж, яллагдагчаар татсан байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үед түүний сүүлд үйлдэгдсэн гэмт хэрэгтээ холбоотой асуудлууд нэгтгэгдсэнээр түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэргийг нэгтгэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргасан. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулсан. Шүүгдэгч Б.П нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Харин шүүгдэгч Б.Бын хувьд мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээрээс хохирогч Э.Дын өмчлөлийн “ЛЖ В30” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, 240.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч, гүйлгээний нууц үгийг өөрчилж, 625.000 төгрөгийг Х.Шижирбаатарын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авч хулгайлсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар нь бүлэглэж, 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замаар алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Э.Дын биед шалтгаангүйгээр халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар нь бүлэглэж, 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, “ална, хутгаа гаргаад ир” гэж айлган сүрдүүлж, “Самсунг А51” загварын гар утсыг авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, түүний интернэт банкны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

шүүгдэгч Б.Б, Б.П нар нь бүлэглэж, 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн харилцах данснаас 18.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ө.Зоригтбаатарын дансаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлджээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Үүнд:

хохирогч Х.Нийн “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө гэртээ харихаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автобусны буудал дээр буугаад дээшээ өгсөөд явж байх замд хажуу талаас үл таних хоёр залуу “хөөе, нааш ир чи” гээд зандрангуй дуудахаар нь би энэ хоёр намайг дээрэмдэх гэж байгаа юм байна гэж бодоод автобусны буудал руу зугтаад буудал дээр зогсож байсан таксинд ороод суухад тухайн үл таних хоёр залуу миний араас гүйж ирээд өндөр залуу нь машины хаалгыг онгойлгоод намайг 2-3 удаа толгой руу цохисон, намхан залуу нь машины нөгөө хаалгыг онгойлгоод намайг 1 удаа толгой хэсэг рүү цохисон. Өндөр залуу нь намайг чирээд машинаас буулгасан. Намайг машинаас чирч буулгаад “чамайг дүүтэйгээ нүүрэлдүүлнэ, хэрвээ чи биш байвал чамайг явуулна, мөн байвал чамайг ална” гэж хэлэхээр нь би намайг хүнтэй андуурч байгаа юм байна гэж бодоод “дүүтэй чинь нүүрэлдье, та хүн андуураад байна” гэж хэлсэн чинь тухайн өндөр залуугийн хажууд нь явж байсан намхан залуу нь “зүгээр, зүгээр уулзаад л явчих” гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр залуу намайг чирээд гэр хорооллын гудамж руу дагуулж явсан бөгөөд өндөр залуу нь “чиний фейсбүүкийг чинь харъя, чиний чатыг хармаар байна” гэхээр нь би юм бодолгүй утасныхаа кодыг гаргаад өгсөн. Өндөр залуу нь миний гар утсыг аваад үзээд байхаар нь би “одоо утсаа авъя” гэж хэлэхэд “манай дүү дээр очиж байгаад утсыг чинь өгнө” гэж хэлээд намайг дагуулаад яваад байсан. Тэгээд хүнгүй газар очиход өндөр залуу нь хамт явж байсан намхан залуудаа “нэг том чулуу аваад ир” гэхэд намхан залуу нь чулуу авчирч өгөхөд өндөр залуу нь нэг гартаа чулуугаа бариад нөгөө гараараа намайг зуурч байгаад “чи надад утасныхаа кодыг хэл, хэлэхгүй бол ална, чулуугаар цохиж ална” гэж хэлэхээр нь би гар утасныхаа “2222” гэсэн кодыг хэлсэн. ...Өндөр залуу нь миний гар утасны кодыг мэдсэнийхээ дараа “чи цаашаа хараад нүдээ аниад 20 хүртэл тоол, тэгэхгүй бол чамайг ална шүү, бид хоёрын араас гүйвэл чамайг шууд ална” гэж хэлээд миний мемори карт, сим хоёрыг гаргаж өгөөд яваад өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний эзэмшлийн 5190268474 тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 9.000.000 төгрөг, 9.500.000 төгрөгөөр хоёр удаа зарлага гарч хоёр өөр дансанд шилжүүлэгдсэн байсан. Би тухайн хоёр этгээдэд гар утасныхаа дэлгэцийн код болох “2222” гэсэн кодыг хэлж өгсөн. ...Миний тухайн гар утсанд “Хаан” банкны интернэт банк байсан бөгөөд нэвтрэх нэр нь хадгалаатай байсан, харин нууц үг нь хадгалагдаагүй байсан. Миний Хаан банкны интернэт банк нь утсан дээр хадгалаатай [email protected] гэсэн хаягт бүртгэлтэй байсан юм. Би тухайн этгээдүүдээс салаад явсны дараа симээ өөр утсанд хийгээд асаахад “таны интернэт банк руу нэвтрэх оролдлого хийгдлээ” гэсэн мессеж 2 удаа ирсэн. Тэгээд би тухайн мессежийг хараад АТМ руу гүйж очоод дансаа шалгатал мөнгө байхгүй байсан. Миний гар утсанд байх дээрх мэйл хаяг нь миний интернэт банктай холбоотой байсан учир тухайн этгээдүүд интернэт банкны кодыг мэйлээр авч өөрчлөөд нэвтэрсэн. ...” /1хх 41/,

хохирогч Э.Дын “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын үед Гэмтлийн урд талын автобусны буудал дээр автобус хүлээсэн чинь ирэх болоогүй байсан. Тэгээд UB Cab дуудлагын такси дуудах гээд гар утсаа гаргаж ирээд оролдож байтал үл таних залуу миний барьж байсан LG V30 загварын хар өнгийн гар утсыг булаагаад зугтсан. Би араас нь хөөсөн боловч тухайн залууг гүйцээгүй. Царай төрхийг нь харж чадаагүй. 170 см орчим өндөр, бэлтгэлийн саарал өнгийн өмдтэй, хар өнгийн куртик нь хажуу талаараа цагаан өнгийн хоёр зураастай канттай байсан. Тухайн залууг хаанаас гарч ирснийг би мэдэхгүй байна. Миний гар утсыг булаагаад автобусны буудлын хойд талын туслах замаар ороод зугтаасан. ...” /1хх 179-180/,

насанд хүрээгүй хохирогч Э.Дын “...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ хорооллын эцэст байрлах өөрийн ажилладаг “Талст” авто угаалгын газар луу явахаар гарсан. Тэгээд би ажил руу явах замдаа 08 цаг 30 минутын үед Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр байдаг цагаан өнгийн ТҮЦ рүү орж юм авчихаад төв зам дагуу ажил руугаа алхаж байтал MW авто угаалгын газрын харалдаа замын урд талаас гарцгүй газраас үл таних 2 залуу зам хөндлөн гарч ирээд миний өөдөөс алхсан. Тэгээд би юм бодолгүй алхаж байтал миний урдаас тулж ирээд үл таних 20-21 орчим насны саарал өмдтэй нөгөөхөөсөө арай өндөр эрэгтэй хүн “чи муу одоо яадаг болсон юм” гэж хэлээд шууд миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Цохингуут нь би нүүрээ 2 гараараа хаагаад доошоо тонгойтол тэр 2 залуу хоёулаа миний толгой хэсэг рүү болон хэвлий, цээж хэсэг рүү олон удаа цохиж бас өшиглөсөн. Намайг зодуулж байх үед төв замаар явж байсан цэнхэр өнгийн Портер автомашин зогсоод, машин дотроос нэг ах гарч ирээд тэр 2 залууг надаас холдуулж салгасан. Тэгээд салгаж байх үед нь би тэр 2 залуугийн арай намхан залуугийн нүүрэн тус газарт нь нэг л удаа цохисон. Тэгээд машинтай ирсэн ах намайг тэр хоёроос салгаад машиндаа суулгаад хөдлөөд явсан. Намайг тонгойчихсон байхад саарал өмдтэй залуу нь гараараа олон удаа доороос өлгөж нүүр хэсэг рүү, хар өмдтэй залуу нь хөлөөрөө олон удаа нүүр лүү өшиглөсөн. Би яг хэн нь миний зовхи хэсэгт гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. ...” /2хх 64-65/,

гэрч Ө.З-ын “...богино хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, өндөр намхан хоёр залуу ирээд надаас “танд карт байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ахад нь карт байна яах гэсэн юм” гэж асуусан чинь “АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь картаа мартчихаж” гэхээр нь “замын цаана Хаан банк байгаа, хэдүүлээ тийшээ явах уу” гээд нөгөө хоёр залуучуудыг дагуулаад явсан. Тэгээд нэг нь гадаа үлдээд өндөр залуу нь надтай хамт АТМ орсон ба картаа уншуулаад АТМ-ээс мөнгө авч өгсөн. ...” /1хх 44/,

насанд хүрээгүй гэрч Т.Б-ын “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө караокед байхад У, Б хоёр ойрхон гарчихаад ирье гээд гараад явсан. Удалгүй тэр хоёр 9 цаг болж байхад буцаад орж ирээд нөгөө хэд хоорондоо ярилцаж байгаад хорооллын эцэс болон хорооллоор яваад Б, П хоёр өөрсдөдөө хувцас болон янз бүрийн зүйл авсан. Тэгээд 14 цагийн үед буцаж караокед ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн саравчтай малгай, гадуур куртикийг Б өглөө өмсөж гарсан гээд ураад хогийн саванд хийсэн. П, Б нартай өдөр цуг хамт явж байхад “машин авна, айфоне 13, айфоне 12 про макс загварын гар утас авна” гэж ярьж байсан. Тэгээд П нэг хүнтэй уулзаад машин худалдаж авсан, мөн айфоне 13 гар утас авсан. ...” /1хх 48-50/,

гэрч Ц.Б-ийн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Саммит” караокед У бид хоёр 26-ны өглөөний 05 цаг хүртэл ажилласан. Тухайн үед арын өрөөнд Баадай ах, Б, Бумбаяр бид хэд байсан. Хүмүүсээ гаргаад байж байтал У, Б хоёр хоорондоо маргалдаж байгаад учраа олох гээд хамт гараад явсан. Би Уыг хүлээгээд байж байтал 10 цаг өнгөрөөд хоёулаа орж ирээд хүн зодоод замын цаана Сайн ломбардын тэндээс утас авсан гэж ярьж байгаад У бид хоёр хувцсаа солиод гараад явсан. 16 цагийн үед караокед ороод унтаж байгаад 19 цагийн үед сэрээд У руу залгатал очиж байна гээд удалгүй ирсэн. Бид хоёр нээх гээд байж байтал цагдаа нар ороод ирсэн. ...” /1хх 52-54/,

гэрч Х.Ш-ын “...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны оройноос эхлээд шөнөжин таксинд яваад өглөө 6 цаг өнгөрөөгөөд 7 цаг дөхөж байх үед Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудлын дэргэд явж байхад хар өнгийн куртик өмссөн залуу гараа өргөхөөр нь тухайн залууг авсан. Тэгээд хөдлөөд явж байтал тухайн залуу “ахаа танд бэлэн мөнгө байна уу” гэж асуухаар нь “хэдэн төгрөг юм бол бараг байхгүй байна” гэж хэлсэн чинь “таны дансанд 25.000 төгрөг хийгээд гаргуулаад авчих уу” гэж хэлэхээр нь “тэг тэг” гэж хэлээд дансаа өгтөл миний дансанд 625.000 төгрөг орсон. Тэгээд энэ чинь илүү орсон байна гэж хэлтэл “25.000 төгрөгийг нь та өөрөө аваад надад АТМ-аас бэлэн мөнгө гаргаад өг” гэхээр нь 1 дүгээр хорооллын арын замаар яваад Цамбагарав тал руу эргээд “Титэм” плазагийн дэргэд байх АТМ-аас би 600.000 төгрөг гаргаж өгсөн. ...Тухайн залуу хар өнгийн куртик өмссөн, куртик нь дал болон гарын дээд хэсгээрээ цагаан өнгийн зураасан судалтай, доогуураа хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн, цагаан алаг холилдсон пүүзтэй байсан. ...” /1хх 187-188/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3064 дугаартай “...Э.Дын биед баруун нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /2хх 78-79/ гэх дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 2-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-16/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 20-23, 2хх 74-76/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 164-166, 2хх 85-89/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 168/, 5073291690 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 169-170/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Быг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон”, “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон”, “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Пыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг,

            шүүгдэгч О.Уыг “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч О.Уын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Б.Пын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, О.У, Б.П нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр,

шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, тусад нь эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Б “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм бурууд нь хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

Шүүгдэгч О.У, Б.Б нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/780 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.У, Б.Б нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний энэ өдрийг хүртэл тус бүр 100 /нэг зуун/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/780 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У, Б.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 100 /нэг зуун/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ